Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/31 дүгээр зүйл: “31 дүгээр зүйл.Дотоодын цэргийн байгууллага
31.Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн.”
2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
7.3.Дотоодын цэрэг нь төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох мэргэжлийн нэгжтэй байна.”
3/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
33.3.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 22, 23, 24, 25, 26, 27, 29, 31, 32, 33, 40, 43, 44, 45 дугаар зүйлд заасан цагдаагийн алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журмыг мөрдөнө.
4/8 дугаар зүйлийн 8.1.12, 8.1.13 дахь заалт:
“8.1.12.объектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах;
8.1.13.дотоодын цэрэг, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг анги, байгууллага, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах;
8.1.14.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;”
5/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.5 дахь хэсэг:
“9.3.Дотоодын цэргийн штабын дарга нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 18-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч, эсхүл цэргийн мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг томилно.
9.4.Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд түүнийг орлох бөгөөд энэ хугацаанд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.
9.5.Дотоодын цэргийн командлагч алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ штабын даргад шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”
6/12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:
“12.5.Объектын хамгаалалтад уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний ажиллах хугацааг Дотоодын цэргийн командлагч тогтооно.”
7/33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалт:
“33.1.11.хот, суурингийн дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих;”
8/36 дугаар зүйлийн 36.6, 36.7 дахь хэсэг:
“36.6.Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана.
36.7.Дотоодын цэргийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно.”
9/38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэг:
“38.3.Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагын хүрээнд дотоодын цэргийн алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
38.4.Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд” шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилт авч болно.”
2 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын “тогтоосон” гэсний дараа “улс орны нийгэм, эдийн засаг, стратегийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын “улсын онц чухал” гэсний дараа “болон шаардлагатай бусад” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “мэргэжлийн” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
“4.1.1.“дотоодын цэргийн алба хаагч” гэж цэргийн тангараг өргөж, дотоодын цэргийн аль нэг анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;”
2/33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт:
“33.1.10.хамгаалалтад байгаа обьектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх;”
4 дүгээр зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн дугаарыг “7.4” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалтын дугаарыг “8.1.15” гэж, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийн дугаарыг “9.6, 9.7” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалтын дугаарыг “33.1.1.12” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын “улсын онц чухал” гэснийг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “ажилласан хугацааг тооцоход улсын онц чухал объектын харуул хамгаалалтад” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх