Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 7-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ
Анхдагч хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэхүү хуулийн зорилго нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлох, тэдгээрийн нийтлэг болон тусгай эрх, үүргийг тогтоох, нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн зохицуулалтыг ил тод, хараат бус, хариуцлагатай хэрэгжүүлэх замаар өвчтөн, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж
2.1. Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ
3.1. Хуульд өөрөөр заагаагүй бол, энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн, орон нутгийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа, түүнчлэн өмчийн болон хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээс үл хамааран эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах, теле-анагаах ухааны үйлчилгээ үзүүлэх, сургалт, дадлага удирдах, сайн дурын болон түр хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн ажилтанд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг;
4.1.2. “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгсөж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хүний их эмч, хүний бага эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн, түүнчлэн энэ хуулийн 16.2.10-д заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтад заасан бусад мэргэжилтнийг;
4.1.3. “эмнэлгийн бусад мэргэжилтэн” нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл судлаач, эрүүл ахуйч, тархвар судлаач, био-анагаахын мэргэжилтэн, хоол зүйч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, лабораторийн техникч, жор баригч, цацраг эмчилгээний техникч зэрэг эрүүл мэндийг дэмжих чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардахгүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжилтнийг;
4.1.4. “эрүүл мэндийн бусад ажилтан” гэж эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг;
4.1.5. "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.6. “эмнэлгийн осол” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эсхүл түүнтэй шууд холбоотойгоор эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн алдаа, доголдлоос шалтгаалан өвчтөнд амь нас, эрүүл мэндийн хохирол учирсан, эсхүл учрах бодит эрсдэл бий болсон үйл явдлыг;
4.1.7. “урьдчилан таамаглашгүй гаж нөлөө” гэж эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийг бүрэн баримталсан хэдий ч урьдчилан таамаглах боломжгүй байсан шалтгаанаар үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүссэн тохиолдлыг;
4.1.8. “жижүүр” гэж эрүүл мэндийн ажилтан ажил олгогчийн тогтоосон цагт эрүүл мэндийн байгууллагад биечлэн байрлаж, тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажлын горимыг;
4.1.9. “дуудлагын бэлэн байдал” гэж эрүүл мэндийн ажилтан ажлын байрнаас гадуур өөрийн сонгосон байршилд байх боловч холбоонд байж, дуудагдсан тохиолдолд тогтоосон хугацаанд ажлын байранд ирж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх горимыг;
4.1.10. “төгсөлтийн дараах сургалт” гэж анагаах ухааны боловсрол эзэмшсэн хүнд үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх мэргэшүүлэх сургалт, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хадгалах, дээшлүүлэх тасралтгүй сургалтыг;
4.1.11. “мэргэшлийн зэрэг” гэж эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлагын ахисан түвшнийг илэрхийлэн, энэ хуульд заасан журмын дагуу шатлан олгодог "ахлах", "тэргүүлэх", "зөвлөх" зэрэглэлийг;
4.1.12. “эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал” гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалан өвчтөн, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учирсан болон учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх зорилго бүхий албан журмын даатгалыг;
4.1.13. “даатгалын үнэлгээ” гэж даатгалын тохиолдол бүрд даатгагчаас хохирогчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг;
4.1.14. “даатгалын суурь хураамж” гэж итгэлцүүр хэрэглэхийн өмнөх, мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжийн үндсэн хэмжээг;
4.1.15. “итгэлцүүр" гэж даатгуулагчийн эрсдэлийн түвшин, нөхөн төлбөрийн түүхийг харгалзан суурь хураамжид хэрэглэн төлбөл зохих хураамжийг нэмэгдүүлэх буюу хорогдуулахад ашиглах тоон үзүүлэлтийг;
4.1.16. “мэргэжлийн халшрал” гэж ажлын байрны архаг стрессийн улмаас үүссэн, сэтгэл санааны туйлдал, ажилтай холбоотой сөрөг хандлага буюу хөндийрөл, мэргэжлийн бүтээмж буурах шинжээр тодорхойлогдох хам шинжийг.
5 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1. Эрүүл мэндийн ажилтан нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1. тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх;
5.1.2. ур чадвараа тогтмол дээшлүүлж, үйлдэл бүртээ хариуцлагатай байх;
5.1.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар үзүүлэх;
5.1.4. үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн нууцыг хадгалах;
5.1.5. нийтийн эрх ашиг, өвчтөн, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн ээлжид эрхэмлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ АЖИЛЛАХ ОРЧИН
6 дугаар зүйл. Эрүүл, аюулгүй эрүүл мэндийн байгууллагын орчин
6.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл, аюулгүй орчинд эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
6.2. Эрүүл мэндийн ажилтан нь эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаа эрхлэхэд нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм, бэлдмэл болон бусад байгууламж, материал хэрэгслээр хангагдах эрхтэй.
6.3. Энэ хуулийн 6.1 болон 6.2-т заасан үүргээ эрүүл мэндийн байгууллага зөрчсөнөөс үйлчлүүлэгч эсхүл эрүүл мэндийн ажилтны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эрүүл мэндийн байгууллага хариуцан хохирлыг барагдуулна.
6.4. Эрүүл мэндийн байгууллага нь цахим орчинд болон ажлын байранд эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдал зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг авна.
7 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага
7.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой халдвар, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, сэтгэл зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
7.2. Эрүүл мэндийн байгууллага нь эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, шаардлагатай хамгаалах хэрэгсэл, сургалт, зааварчилгаагаар эрүүл мэндийн ажилтныг хангана.
7.3. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдвэрлэлийн осол, ажлын байран дах эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага нь нэн даруй хариу арга хэмжээ авч, хуульд заасан тохиолдолд харьяалах улсын байцаагчид мэдээлнэ.
8 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал, ажлын цагийн зохицуулалт
8.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажлын цаг, ээлж, жижүүр, дуудлагын зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, стандарт, нормд нийцүүлэн тогтоож, хэт ачааллаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
8.2. Эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал нь түүний мэргэжил, тусламж үйлчилгээний төрөл, шатлал, үйлчлүүлэгчийн урсгалд нийцсэн байна.
8.3. Эрүүл мэндийн ажилтны нэг ээлжид тасралтгүй ажиллах хугацаа 12 цагаас илүүгүй байна. Онцгой нөхцөл байдал, яаралтай тусламжийн шаардлагаар энэ хугацааг хэтрүүлэн ажиллуулахаар бол ажилтны зөвшөөрлийг авах бөгөөд аливаа тохиолдолд нэг ээлжид тасралтгүй ажиллах хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй.
8.4. Эрүүл мэндийн ажилтны дараалсан хоёр ээлж буюу жижүүрийн хоорондын тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй, 24 цагийн жижүүрийн дараа 48 цагаас доошгүй байна.
8.5. Жижүүрийн бүх хугацаа ажилласан цагт тооцогдоно.
8.6. Дуудлагын бэлэн байдлын зөвхөн бодит ажилласан цаг болон замын цаг ажилласан цагт тооцогдоно, бусад хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 89.2-т заасан хүлээлгийн олговрыг олгоно.
8.7. Илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр ажилласан эрүүл мэндийн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.
8.8. Жижүүрийн болон дуудлагын бэлэн байдлын ажилласан цагт олгох нэмэгдэл хөлсний хэмжээ, тооцох журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
8.9. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны ажил, амралтын тэнцвэрийг хангах, хэт ачаалал болон ажлын ачааллаас үүдэх эрүүл мэндийн эрсдэл, мэргэжлийн халшралаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
8.9.1. ажлын цаг, ээлжийн хуваарийг тогтвортой, урьдчилан тооцоолох боломжтойгоор зохион байгуулах;
8.9.2. ажилтны ажлын ачааллыг тогтмол үнэлж, шаардлагатай бол дахин хуваарилах;
8.9.3. жижүүрийн дараа хангалттай амралт олгох;
8.9.4. ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөлийг хангах;
8.9.5. бүтэн бус цагаар ажиллуулах, зайнаас ажиллуулах гэх мэт ажил, амьдралын тэнцвэрийг хангах уян хатан горим боломжтой тохиолдолд хэрэгжүүлэх.
9 дүгээр зүйл. Эрүүл мэндийн ажилтны хүний эрхийг хамгаалах дотоод тогтолцоо
9.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг хүний эрхийн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.1.1. дотоод журам, ёс зүйн дүрэм, сургалт, хяналт, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
9.1.2. хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, танилцуулгыг ажилтнуудад тогтмол хүргэх;
9.1.3. гомдол, мэдээллийг хүлээж авах нууцлалыг хангасан дотоод суваг ажиллуулах;
9.1.4. хохирсон эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах, нэр төрийг сэргээх хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх;
9.1.5. хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан дотоод тогтолцоогоо сайжруулах;
9.1.6. эрүүл мэндийн ажилтны хүний эрхийн зөрчилтэй холбоотой тухайн байгууллагын дотоод судалгааг жил бүр гүйцэтгэж, үнэлэх.
9.2. Энэ хуулийн 9.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой хамтран ажиллаж болно.
10 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, мэргэжлийн халшралаас урьдчилан сэргийлэх
10.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн халшрал, стрессээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.
10.2. Эрүүл мэндийн ажилтанд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах боломжийг нууцлалыг хангасан нөхцөлөөр бүрдүүлнэ.
