3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“албан ёсны статистикийн мэдээлэл” гэж энэ хуульд заасан журмаар батлагдсан аргачлал, ангилал, үзүүлэлт, мэргэжлийн стандартын дагуу боловсруулж, баталгаажуулсан, нийтэд тархаах зориулалттай статистикийн мэдээллийг;
3.1.2.“албан бус статистикийн мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээдээс зорилго, аргачлалаа өөрөө тодорхойлж цуглуулсан, хувиргасан, боловсруулсан, нийтэд тархаасан мэдээллийг;
3.1.3.“албан ёсны статистикийн хөтөлбөр” гэж үндэсний статистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, албан ёсны статистикийн мэдээллийн хүрээ, үндсэн болон дэд үзүүлэлт, мэдээллийн эх үүсвэр, аргачлал, мэдээлэл эрхлэн гаргах байгууллага, гаргах давтамж, нийтлэх хугацаа, өгөгдлийн засаглал, чанар, нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэх баримт бичгийг;
3.1.4.“анхдагч өгөгдөл” гэж мэдээлэгчээс шууд цуглуулсан, эсхүл мэдээллийн сан, бүртгэл, тооллого, судалгаанаас нэгж түвшинд олж авсан, статистикийн мэдээлэл боловсруулах эх өгөгдлийг;
3.1.5.“аюулгүй судалгааны орчин” гэж анхдагч өгөгдөл болон микро өгөгдлийг зөвшөөрөгдсөн судлаач зөвхөн батлагдсан судалгааны зорилгоор ашиглах, хандалт, боловсруулалт, гаралтын хяналт, аудитын бүртгэл, нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан цахим болон биет орчныг;
3.1.6.“захиргааны мэдээлэл” гэж төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуульд заасан мэдээлэл хариуцагч эрхлэх асуудлынхаа хүрээнд үүсгэж, бүрдүүлж, хөтөлж байгаа бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг;
3.1.7.“мета өгөгдөл” гэж статистикийн өгөгдөл, мэдээллийн эх үүсвэр, бүтэц, тодорхойлолт, ангилал, аргачлал, хамрах хүрээ, чанар, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар тайлбарласан өгөгдлийг;
3.1.8.“мэдээлэл хариуцагч” гэж хуульд заасан чиг үүргийн хүрээнд статистикийн зорилгоор ашиглах өгөгдөл, мэдээллийг бүрдүүлж, хөтөлж, хадгалж, хамгаалж байгаа төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад этгээдийг;
3.1.9.“статистикийн байгууллага” гэж энэ хуульд заасан журмаар байгуулагдсан Үндэсний статистикийн хороо, түүний харьяа болон орон нутгийн статистикийн нэгжийг;
3.1.10.“статистикийн мэдээлэл” гэж энэ хуульд заасан журмаар цуглуулж, боловсруулсан албан ёсны статистикийн мэдээлэл болон захиргааны мэдээллийг;
3.1.11.“статистикийн мэдээлэгч” гэж энэ хуульд заасан статистикийн өгөгдөл, мэдээллийг гаргаж өгөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
3.1.12.“статистикийн мэдээллийг хэрэглэгч” гэж статистикийн мэдээллийг хүлээн авч, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
3.1.13.“статистикийн мэдээллийн сан” гэж статистикийн зорилгоор үүсгэсэн, нэгтгэсэн, хадгалсан, хамгаалсан өгөгдөл, мэдээллийн санг;
3.1.14.“статистикийн мэдээллийн эх үүсвэр” гэж статистикийн мэдээлэл боловсруулахад ашиглах мэдээлэгч, захиргааны мэдээллийн сан, бүртгэл, тооллого, судалгаа болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.4-д заасан мэдээллийн сан, бусад хууль ёсны өгөгдлийн эх үүсвэрийг;
3.1.15.“статистикийн өгөгдөл” гэж статистикийн зорилгоор цуглуулсан, олж авсан, эсхүл статистикийн мэдээлэл боловсруулахад ашиглах тоон, тэмдэгт болон бусад хэлбэрийн өгөгдлийг;
3.1.16.“статистикийн үйл ажиллагаа” гэж статистикийн мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, хүлээн авах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, хадгалах, хамгаалах, үр дүнг тархаах цогц ажиллагааг;
3.1.17.“статистикийн тооллого” гэж судалгааны эх олонлогийг бүхэлд нь хамруулан анхдагч мэдээлэл цуглуулах статистикийн ажиглалтыг;
3.1.18.“статистикийн түүвэр судалгаа” гэж эх олонлогийн тодорхой хэсгийг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон судалж, эх олонлогийн шинж чанарыг тооцох статистикийн ажиглалтыг;
3.1.19.“хүртээмжтэй хэлбэр” гэж статистикийн мэдээлэл, үйлчилгээ болон харилцааг хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил тэгш нөхцөлөөр хүлээн авах, ашиглах боломжийг хангасан брайл, аудио, дохионы хэл, хялбаршуулсан текст, цахим хүртээмжийн стандарт хангасан болон бусад хэлбэрийг;
3.1.20.“өгөгдлийн засаглал” гэж статистикийн зорилгоор ашиглах өгөгдлийн эх үүсвэрийг тодорхойлох, бүрдүүлэх, ангилах, стандартчилах, чанарыг хангах, солилцох, ашиглах, хамгаалах, хадгалах, устгах, хариуцагч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тогтоох удирдлага, зохион байгуулалт, хяналтын цогц үйл ажиллагааг;
3.1.21.“өгөгдлийн шинжилгээ” гэж статистикийн зорилгоор цуглуулсан, олж авсан, нэгтгэсэн өгөгдлийг шинжлэх ухааны арга зүй, статистикийн, мэдээллийн технологийн арга хэрэгслээр боловсруулах, загварчлах, харьцуулах, тайлбарлах, дүгнэлт гаргах, бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хэрэглэгчийн мэдээллийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах үйл ажиллагааг;
3.1.22.“эрх бүхий ажилтан” гэж Үндэсний статистикийн хорооноос тогтоосон журам, эрхийн түвшин, нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг хангаж, статистикийн зорилгоор өгөгдөл, мэдээлэлд хандах эрх олгогдсон статистикийн байгууллагын ажилтныг.