3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “заган ой” гэж говь, цөлийн бүсэд заг мод зонхилон ургасан, 0.3 га-аас доошгүй талбай бүхий экосистемийг;
3.1.2. “нөхөрлөл" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийг;
3.1.3. “мод” гэж 5 метрээс дээш өндөр ургах боломжтой, ганц голлосон иштэй олон наст модлог ургамлыг;
3.1.4. “ой” гэж 5 метр болон түүнээс өндөр ургах боломжтой, 10-аас дээш хувийн титмийн бүрхэцтэй, 0.5 га-аас доошгүй талбайд зонхилон ургасан мод, сөөг, амьтан, бичил биет, хөрс, ус, агаарын харилцан үйлчлэл бүхий экосистемийг;
3.1.5. “ойжуулалт” гэж ой байгаагүй газарт ой шинээр бий болгох үйл ажиллагааг;
3.1.6. “ойн арчилгаа” гэж нэг модонд ногдох тэжээлийн талбай, гэрлийн хангамжийг сайжруулах, модны өсөлтийг түргэтгэх, модны чанарыг нэмэгдүүлэх, ойн зохистой бүрэлдэхүүн бий болгох зорилгоор байгалийн болон таримал ойг титэм нийлэх үеэс эхлэн ойн болцын нас хүртэлх хугацаанд ургаж байгаа модыг үе шаттайгаар огтолж цөөрүүлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.7. "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;
3.1.8. “ойн нөхөн сэргээлт” гэж доройтсон ойг анхны төлөв байдалд оруулах, сэргээх, сайжруулах үйл ажиллагааг;
3.1.9. “ойн нүүрстөрөгчийн шингээлт” гэж ойн экосистем нүүрстөрөгч хуримтлуулах үйл явцыг;
3.1.10. “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт организмд нэрвэгдсэн, хөгширсөн, хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болсон босоо хатсан болон унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.11. “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн баялгийн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг баталсан аргачлалд үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
3.1.12. "ойн модны нөөц” гэж ойн талбай болон модны эзлэхүүнээр илэрхийлсэн хэмжээг;
3.1.13. “ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан мод, сөөг бүхий талбай, хотын ойг;
3.1.14. “нүүрстөрөгчийн кредит” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, эсхүл нүүрстөрөгч хуримтлуулах замаар баталгаажсан хэмжээгээр бий болсон, худалдах, шилжүүлэх боломжтой нэгжийг;
3.1.15. “ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойг нөхөн сэргээх, ойжуулах, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ой зохион байгуулалт, ойн тооллого, түймрийн болон ойн хөнөөлт организмын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг;
3.1.16. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.17. “ойн нүүрстөрөгчийн ялгарал” гэж ойн экосистем доройтож, нүүрстөрөгч алдагдах үйл явцыг;
3.1.18. “ойн экосистем” гэж байгалийн болон таримал ойд орших амьд болон амьгүй бүрэлдэхүүн, тэдгээрийн харилцан хамаарал, экологийн үйл явцыг;
3.1.19. “сөөг” гэж 5 метрээс бага өндөртэй, олон салаалсан иштэй, олон наст модлог ургамлыг;
3.1.20. “таримал ой” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт зориудаар модлог ургамал тарьж ургуулсан энэ хуулийн 3.1.1-д заасан ойн хэв шинжийг хангасан ойг;
3.1.21. “татмын ой” гэж Усны тухай хуулийн 3.1.34-т заасан гол, мөрний татмын бүсэд тархан ургасан ойг.