11.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дараах төрлийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ:
11.1.1. хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах;
11.1.2. олон нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх асуудал, эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг тодорхойлох;
11.1.3. өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх;
11.1.4. эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийг дэмжих;
11.1.5. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж, үйлчилгээ;
11.2. Хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах тусламж, үйлчилгээ:
11.2.1. хүн амд өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх мэдлэг, хандлага, дадал олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
11.2.2. халдварт болон халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт
хүчин зүйлийг илрүүлэх, тандах, хянах үйл ажиллагааг зохион байгуулах;
11.2.3. эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн дурын ажилтнуудыг бэлтгэж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
11.2.4. хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хийх, тандах, мэдээллийн сан үүсгэх;
11.2.5. нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээний батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах;
11.2.6. нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах;
11.2.7. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэгдэлтийн судалгаа, тандалт хийх, шаардлагатай тохиолдолд “Тохиолдлын удирдлага”-ын тогтолцоонд шилжих;
11.2.8. цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол, эмнэлэг, сувиллын хоолонд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх;
11.3. Олон нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх асуудал, эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг тодорхойлох тусламж, үйлчилгээ:
11.3.1. хүн амын эрүүл, аюулгүй амьдрах гадаад болон дотоод орчны үнэлгээ, тэдгээрийн сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөн зохион байгуулах;
11.3.2. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, химийн хордлого, гэмтэл, цочмог хордлогын үед тархвар зүйн судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангах;
11.4. Өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж, үйлчилгээ:
11.4.1. зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх эрт илрүүлгийг зохион байгуулах;
11.4.2. осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх, сэтгэц, зан үйлийн эрүүл мэндийг хамгаалах тусламж, үйлчилгээ үзүүлэх;
11.4.3. архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах, хүн амын хоол тэжээл, зохистой хооллолт, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх арга хэмжээ авах;
11.4.4. эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх;
11.4.5. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
11.5. Эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах тусламж, үйлчилгээ:
11.5.1. эрүүл амьдралын хэв маягийг таниулах, зөвлөх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд бусад салбар, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог ханган ажиллах;
11.5.2. нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих клуб, төвийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр дэмжих, чиглүүлэх;
11.5.3. орчны эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах, ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран чиглүүлж зохион байгуулах;
11.5.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эмнэлгийн хатуу ба шингэн хог хаягдал, химийн хорт болон аюултай бодисоос сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
11.5.5. эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах;
11.5.6. эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
11.5.7. эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны сургалтыг зохион байгуулах, мэдээлэл, нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэх, нийтлэн түгээх;
11.5.8. зорилтот бүлгийн хүн амын дунд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг таниулан сурталчлах;
11.5.9. хүн амд өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зөв мэдлэг, хандлага, дадал олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;
11.5.10. орчны эрүүл ахуйн чиглэлээр эрүүл мэндийн зөвлөмж боловсруулах, сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
11.5.11. хүн амын дунд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн талаарх хэрэгцээ, дадал, хандлагыг тандан судлах;
11.6. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж, үйлчилгээ:
11.6.1. Бусад улсад, бүс нутагт, олон улсад гарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар эрсдэл тооцох, урьдчилсан тандалт судалгаа, тархвар зүйн судалгааг хийж, үр дүнг танилцуулах;
11.6.2. төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
11.6.3. өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх;
11.6.4. эрсдэлийн харилцаа, холбооны мэдээллийг түгээх;
11.6.5. халдвараар өвчилсөн хүний хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих;
11.6.6. хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх;
11.6.7. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хамрах хүрээ, нэрвэгдэгсдийг ангилан, эрэмбэлэх, таних тэмдэг, бүртгэлийн тогтолцоог бий болгох;
11.6.8. бусад төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бусад байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах;
11.6.9. нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын дадлага, сургуулилтыг орон нутгийн онцгой байдлын болон төрийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулах;
11.6.10. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийн бэлэн байдал, хадгалалт, хамгаалалт, хуваарилалт, зарцуулалт, хангамжид хяналт, үнэлгээг тогтмол хийх;
11.6.11. шинэ болон сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тандах, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах;
11.6.13. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах тохиолдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
11.6.14. хуульд заасан бусад.
11.7. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах тохиолдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.8. Нийгмийн эрүүл мэндийн зөвлөл, түүний ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж болно.