4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг;
4.1.2. “аж ахуй эрхлэгч” гэж хуулийн этгээд, хүнийг;
4.1.3. “ашиглалтын хугацааны өртөг” гэж харьцуулах үнэ дээр ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцсон тоон утгыг;
4.1.4. “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг;
4.1.5. “бэлэн шийдэл” гэж зах зээлд бэлэн байгаа бөгөөд өөрчлөлт оруулахгүйгээр захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой шийдлийг;
4.1.6. “гадаадын этгээд” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүнийг;
4.1.7. “дотоодын бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрийг өөрчилж шинээр бүтээсэн барааг;
4.1.8. “ерөнхий гэрээний арга” гэж захиалагчийн тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг, эсхүл байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг тогтоосон ерөнхий гэрээг нэг ба түүнээс дээш оролцогчтой байгуулж, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахыг;
4.1.9. “захиалагч” гэж:
4.1.9.1. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
4.1.9.2. 50 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
4.1.9.3. Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч;
4.1.9.4. худалдан авах ажиллагааг энэ хуулийн дагуу зохион байгуулахаар хуульд заасан бусад этгээд.
4.1.10. “захиалагчаас хараат этгээд” гэж дараах нөхцөлийн аль нэгд хамаарах этгээдийг:
4.1.10.1. тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг захиалагч томилж, чөлөөлдөг;
4.1.10.2. захиалагч нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлдог, эсхүл тодорхойлоход оролцдог.
4.1.11. “зарлал” гэж тендер шалгаруулалт явуулах тухай цахим систем дэх мэдээллийг;
4.1.12. “оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.13. “өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ” гэж захиалагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах бараа, ажил, үйлчилгээг;
4.1.14. “сонирхогч этгээд” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцох сонирхлоо илэрхийлсэн, эсхүл энэ хуульд заасан урилга хүлээн авсан аж ахуй эрхлэгчийг;
4.1.15. “тендер” гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг;
4.1.16. “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг;
4.1.17. “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.18. “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;
4.1.19. “түншлэл” гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.20. “үйлчилгээ” гэж энэ зүйлийн 4.1.1-д заасан ажил гүйцэтгэхэд хамаарахгүй угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын, эсхүл тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.21. “урилга” гэж захиалагчаас аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцохыг урьсан баримт бичгийг;
4.1.22. “харьцуулах үнэ” гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг;
4.1.23. “худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг;
4.1.24. “цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.25. “цахим каталог” гэж бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг ангилж тодорхойлсон цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.26. “цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг.