Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 3-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/ зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-д маргаан хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.
2.2. Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Цэцийн нийт гишүүний хуралдаанаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн баталсан Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
3 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “иргэн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
3.1.2. “маргагч” гэж энэ хуульд заасны дагуу Цэцэд хандан өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийг;
3.1.3. “хариуцагч” гэж өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд заасан Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэр, бусад актыг гаргасан байгууллага, албан тушаалтныг;
3.1.4. “маргаан” гэж маргаантай асуудал болон үндсэн эрхийн маргааныг;
3.1.5. “маргаантай асуудал” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудлыг;
3.1.6. “үндсэн эрхийн маргаан” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт өргөдөл гаргагчийн өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг;
3.1.7. “үндсэн эрх” гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 3, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-д заасан үндсэн эрх, эрх чөлөө, мөн зүйлийн 4-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, болон тэдгээртэй адилтгах эрхийг;
Тайлбар:. Энэ хуулийн 3.1.7-д заасан үндсэн эрх, эрх эрх чөлөөтэй “адилтгах эрх” гэдэгт Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөв, Арван тавдугаар зүйл, Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Арван ес дүгээр зүйл, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тав дугаар зүйлд заасан эрх, мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрх”-ийг ойлгоно.
3.1.8. “хүсэлт” гэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас маргаантай асуудлаар өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.9. “мэдээлэл” гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэнээс энэ хуульд заасны дагуу маргаантай асуудлаар Цэцэд хандсаныг;
3.1.10. “өргөдөл” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тухайн иргэн энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг;
3.1.11. “бүрэлдэхүүн” гэж Бага, Дунд, эсхүл Их суудлын бүрэлдэхүүнийг;
3.1.12. “бүрэлдэхүүний гишүүн” гэж энэ хуульд заасны дагуу бүрэлдэхүүнд орсон Цэцийн гишүүнийг;
3.1.13. “акт” гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоосон болон нэг бүрчилсэн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.14. “хуралдаан” гэж энэ хуульд заасны дагуу Дунд, Их суудал үндсэн оролцогч, шаардлагатай тохиолдолд бусад оролцогчийг оролцуулан хуралдааны танхимд маргааныг амаар хэлэлцэхийг;
3.1.15. “зөвлөлдөөн” гэж цугларсан бичгийн болон бусад баримтад үндэслэн маргааны оролцогчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд маргааныг хэлэлцэж шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлийг хэлэлцэн тогтоохыг;
3.1.16. “даргалагч” гэж хуралдаан, зөвлөлдөөнийг удирдан явуулах чиг үүрэг бүхий Цэцийн гишүүн /зөвлөлдөөн даргалагч нь хуралдааныг даргална/;
3.1.17. “тусгай санал” гэж бүрэлдэхүүний гишүүн маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй санал нэгдсэн ч үндэслэх хэсэгтэй санал зөрсөн тухай /зэрэгцээ санал/ эсхүл шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийн аль алинтай санал зөрсөн тухай /эсрэг санал/ үндэслэлээ бичихийг.
4 дүгээр зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хүрээ
4.1. Цэц гагцхүү Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд бусад хууль зөрчсөн тухай өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авахгүй.
4.2. Цэц хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, бусад шийдвэр, эсхүл албан тушаалтны акттай холбоотой, Цэцийн харьяалалд хамаарах маргааныг хянан шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хугацаа
5.1. Цэц энэ хуульд өөрөөр заагаагүй бол маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор маргааныг хянан шийдвэрлэнэ. Маргаан ээдрээ, төвөгтэй гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хугацааг 90 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. Хугацаа сунгах журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
5.2. Дараах шийдвэртэй холбоотой маргааныг шийдвэрлэх бэлтгэлийг даруй хангана:
5.2.1. онц болон дайны байдал зарласан, эсхүл цэрэг хөдөлгөх тухай;
5.2.2. гамшгаас хамгаалах өндөржүүлсэн эсхүл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн.
5.3. Энэ хуулийн 5.2-т заасан тохиолдолд хэд хэдэн илтгэгч гишүүнийг томилж болно.
6 дугаар зүйл. Хугацаа тодорхойлох, тоолох
6.1. Маргаан хянан шийдвэрлэх хугацааг хуанлийн жил, сар, гариг, хоног, ажлын өдөр, цагаар тодорхойлно.
6.2. Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уг хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.
