Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 7-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
анхдагч хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.
2дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж
2.1. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон харилцаанд хамаарна.
3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хэрэглэгчид нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлж буй этгээд нь энэхүү хуулийг нэгэн адил дагаж мөрдөнө.
3.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
3.4. Энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “зохицуулалттай нийгмийн сүлжээ” гэж энэ хуульд заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын шаардлагыг хангаагүй, эсхүл шаардлагыг хэрэгжүүлж байгаа боловч хүүхдийн аюулгүй байдалд учруулах эрсдэлийн түвшин өндөр гэж тогтоогдсон нийгмийн сүлжээг;
4.1.2. “насны баталгаажуулалт” гэж хэрэглэгчийн насыг итгэмжлэгдсэн эх сурвалжийн өгөгдөлд үндэслэн үйлчилгээ авах насны босгыг хангаж буй эсэхийг технологийн арга хэрэгслийг ашиглан баталгаажуулах цогц үйл ажиллагааг;
4.1.3. “нийгмийн сүлжээ” гэж хэрэглэгч бүртгэл үүсгэн оролцох, өөрийн болон бусдын үүсгэсэн зураг, дүрс бичлэг, дуу, бичвэр зэрэг агуулгыг нийтлэх, түгээх, сэтгэгдэл бичих, хуваалцах, бүлэг үүсгэх, харилцах боломж олгодог цахим хэрэглүүр /аппликэйшн/, цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээг;
4.1.4. “нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан үйлчилгээг нийтэд санал болгож буй этгээдийг;
4.1.5. “харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.4-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийг;
4.1.6. “хориотой агуулга” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15-д заасан агуулгыг;
4.1.7. “хүүхдэд хортой агуулга” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.16-д заасан агуулгыг;
4.1.8. “эцэг эхийн хяналтын хэрэгсэл” гэж хүүхдийн нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ашиглах хандалтын хязгаарлалт, зохицуулалт болон шүүлтүүр бүхий техникийн шийдлийг.
5дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчим
5.1. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1. хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
5.1.2. хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;
5.1.3. эрсдэлээс сэргийлсэн байх;
5.1.4. хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах;
5.1.5. хамтын оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТ БА ЭРСДЭЛ
6 дугаар зүйл. Технологийн хамгаалалтын арга хэмжээ
6.1. Нийгмийн сүлжээнд энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.2. Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно.
6.3. Нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийн хэрэглээнд дараах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
6.3.1. хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээ, түүний хугацаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хяналт тавих боломжийг бүрдүүлэх;
6.3.2. хүүхдийн хувийн мэдээлэл, байршил болон бүртгэлийн нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоо хэрэгжүүлэх;
6.3.3. хориотой, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах;
6.3.4. танихгүй хэрэглэгчээс шууд зурвас хүлээн авах боломжийг хязгаарлах;
6.3.5. хориотой, хүүхдэд хортой агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломжийг бүрдүүлэх;
6.3.6. хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцсэн бусад технологийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх.
6.4. Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор насны баталгаажуулалт хийнэ.
7дугаар зүйл. Зохицуулалттай нийгмийн сүлжээний эрсдэлийн үнэлгээ
7.1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэлийн түвшнийг тогтоох зорилгоор эрсдэлийн үнэлгээ зохион байгуулна.
7.2. Энэ хуулийн 7.1-т заасан үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон нийгмийн сүлжээг зохицуулалттай нийгмийн сүлжээнд хамааруулна.
7.3. Зохицуулалттай нийгмийн сүлжээний эрсдэлийн түвшнийг тогтоохдоо дараах шалгуурыг харгалзан үзнэ:
7.3.1. хэрэглэгчийн цар хүрээ;
7.3.2. системийн загварчлал, ажиллах зарчим;
7.3.3. түгээгдэж буй агуулгын шинж;
7.3.4. танихгүй хүнтэй шууд харилцах боломж;
7.3.5. мэдээлэл тархах боломж;
7.3.6. хэрэглэгчийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлт.
7.4. Нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэх журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.5. Энэ хуулийн 7.2-д заасан зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл хүргүүлнэ.
7.6. Зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 7.5-д заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногт багтаан 6 дугаар зүйлд заасан технологийн хамгаалалтын шаардлагыг хангаж, энэ тухай мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.
7.7. Нийгмийн сүлжээнд хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй нийгмийн сүлжээний үйлчилгээнд Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүртэлх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
8дугаар зүйл. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
8.1. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн насны онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
8.2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар дараах эрх, үүрэгтэй:
8.2.1. хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагаас авах;
8.2.2. хүүхдэд нийгмийн сүлжээний аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх;
8.2.3. хүүхдийнхээ ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;
8.2.4. гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг насанд хүрэгчдэд зориулсан контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх;
8.2.5. эцэг эхийн хяналтын хэрэгслийг ашиглаж хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах;
8.2.6. хүүхэд нийгмийн сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
8.2.7. хориотой, хүүхдэд хортой агуулгад өртөхөөс хамгаалах;
8.2.8. нийгмийн сүлжээнд хориотой, хүүхдэд хортой агуулга нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан, эсхүл нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
9дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг
9.1. Боловсролын сургалтын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчид нийгмийн сүлжээний эрсдэл, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал, ур чадвар олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.
9.2. Боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 9.1-т заасан үүргээ биелүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.2.1. эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдлэг олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөмж өгөх;
9.2.2. суралцагчдад нийгмийн сүлжээнд ёс зүйтэй байх, бусдыг хүндэтгэх, хувийн мэдээллээ хамгаалах, нууцлал, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал олгох;
9.2.3. нийгмийн сүлжээнээс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, эсхүл өртсөн суралцагчид шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
9.2.4. сургуулийн орчинд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах;
9.2.5. нийгмийн сүлжээнд суралцагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
9.3. Боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглоно.
10дугаар зүйл. Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
10.1. Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч дараах эрх, үүрэгтэй байна:
10.1.1. мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологи ашиглан хэрэглэгчийн насны бүлгийг баталгаажуулан бүртгэх;
10.1.2. нийгмийн сүлжээнд 13 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй байх;
10.1.3. нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийг баталгаажуулан бүртгэх;
10.1.4. нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг ажлын 8 цагт багтаан устгах;
10.1.5. эрх бүхий байгууллагын мэдэгдэлд үндэслэн хүүхдэд хортой агуулгад 72 цагийн дотор хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах;
10.1.6. хиймэл оюун ашиглан бүтээсэн контентод "хиймэл оюун ашиглан бүтээсэн” гэх агуулгатай таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах;
10.1.7. энэ хуулийн 6.3-т заасан технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.1.8. нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн үүргийн хэрэгжилтийг хангахад шуурхай дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах суурин төлөөлөгч, төлөөлөх байгууллага эсхүл албан ёсны харилцах нэгж томилж, Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;
10.1.9. хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гомдол, мэдээлэл, эрсдэлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээх;
10.1.10. Монгол Улсын хэрэглэгчийн тоон мэдээлэл, гомдол шийдвэрлэлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шинэчлэлийн талаарх тайланг жил бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх.
10.2. Хэрэглэгчийн насыг баталгаажуулахад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчээс дамжуулсан насны бүлгийн мэдээллийг ашиглана.
11дүгээр зүйл. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг
11.1. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:
11.1.1. харилцаа холбооны сүлжээний дугаарыг 16-аас доош насны хүүхдэд түүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт баталгаажуулан олгох;
11.1.2. насны баталгаажуулалтад шаардлагатай мэдээллийг хүнийг тодорхойлох боломжгүй болгож солилцох техникийн болон зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй хамтран ажиллах;
11.1.3. насны баталгаажуулалт хийх зорилгоор ашигласан мэдээллийн нууцлалыг хангахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтлах;
11.1.4. насны баталгаажуулалтын үйл явц, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах;
11.1.5. Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд үндэслэн өөрийн сүлжээнд шаардлагатай технологийн арга хэмжээ авах.
12дугаар зүйл. Нийгмийн сүлжээ хэрэглэгчийн эрх, үүрэг
12.1. Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:
12.1.1. өөрийн нийгмийн сүлжээний бүртгэлд харилцаа холбооны сүлжээний дугаарыг ашиглан насны баталгаажуулалт хийх;
12.1.2. насны баталгаажуулалтын үйл явц дахь хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;
12.1.3. өөрийн нийгмийн сүлжээний бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
12.1.4. хориотой агуулгыг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй, түгээхгүй, сурталчлахгүй байх;
12.1.5. хориотой, хүүхдэд хортой агуулгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;
12.1.6. эрх бүхий байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
12.2. эрх бүхий байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
13дугаар зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
13.1. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.1.1. нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2. нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;
13.1.3. нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар гадаад улсын төрийн эрх бүхий байгууллага, зохицуулах байгууллага, бодлого хэрэгжүүлэгч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
13.1.4. 13.1.4.хуульд заасан бусад.
14дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
14.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1. боловсролын сургалтын байгууллага, сургуулийн орчинд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.2. цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх агуулгыг бүх шатны сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах;
14.1.3. сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцох зориулалтын программ хангамж нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
14.1.4. сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг хязгаарлах ажлыг зохион байгуулах;
14.1.5. энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
14.1.6. хуульд заасан бусад.
15дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
15.1. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1. нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
15.1.2. нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын санаачилгад нэгдэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;
15.1.3. холбогдох төрийн байгууллагатай хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд чиглэсэн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
15.1.4. холбогдох төрийн байгууллагатай хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд чиглэсэн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
15.1.5. нийгмийн сүлжээнээс үүдэлтэйгээр Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөл бий болох тохиолдол, хүүхдийн нас, бие бялдар, сэтгэхүйн болон сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй агуулга, үйлчилгээ, хэрэглээний хэв шинжид судалгаа, дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг хангах;
15.1.6. хуульд заасан бусад.
16дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
16.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.1.1. нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хөндөгдөж, хохирсон тохиолдолд Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх;
16.1.2. нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, дүн шинжилгээ хийх, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах санал боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах;
16.1.3. хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
16.1.4. хүүхэд, залуучуудын оролцооны байгууллага, хуулийн этгээд болон иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хамтран ажиллах;
16.1.5. хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах;
16.1.6. хуульд заасан бусад.
17дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
17.1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1. нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
17.1.2. нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
17.1.3. эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид ирсэн даруй хүргүүлэх.
17.1.4. хуульд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ
18дугаар зүйл. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шилжүүлэх
18.1. Хүн, хуулийн этгээд нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллага, хүүхдийн яаралтай тусламжийн утсанд гаргана.
18.2. Гомдол, мэдээллийг хүлээн авсан этгээд нь гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, бүртгэл хөтөлнө.
18.3. Эрх бүхий этгээд нь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгаж, тухайн үйлдэл, үйл ажиллагаа нь энэ хуульд заасан хүүхдийн эрх, аюулгүй байдалд харшилсан эсэх, эрсдэл учруулсан эсэхийг тогтоож шийдвэрлэнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
19дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
20.1. Энэ хуулийг 2027 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

П. НАРАНБАЯР

П. НАРАНБАЯР

Initiator of the draft law
Ч. АНАР

Ч. АНАР

Initiator of the draft law
Ж. ГАЛБАДРАХ

Ж. ГАЛБАДРАХ

Initiator of the draft law
П. ГАНЗОРИГ

П. ГАНЗОРИГ

Initiator of the draft law
Л. ГАНТӨМӨР

Л. ГАНТӨМӨР

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Б. ЖАВХЛАН

Initiator of the draft law
С. ЛҮНДЭГ

С. ЛҮНДЭГ

Initiator of the draft law
О. НОМИНЧИМЭГ

О. НОМИНЧИМЭГ

Initiator of the draft law
Ч. НОМИН

Ч. НОМИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх