16.1. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг /цаашид "гүйцэтгэх удирдлага" гэх/ хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.
16.2. Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
16.3. Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
16.4. Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг заавал тусгасан байна.
16.5. Гүйцэтгэх удирдлага нь Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
16.6. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг Удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.
16.7. Энэ хуулийн 16.6-д заасан баг Удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.
16.8. Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 16.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.
16.9. Энэ хуулийн 16.8-д заасан багийн ахлагчийг Удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.
16.10. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.
16.11. Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.
16.12. Гүйцэтгэх удирдлагын үндсэн эрх, үүргийг энэ хууль, Корпорацийн дүрэм болон Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр нарийвчлан тодорхойлно.
16.13. Гүйцэтгэх удирдлага дараах шаардлагыг хангасан байна:
16.13.1. эдийн засаг, санхүү, үнэт цаасны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
16.13.2. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
16.13.3. хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Корпорацийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
16.13.4. ял шийтгэлгүй байх;
16.13.5. санхүү, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
16.13.6. Удирдах зөвлөлийн үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.
16.14. Гүйцэтгэх удирдлагаар дараах этгээдийг томилохыг хориглоно:
16.14.1. төрийн албаны улс төрийн албан тушаалтан;
16.14.2. улс төрийн намын гишүүн;
16.14.3. Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;
16.15. Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.
16.16. Гүйцэтгэх удирдлага Баялгийн сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалт, гүйлгээ болон бусад шаардлагатай үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий кастодианы байгууллагаар гүйцэтгүүлнэ.
16.17. Гүйцэтгэх удирдлага Удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Баялгийн сангийн хөрөнгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.
16.18. Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг Удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага байгуулна.