12 дугаар зүйл.1. Хувийн тэтгэврийн сан нь Компанийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
12 дугаар зүйл.2. Хувийн тэтгэврийн санг Компанийн тухай хуульд заасан хэд хэдэн хуулийн этгээд хувь нийлүүлэн үүсгэн байгуулах бөгөөд нэг үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 20 хувиас ихгүй байна.
12 дугаар зүйл.3. Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
12.3.1. санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнадаг байх;
12.3.2. санхүүгийн тайланг Монгол Улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
12.3.3. хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны хөрөнгө байх;
12.3.4. хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй байх;
12.3.5. хувь нийлүүлсэн хөрөнгийг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банканд байршуулсан байх;
12.3.6. зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдэж байгаагүй;
12.3.7. татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх.
12 дугаар зүйл.4. Хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 15 тэрбум төгрөг байна. Энэхүү хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, хувийн тэтгэврийн санд төвлөрүүлсэн нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хэмжээ, төлбөрийн чадварын эрсдэлийг харгалзан Хороо тухай бүрд нэмэгдүүлэн тогтооно.
12 дугаар зүйл.5. Энэ хуулийн 12.1-д заасан этгээд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас өөр чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно
12 дугаар зүйл.6. Хувийн тэтгэврийн сангийн нэр нь түүний оноосон нэр болон “Хувийн тэтгэврийн сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, “ХТС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
12 дугаар зүйл.7. Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад этгээд хувийн тэтгэврийн сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.
12 дугаар зүйл.8. Хувийн тэтгэврийн сангийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана:
12.8.1. хувийн тэтгэврийн сан хугацаагүй үүсгэн байгуулагдсан тухай;
12.8.2. удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
12.8.3. хөрөнгө оруулалтын өгөөж баталгаат өгөөжөөс бага бол үүсгэн байгуулагч өөрийн хөрөнгөөс нөхөж олгохтой холбогдсон зохицуулалт.
12 дугаар зүйл.9. Хувийн тэтгэврийн сан дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
12.9.1. нэмэлт тэтгэврийн хөтөлбөр боловсруулж, Хороонд бүртгүүлэх;
12.9.2. нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг олон нийтэд эрх тэгш санал болгож нэмэлт тэтгэврийн журмыг нээлттэй, ил тод байршуулах;
12.9.3. нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулах, шимтгэл хүлээн авах;
12.9.4. нэмэлт тэтгэврийн нэрийн данс хөтлөх;
12.9.5. нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
12.9.6. нэмэлт тэтгэврийн нэрийн данс, хөрөнгийг бүртгэх, хадгалах кастодиантай гэрээ байгуулах;
12.9.7. нэмэлт тэтгэвэр олгох;
12.9.8. үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, гишүүдэд ил тод тайлагнах;
12.9.9. нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг Хороо болон гишүүдэд ил тод тайлагнах;
12.9.10. гишүүний эрх ашгийг хамгаалах, сангийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах хороонд Хорооноос тогтоосон бусад шаардлага.