10.3. Эмнэлгийн осол, хүчирхийлэл, онцгой нөхцөл байдлын дараа эрүүл мэндийн ажилтанд шаардлагатай сэтгэл зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
11 дүгээр зүйл. Эрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх
11.1. Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг эрхтэй:
11.1.1. эрүүл мэндийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хараат бусаар эрхлэх, аливаа хүчирхийлэл болон дарамт шахалтаас ангид байх;
11.1.2. аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын орчинд ажиллах;
11.1.3. эрүүл мэндийн ажилтны хувийн халдашгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн ажилтны хувийн мэдээллийг аливаа хэлбэрээр цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглахаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, мэргэжлийн болон хувь хүний нэр хүнд, эрх ашиг нь хууль бусаар хөндөгдөхөөс хамгаалуулах;
11.1.4. мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, давтан сурах, хөтөлбөрт хамрагдах;
11.1.5. мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийн дагуу шийдвэр гаргах;
11.1.6. мэргэжлийн ур чадвар, ёс зүй, мэдлэгээ хөгжүүлэх, мэргэжлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сайн дураар нэгдэх, эсхүл өөрөө байгуулах;
11.1.7. ажиллаж буй байгууллага болон Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах;
11.1.8. хөдөлмөрийн шударга нөхцөл, зохистой цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаагаар хангагдах;
11.1.9. яаралтай тусламжийн шаардлагагүй тохиолдолд өөрийн бие махбод, нэр төрд халдсан, хүчирхийлэл, дарамт, доромжлол үйлдсэн үйлчлүүлэгчид мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзах, аюулгүй байдлаа хангуулах;
11.1.10. хуульд заасан бусад.
11.2. Эрүүл мэндийн ажилтны энэ хуулийн 11.1.6-д заасан эрх нь энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан Холбооны гишүүнчлэлд хамаарахгүй.
12 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны нийтлэг үүрэг
12.1. Эрүүл мэндийн ажилтан нь дараах нийтлэг үүрэгтэй:
12.1.1. хүний амь нас, эрүүл мэндийг дээдлэн хамгаалах;
12.1.2. мэргэжлийн ёс зүйг сахих;
12.1.3. өвчтөнд чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх;
12.1.4. хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийг мөрдөх;
12.1.5. өвчтөний нууц, хувийн мэдээллийг хамгаалах;
12.1.6. мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулах;
12.1.7. ажлын байрны аюулгүй ажиллагаа, халдварын хяналтын дэглэмийг чанд сахих;
12.1.8. албан үүргээ шударгаар гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;
12.1.9. эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч болон хамт олонтойгоо хүндэтгэлтэй харилцах;
12.1.10. хуульд заасан бусад.
12.2. Эрүүл мэндийн ажилтан энэ хуулийн 12.1.4-т заасны дагуу мэргэжлийн стандарт, заавар, удирдамжийг мөрдөх нь үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд ашиггүй буюу үр дүнгүй байх тохиолдолд энэ хуулийн 44 дугаар зүйлд заасан эмнэлзүйн бие даасан шийдвэрийн хүрээнд үндэслэл бүхий тайлбар үйлдэн, тухайн стандарт, заавар, удирдамжийг мөрдөхөөс татгалзаж болно.
13 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
13.1. Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
13.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баримтлан тогтооно.
13.3. Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 20-с доошгүй жил ажилласан эмч анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай гэж үзсэн чиглэлээр тасралтгүй 5 доошгүй жил үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөн дүнг Төрийн албаны хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнээс 40 хувиар нэмэгдүүлэн олгоно
13.4. Энэ хуулийн 13.2, 13.3,13.6-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна.
13.5. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
13.6. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.
13.7. Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төлбөргүй хамруулна.
13.8. Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
13.9. Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.
13.10. Энэ хуулийн 13.6-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
13.11. Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан эрүүл мэндийн ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
13.12. Эрүүл мэндийн ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
13.12.1. орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд тусгай дарааллаар хамруулах;
13.12.2. орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийг тухайн байгууллага эсхүл бусад эх үүсвэрээр урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх боломжит арга замыг тодорхойлох;
13.12.3. хуулиар хориглоогүй бусад арга хэлбэрээр.
13.13. Энэ хуульд заасан нийгмийн баталгааны болзол болох ажилласан жилийг тооцоход эрүүл мэндийн ажилтны төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгтгэн тооцно.
14 дүгээр зүйл. Ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндийн ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх
14.1. Эрүүл мэндийн ажилтан үзлэг, оношилгоо, эмчилгээ, хагалгаа, яаралтай тусламж, гэрийн үзлэг, тээвэрлэлт, дадлага, сургалт зэрэг ердийн ажил үүргээ гүйцэтгэх явцад дараах шалтгаанаар хохирол учирсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр болон нийгмийн даатгалд холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг олгохоос гадна эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, эмийн зардлыг улсын зардлаар бүрэн хариуцна.
14.1.1. өвчтөнөөс гепатит В, гепатит С, сүрьеэ гэх мэт цусаар, биеийн шингэнээр, эсхүл агаараар дамжих халдвар авсан;
14.1.2. өвчтөн, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл гуравдагч этгээдээс үйлдсэн хүчирхийллийн улмаас бие махбод, сэтгэцийн гэмтэл авсан;
14.1.3. ионжуулагч цацраг, хорт химийн бодис, мэдээгүйжүүлэгч бодис, эмчилгээний эмийн нөлөөгөөр эрүүл мэндийн хохирол хүлээсэн;
14.1.4. өвчтөн, ажлын тоног төхөөрөмжтэй харьцах явцад биеийн механик гэмтэл авсан;
14.1.5. яаралтай тусламж үзүүлэх, өвчтөн тээвэрлэх, гэрийн үзлэг хийх явцад зам тээврийн осолд өртсөн;
14.1.6. ажлын ачаалал, мэргэжлийн халшрал, хоёрдогч сэтгэл зүйн гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэг үүссэн нь эрх бүхий эмнэлгийн магадлалаар тогтоогдсон.
14.2. Эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.
14.3. Нас барсан эрүүл мэндийн ажилтны асрамжид байсан хүүхдийг энэ хуулийн 13.11-т заасны дагуу, тус заалтад заасан ажилласан жилийн болзлоос үл хамааран төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна.
14.4. Энэ зүйлд заасан нөхөн төлбөр, мөнгөн тусламж олгох журмыг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
14.5. Энэ зүйлд заасан хохирлыг нөхөн төлөх, эмчилгээний зардлыг хариуцах үүргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тухайн эрүүл мэндийн ажилтны ажил олгогч хүлээх бөгөөд төрийн өмчийн байгууллагын хувьд улсын төсвөөс, бусад байгууллагын хувьд ажил олгогч өөрөө санхүүжүүлнэ.
15 дугаар зүйл. Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр
15.1. Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг З дахин нэмэгдүүлж олгоно.
15.2. Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас амь насаа алдвал, түүний гэр бүлд тухайн ажилтны 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд тухайн голомтод ажилласантай холбоотойгоор бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.
15.3. Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод дайчлагдан ажилласан иргэнд нөхөн төлбөр, цалин хөлсний зөрүүг эрүүл мэндийн ажилтны нэгэн адил олгоно.
15.4. Энэ хуулийн 15.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.
15.5. Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ШАЛГАЛТ
16 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт
16.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд нь энэ хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт өгч тэнцсэн байна.
16.2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг дараах мэргэжлийн чиглэл тус бүрээр авна:
16.2.1. хүний их эмч;
16.2.2. хүний бага эмч;
16.2.3. нүүр амны их эмч;
16.2.4. уламжлалт анагаах ухааны их эмч;
16.2.8. эм найруулагч;
16.2.9. сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн;
16.2.10. хууль тогтоомж, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтад заасан бусад.
16.3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт нь тухайн мэргэжлийн заавал эзэмшсэн байх суурь мэдлэг, ур чадвар, ёс зүй, өвчтөний аюулгүй байдлын чадамжийг үнэлэхэд чиглэнэ.
16.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг зохион байгуулахад тэгш эрх, шударга ёс, ил тод байдал, хараат бус байдал, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг хангасан байх зарчмыг баримтална.
17 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрх
17.1. Эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох эрхтэй.
17.2. Гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн этгээдийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
17.3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад орох өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
17.3.1. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд паспорт буюу түүнийг орлох баримт бичгийн хуулбар;
17.3.2. анагаах ухааны боловсролын дипломын хуулбар;
17.3.3. баталсан маягт бөглөсөн байх;
17.3.4. шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
17.4. Шалгалтын комисс өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл гаргуулах эрхтэй.
18 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзах үндэслэл
18.1. Дараах тохиолдолд шалгалтын комисс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзана:
18.1.1. энэ хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаагүй;
18.1.2. баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
18.1.3. шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй;
18.1.4. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.
19 дүгээр зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт зохион байгуулах журам
19.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Шалгалтын комисс жилд хоёроос доошгүй зохион байгуулна.
19.2. Шалгалтын тов, бүртгэлийн хугацаа, газар, шалгалтын удирдамжийг шалгалтаас 90-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.
19.3. Шалгалтын комисс байгуулах, гишүүнд тавигдах шаардлага, шалгалтын арга, үе шат, үнэлгээний шалгуур, дүн гаргах журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
20 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцох, батламж олгох
20.1. Шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувь авсан шалгуулагчийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэнд тооцно.
20.2. Шалгалтад тэнцсэн шалгуулагчид Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны шалгалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор батламж олгоно.
21 дүгээр зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад дахин орох
21.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцээгүй шалгуулагч дахин шалгалтад орох эрхтэй.
21.2. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатайгаар хүчингүй болгосон этгээд нь шийтгэлийн хугацаа дууссанаас хойш шалгалтад дахин орох эрхтэй.
22 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалттай холбоотой гомдол гаргах
22.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гомдол гаргана.
22.2. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь гомдлыг хүлээн авснаас хойш шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө эцэслэн шийдвэрлэнэ.
22.3. Холбооны шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргаж болно

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
23 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
23.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн зөвшөөрөл олгосон төрөл, чиглэл, хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
23.2. .Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:
23.2.5. сэргээн засах.
