Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 1-р сарын 16 өдөр
Улаанбаатар хот
ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ИНДЕКСЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, нөхөн төлбөр төлөх, тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль тогтоомж
2.1. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Статистикийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо
4.1. “Тэтгэврийн индексжүүлэлт” гэж жил бүр бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин нэмэгдсэнээс хамаарч, ахмад настнуудын тэтгэврийн хэмжээ үнэгүйдэж байгааг хамгаалах зорилгоор хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж буй хэмжээг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВЬ ТОГТООХ, МЭДЭЭЛЭХ
5 дугаар зүйл. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх, хувийг тогтоох, мэдээлэх
5.1. Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн оны инфляцын өөрчлөлтийг үндэслэн тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэлтийн тооцооллыг хагас жил тутам хийнэ.
5.2. Энэ хуулийн 6.1-д заасан тооцооллыг инфляцаас шалтгаалсан үнийн өсөлт 3 сар дараалан (улиралд) 6 хувиас хэтэрсэн тохиолдолд индексжүүлэх ажлыг улирал бүр хийнэ. Хэрэв үнийн өсөлт зургаан сарын дотор 6 хувиас хэтрэхгүй бол индексжүүлэлтийг жилд нэг удаа хийнэ.
5.3. Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг индексжүүлэх тооцооллыг хийж, нийтэд мэдээлнэ.
6 дугаар зүйл. Индексжүүлсэн тоон үзүүлэлтийг тогтоох
6.1. Тэтгэврийн хэмжээг индексжүүлэлтийн тооцооллыг дараах байдлаар хийнэ:
6.1.1. Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага инфляцын түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сар бүр тооцно;
6.1.2. Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага инфляцын түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хэмжүүрүүдийг тооцсоноор тэтгэврийн индексжүүлэх хувийг улирал тутамд гаргаж нийтэд мэдээлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ
7 дугаар зүйл. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлсэн дүнгээр санхүүжүүлэх
7.1. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлсэн мөнгөн дүнг Монгол Улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7.2. Улсын төсөв батлагдахаас өмнө Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирэх жилийн тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэн олгох урьдчилсан тооцоолол гаргаж Засгийн газарт хүргүүлнэ.
7.3. Энэ хуулийн 7.2-т заасны дагуу ирүүлсэн зардлыг Засгийн газар дараа оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
7.4. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлсэн дүнгээр санхүүжүүлэх санг Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
8 дугаар зүйл. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
8.1. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
9.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
9.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх