Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/, Монгол Улсын Их Хурлын тухай , Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго
3.1.Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
3.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хангуулах;
3.1.2. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах;
3.1.3.Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтвортой байдал, харилцан уялдааг хангуулах;
3.1.4.төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх шатанд хяналт тавих, төсвийн сахилга батыг хангуулах;
3.1.5.Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар энэ хуульд заасан арга хэрэгслээр тусгай шалгалт явуулж иргэний мэдэх эрхийг хангах;
3.1.6.хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох.
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим
4.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1.хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах;
4.1.2.ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх;
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан Улсын Их Хурлын хяналт шалгалтын зарчмыг доор дурдсан утгаар ойлгоно:
4.2.1.“хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах зарчим” гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон олон улсын байгууллагаас хараат бус мэдээллийн эх үүсвэрт тулгуурлаж, нягтлан үзсэний үндсэн дээр хууль ёсны, бодитой, иж бүрэн тооцоо, судалгаа, мэдээлэл, дүгнэлтийг үндэслэхийг;
4.2.2.“ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх зарчим” гэж ард түмний төлөөлөл болохын хувьд Улсын Их Хурал хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ зөвхөн ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн хамгаалахыг;
4.2.3.“ил тод байх зарчим” гэж хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэхийг.
5 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан
5.1.Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /цаашид “мэдээллийн нэгдсэн сан” гэх/-тай байна.
5.2.Мэдээллийн нэгдсэн сан нь Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүрдүүлсэн, бусад байгууллагаас гаргуулан авсан баримт бичиг, мэдээлэл, тайлан, илтгэл болон холбогдох бусад мэдээллээс бүрдэнэ.
5.3.Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтөлнө.
5.4.Мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх энэ хуулийн 5.2-т заасан мэдээллийн төрөл, гаргуулан авах хэлбэр, хугацаа, нэгдсэн сан бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг Улсын Их Хурлын дарга батална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АРГА ХЭРЭГСЭЛ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
6 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын арга хэрэгсэл
6.1.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараах арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
6.1.2.асуулга тавих;
6.1.3.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
6.1.4.мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
6.1.5.төсвийн хяналт;
6.1.6.хяналтын сонсгол хийх;
6.1.7.хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах.
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа
7.1.Байнгын, дэд болон хянан шалгах түр хороо, Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.2.Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл болон төрийн бусад байгууллага холбогдох Байнгын хорооны даалгаснаар хяналт шалгалт явуулж болно. Холбогдох Байнгын хороо тэдгээр байгууллагыг хууль тогтоомжид заасан чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтад оролцуулахдаа тухайн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж үл болно.
7.3.Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтыг Улсын Их Хурлын нэгдсэн удирдамжийн дагуу хэрэгжүүлэхээс бусдаар төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хяналт шалгалттай давхардуулахгүй хэрэгжүүлнэ.
7.4.Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулахдаа аливаа байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцохгүй.
7.5.Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, тооцоо судалгаа, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан нуун дарагдуулахыг хориглоно.
7.6.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай бол тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагыг оролцуулж болох бөгөөд тэдгээрийн ажиллах журам, эрх, үүрэг, хариуцлагыг Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.
7.7.Хяналт шалгалтад энэ хуулийн 7.6-д заасан этгээдийг оролцуулах бол энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөж, шаардлагатай зардлыг Улсын Их Хурлын төсвөөс санхүүжүүлнэ.
8 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын төлөвлөлт
8.1.Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байна.
8.2.Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар /цаашид “цаглавар” гэх/-т тусган хэрэгжүүлнэ.
8.3.Байнгын, дэд хороо дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын талаарх цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /цаашид “Төрийн байгуулалтын байнгын хороо” гэх/-нд хүргүүлнэ.
8.4.Нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж болно.
8.5.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 8.3, 8.4-т заасны дагуу саналаа ирүүлээгүй бол цаглаварт тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
8.6.Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ.
8.7.Цаглаварт хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т зааснаас бусад тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, төсөв, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах болон хяналт шалгалтын бусад асуудлыг тусгана.
8.8.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг дараах тохиолдолд явуулна:
8.8.1.Энэ хуулийн 8.7-т заасан цаглаварт тусгагдаагүй асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүний саналыг энэ хуулийн 9.2-т заасны дагуу Байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн;
8.8.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.2-т заасан хяналт шалгалт явуулах саналыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн.
9 дүгээр зүйл.Байнгын, дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
9.1.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой асуудлаар шалган судлах, эсхүл хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дангаар болон хамтран байгуулна.
9.2.Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 9.1-д заасны дагуу хяналт шалгалт явуулах саналыг өөрийн харьяалагдах Байнгын хороонд эрхлэх асуудлынх нь хүрээнд гаргаж болох бөгөөд түүнийг Байнгын хороо хэлэлцэж дараах шийдвэрийг гаргана:
9.2.1.тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг эрх бүхий холбогдох байгууллагад даалгах;
9.2.2.Байнгын хорооны хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах;
9.2.3.тухайн асуудлаар хяналт шалгалт явуулах шаардлагагүй гэж үзэх.
9.3.Байнгын хороо хяналт шалгалт явуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар мэдээллийг авч, харгалзан үзнэ.
9.4.Байнгын хороо энэ хуулийн 9.1-д заасан ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг тогтоолоор батална.
9.5.Ажлын хэсэг уг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж, ажлын хэсгийн ахлагч Байнгын хороонд танилцуулна.
9.6.Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.5-д заасан санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж холбогдох Байнгын хороонд оруулж болно.
9.7.Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын асуудлаар тогтоол гаргана.
9.8.Байнгын хороо хяналт шалгалтын үр дүнд үндэслэн холбогдох санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 10.1-д заасан асуудлаар тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.
9.9.Дэд хороо тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, шаардлагатай мэдээлэл авах, холбогдох албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авч, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.
9.10.Дэд хороо зөвхөн энэ хуулийн 9.7-д заасан асуудлаар тогтоол гаргаж болно.
9.11.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явц, үр дүн, тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хэлэлцэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл дуусгавар болгох шийдвэрийг гаргана.
9.12.Улсын Их Хурлын гишүүн өмнө болон одоо хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын үйл ажиллагаатай холбогдох Байнгын хорооноос байгуулах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохгүй.
9.13.Хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланг мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан цахимаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.
10 дугаар зүйл.Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ
10.1.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.
10.2.Улсын Их Хурлаас энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад үүрэг, чиглэл өгсөн тогтоолын биелэлтийн тайланг холбогдох байгууллага энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
10.3.Тогтоолын биелэлтийн тайланг Улсын Их Хуралд ирүүлснээс хойш нэг сарын дотор холбогдох Байнгын хороо хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулж болно.
10.4.Байнгын хороо хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн Засгийн газраас баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт /цаашид “Засгийн газрын шийдвэр” гэх /-ыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулна.
10.5.Нэгдсэн хуралдаанаас Засгийн газрын шийдвэрийг хуульд нийцүүлэхийг дэмжсэн бол Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол батлах бөгөөд биелэлтийг энэ хуулийн 10.2-т заасны дагуу сонсож хэлэлцэнэ.
10.6.Улсын Их Хурал тогтоолын биелэлтийг энэ хуулийн 10.5-д заасны дагуу сонсож хэлэлцээд Засгийн газар холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно.
10.7.Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
11 дүгээр зүйл.Асуулт тавих
11.1.Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнд тодорхой бодлогын асуудал, түүний санхүүжилт, төрийн санхүү, төрийн нийтийн өмч, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх асуудал болон Улсын Их Хурал бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээлэл авахаар тухайн байгууллагын даргад бичгээр хандсаныг “асуулт” гэнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.16, 8.1.17-д заасан албан бичгээр авах мэдээлэл нь асуултад хамаарахгүй.
11.2.Асуултыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуултын хариуг хугацаа хожимдуулж ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй бол асуулт тавьсан гишүүн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналаа энэ хуулийн 57.10-т заасан Байнгын хороонд хүргүүлж болно.
11.3.Гишүүн асуултын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгааг авахаар хугацаатай албан бичиг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.
11.4.Гишүүний асуултын хариуг холбогдох Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэнэ.
11.5.Асуулт тавьсан гишүүн тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт Байнгын хорооны даргад уламжилж болно.
11.6.Байнгын хороо гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
12 дугаар зүйл.Асуулга тавих
12.1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар тодруулах, хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад бичгээр хандсаныг “асуулга” гэнэ.
12.2.Асуулгыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуулгын хариуг хугацаа хожимдуулж ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй бол асуулга тавьсан гишүүн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналаа энэ хуулийн 57.10-т заасан Байнгын хороонд хүргүүлж болно.
12.3.Гишүүн асуулгын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгаа авахаар хугацаатай албан бичгийг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.
12.4.Гишүүний асуулгын хариуг холбогдох Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
12.5.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 12.4-т заасны дагуу гишүүний асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргахыг дэмжсэн тохиолдолд асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
12.6.Асуудал хариуцсан Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
12.7.Гишүүний асуулт, асуулга, түүний хариуг мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.
13 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэх
13.1.“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” гэж хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлоход чиглэсэн цогц үйл ажиллагааг ойлгоно.
13.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг:
13.2.1.хууль тогтоомжид бүхэлд нь;
13.2.2.хууль тогтоомжийн зарим зүйл, хэсэг, заалтад;
13.2.3.тодорхой харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн зохицуулалтад хийж болно.
13.3.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг энэ хуулийн 8.2-т заасан цаглаварт тусгасны дагуу хийнэ.
13.4.Гишүүн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэх саналыг холбогдох Байнгын хороо дэмжсэн бол энэ хуулийн 8.3-т заасан саналд тусгуулан шийдвэрлүүлнэ.
13.5.Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
13.6.Холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн, хараат бус байгууллага, тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, төрийн бус байгууллагаар үнэлгээг хийлгэх буюу хамтарч болно.
13.7.Тамгын газар Улсын Их Хурлын, Засгийн газар, төрийн бусад байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг 10 хоногийн дотор мэдээллийн нэгдсэн санд байршуулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
13.8.Холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.
13.9.Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо нь Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.
13.10.Холбогдох Байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна.
13.11.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт Улсын Их Хурлын үнэлгээ хийх журмыг Улсын Их Хурлын дарга батална.
14 дүгээр зүйл.Мэдээлэл сонсох
14.1.Нэгдсэн хуралдаан дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай сонсоно:
14.1.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний жил бүрийн хаалттай мэдээлэл;
14.1.2.Ерөнхий сайдын сар бүрийн мэдээлэл;
14.1.3.шаардлагатай бол цаг үеийн тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн тухай бүр хийх мэдээлэл.
14.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т заасан мэдээллийг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
14.3.Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан бол Засгийн газар уг тогтоолын хэрэгжилтийг тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
15 дугаар зүйл.Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
15.1.Улсын Их Хурал дараах тайлан, илтгэл, мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай хэлэлцэнэ:
15.1.1.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.2.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг тухай бүр;
15.1.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг жил бүр;
15.1.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг жил бүр, төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг шаардлагатай тохиолдолд;
15.1.5.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр;
15.1.6.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд;
15.1.7.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг жил бүр;
15.1.8.Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.9.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.10.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.11.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.12.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг 3 жил тутам, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг жил бүр.
15.1.13.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр;
15.1.14.төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг жил бүр;
15.1.15.Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам;
15.1.16.жендэрийн эрх тэгш байдлыг хангах, талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам;
15.1.17.Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр;
15.2.Улсын Их Хуралд дараах тайлан, мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлнэ:
15.2.1.авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр;
15.2.2.эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа.
15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хуралд хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор мэдээллийн нэгдсэн санд байршуулна.
15.4.Тайланг хэлэлцэхээс өмнө энэ хуулийн 7.6-д заасан этгээдээр дүн шинжилгээ хийлгэсэн бол мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.
15.5.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 15.1-д заасан тайлан, илтгэл, мэдээлэл, тэдгээрт дүн шинжилгээ хийлгэсэн бол хамтад нь хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж болно.
16 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх
16.1.Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.
16.2.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
16.3.Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.
16.4.Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд дүн шинжилгээ хийх журам, аргачлалыг Улсын Их Хурлын дарга батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
17 дугаар зүйл.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
17.1.Улсын Их Хурал жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 17.2-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
17.2.Улсын Их Хуралд ирүүлэх улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгана:
17.2.1.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт нь тухайн жилийнхээ зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр болон нэгдсэн дүнгээр, тухайн жилийг өмнөх жилтэй харьцуулан;
17.2.2.тухайн жилийн биелэлт нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэдэн хувьд хүрсэн, шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар харьцуулан;
17.2.3.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд заасан хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй бол түүний шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний тодорхой санал.
17.3.Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
17.4.Тамгын газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор энэ хуулийн 17.2-т заасан бүрдлийг хянаж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
17.5.Засгийн газар энэ хуулийн 17.2-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 20 хоногийн өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
17.6.Төрийн аудитын байгууллага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
17.7.Тамгын газар энэ хуулийн 17.3-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
17.8.Улсын Их Хурал энэ хуулийн 17.3, 17.6-д заасан тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулахтай холбоотой тодорхой чиглэл болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгч болно.
17.9.Улсын Их Хурал энэ хуулийн 17.8-д заасан тогтоол баталсан бол тухайн тогтоолд заасан хугацаанд Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
17.10.Энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан гүйцэтгэлийн тайланд Тамгын газар дүн шинжилгээ хийх журмыг Улсын Их Хурлын дарга батална.
18 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
18.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хэлэлцэнэ.
18.2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох жилийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 18.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
18.3.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгана:
18.3.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт, арга хэмжээ тус бүрээр;
18.3.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжсэн хугацааны нэгдсэн дүнгээр;
18.3.3.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.2, 6.5-д заасан урт, дунд хугацааны баримт бичгийн зорилго, зорилт хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт тус бүрээр;
18.3.4.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжсэн хугацааны нэгдсэн дүнгээр.
18.4.Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
18.5.Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
18.6.Тамгын газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор энэ хуулийн 18.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
18.7.Засгийн газар энэ хуулийн 18.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээ авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 20 хоногийн өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
18.8.Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгасан байна.
18.9.Тамгын газар энэ хуулийн 18.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, 03 дугаар сарын 15-ны дотор гишүүдэд хүргүүлнэ.
18.10.Улсын Их Хурал энэ хуулийн 18.2, 18.8-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
19 дүгээр зүйл.Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
19.1.Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын тайланг таван жил тутам Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ.
19.2.Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 19.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
19.3.Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгасан байна:
19.3.1.Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь урт хугацааны хөгжлийн бодлогын холбогдох зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг хөтөлбөр тус бүрээр;
19.3.2.Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрийн нэгдсэн дүнгээр.
19.4.Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
19.5.Тамгын газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 19.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
19.6.Засгийн газар энэ хуулийн 19.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээ авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс гурван сарын өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
19.7.Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэх тухайн жилд гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хуралд ирүүлнэ.
19.8.Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгана.
19.9.Тамгын газар энэ хуулийн 19.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
19.10.Улсын Их Хурал энэ хуулийн 19.2, 19.7-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
20 дугаар зүйл.Урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
20.1.Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого /цаашид “урт хугацааны хөгжлийн бодлого” гэх/-ын хэрэгжилтийн явцын тайланг 10 жил тутам Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ.
20.2.Урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
20.3.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланд бодлогын зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрээр тусгана.
20.4.Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
20.5.Тамгын газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 20.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
20.6.Засгийн газар энэ хуулийн 20.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангаж, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс гурван сарын өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
20.7.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хурлаар гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхээс гурван сарын өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.
20.8.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг аудитын тайланд тусгана.
20.9.Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлого нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний тодорхой саналыг дүгнэлтдээ тусгана.
20.10.Тамгын газар энэ хуулийн 20.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
20.11.Байнгын хороод урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ. Хуралдаанд холбогдох Засгийн газрын гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулна.
20.12.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ ТӨСВИЙН ХЯНАЛТ
21 дүгээр зүйл.Төсвийн хяналтын зарчим, төрөл
21.1.Улсын Их Хурлын төсөвт хяналт тавих үйл ажиллагаанд энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын зэрэгцээ дараах зарчмыг баримтална:
21.1.1.тасралтгүй, байнгын байх;
21.1.2.ил тод, нээлттэй байх;
21.1.3.үр нөлөөтэй байх;
21.1.4.зохистой байх;
21.1.5.олон нийтийн оролцоог хангасан байх.
21.2.Улсын Их Хурал төсвийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
21.2.1.төсвийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт;
21.2.2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд тавих хяналт;
21.2.3.төсвийн хэрэгжилтэд тавих хяналт.
21.3.Төсвийн төслийн хяналт нь дараах үе шаттай байна:
21.3.1.нэг дэх хэлэлцүүлгийн үе шатны хяналт;
21.3.2.хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт.
21.4.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын төсвийн хяналт шалгалтын мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
21.5.Энэ хуульд заасан тооцоог хийхэд шаардагдах Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг тухайн хугацаанд, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн задаргааг зардлын эдийн засгийн ангиллаар, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн задаргааны хамт тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх хугацаанаас өмнөх дараалсан гурван жилийн зэрэгцүүлсэн задаргааны хамт Улсын Их Хуралд ирүүлнэ.
21.6.Төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
22 дугаар зүйл.Төсвийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт
22.1.Төсвийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
22.1.1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль , Төсвийн тухай хуульд заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах үзүүлэлт, таамаглалын тооцоог гаргаж, хуульд заасан эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
22.1.2.төсвийн төсөлд тусгуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан төсвийн хязгаарт нийцсэн эсэхэд хяналт тавих;
22.1.3.төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан, гарсан үр дүнг төсвийн төсөлд тусгасан байдлыг хянах.
22.2.Энэ хуулийн 22.1.2, 22.1.3-т заасан асуудлаар Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулга, саналын хамт төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /цаашид “Төсвийн байнгын хороо” гэх/-нд болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
23 дугаар зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үе шатны хяналт
23.1.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавина:
23.1.1.Төсвийн төсөл нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх;
23.1.2.Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх;
23.1.3.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан асуудлаарх Төсвийн тухай хуулийн 8.4.7-д заасан аудитын дүгнэлт, 8.4.8-д заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн даруйд гишүүдэд хүргүүлнэ.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан дүгнэлтийг харгалзан шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал нэг дэх хэлэлцүүлгээс төсвийн төслийг Үндсэн хууль, холбогдох хуульд нийцүүлэх чиглэл өгч зөвхөн нэг удаа Засгийн газарт буцаана.
23.4.Засгийн газар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн төслийг хуульд нийцүүлэн дахин боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлнэ.
23.5.Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно.
24 дүгээр зүйл.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт
24.1.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсөлд тусгуулахаар гаргасан санал нь энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд тавих хяналтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
24.2.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсөлд тусгуулахаар гаргасан санал нь энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэхэд төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд уг дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.
24.3.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж нь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Төсвийн байнгын хороог шаардлагатай тооцоо, мэдээллээр хангаж ажиллана.