6.3. Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
6.4. Үүргийг гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
6.5. Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
6.6. Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.ч
6.7. Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
6.8. Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
6.9. Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
6.10. Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт, гаригаар тогтоосон хугацаа тухайн товлосон гариг дуусах эцсийн цагт, цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
7 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх зардал
7.1. Цэцэд маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
7.1.1. шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн унаа, байр, хоолны зардал, Цэцийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажил үндсэн чиг үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлс;
7.1.2. гэрчийн унаа, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
7.1.3. хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулах зардал;
7.1.4. шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэсний зардал.
7.2. Маргаан хянан шийдвэрлэх зардлыг дараах журмаар тооцно:
7.2.1. шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох унаа, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
7.2.2. шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг жишиг үнэлгээг харгалзан тогтоосон хэмжээгээр;
7.2.3. мэдүүлэг өгөхөөр Цэцэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;
7.2.4. хөгжлийн бэрхшээлтэй оролцогчийг маргаан хянан шийдвэрлэхэд оролцуулахад шаардлагатай хэрэгсэл, төхөөрөмж ашигласны төлбөрөөр;
7.2.5. бусад зардлыг зохих журмын дагуу.
7.3. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан зардлыг тооцож олгох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
8 дугаар зүйл. Хараат бус байх
8.1. Цэц, түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан маргааныг хянан шийдвэрлэнэ.
8.2. Байгууллага, албан тушаалтан, иргэн, хэн боловч Цэц, түүний гишүүн маргаан хянан шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт, дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
9 дүгээр зүйл. Хамтын зарчим
9.1. Цэц нь аливаа асуудал, маргааныг хамтын зарчмаар хэлэлцэж, хуульд өөрөөр заагаагүй бол бүрэлдэхүүний гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
9.2. Цэцийн гишүүн энэ хуульд заасны дагуу хуралдаан, зөвлөлдөөнд оролцох, санал өгөх, болон маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад үүргээ биелүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад үндэслэлээр энэ үүргээ биелүүлэхээс татгалзах, зайлсхийхийг хориглоно.
10 дугаар зүйл. Ил тод байх
10.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Цэц маргааныг ил тодоор хянан шийдвэрлэж, шийдвэрээ нийтэд мэдээлнэ.
10.2. Энэ хуулийн 10.3-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг нээлттэй явуулна.
10.3. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл /цаашид “хуулиар хамгаалагдсан нууц, мэдээлэл” гэх/, эсхүл хүний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай талаар маргааны оролцогч, эсхүл бүрэлдэхүүний гишүүний саналыг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзвэл хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулж болно.
10.4. Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албаны чиг үүргийн хүрээнд мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг Цэцийн гишүүн, маргааны оролцогч, бусад этгээд задруулахыг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу нууцын баталгаа гаргуулан авна.
10.5. Бүрэлдэхүүн хаалттай хуралдаанд оролцохыг тодорхой этгээдэд зөвшөөрч болно.
10.6. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааны явцыг дууны болон дуу-дүрсний бичлэгээр зохих журмын дагуу баталгаажуулж, архивд хадгална.
10.7. Цэцийн шийдвэр, нээлттэй хуралдааны тэмдэглэлийг маргааны оролцогч, бусад этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.
11 дүгээр зүйл. Тэгш эрхийг хангах
11.1. Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ тэгш эрхийг хангах бөгөөд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсрол, эсхүл бусад шинжээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.
11.2. Маргаан хянан шийдвэрлэхэд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ хуульд заасан эрхээ эдлэхэд Цэц дэмжлэг үзүүлнэ.
12 дугаар зүйл. Цэц нотлох зарчим
12.1. Цэц маргааныг Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг явуулж, ач холбогдол бүхий баримтыг цуглуулж, үнэлнэ.
12.2. Бүх шатны шүүх, төрийн байгууллага, албан тушаалтан, холбогдох этгээд Цэцийн шаардсан тайлбар, судалгаа, лавлагаа, дүгнэлт, бусад баримтыг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх, Цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
12.3. Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан баримтыг Цэцэд гаргаж өгнө.
12.4. Цэц шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шийдвэр гаргаж болно.
13 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх хэл, бичиг
13.1. Цэц маргааныг монгол хэлээр хянан шийдвэрлэж, төрийн албан ёсны бичгээр хөтөлж баталгаажуулна.
13.2. Маргааны оролцогч монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан тайлбар, баримт гаргаж өгөх эрхтэй.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан этгээдээс Цэцэд гаргасан тайлбар, баримтыг тухайн бүрэлдэхүүн болон маргааны бусад оролцогчид, түүнчлэн хуралдааны явц, бусад тайлбар, баримтыг зохих харилцааны хэрэгсэл, эсхүл орчуулагч, хэлмэрчээр дамжуулан тухайн этгээдэд танилцуулна.
14 дүгээр зүйл. Биечлэн явуулах
14.1. Цэцийн хуралдаан, зөвлөлдөөнийг Их суудлын бүрэлдэхүүн, энэ хуулийн 31.1-д заасан журмын дагуу томилсон Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн эхнээс нь дуусах хүртэл биечлэн явуулна.
14.2. Бүрэлдэхүүний гишүүн энэ хуулийн 29.1-д заасан үндэслэлээр татгалзан гарсан, түүнчлэн эрүүл мэндийн эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг томилно.
14.3. Энэ хуулийн 14.2-т заасан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг эсхүл хуралдаан, зөвлөлдөөнийг эхнээс нь явуулах эсэхийг шийдвэрлэнэ.
15 дугаар зүйл. Тасралтгүй явуулах
15.1. Цэцийн хуралдаан, зөвлөлдөөнийг амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
15.2. Маргааныг хуралдаанаар хэлэлцэх эсхүл зөвлөлдөөнөөр шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн бол бүрэлдэхүүн уг нөхцөл арилах хүртэл боломжит хугацаагаар хойшлуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦЭД ХАНДАХ ХЭЛБЭР, ХУГАЦАА
16 дугаар зүйл. Цэцэд хандах хэлбэр
16.1. Иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргана.
16.2. Иргэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Цэцэд мэдээлэл гаргана.
16.3. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд Цэцэд хүсэлт гаргана:
16.3.1. Улсын Их Хурал;
16.3.2. Ерөнхийлөгч;
16.3.3. Ерөнхий сайд;
16.3.4. Улсын дээд шүүх;
16.3.5. Улсын ерөнхий прокурор.
16.4. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг бичгээр, эсхүл цахимаар гаргана.
16.5. Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл зарим буюу бүрэн бус чадамжтай, эсхүл эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан иргэний үндсэн эрхийг зөрчсөн талаарх өргөдлийг түүний хууль ёсны төлөөлөгч Цэцэд гаргаж болно.
16.6. Хууль тогтоомжоос бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд өргөдөл, мэдээлэл гаргахдаа уг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд, шүүхэд хандах зэрэг хуульд заасан арга замыг дуусгасан байна.
17 дугаар зүйл. Цэцэд хандах хугацаа
17.1. Иргэн өөрийн үндсэн эрхтэй холбоотой шүүхийн шийдвэр, эсхүл бусад актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор өргөдөл гаргана.
17.2. Иргэн хууль, Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар хэдийд ч, бусад маргаантай асуудлаар дараах хугацаанд мэдээлэл гаргана:
17.2.1. Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор;
17.2.2. ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын эсхүл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сонгуулийн төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор;
17.2.3. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлыг мэдсэн өдрөөс хойш хоёр сарын дотор.
17.3. Энэ хуулийн 16.3-т заасан этгээд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар хэдийд ч хүсэлт гаргаж болно.
17.4. Энэ хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол маргагч хугацаа сэргээлгэх саналаа холбогдох баримтын хамт Цэцэд гаргаж болно.
18 дугаар зүйл. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавих шаардлага
18.1. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг тусгана:
18.1.1. өргөдөл, мэдээлэл гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг, байгууллага бол түүний нэр, оршин байгаа хаяг, эсхүл хүсэлт гаргагчийн нэр, албан тушаал, хаяг;
18.1.2. өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн утасны дугаар, цахим хаяг;
18.1.3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний зүйл, заалт, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй хэмээн үзэж байгаа албан тушаалтны нэр, шийдвэр, бусад актын талаарх мэдээлэл;
18.1.4. Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт болон түүнийг зөрчсөн гэж үзэж буй үндэслэл;
18.1.5. Цэцээр шийдвэрлүүлэх шаардлага;
18.1.6. өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн тоон, эсхүл ердийн гарын үсэг, огноо.
18.2. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд дараах зүйлийг хавсаргана:
18.2.1. маргаан хянан шийдвэрлэхэд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эсхүл өмгөөлөгч оролцуулах бол түүний бүрэн эрхийн хүрээг тодорхойлж, бүрэн эрх олгосон баримт бичиг;
18.2.2. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомж, бусад акт, түүний зүйл, заалтын хуулбар, эсхүл Үндсэн хууль зөрчсөн, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болсон шийдвэр, бусад актын нотолгоо;
18.2.3. монгол хэлээс өөр хэл дээрх баримт бичгийн албан ёсны орчуулга.
18.3. Өргөдөлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна энэ хуулийн 16.6-д заасны дагуу эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасан ч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзсэн үндэслэлээ тусган, холбогдох шийдвэр, баримтыг хавсаргана.
18.4. Мэдээлэлд энэ хуулийн 18.1, 18.2-т зааснаас гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар Цэцэд хандсан зорилгыг, түүнчлэн энэ хуулийн 16.6-д заасны дагуу хуульд заасан арга замыг дуусгасан ч Үндсэн хуулийн зөрчил арилаагүй гэж үзсэн үндэслэлээ бичиж, холбогдох шийдвэр, баримтыг хавсаргана.
19 дүгээр зүйл. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авах
19.1. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Ерөнхий бүртгэгч хүлээн авна.
19.2. Ерөнхий бүртгэгч нь өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Цэц урьд нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг нягтлан үзэж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хариуг маргагчид өгнө. Холбогдох журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
19.3. Ерөнхий бүртгэгч дараах тохиолдолд өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг маргагчид буцаана:
19.3.1. энэ хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
19.3.2. Цэцээс урьд өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан бөгөөд түүнийг дахин нягтлан үзэх үндэслэлгүй.
19.4. Ерөнхий бүртгэгчээс энэ хуулийн 19.3-т заасны дагуу өгсөн хариуг маргагч эс зөвшөөрвөл уг хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцэд дахин гаргаж болно.
19.5. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг энэ хуульд заасан шаардлага хангаж, эсхүл түүнийг энэ хуулийн 19.4-т заасны дагуу гаргасан бол Ерөнхий бүртгэгч ажлын гурван өдрийн дотор Цэцийн нийт гишүүний хуралдаанаас тогтоосон хуваарь, Дэгд заасны дагуу түүнийг Бага суудлын бүрэлдэхүүнд гардуулж, хянан шийдвэрлэх бүртгэлд бүртгэнэ.
20 дугаар зүйл. Цахим бүртгэл хөтлөх
20.1. Ерөнхий бүртгэгч өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, цахим сан үүсгэнэ.
20.2. Цэцийн шийдвэрийн хуулбар, эсхүл маргаан хянан шийдвэрлэхэд хамаарах баримт бичгийг маргааны оролцогчид цахимаар хүргүүлнэ.
20.3. Маргааны оролцогч Цэцийн шийдвэр, холбогдох баримт бичгийг бичгээр авах санал гаргасан, эсхүл цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд маргааны оролцогчид шийдвэр, баримт бичгийг шуудангаар хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАРГААНЫ ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
21 дүгээр зүйл. Маргааны оролцогч
21.1. Маргагч болон хариуцагч нь үндсэн оролцогч байна.
21.2. Гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, Цэцийн нарийн бичгийн дарга нь бусад оролцогчид хамаарна.
21.3. Төлөөлөгч, өмгөөлөгч нь маргааны бие даасан оролцогч бус, зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн эрх олгосон хүрээнд хамгаалж байгаа этгээд мөн.
22 дугаар зүйл. Үндсэн оролцогчийн эрх, үүрэг
22.1. Үндсэн оролцогч нь маргаан хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлнэ:
22.1.1. маргаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар гаргах, баримт гаргаж өгөх, баримт гаргуулах санал гаргах;
22.1.2. энэ хуульд заасны дагуу гэрч оролцуулах, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч томилуулах, хуралдааныг хойшлуулах тухай санал гаргах;
22.1.3. өргөдөл, мэдээлэл, хүсэлт, холбогдох тайлбар, цугларсан баримттай танилцах, хуулбарлан авах, тэмдэглэл хийх, хариу тайлбар өгөх;
22.1.4. маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой Цэцээс гаргасан шийдвэрийн талаар мэдэх, хуулбарлан авах;
22.1.5. биечлэн, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан энэ хуульд заасны дагуу хуралдаанд оролцох, оролцогчоос асуулт асуух;
22.1.6. бүрэлдэхүүн, эсхүл бусад оролцогчоос энэ хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах санал гаргах;
22.1.7. хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах;
22.1.8. энэ хуульд заасан бусад эрх.
22.2. Үндсэн оролцогч маргаан хянан шийдвэрлэхэд дараах үүрэг хүлээнэ:
22.2.1. Цэцээс товлосон цагт хүрэлцэн ирэх;
22.2.2. Цэцийн шаардсан баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх;
22.2.3. Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар нь бодит байдалд нийцсэн, үнэн байх;
22.2.4. маргаан хянан шийдвэрлэх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан нууц, мэдээллийг задруулахгүй байх;
22.2.5. хуралдааны дэгийг сахих;
22.2.6. энэ хуульд заасан бусад үүрэг.
22.3. Өргөдөл, хүсэлт гаргагч нь хуралдаан, зөвлөлдөөн болохоос өмнө шаардлагаа ихэсгэх, эсхүл багасгах, бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах санал гаргаж болно. Өргөдөл, хүсэлтийн шаардлагыг ихэсгэх, багасгах, татгалзах нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ тухай саналыг хүлээн авахгүй.
22.4. Маргаан үүсгэсний дараа мэдээллийн шаардлагаас татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.5. Дунд суудлын шийдвэр гарсны дараа маргагч шаардлагаасаа татгалзах, эсхүл түүнийг ихэсгэх, багасгахыг хориглоно.
22.6. Иргэд хамтран өргөдөл, мэдээлэл гаргасан бол дотроосоо тав хүртэл тооны иргэнийг сонгон хуралдаанд оролцуулах бөгөөд тэдгээр нь үндсэн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
22.7. Цэц үндсэн оролцогчид эрх, үүргийг нь танилцуулж, тэгш боломжоор хангана.
23 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх
23.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн оролцогч итгэмжлэл олгох замаар хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлж болно.
23.2. Улсын Их Хурал аль нэг гишүүнээрээ төлөөлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн өөрөө Цэцийн хуралдаанд оролцоно.
23.3. Засгийн газрыг түүний эрх олгосноор, Ерөнхий сайдыг түүний зөвшөөрснөөр Засгийн газрын аль нэг гишүүн төлөөлөн хуралдаанд оролцоно.
23.4. Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, эсхүл бусад байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу, эсхүл хуульчаар төлөөлүүлэн хуралдаанд оролцоно.
23.5. Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжилсэн хуульч төлөөлнө.
23.6. Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд нь түүнд олгосон итгэмжлэлийг Цэцэд гаргаж өгнө.
23.7. Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна:
23.7.1. төлөөлүүлэгч өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх, байгууллагын итгэмжлэлд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
23.7.2. олгосон огноо;
23.7.3. ямар маргаанд хэрхэн оролцохыг тодорхой заах;
23.7.4. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
23.8. Маргааны оролцогч, эсхүл түүний төлөөлөгч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
23.9. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд энэ хуульд заасан маргааны оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
23.10. Дараах этгээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:
23.10.1. гэрч, шинжээч, мэргэжилтнээр оролцсон этгээд;
23.10.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор.
23.11. Төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно:
23.11.1. төлөөлөгч итгэмжлэлээс татгалзсан;
23.11.2. төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;
23.11.3. хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
23.11.4. төлөөлүүлэгч байгууллага татан буугдсан.
23.12. Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тухай Цэцэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.
24 дүгээр зүйл. Өмгөөлөгч
24.1. Маргааны оролцогч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч болно.
24.2. Маргаан хянан шийдвэрлэхэд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талтай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.
25 дугаар зүйл. Гэрч
25.1. Маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг мэдэж байгаа этгээдийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн гэрчээр оролцуулж болно.
25.2. Гэрч нь товлосон цагт хүрэлцэн ирж, маргаантай холбогдсон асуудлаар үнэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тэмдэглэл, баримт бичиг, мэдээ сэлтийг ашиглаж болно.
25.3. Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, Дэгд заасны дагуу баримтжуулна.
26 дугаар зүйл. Шинжээч
26.1. Үндсэн оролцогчийн саналаар, эсхүл өөрийн санаачилгаар илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн маргааныг хянан шийдвэрлэхэд тусгай мэргэшил, мэдлэг зайлшгүй шаардсан асуудлаар уг маргаанд ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж болно.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан шийдвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай асуудлыг тодорхойлон заана.
26.3. Шинжээч нь Цэцийн товлосон цагт хүрэлцэн ирэх, тогтоосон хугацаанд үнэн, бүрэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
26.4. Шинжээч санаатай худал дүгнэлт гаргах, дүгнэлт гаргахаас хууль бусаар зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, баримтжуулна.
26.5. Мэргэшил, мэдлэг тохирохгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
26.6. Шинжээч дүгнэлт гаргахад шаардлагатай бол маргааны материалтай танилцах, нэмэлт баримт авах саналаа Цэцийн гишүүнд гаргах эрхтэй.
26.7. Шинжээч өөрийн хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр хүрсэн дүгнэлтээ тодорхойлохын хамт Цэцийн тавьсан асуултад нэг бүрчлэн үндэслэл бүхий тодорхой хариулт өгч дүгнэлтээ бичгээр үйлдэнэ.
26.8. Шинжээч Цэцийн тавьсан асуултад тусгагдаагүй боловч маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгаж болно.
26.9. Хэд хэдэн этгээдийг баг болгон шинжээчээр томилсон бол тэд санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж гарын үсгээ зурах бөгөөд харин аль нэг шинжээч санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусдаа гаргана.
27 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
27.1. Үндсэн оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол түүний саналын дагуу орчуулагч, хэлмэрчийг илтгэгч гишүүн, эсхүл бүрэлдэхүүн томилж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
27.2. Орчуулагч, хэлмэрч товлосон цагт хүрэлцэн ирж, өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар, мэдүүлэг, баримттай танилцах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, Цэцийн шийдвэрийн агуулгыг үнэн, бүрэн орчуулж, хэлмэрчлэх үүрэгтэй.
27.3. Орчуулагч, хэлмэрч нь тодруулах асуулт тавьж болно.
27.4. Маргааны оролцогч нь орчуулагч, хэлмэрчийн үүрэг давхар гүйцэтгэхийг хориглоно.
27.5. Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн, орчуулга хийх, хэлмэрчлэхээс хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулж, баримтжуулна.
28 дугаар зүйл. Цэцийн нарийн бичгийн дарга
28.1. Цэцийн нарийн бичгийн дарга /цаашид “нарийн бичгийн дарга”/ нь маргааны оролцогчид маргаан хянан шийдвэрлэхэд оролцох эрх, үүргийг танилцуулан баталгаажуулах, хуралдаан явуулах нөхцөлийг хангах, маргааны оролцогчид товыг мэдэгдэх, тэдний ирцийг бүртгэж, танилцуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнд гарын үсэг зурж, даргалагчаар баталгаажуулж маргааны материалд хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг гүйцэтгэнэ.
28.2. Энэ хуулийн 28.1-д заасан ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай тооны нарийн бичгийн дарга ажиллана.
29 дүгээр зүйл. Татгалзан гаргах үндэслэл, журам
29.1. Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал бүрэлдэхүүнд орохоос өөрөө татгалзан гарах үүрэгтэй:
29.1.1. тухайн маргааныг захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлэхэд албан үүргийн дагуу, эсхүл мэргэжлийн хувиар оролцсон;
29.1.2. өөрөө, эсхүл өөртэй нь хамаарал бүхий этгээд үндсэн оролцогч.
29.2. Үндсэн оролцогч энэ хуулийн 29.1-д заасан үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзан гаргах санал тавих эрхтэй бөгөөд саналаа бичгээр гаргаж, татгалзан гаргах үндэслэлийг тодорхой заана.
29.3. Цэцийн гишүүн татгалзан гарах, гаргах саналыг тухайн бүрэлдэхүүн уг гишүүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх бөгөөд санал тэнцвэл татгалзан гаргаагүйд тооцно.
29.4. Цэцийн хоёроос дээш тооны гишүүн татгалзан гарах, эсхүл тэдгээрийг татгалзан гаргахыг хориглоно. Цэцийн гишүүн татгалзан гарснаар, эсхүл гаргаснаар Дунд, Их суудлын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болох тохиолдолд татгалзан гарах, эсхүл гаргахыг хориглох бөгөөд энэ хуулийн 29.1-д заасан үндэслэл үүссэн эсэхээс үл хамааран чиг үүргээ хэрэгжүүлнэ.
29.5. Энэ хуулийн 29.1-д зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнийг татгалзаж үл болно.
29.6. Орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, нарийн бичгийн дарга энэ хуулийн 29.1-д заасан, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй бусад үндэслэл бий болсон бол өөрөө татгалзан гарах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг татгалзан гаргах саналыг бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
29.7. Энэ хуулийн 29.1, 29.6-д заасан татгалзан гарах үндэслэл байвал Цэцийн гишүүн, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, нарийн бичгийн дарга зөвлөлдөөн эхлэхээс өмнө даргалагчид бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл хуралдаан эхлэх хүртэл мэдэгдээгүй, хуралдааны явцад илэрсэн бол энэ тухайгаа мэдсэн даруй даргалагчид мэдэгдэж, татгалзан гарах үүрэгтэй.
29.8. Илтгэгч гишүүн татгалзан гарсан эсхүл түүнийг татгалзан гаргасан бол нөхөн томилогдсон гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, шаардлагатай гэж үзвэл зарим ажиллагааг дахин явуулж болно.
29.9. Бүрэлдэхүүнд орсон илтгэгч гишүүнээс бусад гишүүн татгалзан гарсан, эсхүл түүнийг татгалзан гаргасан бол өөр гишүүнийг нөхөн томилно.
Тайлбар:. Энэ зүйлд заасан “хамаарал бүхий этгээд” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т заасан этгээдийг ойлгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
30 дугаар бүлэг. Маргаан хянан шийдвэрлэх үндэслэл
30.1. Цэц гагцхүү энэ хуульд заасны дагуу гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэнэ.
30.2. Тусгай журам тогтоосноос бусад тохиолдолд маргааныг энэ хуульд заасан нийтлэг журмаар хянан шийдвэрлэнэ.
31 дүгээр зүйл. Өргөдөл, мэдээлэл, хүсэлт, маргааныг хуваарилах болон холбогдох бусад журам
31.1. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, даргалагч, илтгэгч гишүүнийг томилох, маргааныг Дунд суудалд хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан программ хангамжийг ашиглана:
31.1.1. Цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Цэцийн нийт гишүүний хуралдааны шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;
31.1.2. цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү татгалзан гаргах, гарах саналыг үндэслэлтэй гэж үзсэн, эсхүл Цэцийн гишүүн, тухайн бүрэлдэхүүнд энэ хуульд заасны дагуу өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.
31.2. Цэцийн дарга өөрийн орсон Их суудлыг даргална. Цэцийн дарга нь Их суудалд ороогүй, эсхүл Их суудалд илтгэгч гишүүнээр орсон бол аль нэг гишүүн даргална.
31.3. Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан журмын дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Бага суудалд хуваарилах, Бага, Дунд суудлын бүрэлдэхүүн, даргалагч, илтгэгч гишүүнийг томилох бөгөөд маргааныг Дунд суудалд хуваарилна. Энэ асуудлаарх журмыг Дэгээр нарийвчлан зохицуулна.
32 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
32.1. Маргааныг хянан шийдвэрлэхэд бусад шүүхээс гарах шийдвэр ач холбогдолтой гэж үзвэл бүрэлдэхүүн тухайн шийдвэр гарах хүртэл хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
32.2. Энэ хуулийн 32.1-д зааснаас бусад үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
32.3. Түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.
32.4. Үндсэн оролцогч, эсхүл бүрэлдэхүүний гишүүн энэ зүйлд заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл сэргээх тухай саналыг бүрэлдэхүүнд гаргаж болно.
33 дугаар зүйл. Маргааныг хэрэгсэхгүй болгох
33.1. Бүрэлдэхүүн дараах нөхцөлд маргааныг хэрэгсэхгүй болгож болно:
33.1.1. өргөдөл гаргагч нас барсан бол;
33.1.2. өргөдөл, хүсэлт гаргагч маргааны шаардлагаасаа татгалзсан;
33.1.3. маргаан бүхий хууль тогтоомж, бусад шийдвэр хүчингүй болсон, эсхүл маргаан бүхий нөхцөл арилсан.
33.2. Маргаан үүсгэсэн асуудал нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хуулийн 33.1-д заасан нөхцөл үүссэн эсэхээс үл хамааран маргааныг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.