23.3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд тухайн төрлийн мэргэжлийн нэршлийг хэрэглэх эрхтэй байна.
23.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, нөхөн олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хэрэгжүүлнэ.
24 дүгээр зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үндэслэл, журам
24.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг цахимаар гаргана.
24.2. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
24.2.1. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн батламж;
24.2.2. ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
24.2.3. энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон үндэслэл байхгүйг нотолсон баримт бичиг.
24.3. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл, хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгаж, энэ хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрлэнэ.
24.4. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
24.5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд тухайн төрлийн “эмнэлгийн мэргэжилтэн” гэсэн нэршлийг ашиглах эрхтэй. Зөвшөөрөл аваагүй этгээд нь эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, өөрийгөө зөвшөөрөлтэй мэргэжилтэн мэт олон нийтэд ойлгуулах, эсхүл эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах эрхтэй мэтээр сурталчлахыг хориглоно. Анагаах ухааны боловсрол эзэмшсэн боловч зөвшөөрөл аваагүй этгээд өөрийн боловсролын зэрэг, эзэмшсэн мэргэжлийг илэрхийлэх эрхтэй.
24.6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэнд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо таних дугаар бүхий нэрийн тэмдэг олгоно.
24.7. Нэрийн тэмдэгт эмнэлгийн мэргэжилтний овог, нэр, мэргэжлийн төрөл, бүртгэлийн дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг тусгана.
24.8. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ нэрийн тэмдгийг ил харагдахуйц зүүнэ.
24.9. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон, эсхүл түдгэлзсэн тохиолдолд нэрийн тэмдгийг хүчингүйд тооцно.
25 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох хугацаа
25.1. Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах хугацаагаар олгоно:
25.1.1. резидент эмчид хяналттай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар;
25.1.2. үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.3. бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.4. эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.5. сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.6. эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
25.1.7. сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.
25.2. Энэ хуулийн 25.1.1-д зааснаас бусад зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж багц цагаа бүрдүүлсэн, мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсэн, мэргэжлийн хариуцлагын даатгалтай, мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчилгүй эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар сунгана. Зөвшөөрөл сунгахад тавих шалгуур, өндөр эрсдэлтэй чиглэлээр ур чадварын дахин үнэлгээ хийх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
25.3. Энэ хуулийн 25.1.1-д заасан зөвшөөрөл нь зөвхөн төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад, мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага дор, байгууллагын баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын хүрээнд хүчинтэй байна.
26 дугаар зүйл. Гадаад улсад анагаахын шинжлэх ухааны чиглэлээр боловсролын байгууллага төгссөн иргэн болон гадаад улсын иргэнд зөвшөөрөл олгох
26.1. Гадаад улсад анагаах ухааны боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол эзэмшсэн гадаадын иргэн нь Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдахын тулд энэ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн байх бөгөөд шаардлага хангасан этгээдэд энэ хуулийн 25.1.1-д заасан хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан Монгол Улсын иргэний гадаад улсад эзэмшсэн анагаах ухааны боловсролыг Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцүүлэн тооцсон байна.
26.3. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгож болно.
26.4. Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:
26.4.1. Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх боловсрол эзэмшсэн;
26.4.2. эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй;
26.4.3. төрөлжсөн мэргэшлээр 5 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох баримт бичигтэй;
26.4.4. Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагатай ажиллах гэрээ, хэлэлцээртэй.
26.5. Энэ хуулийн 26.4-т заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгож болно:
26.5.1. зургаан сар хүртэлх зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтгүйгээр зөвхөн нэг удаа, Монгол Улсын мэргэшсэн эмчийн шууд хяналт дор, зөвлөх эрхээр ажиллахаар;
26.5.2. зургаан сараас дээш хугацааны зөвшөөрлийг зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд.
26.6. Энэ хуулийн 26.5-т заасан зөвшөөрөлтэй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаагаа монгол хэл дээр, шаардлагатай тохиолдолд орчуулгатай явуулна.
26.7. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавих, шаардлага зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
27 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх
27.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
27.1.1. эрүүл мэндийн байдал, түр хугацааны чадваргүйдлийн улмаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
27.1.2. мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа;
27.1.3. мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчил гаргасан нь энэ хуулийн 86.9.3, 86.9.4-т заасны дагуу Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр тогтоогдсон;
27.1.4. мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргасан.
27.1.5. жил тутмын тасралтгүй сургалтын багц цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангаагүй;
27.2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаа нь энэ хуулийн 86.9.3, 86.9.4-т зааснаас бусад тохиолдолд түдгэлзүүлэх үндэслэл арилах хүртэл байна.
27.3. Түдгэлзүүлсэн хугацаа дуусах, эсхүл түдгэлзүүлэх үндэслэл арилснаар зөвшөөрөл дахин нөхцөлгүйгээр сэргэнэ. Түдгэлзүүлсэн хугацаанд тухайн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
27.4. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь түүнийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгоход саад болохгүй.
28 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
28.1. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
28.1.1. мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргасан;
28.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
28.1.3. энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш 12 сарын дотор тасралтгүй сургалтын багц цагаа нөхөн хангаагүй;
28.1.4. зөвшөөрлийн хугацаа дууссан боловч мэргэжлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй;
28.1.5. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таван жилээс дээш хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй;
28.1.6. төгсөлтийн дараах сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй;
28.1.7. энэ хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон.
28.1.8. мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас энэ хуулийн 86.9.7-д заасан шийдвэр гарсан.
28.2. Энэ хуулийн 28.1.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө, цэргийн алба, эрүүл мэндийн шалтгаан, мэргэшил дээшлүүлэх сургалт хамаарна.
28.3. Энэ хуулийн 28.1.8-д заасан үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгохдоо 86 дугаар зүйлд заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална.
29 дүгээр зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх
29.1. Энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болсон зөвшөөрлийг, түүнийг хүчингүй болгосон үндэслэл арилж, холбогдох шаардлагыг хангаж, гэрээний үүргээ биелүүлсэн бол сэргээж болно.
29.2. Өөрийн хүсэлтээр зөвшөөрлөө хүчингүй болгосон этгээд дахин зөвшөөрөл авах бол мэргэжлийн шалгалтад дахин орно.
30 дугаар зүйл. Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэл
30.1. Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэл нь эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний талаарх албан ёсны мэдээллийн сан байна.
30.2. Эмнэлгийн мэргэжилтэн бүр дахин давтагдашгүй бүртгэлийн дугаартай байна.
30.3. Нэгдсэн бүртгэлд эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн тус бүрийн бүртгэлийн дугаар, овог нэр, мэргэжил, мэргэшил, зөвшөөрлийн төрөл, хүрээ, хүчинтэй хугацаа, нөхцөл, хязгаарлалт, түдгэлзүүлсэн болон хүчингүй болсон байдал, мэргэжлийн хариуцлагын эцсийн шийдвэрийн нийтэд мэдээлэх хэсэг, сургалт, ажилласан байгууллага, албан тушаалын мэдээллийг тусгаж, жил бүр шинэчилнэ.
30.4. Нэгдсэн бүртгэлийг хөтлөх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
30.5. Нэгдсэн бүртгэл дэх хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хамгаалахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтлах бөгөөд мэргэжилтэн өөрийн бүртгэлийн мэдээлэлтэй танилцах, алдаатай мэдээллийг засуулах эрхтэй.
31 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд
31.1. Дараах этгээд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй:
31.1.1. эрүүл мэндийн байдлынхаа улмаас мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй эрхлэх боломжгүй нь эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шаардлагатай дэмжлэг, ажлын байрны зохистой тохируулга хийх боломжгүй;
31.1.2. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай;
31.1.3. энэ хуулийн 28.1.2-т заасан үндэслэлээр зөвшөөрөл нь хүчингүй болсон бөгөөд ялын хугацаа дуусаагүй.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
32 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний тангараг
32.1. Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая” гэсэн тангараг өргөнө.
32.2. Сувилахуйн боловсрол эзэмшиж, сувилагч мэргэжлээр төгссөн хүн бүр “Сувилагч би, хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн, үнэнч шударга байж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахын төлөө эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах мэргэжилтэн байхаа эх орон, ард түмэндээ андгайлан тангараглая” гэсэн тангараг өргөнө.
32.3. Энэ хуулийн 32.1, 32.2-д заасан тангараг өргөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоотой зөвшилцөн батална.
33 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нийтлэг эрх
33.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь энэ хуулийн 3 дугаар бүлэгт зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
33.1.1. мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
33.1.2. гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
33.1.3. эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь нас, эрүүл мэндэд харш үйлдэл хийлгэхээр шаардах, эсхүл хууль тогтоомж зөрчихийг шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
33.1.4. албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн хамгаалах хэрэгслээр хангагдах;
33.1.5. мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтад хамрагдах;
33.1.6. хууль тогтоомжид заасан бусад эрх.
33.2. Энэ хуулийн 33.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг холбогдох эмнэлгийн байгууллага түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар нөхөн олгоно.
34 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нийтлэг үүрэг
34.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь энэ хуулийн 3 дугаар бүлэгт зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
34.1.1. эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
34.1.2. гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд боломжтой нөхцөлд, мэргэжлийн чадварынхаа хүрээнд эмнэлгийн тусламж үзүүлэх эсхүл зохих мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагад зуучилж мэргэшсэн тусламжийг түргэн зохион байгуулах;
34.1.3. үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
34.1.4. хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
34.1.5. мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, нотолгоонд тулгуурласан арга барил хэрэглэх;
34.1.6. үйлчлүүлэгчийн өвчин, эмгэг, эмчилгээний мэдээлэл болон нас барагчийн талаарх мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
34.1.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
35 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэл
35.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, журмын дагуу хөтөлнө.
35.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлд өвчтөний өвчин, эмгэг, онош, зовиур, эмчилгээний явц, эмнэлгийн үйлдэл, хэрэглэсэн арга хэмжээ, мэргэжлийн санал, дүгнэлтийг үнэн зөв, бүрэн тусгаж гарын үсэг эсхүл түүнтэй адилтган үзэх арга хэлбэрээр баталгаажуулна.
35.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь бүртгэлийг хуурамчаар хөтлөх, санаатайгаар бодит байдлаас зөрүүтэй нэмэлт бичилт хийх, үндэслэлгүй засвар оруулахыг хориглоно.
35.4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний түүхийн бүртгэлийг цахимаар хөтлөх, хадгалах, хамгаалах, архивлах, нэвтрэх эрхийн түвшин тогтоох, аудитын мөр бүрдүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
36 дугаар зүйл. Үйлчлүүлэгчид асаргаа, сувилгаа болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
36.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид асаргаа, сувилгаа хийх арга, эмчилгээний дэглэм, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг зааварлан зөвлөх үүрэгтэй.
37 дугаар зүйл. Эрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах үед мэдээлэл өгөх, зөвшөөрөл авах
37.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амь нас, эсхүл бие махбодод ноцтой хохирол учрах эрсдэлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах тохиолдолд үйлчлүүлэгчид дараах мэдээллийг тайлбарлаж, бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна:
37.1.1. онош, магадлал, эрсдэлийн үндэслэл;
37.1.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлага, аргачлал, агуулга;
37.1.3. тайлбар өгч буй эмч болон голлон оролцох эмч нарын нэр;
37.1.4. нийтлэг хүндрэл, гаж нөлөө, эрсдэлийн мэдээлэл;
37.1.5. эмнэлгийн тусламж, үйлчилгээний өмнө болон дараа мөрдөх заавар, анхаарах зүйлс.
37.2. Энэ хуулийн 37.1-т заасан үйлчлүүлэгч нь шийдвэр гаргах чадваргүй бол түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
37.3. Зөвшөөрөл авсны дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээний арга, агуулга өөрчлөгдөх, эсхүл голлон оролцох эмч солигдох бол өөрчлөлтийн шалтгаан, агуулгыг мэдээлж дахин бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авна.
37.4. Яаралтай нөхцөл байдлаас шалтгаалан энэ хуулийн 37.1, 37.2, 37.3 дах хэсгийг хэрэгжүүлэх нь тусламжийг хэт саатуулж амь насанд аюул учруулах, эсхүл сэтгэцэд хүнд хор уршиг үүсгэх бодит нөхцөл байдал үүссэн бол уг шаардлага тавигдахгүй бөгөөд үндэслэлийг түүхийн бүртгэлд тэмдэглэнэ.
38 дугаар зүйл. Нууц хадгалах үүрэг
38.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийн талаарх хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.
38.2. Энэ үүрэг нь эмнэлгийн мэргэжилтэн ажил үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш мөн хүчинтэй байна.
38.3. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх нь энэ хуулийн 38.1-д хамаарахгүй.
39 дүгээр зүйл. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урамшуулал авахыг хориглох
39.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, түрээслүүлэгчээс шууд болон шууд бусаар урамшуулал, хөнгөлөлт, ашиг хүртэхийг хориглоно.
39.2. Эрдэм шинжилгээ, сургалт, клиник туршилт, бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглээний сургалт зэрэг үйл ажиллагаанд хууль, журмын дагуу үзүүлсэн дэмжлэг үзүүлсэн нь энэ хуулийн 39.1-д хамаарахгүй.
40 дүгээр зүйл. Гадны нөлөөгөөр эсхүл сэжигтэй байдлаар нас барсан байж болзошгүй үед мэдэгдэх үүрэг
40.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний цогцсыг үзэж гадны нөлөөгөөр эсхүл сэжигтэй байдлаар нас барсан байж болзошгүй гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
41 дүгээр зүйл. Мэргэшсэн эмч, резидент эмчийн нэмэлт эрх, үүрэг
41.1. Мэргэшсэн эмч нь энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
41.1.1. үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх
41.1.2. эмийн жор бичих;
41.1.3. нас барсныг тогтоох;
41.1.4. хүйсийг тогтоох;
41.1.5. хуульд заасан нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах;
41.1.6. шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр эмчийн үзлэг хийх, шинжилгээ авах, эмчилгээ хийх, дүгнэлт гаргах;
41.1.7. өөрийнх нь шууд хяналт, удирдлагад ажиллах резидент эмчид мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
41.1.8. оношлох, эмчлэх зорилгоор резидент эмчээр тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэхдээ хяналт тавих, шаардлагатай тохиолдолд бичгээр үүрэг даалгавар олгож байгууллагын удирдлагад мэдэгдэх;
41.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
41.2. Резидент эмч нь энэ хуулийн 33, 34 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
41.2.1. Энэ хуулийн 41.2.2, 41.2.3-т заасан ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн эмчээс арга зүйн туслалцаа авах;
41.2.2. байгууллагын баталсан резидент эмчийн бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх;
41.2.3. мэргэшсэн эмчийн шууд хяналт, удирдлага дор эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;
41.2.4. хүндрэл гарсан тохиолдолд мэргэшсэн эмчид цаг алдалгүй мэдэгдэх;
41.2.5. хууль, тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
41.3. Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
42 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтэнд хориглох үйл ажиллагаа
42.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхгүй этгээдээр эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлүүлэхийг хориглоно.
42.2. Эмнэлгийн мэргэжилтэн биш этгээд нь эмч, шүдний эмч, уламжлалт анагаахын эмч, эх баригч, сувилагч болон эдгээртэй төстэй нэршлийг ашиглан төөрөгдөл үүсгэхийг хориглоно.
42.3. Эмнэлгийн мэргэжилтний хориглох зар сурталчилгааны хэлбэр, шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
43 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглох
43.1. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлт хүлээн авсан тохиолдолд хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй.
43.2. Яаралтай тусламж шаардлагатай өвчтөнд эмнэлгийн мэргэжилтэн хамгийн боломжит, зохистой арга хэмжээг нэн даруй авна.
43.3. Татгалзах боломжтой онцгой тохиолдол, түүний журам, баримтжуулалтыг холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын журмаар зохицуулна.
43.4. Яаралтай тусламжийн шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт, доромжлол үзүүлсэн бол мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзаж, аюулгүй байдлаа хангуулах эрхтэй. Энэ нь яаралтай тусламж үзүүлэх үүрэгт хамаарахгүй.
44 дүгээр зүйл. Мэргэжлийн хараат бус байдал, аюулгүй орчин
44.1. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд энэ хууль болон бусад хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хэн ч аливаа байдлаар хөндлөнгөөс оролцож үл болно.
44.2. Эрүүл мэндийн ажилтан нь хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамж, ёс зүйн хэм хэмжээ, шинжлэх ухааны нотолгоонд нийцүүлэн, өвчтөний оношилгоо, эмчилгээ, асаргаа, тусламж үйлчилгээтэй холбоотой эмнэлзүйн шийдвэрийг бие даан гаргах эрхтэй.
44.3. Эмнэлзүйн бие даасан шийдвэр гаргах эрхийг хангах зорилгоор дараах үйлдэл хийхийг хориглоно:
44.3.1. эрүүл мэндийн ажилтны эмнэлзүйн шийдвэрт хөндлөнгөөс оролцох, эдийн засгийн болон хууль бус зорилгоор шийдвэрийг өөрчлөхийг шаардах;
44.3.2. мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжид нийцсэн эмнэлзүйн шийдвэрийн улмаас эрүүл мэндийн ажилтанд ажил олгогчийн зүгээс дарамт, шахалт үзүүлэх.
44.4. Хэн боловч эмнэлгийн байгууллагын эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм бэлдмэл, бусад эд зүйлсийг эвдэх, гэмтээх, эсхүл эмнэлгийн байгууллагын эмчилгээний үйл ажиллагаанд саад учруулах, хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хориглоно.
44.5. Энэ зүйлд заасан хориг зөрчсөн үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ
45 дугаар зүйл. Төгсөлтийн дараах сургалтын төрөл, хүрээ
45.1. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байна.
45.2. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн мэргэшлийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна.
45.3. Тасралтгүй сургалт нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, ёс зүй, чанарын шаардлагыг хадгалах, ахиулах зорилготой бөгөөд багц цагийн тогтолцоонд үндэслэнэ.
46 дугаар зүйл. Төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт
46.1. Төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэгтэй холбогдсон үйл ажиллагааны бодлого, нэгдсэн удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
46.2. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуульд нийцүүлэн төгсөлтийн дараах сургалттай холбоотой чиг үүргийг эрх олгох, гэрээгээр шилжүүлэх хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллагаар хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хяналт, тайлагнал, ил тод байдлын шаардлагыг хангана.
47 дугаар зүйл. Сургалт эрхлэх байгууллагад тавих шаардлага, сонгон шалгаруулалт
47.1. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
47.1.1. сургалтын хөтөлбөр, сургалтын үр дүнгийн шалгуур, үнэлгээний аргачлалтай байх;
47.1.2. сургалтын багшлах бүрэлдэхүүний мэргэшил, туршлагын шаардлага хангагдсан байх;
47.1.3. клиникийн сургалтын бааз, тоног төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд симуляцийн орчинтой байх;
47.1.4. сургалтын чанарын дотоод баталгаажуулалт, гомдол шийдвэрлэх журамтай байх;
47.1.5. ашиг сонирхлын зөрчил, тэтгэлэг, санхүүжилтийн ил тод байдлыг хангах.
47.2. Сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
47.3. Энэ хуулийн 47.2-т заасан ажиллагааны журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
48 дугаар зүйл. Багц цаг тооцох, бүртгэх
48.1. Тасралтгүй сургалтын багц цаг тооцох тогтолцоо нь сургалтын төрөл, хэлбэр, үр дүн, үнэлгээнд суурилна.
48.2. Багц цагийг цахим бүртгэлээр нэгтгэн хөтөлж, сургалт зохион байгуулагч байгууллага нь оролцогчийн мэдээллийг хугацаанд нь бүртгүүлэх үүрэгтэй.
48.3. Дотоод, гадаадын сургалт, эрдэм шинжилгээ, ур чадварын үнэлгээ, клиник сургалт, цахим сургалтыг багц цагт тооцох шалгуур, дээд хязгаар, нотлох баримтын шаардлагыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
48.4. Багц цагийн бүртгэлд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бүрдүүлэхийг хориглоно.
49 дүгээр зүйл. Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох нийтлэг үндэслэл
49.1. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь мэргэшүүлэх сургалтын төгсөлт, ур чадварын үнэлгээ, ажлын дадлага туршлага, ёс зүйн шаардлага, чанарын шалгуурт үндэслэнэ.
49.2. Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, сунгах, хүчингүй болгох журам, үнэлгээний шалгуур, баримт бичгийн бүрдэл, шийдвэр гаргах болон маргаан, гомдол хянан шийдвэрлэх журмыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо батална.
50 дугаар зүйл. Резидент эмчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах үеийн эрх зүйн байдал
50.1. Резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
50.2. Резидент эмчийн ажлын ачаалал, хяналт-удирдлага, сургалтын чанарын шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын доод стандартыг эрх бүхий байгууллага батална.
51 дүгээр зүйл. Санхүүжилт, зардлын жишиг, төлбөр
51.1. Төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэргийн үйл ажиллагааны зардлын жишиг, сургалтын тэтгэлэг олгох шалгуур, тэтгэлгийн хэмжээ, шалгалтын төлбөр, зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн хамтран батална.
51.2. Улсын төсвөөс санхүүжүүлэх сургалтын төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулах шалгуур, тайлагналын журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
51.3. Сургалтын төлбөр, санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил тод байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
52 дугаар зүйл. Эмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэх ажиллагаа
52.1. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар бүртгүүлсний үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлнэ. Эрүүл мэндийн байгууллага нь холбоонд бүртгэлтэй эмнэлгийн бусад мэргэжилтнийг ажиллуулна.
52.2. Эмнэлгийн бусад мэргэжилтний цахим бүртгэлийг дараах мэдээлэл, баримт бичигт үндэслэн энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгдсэн санд хийнэ. Үүнд:
52.2.1. эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, татвар төлөгчийн дугаар, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг агуулсан хувийн мэдээлэл;
52.2.2. тухайн чиглэлээр дээд боловсролын эзэмшсэн болохыг нотолсон дээд боловсролын диплом;
52.2.3. ажлын газрын тодорхойлолт, эсхүл хувиараа арилжаа эрхлэгчийн гэрчилгээ, эсхүл өөрийн өмчлөлийн хуулийн этгээдийн гэрчилгээ.
52.3. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь цахим хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг шалгана. Шаардлага хангасан тохиолдолд эмнэлгийн бусад мэргэжилтнийг 30 дугаар зүйлд заасан нэгдсэн бүртгэлд бүртгэж, бүртгэл баталгаажсаныг цахимаар мэдэгдэнэ.
52.4. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэл баталгаажсан өдрөөс эхлэн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх бөгөөд бүртгэлийн мэдээлэл өөрчлөлт орох бүрд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд цахимаар мэдэгдэж, бүртгэлийн мэдээллийг үнэн зөвийг хариуцна.
52.5. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эмнэлгийн бусад мэргэжилтний овог, нэр, ажил эрхлэлтийн байдлын мэдээллийг нээлттэй, ил тод байршуулна.
53 дугаар зүйл. Эмнэлгийн бусад мэргэжилтнийг бүртгэхээс татгалзах
53.1. Эмнэлгийн бусад мэргэжилтнээс энэ хуулийн 52.2-т заасан мэдээлэл, баримт бичгийг цахимаар дутуу, бүрэн бус илгээсэн тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь бүртгэхээс татгалзаж, бүрэн бус, дутуу байгаа мэдээллийг зааж, зөрчлийн талаар хариу мэдэгдэнэ.
53.2. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заасан зөрчлийг арилган, дахин шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ ДЭМЖЛЭГ, ЭРХ, ҮҮРЭГ
54 дүгээр зүйл. Эмнэлгийн бусад мэргэжилтэнд үзүүлэх дэмжлэг
54.1. Эмнэлгийн бусад мэргэжилтэнд энэ хуулийн гуравдугаар бүлэгт заасан дэмжлэгээс гадна эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас дараах дэмжлэгийг үзүүлнэ:
54.1.1. жил бүр тухайн чиглэлийн дотоодын болон олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадварыг ахиулах;
54.1.2. тухайн чиглэлийн олон улсын судалгааны хурал, судалгааны төсөлд оролцох, суурь судалгааны төсөлд тэтгэлэг хүртэх;
54.1.3. улс хоорондын мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдах;
54.1.4. эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Монгол Улсын болон олон улсад оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн патентад мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгох.
55 дугаар зүйл. Эрүүл мэндийн бусад мэргэжилтний эрх
55.1. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн ажилтны эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:
55.1.1. бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, хувь хүнд шаардлага тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
55.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
55.1.3. мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд мэргэжлийн сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
55.1.4. энэ хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах.
56 дугаар зүйл. Эрүүл мэндийн бусад мэргэжилтний үүрэг
56.1. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийтлэг үүрэг үүргийг хүлээхээс гадна дараах үүргийг хүлээнэ:
56.1.1. бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль тогтоомжийг чанд мөрдөж, мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх;
56.1.2. эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, сахин биелүүлэх;
56.1.3. мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
56.1.4. бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд үүссэн эрүүл мэнд, амь насанд аюултай тохиолдол, орчны нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;
56.1.5. хувийн мэдээлэл өөрчлөлт орсон нөхцөлд нэн даруй мэдэгдэж, эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах;
56.1.6. үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглах.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ХЭМ ХЭМЖЭЭ
57 дугаар зүйл. Мэргэшлийн зэрэг олгох
57.1. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь эмнэлгийн бусад мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг батална.
57.2. Энэ хуулийн 57.1-т заасан журмаар дараах харилцааг зохицуулна:
57.2.1. эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэшлийн зэргийн шатлал, хугацаа, чиглэл, удирдлага, зохион байгуулалт;
57.2.2. мэргэшлийн зэрэг горилогчид тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг;
57.2.3. мэргэшлийн зэргийн шалгалтын зохион байгуулалт, агуулга, хэлбэр, үнэлгээ, шалгалтын комиссын бүрэлдэхүүн;
57.2.4. мэргэшлийн зэргийн гэрчилгээ олгох, хүчинтэй хугацаа, хүчингүй болгох, нөхөн олгох;
57.2.5. эдгээртэй холбоотойгоор Холбооны хэрэгжүүлэх чиг үүрэг.
58 дугаар зүйл. Эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээ
58.1. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь дараах үйлдэл, эс үйлдлийг гаргахыг хориглоно:
58.1.1. .бүртгүүлсэн чиглэлд хамаарах асуудлаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах;
58.1.2. бүртгүүлсэн чиглэлийн хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхээс татгалзах;
58.1.3. холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар тогтоосон шаардлагыг хангаагүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагааг эрхлэх;
58.1.4. үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд задруулах, хуулиар эрх олгогдоогүй этгээдэд дамжуулах, бусад этгээдэд арилжааны зорилгоор худалдах, бэлэглэх;
58.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, зааварчилгааг дагаж мөрдөхгүй байх, зөрчих;
58.1.6. бүртгүүлсэн чиглэлд хамаарах хууль, дүрэм, журмаар хүлээсэн бусад үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл зөрчсөн үйлдэл гаргах;
58.1.7. эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчих;
58.1.8. үйлчлүүлэгч, өвчтөний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах;
58.1.9. бүртгүүлсэн чиглэлээс өөр чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг үзүүлэх, эсхүл үзүүлэх эрхтэй мэтээр бусдыг төөрөгдөлд оруулах;
58.1.10. мэргэшлийн зэрэг олгогдоогүй байхад мэргэшлийн зэрэгтэй гэсэн сурталчилгааг түгээх, эсхүл бусдад олгосон мэргэшлийн зэргийг ашиглах;
58.1.11. бүртгэлийн үндсэн дээр явуулж буй мэргэжлийн үйл ажиллагааг бусдад шилжүүлэх;
58.1.12. мэргэшлийн зэргийг бусдад ашиглуулах, түрээслэх;
58.1.13. бүртгэлээс хассан хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх.
58.2. Эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хуульд зааснаас гадна өөрийн бүртгүүлсэн чиглэлд хамаарах стандартын шаардлагыг нэг мөр хэрэгжүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭГДСЭН ХОЛБОО /ЭНЭ БҮЛГИЙГ 2027 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ./
59 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо, түүний гишүүнчлэл
59.1. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо (цаашид "Холбоо" гэх) нь энэ хуулиар үүсгэн байгуулагдсан, өөрийн удирдлагатай, заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн.
59.2. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, ёс зүй, хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, мөрдүүлэх, мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
59.3. Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Холбооны гишүүн байна.
59.4. Эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа нэгдэн мэргэжлийн чиглэлээр төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Холбооны үйл ажиллагаанд хороо эсхүл салбар нэгжийн эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.
59.5. Холбоо нь эмнэлгийн мэргэжилтний болон эмнэлгийн бусад мэргэжилтний нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
59.6. Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгдсэн бүртгэлийн журам, бүртгэлийн мэдээллийн төрөл, шинэчлэх хугацааг Холбооны Зөвлөл батална.
59.7. Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй шууд холбоогүй аливаа төрийн албан тушаалд томилогдсон тохиолдолд Холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.
60 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны чиг үүрэг
60.1. Холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
60.1.1. эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулах, батлах санал гаргах, мөрдүүлэх;
60.1.2. тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоог зохион байгуулах, багц цагийг бүртгэх, баталгаажуулах;
60.1.3. эмнэлгийн мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
60.1.4. мэргэжлийн хариуцлага, сахилгын асуудлыг хянан шийдвэрлэх бүтцийг байгуулж ажиллуулах;
60.1.5. эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгоход арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах, хяналт-шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулах бодлого, зөвлөмж боловсруулах, судалгаа хийх;
60.1.6. мэргэжлийн маргаан, ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
60.1.7. эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;
60.1.8. гишүүдийн нэгдсэн бүртгэл, ёс зүйн болон сахилгын шийдвэрийн мэдээллийн санг хуульд нийцүүлэн хөтлөх;
60.1.9. олон нийтэд эрүүл мэндийн боловсрол, мэргэжлийн мэдээлэл түгээх, нийтэд тустай үйл ажиллагаа зохион байгуулах;
60.1.10. хууль тогтоомжид заасан эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр Холбоонд шилжүүлсэн чиг үүрэг;
60.1.11. Холбооны дүрэмд заасан бусад чиг үүрэг.
60.2. Холбоо нь хууль тогтоомж эсхүл, төрийн байгууллагын шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтний эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эрх олгох шалгалтыг зохион байгуулна.
60.3. Төрийн байгууллага, албан тушаалтнаас эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох чиглэлээр шинжээч томилуулах хүсэлтийг Холбоонд гаргаж болох бөгөөд Холбоо нь тухайн чиглэлээр мэргэшсэн гишүүд бүхий мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээчийн баг эсхүл шинжээчийг тухайн мэргэжилтний зөвшөөрснөөр томилж болно.
60.4. Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн сургалт, багц цагийн журам, шаардлагыг Холбооны Зөвлөл батална. Багц цаг цуглуулах, бүртгэх үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журамд хөдөө, орон нутаг, алслагдсан суманд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнд багц цагийн болон хөтөлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлийг тусгана.
61 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний их хурал
61.1. Холбооны өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Эмнэлгийн мэргэжилтний Их хурал (цаашид “Их хурал” гэх) байна.
61.2. Их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
61.3. Их хурал төлөөлөгчдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр байна.
61.4. Их хурлын төлөөлөгч сонгох журмыг Холбооны дүрмээр тогтооно.
61.5. Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
62 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний их хурлын бүрэн эрх
62.1. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
62.1.1. Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
62.1.2. ёс зүйн дүрэм, мэргэжлийн стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн, олон нийтийн санал авсны үндсэн дээр батлах, өөрчлөх;
62.1.3. Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
62.1.4. Холбооны Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
62.1.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг энэ хуулийн 85.7-д заасан журмын дагуу сонгох;
62.1.6. гишүүний татвар, хураамжийн хэмжээг тогтоох;
62.1.7. үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан сонсох;
62.1.8. дүрэмд заасан бусад бүрэн эрх.
63 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч
63.1. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч (цаашид “Ерөнхийлөгч” гэх) нь Холбоог хууль заасны дагуу төлөөлөх бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлогыг энэ хууль болон Холбооны дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэх албан тушаалтан байна.
63.2. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
63.3. Ерөнхийлөгч дараах бүрэн эрхтэй:
63.3.1. Их хурлыг зарлан хуралдуулах;
63.3.2. Зөвлөлийн хуралдааныг даргалах;
63.3.3. Холбоог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
63.3.4. Тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
63.3.5. дүрэмд заасан бусад бүрэн эрх.
63.4. Ерөнхийлөгч, Зөвлөл болон Холбооны бусад албан тушаалтан нь Мэргэжлийн хариуцлагын хорооны гомдол, маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглоно.
64 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны Зөвлөл
64.1. Зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох хамтын удирдлагын байгууллага байна.
64.2. Зөвлөлийн гишүүдийн тоог мянган эмнэлгийн мэргэжилтэн тутамд нэгээс доошгүй байхаар Холбооны дүрэмд тусгах бөгөөд нийт гишүүдийн тоо сондгой байна.
64.3. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
64.4. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
64.4.1. Холбооны жилийн төлөвлөгөө, төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
64.4.2. Холбооны дүрэм, журам батлах;
64.4.3. чиг үүргийн хороо байгуулах, даргыг томилох;
64.4.4. Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;
64.4.5. санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
64.4.6. салбар нэгж байгуулах, татан буулгах;
64.4.7. дүрэмд заасан бусад бүрэн эрх.
64.5. Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
64.6. Зөвлөлийн шийдвэрийг нийтэд мэдээлэх журмыг Холбооны дүрмээр тогтооно.
65 дугаар зүйл. Хороод, салбар нэгж
65.1. Холбоо нь чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.
65.2. Холбоо нь дараах чиг үүргийн хороотой байна:
65.2.1. Ёс зүйн хороо;
65.2.2. Тасралтгүй мэргэжлийн хөгжлийн хороо;
65.2.3. Мэргэжлийн хариуцлагын хороо;
65.2.4. Чанар, аюулгүй байдлын хороо;
65.2.5. Шалгалтын хороо;
65.2.6. дүрэмд заасан бусад.
65.3. Хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэй болж, шийдвэрийг олонхын саналаар гаргана.
65.4. Мэргэжлийн чиглэл, мэргэшлээр гишүүд сайн дураараа нэгдэн энэ хуулийн 65.2-т зааснаас бусад хороо байгуулж болно.
65.5. Сайн дурын хорооны хамгийн бага гишүүний тоо, нэршлийн давхцалгүй байх, чиг үүргийн хороотой зөрчилдөхгүй байх шаардлагыг дүрмээр тогтооно.
65.6. Холбоо нь чиг үүргээ орон нутагт салбар нэгжээр дамжуулан хэрэгжүүлнэ.
66 дугаар зүйл. Тамгын газар
66.1. Холбооны Тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх) нь Холбоо болон хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
66.2. Тамгын газрыг Тамгын газрын дарга удирдана.
66.3. Тамгын газрын бүтэц, орон тоо, ажилтны чиг үүргийг Зөвлөл батална.
67 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
67.1. Хяналтын зөвлөл нь Холбооны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.
67.2. Хяналтын зөвлөл нь таван гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг нийт эмнэлгийн мэргэжилтнээс нээлттэй цахим санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг гурван жилийн хугацаагаар сонгон томилно. Хяналтын зөвлөлийн гишүүнийг улируулан томилохгүй.
68 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо
68.1. Мэргэжлийн хариуцлагын хороо нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний явцад гарсан таагүй болон ноцтой тохиолдлын талаар үндэслэл бүхий мэргэжлийн дүгнэлт гаргахдаа мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийн биелэлт, мэргэжилтний чадамж, системийн болон зохион байгуулалтын хүчин зүйлийг цогцоор нь үнэлж, дүгнэлт гаргана.
68.2. .Мэргэжлийн хариуцлагын хороо нь аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, талуудыг сонсох, нотлох баримтыг үнэлэх, шинжээч болон бусад шаардлагатай этгээдийг оролцуулж үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
68.3. Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтэд үндэслэн хохирогч тал хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд тухайн дүгнэлт нь талуудыг шүүх эсхүл бусад эрх бүхий байгууллагад хандахад саад болохгүй.
68.4. Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмыг Холбооны Зөвлөл батална.
69 дүгээр зүйл. Холбооны санхүүжилт
69.1. Холбооны санхүүжилт нь гишүүний татвар, хандив, сургалт болон Холбооноос зохион байгуулсан шалгалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн орлого болон хуульд хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
69.2. Холбоо нь төрөөс гэрээгээр тодорхой чиг үүрэг гүйцэтгэхээр санхүүжилт авч болно.
69.3. Холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх бөгөөд аудитыг жил бүр хийлгэж, Их хуралд тайлагнаж, нийтэд ил болгоно.
70 дугаар зүйл. Холбооны шийдвэрт гомдол гаргах
70.1. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд Холбооны болон түүний хороодын дараах шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй:
70.1.1. мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
70.1.2. шалгалтад оруулахаас татгалзах;
70.1.3. ёс зүйн зөрчлийн талаар сахилгын шийтгэл ногдуулах;
70.1.4. гишүүнчлэлээс хасах, гишүүнчлэлийн төлөвийг өөрчлөх.
70.2. Шүүхэд гомдол гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явагдана.
70.3. Холбоо нь гомдол гаргагчид өөрийн шийдвэрийн үндэслэл, давж заалдах журмыг бичгээр мэдээлэх үүрэгтэй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
/ЭНЭ БҮЛГИЙГ 2027 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ./
71 дүгээр зүйл. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын зорилго
71.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгал (цаашид “даатгал” гэх)-ын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас шалтгаалан өвчтөн, үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг шуурхай арилгах, учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шударга, хариуцлагатай байлгахад оршино.
72 дугаар зүйл. Даатгуулах этгээд
72.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
72.2. Эмнэлгийн байгууллага нь тухайн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний даатгалын хүчинтэй байдлыг хангах, даатгалгүй мэргэжилтнийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ажиллуулахгүй байх үүрэгтэй.
72.3. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн этгээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэргэжлийн ажил гүйцэтгэхийг хориглоно.
72.4. Эрүүл мэндийн бусад ажилтан мэргэжлийн хариуцлагын даатгалд сайн дураараа хамрагдаж болно.
73 дугаар зүйл. Даатгалд үл хамрагдах нөхцөл
73.1. Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын тогтолцоонд хамрагдсан эсхүл Монгол Улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн хариуцлагын даатгалтай этгээд энэ бүлэгт заасан даатгалд хамрагдахгүй байж болно.
73.2. Энэ хуулийн 73.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнээс давсан хохирлыг хохирогч нь буруутай этгээдээс Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэх эрхтэй.
73.3. Даатгалын тохиолдолд хамаарахгүй хохирол, нөхцөлийг энэ хууль болон даатгалын гэрээгээр тогтооно.
74 дүгээр зүйл. Даатгалын гэрээ, түүний хугацаа
74.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагааны явцад өвчтөн үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.
74.2. Даатгалын гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулж болно.
74.3. Даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлийг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална.
74.4. Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байна.
74.5. Даатгуулагч нь даатгалын хураамжаа өөрөө төлөх тохиолдолд даатгагчаа чөлөөтэй сонгох эрхтэй.
74.6. Даатгалын хураамжийг байгууллага нь төлөх тохиолдолд байгууллагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр даатгагчийг сонгоно.
74.7. Даатгалын хураамжийг улсын төсөв эсхүл төрийн байгууллага төлөх тохиолдолд Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооноос нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар шалгарсан даатгагчтай гэрээ байгуулна. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар даатгагч эсхүл даатгагчдыг сонгохын тулд даатгалын зуучлагчаар зуучлуулж гэрээ байгуулж болно.
74.8. Энэ хуульд заасан даатгагчийг сонгон шалгаруулахдаа даатгуулагчид хамгийн ашигтай нөхцөлийг санал болгосон эсэхийг үндсэн шалгуур болгоно.
75 дугаар зүйл. Даатгалын үнэлгээ
75.1. Даатгалын үнэлгээ болон даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн доод хэмжээг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшинг харгалзан Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
75.2. Даатгуулагч эсхүл Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь даатгагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр даатгалын үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод хэмжээнээс өндрөөр тогтоож болно.
75.3. Даатгуулагч эсхүл түүний байгууллага сайн дураараа даатгалын хураамжаа нэмэгдүүлэх замаар даатгалын үнэлгээг нэмэгдүүлж болно. Энэ тохиолдолд даатгагч энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан итгэлцүүрт үндэслэн даатгалын үнэлгээг тогтоох бөгөөд даатгалын үнэлгээг нэмэгдүүлэхээс татгалзах эрхгүй.
75.4. Даатгуулагч энэ хуульд зааснаас илүү үнэлгээгээр даатгуулах тохиолдолд илүү гарсан хэсгийг сайн дураар даатгуулж болно.
75.5. Даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагчийн ажиллаж буй байгууллага хариуцна.
76 дугаар зүйл. Даатгалын суурь хураамж, итгэлцүүр
76.1. Даатгалын суурь хураамжийг эрсдэлийн ангилал, тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн чиглэл, байгууллагын түвшин, даатгуулагчийн ажилласан жил, үйл ажиллагааны хүрээ, ажлын цаг буюу ачаалал, өмнөх нөхөн төлбөрийн түүх, байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог харгалзан боловсруулсан Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
76.2. Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
76.3. Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийг даатгалын суурь хураамжид итгэлцүүр хэрэглэн тооцно.
76.4. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын суурь хураамжийг даатгуулагчийн ажиллаж буй байгууллага хариуцан төлнө.
76.5. Даатгуулагч нь төрийн байгууллагад ажилладаг бол даатгалын хураамжийн 90 хувийг байгууллага хариуцна.
76.6. Энэ хуулийн 76.5-т заасан даатгалын хураамжийн санхүүжилтийг эрүүл мэндийн сайдын зардалд тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.
77 дугаар зүйл. Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
77.1. Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:
77.1.1. энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс давсан хохирол;
77.1.2. даатгуулагчийн санаатай үйлдэл, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол;
77.1.3. даатгалын гэрээнд тусгайлан хассан үндэслэл бүхий бусад эрсдэл.
77.2. Даатгалын гэрээгээр хассан эрсдэл нь үндэслэлтэй эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд даатгалын гэрээнд заавал тусгах гэрээний стандарт нөхцөлд энэ агуулгыг тусгах замаар нэмэлт, өөрчлөлт оруулна.
78 дугаар зүйл. Даатгуулагчийн хүлээх үүрэг
78.1. Даатгалын тохиолдол гарсан, эсхүл гарч болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд даатгуулагч дараах үүрэгтэй:
78.1.1. даатгалын тохиолдлын талаар даатгагч болон ажил олгогч байгууллагад шуурхай мэдэгдэх;
78.1.2. хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээлэл, баримтыг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
78.1.3. баримт бичгийг засварлах, устгах, нотлох баримтыг гуйвуулах үйлдэл хийхгүй байх.
78.2. Энэ зүйлд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх нэмэгдэл хохирлыг даатгагч хариуцахгүй.
79 дүгээр зүйл. Хохирогчийн хүлээх үүрэг
79.1. Хохирогч нь хохирлоо нотлох мэдээлэл, баримтыг даатгагч эсхүл Мэргэжлийн хариуцлагын хороонд нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
80 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгох, шийдвэрлэх хугацаа
80.1. Даатгагч нь даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох ажиллагааг эхлүүлнэ.
80.2. Нөхөн төлбөр олгох эцсийн хугацаа, шаардлагатай баримтын жагсаалт, үнэлгээ хийх журам, маргаан шийдвэрлэх дотоод журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
80.3. Эмнэлгийн байгууллагын дотоод маргаан хянан шийдвэрлэх нэгж, эсхүл шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа /”эвлэрүүлэн зуучлал” гэх мэт/-аар даатгуулагч буруутай нь тогтоогдсон, эсхүл талууд эвлэрсэн бол даатгалын тохиолдол үүссэнд тооцож хохирлыг гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
81 дүгээр зүйл. Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх
81.1. Даатгагч нь даатгуулагчийн санаатай үйлдэл, худал мэдүүлэг, эсхүл даатгалын гэрээгээр хориглосон нөхцөлийг зөрчсөн нь тогтоогдсон бол олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй.
82 дугаар зүйл. Даатгалын мэдээллийн сан
82.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний бүртгэл, даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн санг даатгагчид хамтран бүрдүүлж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо хариуцна.
82.2. Мэдээллийн сан дахь хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах, дамжуулах журмыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороо, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.Холбоо нь тус санд хязгаарлагдмал эрхтэй хэрэглэгч байх бөгөөд өгөгдлийг зөвхөн өвчтөний аюулгүй байдал, статистик, хяналт-шинжилгээний зорилгоор ашиглана.

НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
83 дугаар зүйл. Өмгөөлүүлэх эрх
83.1. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь өөрийн ажил, үүргийг гүйцэтгэхтэй холбоотой аливаа үйлдэл, эс үйлдлийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн тохиолдолд өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтийг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоонд гаргах эрхтэй.
83.2. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо нь энэ хуулийн 83.1-т заасан хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж, өмгөөлөгчийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээг зохион байгуулна.
84 дүгээр зүйл. Мэргэжлийн үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авах
84.1. Аливаа хувь хүн, хуулийн этгээд нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүйд холбогдох гомдлыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргана.
84.2. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороонд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
85 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо
85.1. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуульд заасан гомдлыг хүлээн авч, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Мэргэжлийн хариуцлагын хороо нь орон тооны нэгж байх бөгөөд бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулна.
85.2. Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг боловсруулж, Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоогоор батлуулна.
85.3. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагааны баримтлах зарчим, хэм хэмжээг тусгана.
85.4. Мэргэжлийн хариуцлагын хороо нь 25 хүний бүрэлдэхүүнтэй байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл 9, эмнэлгийн бусад мэргэжилтний төлөөлөл 8, хүний эрх, сэтгэл судлал, хуулийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний төлөөлөл 4, эрүүл мэндийн салбарын нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл 4 байна.
85.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
85.5.1. энэ хуулийн 85.4-т заасан төлөөллийн хувьд тухайн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
85.5.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
85.5.3. хөдөлмөрийн сахилгын зөрчилд гаргаж байгаагүй;
85.5.4. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
85.5.5. сүүлийн таван жилд захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагүй байх;
85.6. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах зарыг Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбооны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй зарлана.
85.7. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг дараах журмаар сонгож, томилно:
85.7.1. Холбооны Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг нь нэр дэвшигчийн материалыг энэ хуулийн 85.5-д заасан шаардлагад нийцэж буй эсэхийг хянаж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Их хуралд танилцуулна;
85.7.2. энэ хуулийн 85.4.-т заасан төрийн бус байгууллагын төлөөллийг холбогдох байгууллагаас нэр дэвшүүлнэ;
85.7.3. Их хурал нь энэ хуулийн 85.4-т заасан бүрэлдэхүүний дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдээс Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгоно;
85.7.4. Их хурлаас сонгогдсон гишүүдийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх бөгөөд тэрээр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан, ажлын 14 хоногийн дотор батламжилна;
85.7.5. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвхөн 85.5-д заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийн хувьд батламжлахаас татгалзаж, үндэслэлээ заан Их хуралд буцаан хүргүүлнэ.
85.8. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Мэргэжлийн хорооны гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
85.9. Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны анхны хурлыг хамгийн ахмад гишүүн даргалж, гишүүдийн олонхын саналаар даргыг сонгоно.
85.10. Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын саналаар хуралдуулна. Мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
85.10.1. гомдлыг хүлээн авч, санамсаргүй байдлаар гомдол хуваарилах журам, дараалал;
85.10.2. гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг тодорхойлох дараалал;
85.10.3. хараат бус шинжээч томилох журмыг тодорхойлох;
85.10.4. гомдлыг шийдвэрлэх хуралдааныг дэгийг батлах;
85.10.5. маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай журмыг энэ хуульд нийцүүлэн батлах.
85.11. Мэргэжлийн хариуцлагын хороо нь хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байна.
85.12. Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, гишүүн нь дараах бүрэн эрхтэй:
85.12.1. гомдлыг хүлээн авч, хянан шалгаж, хуралдаанаар шийдвэрлэх;
85.12.2. хуралдааныг товлох, оролцогчдод мэдэгдэх, даргалах;
85.12.3. хуралдаанаар шийдвэр гаргах, бичгээр үйлдэж, оролцогчдод гардуулах;
85.12.4. хуралдааны дэгийг сахиулах;
85.12.5. эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон багшлах;
85.12.6. гомдолд холбогдох нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шинжээч томилох, оролцогчдоос тайлбар.
85.13. Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга нь дараах бүрэн эрхтэй:
85.13.1. мэргэжлийн хариуцлагын хороог дотоод болон гадаад харилцаанд төлөөлөх;
85.13.2. мэргэжлийн хариуцлагын хорооны нийт гишүүдийн хурлыг товлох, зарлах, хуралдуулах, гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
85.13.3. маргаантай холбоогүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулах;
85.13.4. мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд танилцуулах;
85.13.5. маргаан хянан шийдвэрлэх явцад оролцогчдоос ирүүлсэн гишүүнээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх.
86 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
86.1. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
86.2. Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа эсэхээс үл хамааран иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд холбогдох мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч, гишүүнд хуваарилж, маргаан үүсгэх эрхтэй.
86.3. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь хуваарилагдсан гомдлыг эрсдэлийн зэргээр ангилж, дараах захирамж гаргана:
86.3.1. мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн шинжгүй, бага эрсдэлтэй гомдлыг эвлэрүүлэн зуучлал, эсхүл эрүүл мэндийн байгууллагын дотоод чанар, аюулгүй байдлын нэгжид шилжүүлэх эсхүл үндэслэл бүхий тайлбараар хаах;
86.3.2. эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн болон үйлчлүүлэгч, өвчтөний хооронд үүссэн маргааны үйлчлүүлэгч, өвчтөний гомдлоор;
86.3.3. эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн Мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг зөрчсөн маргааныг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтний гомдлоор;
86.3.4. өвчтөний амь нас, эрүүл мэндэд шууд, ноцтой эрсдэл учруулж болзошгүй тохиолдолд шуурхай түр арга хэмжээ авах саналыг даргад танилцуулах.
86.4. Энэ хуулийн 86.3.2, 86.3.3-т заасан маргаантай тохиолдолд хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор маргаан үүсгэх тухай захирамж гаргана.
86.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн нь маргаан үүсгэснээс хойш ажлын 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдох тайлбар, нотлох баримтуудыг бүрдүүлж, хурлын товыг зарлана. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 15 хоногоор сунгаж болно.
86.6. Маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан нь танхимаар эсхүл цахимаар зохион байгуулагдана. Хурлын товыг хуралдаан болохоос ажлын 7 хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй оролцогчийн хүсэлтээр хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
86.7. Маргаан үүсгэн шалгасан гишүүн нь хуралдаанд илтгэгчээр оролцох боловч шийдвэр гаргах бүрэлдэхүүнд орохгүй. Шийдвэр гаргах бүрэлдэхүүнд гурван гишүүн байх бөгөөд тэдгээрийн дор хаяж нэг нь энэ хуулийн 85.4-т заасан хүний эрх, хууль, эсхүл төрийн бус байгууллагын төлөөллөөс байна. Хуралдааныг илтгэгч бус гишүүн даргална.
86.8. Маргааны шийдвэрлэх хуралдаанд дараах дарааллыг баримтална:
86.8.1. даргалагч хуралдааныг нээж, гомдол гаргагчийн нэр, холбогдогчийн нэр ажил үүрэг, маргааны товч агуулгыг танилцуулна;
86.8.2. хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга танилцуулна;
86.8.3. даргалагч хуралдаанд оролцогчдыг танилцуулж, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, эрх, үүргийг тайлбарлана;
86.8.4. даргалагч маргааны шийдвэрлэх бүрэлдэхүүнийг танилцуулж, оролцогчдоос татгалзах хүсэлт байгаа эсэхийг тодруулна;
86.8.5. илтгэгч гишүүн гомдлын талаарх дүгнэлт, маргаан шийдвэрлэх саналыг танилцуулна;
86.8.6. хуралдаанд оролцогчдын тайлбарыг сонсоно;
86.8.7. маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт сонсоно;
86.8.8. хуралдаанд оролцогчдоос нэмэлт тайлбар сонссоноор хурлыг завсарлаж, бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
86.9. Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнээс зөрчлийн шинж, хүндийн зэрэг, давтамж, санаатай эсэх, учруулсан хор уршиг, засрах боломжийг харгалзан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
86.9.1. гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
86.9.2. сануулга өгөх;
86.9.3. эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.4. эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.5. эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлийг 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
86.9.6. эмнэлгийн бусад мэргэжилтний бүртгэлээс хасах;
86.9.7. эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.
86.10. Эрүүл мэндийн ажилтан мэргэжлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийг баримталсан атал урьдчилан таамаглашгүй шалтгаанаар сөрөг үр дагавар үүссэн бол Мэргэжлийн хариуцлагын хороо мэргэжлийн алдаа гаргаагүй гэж дүгнэнэ.
86.11. Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн нь гарсан шийдвэрийг хуралдаанд оролцогчдод танилцуулна. Хурал болсон өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор бичгээр үйлдэж, тогтоол хэлбэрээр гаргана. Тогтоолыг оролцогчдод цахимаар хүргүүлнэ.
86.12. Оролцогчид тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ӨВЧТӨНД УЧИРСАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ
87 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр авах
87.1. Үйлчлүүлэгч, өвчтөн нь эмнэлгийн мэргэжилтний дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр авах замаар барагдуулахыг эмнэлгийн мэргэжилтнээс шаардах эрхтэй:
87.1.1. мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан тохиолдол;
87.1.2. эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол.
87.2. Үйлчлүүлэгч, өвчтөн нь энэ хуулийн 87.1-т заасан хохиролд хамаарах нотлох баримтыг нэн даруй даатгагч эсхүл Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж өгөх үүрэгтэй.
87.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлага гэрээ, холбогдох журмын дагуу баримтыг бүрдүүлэн даатгагчид хүргүүлж, хохирлыг даатгалын журмаар барагдуулна.
87.4. Мэргэжлийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр нь үйлчлүүлэгч, өвчтөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй.
88 дугаар зүйл. Иргэний хэргийн шүүхийн журмаар хохирлыг барагдуулах
88.1. Үйлчлүүлэгч, өвчтөн нь эрүүл мэндийн ажилтны үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо эрүүл мэндийн ажилтны харьяалах, ажил олгогч эрүүл мэндийн байгууллагаас иргэний хэргийн шүүхэд хандах замаар шаардаж, нөхөн төлүүлнэ.
88.2. Эрүүл мэндийн ажилтан нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль эсхүл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр хариуцлага хүлээсэн эсэх нь иргэний хэргийн шүүхийн журмаар үйлчлүүлэгч, өвчтөн өөрт учирсан хохирлоо барагдуулах ажиллагаанд саад болохгүй.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
89 дүгээр зүйл. Шилжилтийн зохицуулалтын зарчим, чиг үүрэг шилжүүлэх
89.1. Эрүүл мэндийн ажилтны зөвшөөрөл, бүртгэл, шалгалт, тасралтгүй мэргэжлийн хөгжил, мэргэжлийн хариуцлагын чиг үүргийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад үе шаттайгаар үйл ажиллагаа тасалдуулахгүйгээр шилжүүлнэ.
89.2. Чиг үүргийг шилжүүлэх хүртэл тухайн чиг үүргийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан эрх бүхий байгууллага үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
89.3. Шилжилтийн нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь, эрх бүхий байгууллагын бэлэн байдлын шалгуур, мэдээллийн сан, шалгалтын даалгаврын сан, архив шилжүүлэх болон өгөгдлийн аудитын журам, шаардагдах төсвийг Засгийн газар батална.
89.4. Хувийн мэдээлэл шилжүүлэхэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтална.
89.5. Энэ хуулийн 8.8, 13.10, 13.11, 14.4, 15.5, 35.4, 41.3, 47.3, 51.2, 76.2, 80.2, 82.2, 89.3-т заасан журмыг шинээр батлах, шинэчлэн батлах ажлыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор гүйцэтгэнэ.
90 дүгээр зүйл. Өмнөх зөвшөөрөл, бүртгэлийн хүчинтэй байдал
90.1. Энэ хууль дагаж мөрдөхөөс өмнө эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, бүртгэл, цуглуулсан багц цаг нь хүчинтэй хугацаа дуустал хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хуульд заасан зөвшөөрөл, бүртгэлтэй адилтгана.
90.2. Тогтолцоо өөрчлөгдсөн үндэслэлээр энэ хуулийн 90.1-д заасан эзэмшигчээс шалгалт дахин авах, дахин бүртгүүлэх, нэмэлт төлбөр төлүүлэх, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгох, резидентийн сургалтыг тасалдуулахыг хориглоно.
91 дүгээр зүйл. Шилжилтийн зохицуулалтын хүчинтэй хугацаа
91.1. .Энэ хуулийн 90 дугаар зүйл нь чиг үүрэг шилжүүлэх ажиллагаа дууссаныг баталгаажуулсан Засгийн газрын шийдвэр гарснаар, энэ хуулийн 6, 7 дугаар бүлэг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сараас хэтрэхгүй хугацаанд хүчингүй болно.
92 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
92.1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
93 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
93.1. Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
9. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Т. МӨНХСАЙХАН

Т. МӨНХСАЙХАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх