Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 6-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
шалгасан

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь газрын төлбөр ногдуулах, төлбөрийг тооцох үзүүлэлт, хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1. Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Газрын төлбөр төлөгч
З.1. .Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад төрийн өмчийн газрыг ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
З.2. Газрын хязгаарлагдмал эрх, газар ашиглах гэрээ 2, түүнээс дээш этгээд дээр бүртгэгдсэн тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээдийг Газрын ерөнхий хуулийн 51.2, 70.2-т заасны дагуу тодорхойлно.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Энэ хуулийн 3.1-д заасан төлбөр төлөгчийн газрын төлбөрийн хэмжээ, ногдуулалт, хөнгөлөлт, төлбөр төлөлттэй холбоотой харилцааг зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ
5 дугаар зүйл. Төлбөр ногдуулах газар
5.1. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад иргэн, хуулийн этгээдийн хязгаарлагдмал эрх болон гэрээгээр ашиглуулах газарт төлбөр ногдуулна.
6 дугаар зүйл. Газрын төлбөр тооцох үнэлгээ
6.1. Газрын төлбөрийн үнэлгээг дараах байдлаар тооцно:
6.1.1. зам, шугам сүлжээний газрын төлбөрийг километр тутамд;
6.1.2. дундын мэдлийн газрын эрхийн хувьд Газрын ерөнхий хуулийн 59.3-т заасан ногдох хувь хэмжээнд хамаарах талбайн Кадастрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зах зээлийн үнээр;
6.1.3. энэ хуулийн 6.1.1. 6.1.2-т зааснаас бусад газрын хувьд эрх бүхий этгээдийн шийдвэрт заасан нийт талбайн Кадастрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зах зээлийн үнээр.
6.2. Газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа газрын төлбөрийг тогтоохдоо бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг баримтална.
7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ
7.1. Газрын төлбөрийг энэ хуулийн 6.1-д заасан үнэлгээнээс дараах хувь хэмжээгээр тооцно:
7.1.1. хадлан, үр тариа болон бусад ургамлын тариалан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайн газрын төлбөрийг 0.01-0.06 хувиар;
7.1.2. хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийг 0.1-2.0 хувиар;
7.1.3. хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг 0.1-0.6 хувиар;
7.1.4. зам, шугам сүлжээний газрын төлбөрийг 1500-15000 төгрөгөөр;
7.1.5. ашигт малтмал ашиглах зориулалттай газрын төлбөрийг 0.2-4.0 хувиар.
7.2. Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.
7.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.
7.4. Хот, тосгон, бусад суурины газрын ногоон бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол газрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно.
7.5. Энэ хуулийн 7.1-т заасан хязгаарт багтаан газрын төлбөрийн хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ХӨНГӨЛӨХ
8 дугаар зүйл. Газрын төлбөр ногдуулах
8.1. Энэ хуулийн 3.1-д заасан газрын төлбөр төлөгчид газрын төлбөрийг дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч Газрын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан газрын мэдээллийн системээр ногдуулна.
8.2. Газрыг хязгаарлагдмал эрхээр ашиглуулахад газрын төлбөрийг тухайн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
8.3. Газрыг гэрээгээр ашиглуулахад газрын төлбөрийг газар ашиглуулах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно.
8.4. Эрхийн улсын бүртгэлд газрын эрхийг шинээр бүртгүүлсэн бол дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж Газрын ерөнхий хуулийн 27.2.4-т заасан кадастрын мэдээллийн системд бүртгэсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
8.5. Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч газрын суурь үнэ, газрын үнэлгээний бүс, газрын зориулалт, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг Газрын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан газрын мэдээллийн системээр тухай бүр шинэчлэн ногдуулж, өөрчлөх тухай шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
8.6. Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч энэ хуулийн 8.2, 8.3-т заасан газрын жилийн төлбөрийг тухайн оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн ногдуулж газрын мэдээллийн системд оруулна.
8.7. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын төлбөрийн жилийн ногдлын мэдээллийг тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор хянан нэгтгэнэ.
8.8. Газрын төлбөрийг энэ хуулийн 8.4, 8.7-д заасны дагуу ногдуулж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хүргүүлснээр татварын алба төлбөл зохих газрын төлбөрийг тухайн татвар төлөгчид мэдэгдэж нэхэмжилнэ.
8.9. Газрын төлбөр ногдуулах аргачлал, журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл. Газрын төлбөрөөс хөнгөлөх
9.1. Дараах төлбөр төлөгчийг дор дурдсан газрын төлбөрөөс хөнгөлнө:
9.1.1. төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, асрамжийн газрын үндсэн үйл ажиллагаа явуулах зориулалттай газарт ногдох төлбөрийг 100 хувиар;
9.1.2. малчин өрхийн хадлангийн газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.7-д заасан жагсаалтад орсон түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийн доорх газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.4. мод тарих, үржүүлэг, ойжуулалтын зориулалтаар гэрээгээр ашиглуулж байгаа газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.5. нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч иргэний энэ хуулийн 6.1.2-т заасан газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.6. Газрын ерөнхий хуулийн 47.1.2-т заасан зориулалт, хэмжээгээр төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхээр олгосон газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.7. үйлдвэрлэл технологийн паркийн зориулалттай газрын төлбөрийг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жил хүртэлх хугацаанд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.8. Чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.9. Чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.10. нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар.
9.2. Газрын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдвол хөнгөлсөн газрын төлбөрийг нөхөн төлүүлнэ.
9.3. Газрын төлбөрийн хөнгөлөлтийг төлбөр ногдуулах үед тооцож эдлүүлнэ.
9.4. Газрын төлбөрийг хөнгөлөх, нөхөн төлүүлэх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг татварын болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨВЛӨХ, НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ
10 дугаар зүйл. Газрын төлбөр төлөх
10.1. Татварын алба нь газрын төлбөрийн ногдуулалтын мэдээллийг нэхэмжлэх үүссэн тухай бүрт газрын төлбөр төлөгчид цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ.
10.2. Газрын нэгж талбарын дугаар, газрын ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, газрын төлбөр ногдох үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг газрын болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
10.3. Газрын төлбөр төлөгч тухайн жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
10.4. Газрын төлбөр төлөгчийн ашиглаж байгаа газар нэгээс дээш засаг захиргааны нутаг дэвсгэрийг дамнан оршиж байгаа болон өөр засаг захиргааны нутаг дэвсгэрт хамаарч байгаа тохиолдолд газрын төлбөрийг тухайн нэгж талбарыг ашиглах гэрээ байгуулсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн төсөвт төлнө.
11 дүгээр зүйл. Газрын төлбөрийн орлогыг төлөвлөх
11.1. Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараа оны төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ
11.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг нэгтгэн 6 дугаар сарын 1-ний дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
11.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.2-т заасан төслийг хянан үзэж, 8 дугаар сарын 1-ний дотор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12 дугаар зүйл. Газрын төлбөр төлөлтөд хяналт тавих
12.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрын төлбөрийн ногдуулалтад, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн төлөлтөд хяналт тавина
12.2. Газрын төлбөр төлөгч нь газрын төлбөрийн өрийг хоёр жилийн хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд Газрын ерөнхий хуулийн 77.1.4-д заасны дагуу татварын албанаас тухайн төлбөр төлөгчийн мэдээллийг газрыг олгосон эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
12.3. Газрын ерөнхий хуулийн 77.1.4-т заасны дагуу газрын төлбөрийн өрөө төлөөгүй этгээдийн газрын эрхийг цуцалж, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах, газар чөлөөлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн тухайгаа харьяалах татварын албанд мэдэгдэнэ.
13 дугаар зүйл. Газрын төлбөртэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх
13.1. Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараах гомдол, маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ:
13.1.1. газрын төлбөр ногдуулалттай холбоотой маргааныг Газрын ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд заасан маргаан таслах зөвлөл;
13.1.2. газрын төлбөр хураах, газрын төлбөрийн өр барагдуулах үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Татварын ерөнхий хуулийн 81.1-д заасан этгээд.
13.2. Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон гомдол, маргааны талаар энэ хуулийн 13.1-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг гомдол, маргааныг шүүх шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
14.1. Энэ хуулийг 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Хэлэлцэх эсэх -Нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх