Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 2-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨӨРЧЛӨЛТ, ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АЖИЛ, ҮҮРГИЙН ОНЦЛОГООС ХАМААРЧ ТЭТГЭВРИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ТУХАЙН ХУГАЦААНД НЬ ТӨЛЖ ЧАДААГҮЙ МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.

2 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;
3.1.2. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдал, ажил, үүргийн онцолгоос хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадаагүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2024 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД ХАМААРАХ ЭТГЭЭД
4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэн хамаарна.
4.2. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.
4.3. Малчин өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан хугацаанд хамаарахгүй.

5 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ
5.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтооно.

6 ДУГААР ЗҮЙЛ
МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ
6.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
6.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан малчны нөхөн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.
6.3. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7 ДУГААР ЗҮЙЛ
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
7.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
7.1.1. иргэний үнэмлэхний хуулбар;
7.1.2. малчны оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
7.1.3. малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын баримт;
7.1.4. иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.
7.2. Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

8 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
8.1. Энэ хуулийг 2024 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх