11.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1. хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, өргөжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
11.1.2. хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах, мэдээллээр хангах;
11.1.3. хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өргөтгөх, хадгалахад мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар дэмжлэг үзүүлэх;
11.1.4. хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
11.1.5. хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
11.1.6. хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сонирхогч этгээдийг мэдээллээр хангах;
11.1.7. хөрөнгө оруулалтын орчны чиглэлээр төв банк, төсөв, санхүү, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, гадаадын иргэн, харьяат, газар, чөлөөт бүс болон шүүхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг улирал, хагас, бүтэн жилээр гаргуулж, нэгдсэн статистик мэдээллийг гаргах;
11.1.8. хөрөнгө оруулалтын асуудлаарх мэдээллийн санг хөтлөх;
11.1.9. хуульд заасан бусад.
11.2. Энэ хуулийн 11.1.8-д заасан мэдээллийн сан нь нийтэд ил тод байх ба дараах мэдээллийг агуулсан байна:
11.2.1. хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц;
11.2.2. хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай төслийн мэдээлэл;
11.2.3. татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал авсан хөрөнгө оруулагч, түүний оруулсан хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл;
11.2.4. Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөлд ирсэн, шийдвэрлэсэн хөрөнгө оруулагчийн гомдлын статистик мэдээлэл, (ямар байгууллагад, ямар асуудлаар ирсэн талаарх мэдээллийг гомдол гаргагчийн мэдээллийг таних боломжгүйгээр харуулсан байна);
11.2.5. хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэсэн талаарх Засгийн газраас гаргасан шийдвэр;
11.2.6. энэ хуулийн 11.2.5-д заасан гомдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
11.2.7. нууцад хамааруулснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой төрөөс хариуцагчаар татагдсан хэрэг маргааны талаарх мэдээлэл;
11.2.8. хөрөнгө оруулалтын талаарх статистик мэдээлэл;
11.2.9. гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн талаарх статистик мэдээлэл;
11.2.10. хуулиар хориглоогүй бусад мэдээлэл.
11.3. Хөрөнгө оруулагчийн талаар мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, хууль тогтоомжийг сурталчлан таниулах журмыг хөрөнгө оруулалтын болон холбогдох асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.