Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 4-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго, зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
1.2. Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого” гэж шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг;
3.1.2. “шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөр” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиннаймдугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн 2/-т заасан шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын баримт бичгийг;
3.1.3. “шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа” гэж хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох болон шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ үзүүлэх цогц үйл ажиллагааг
3.1.4. “шинжлэх ухаан, технологийн төсөл” гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлыг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг
3.1.5. “үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл” гэж дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн чиглэлтэй нийцсэн зорилт, арга хэмжээг улс, бүс, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх улсын захиалгат төслийг;
3.1.6. “судалгаа хөгжүүлэлтийн ажил” гэж шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга, аргачлал бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;
3.1.7. “суурь судалгаа” гэж хүн, нийгмийн хөгжил, байгаль, ертөнцийн зүй тогтлын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн онолын болон туршилтын судалгааг;
3.1.8. “хэрэглээний судалгаа” гэж суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох, тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэсэн шинэ мэдлэгийг ашиглах судалгаа, туршилтын ажлыг;
3.1.9. “технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажил” гэж Инновацын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад заасныг;
3.1.10. “судалгааны үндсэн чиглэл” гэж эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэхээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан судалгаа хөгжүүлэлтийн сэдвийг;
3.1.11. “судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт” гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад улсын төсвөөс судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд тогтмол олгох хөрөнгийг;
3.1.12. “инновац” гэж Инновацын тухай хуулийн 3.1.1-д заасныг;
3.1.13. “инновацын үйл ажиллагаа” гэж Инновацын тухай хуулийн 3.1.3-т заасныг
3.1.14. “эрдэм шинжилгээний байгууллага” гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дагнан, эсхүл сургалт, үйлдвэрлэлтэй хамт эрхэлдэг хуулийн этгээдийг;
3.1.15. “шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага” гэж энэ хуулийн 3.1.3, 3.1.12-т заасан үйл ажиллагаа, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг;
3.1.16. “боловсролын байгууллага” гэж Боловсролын ерөнхий хуулийн 17.2-т заасан байгууллагыг;
3.1.17. “эрдэм шинжилгээний ажилтан” гэж шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг;
3.1.18. “судлаач” гэж эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, түүний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой ажил эрхэлж байгаа мэргэшсэн хувь хүнийг.
4 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим
4.1. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1. улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн байх;
4.1.2. улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх;
4.1.3. үндэсний онцлогт нийцүүлж, олон улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, ололттой уялдуулан хөгжүүлэхэд чиглэсэн байх;
4.1.4. дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;
4.1.5. үр ашигтай, бүтээмжтэй байх;
4.1.6. үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахгүй байх;
4.1.7. иргэд, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;
4.1.8. судалгаа хөгжүүлэлтийн ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга, хэлбэрийг чөлөөтэй сонгох, хэрэгжүүлэх;
4.1.9. мэргэжлийн болон судалгааны ёс зүйг баримтлах, бие даасан, хараат бус байдлыг хангах;
4.1.10. нууцын зэрэглэлд хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн, ил тод, шударга, нээлттэй байх;
4.1.11. шинжлэх ухааны болон технологийн үйл ажиллагааны санхүүжилтийг нийгэм, эдийн засагт оруулж байгаа үр өгөөжтэй нь уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ
5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлт
5.1. Шинжлэх ухаан технологи, инновацыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн урт, дунд, богино хугацаагаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.
5.2. Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх урт хугацааны зорилго, зорилтыг Монгол Улсын урт хугацааны хөгжийн бодлогын баримт бичигт тусган, хэрэгжүүлнэ.
5.3. Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх урт хугацааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дунд хугацааны хөгжлийн бодлогыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөрт; таван жилийн зорилго, зорилт, арга хэмжээг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд; жил бүрийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тус тус тусган, хэрэгжүүлнэ.
5.4. Шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:
5.4.1. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлох;
5.4.2. шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх;
5.4.3. салбар дундын болон салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
5.4.4. судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ мэдлэг, технологийг дамжуулах, зах зээлд арилжаалах, технологид суурилсан гарааны бизнесийг дэмжих;
5.4.5. суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ нээлтийг дэмжих;
5.4.6. шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэгийг бий болгох, хамгаалах, түгээх, хэрэглэх;
5.4.7. шинжлэх ухаан, технологийн боловсролыг дэмжих замаар авьяасыг нээн хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
5.4.8. шинжлэх ухаан, технологийн мэдлэг, мэдээллийн нөөцийг бүрдүүлэх, удирдах, түгээх, ашиглах нэгдсэн тогтолцоог бий болгох;
5.4.9. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, шинэ технологи, бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.4.10. шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
5.4.11. шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;
5.4.12. үндэсний болон хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;
5.4.13. шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг бий болгох, дэмжлэгийг бэхжүүлэх;
5.4.14. орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, сурталчлах;
5.4.15. шинжлэх ухаан, технологийг дэмжихтэй холбогдсон бусад асуудал.
6 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох
6.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг таван жил тутам тодорхойлж, хэрэгжүүлнэ.
6.2. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
6.2.1. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тодорхойлсон эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх;
6.2.2. үндэсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн байх;
6.2.3. хүний аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын нөхцөлийг сайжруулах, хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байх;
6.2.4. аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байх;
6.2.5. тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад нийцсэн чиглэсэн байх.
6.3. Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжүүлэх цөм технологийг тодорхойлоход дараах шалгуур үзүүлэлтийг баримтална:
6.3.1. энэ хуулийн 6.2-т заасан шалгуур үзүүлэлтэд нийцсэн байх;
6.3.2. Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий өндөр технологи байх;
6.3.3. шинжлэх ухааны суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлсэн шинэ технологи байх;
6.3.4. инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлэх суурь болохуйц байх;
6.3.5. дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээний үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн технологи, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн байх;
6.3.6. үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх салбарт ашиглах боломжтой байх;
6.3.7. санхүүгийн болон хүний нөөцийг үр ашигтай, оновчтой зохион байгуулахад чиглэсэн байх.
6.4. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологид нийцсэн төсөл, хөтөлбөрийг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд, шаардлагатай санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусган батлуулж, хэрэгжилтийг хангуулна.
6.5. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, энэ хуулийн 6.1-д заасан тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын оролцоог хангах боломжийг бүрдүүлж, олон нийтийн саналыг тусгана.
7 дугаар зүйл. Орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт
7.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх таван жилийн зорилго, зорилт, арга хэмжээг Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд, жилийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлнэ.
7.2. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, энэ хуулийн 10.1.3-т заасан шинжлэх ухаан, технологийн жилийн нарийвчилсан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.
7.3. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дараах асуудлыг тусгана:
7.3.1. шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг дэмжих, эрчимжүүлэх;
7.3.2. шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
7.3.3. бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;
7.3.4. орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллага, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх;
7.3.5. бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг хөгжүүлэх, дэмжих;
7.3.6. шинжлэх ухаан, технологийн мэдээлэл түгээх системийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
7.3.7. бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд шаардлагатай бусад асуудал
7.4. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан шинжлэх ухаан, технологийн зорилт, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд шаардагдах зардлыг төсвийн хязгаарт багтаан Засгийн газар бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
8 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үндэсний тогтолцоо
8.1. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үндэсний тогтолцоо нь:
8.1.1. Улсын Их Хурал;
8.1.2. Засгийн газар;
8.1.3. Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо;
8.1.4. шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
8.1.5. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан;
8.1.6. Монгол Улсын Шинжлэх ухааны Академи;
8.1.7. яамны шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл;
8.1.8. эрдэм шинжилгээний байгууллагын өөрийн удирдлагын байгууллагаас бүрдэнэ.
9 дүгээр зүйл. Улсын Их Хурал
9.1. Улсын Их Хурал шинжлэх ухаан, технологийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. шинжлэх ухаан, технологи, инновацын талаарх хууль тогтоомжийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.2. шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэл, төсөл, хөтөлбөрт шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусган батлах.
10 дугаар зүйл. Засгийн газар
10.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
10.1.2. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлон батлах;
10.1.3. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх жилийн нарийвчилсан төлөвлөгөөг батлах;
10.1.4. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тооцож, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.5. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
10.1.6. шинжлэх ухаан, технологийн салбарт мөрдөх дараах журам, дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн батлах:
10.1.6.а. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиглэлийг санхүүжүүлэх журам;
10.1.6.б. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам;
10.1.6.в. шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм;
10.1.6.г. эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам;
10.1.6.д. төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, ашиглуулах журам;
10.1.6.е. шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох, шагналын хэмжээг тогтоох журам;
10.1.6.ж. их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгох журам.
10.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо
11.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, салбар дундын болон салбар дамнасан шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төсвийг үр ашигтай зарцуулах асуудлаар санал, зөвлөмж, тогтоол гаргах чиг үүрэг бүхий Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/-г Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулна.
11.2. Үндэсний хороо дараах асуудлыг хэлэлцэн санал, зөвлөмж тогтоол гаргана:
11.2.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагыг тодорхойлох;
11.2.2. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, жилийн нарийвчилсан төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг үнэлэх;
11.2.3. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэх;
11.2.4. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг үнэлэх;
11.2.5. төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэнг үнэлэх, дэмжих, хөгжүүлэх;
11.2.6. төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа төслийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг үнэлэх;
11.2.7. яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
11.2.8. хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний хорооны даргаас оруулсан бусад асуудал.
11.3. Үндэсний хороо нь 20 хүртэл гишүүнтэй байх бөгөөд Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байна.
11.4. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажиллах журмыг Засгийн газар батална.
11.5. Үндэсний хороо нь Засгийн газар, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөл, Шинжлэх ухааны Академи, их сургууль, төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
11.6. Үндэсний хороо нь орон тооны ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Үндэсний хорооны дүрэмд тусган зохицуулна.
11.7. Үндэсний хороо нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байна.
12 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэх
12.1. Үндэсний хороо нь тогтоол, зөвлөмжийг Засгийн газар, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн холбоо, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
12.2. Засгийн газар шаардлагатай тохиолдолд тогтоол, зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргана.
12.3. Асуудал эрхэлсэн Засгийн гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 12.1-д заасан тогтоол, зөвлөмжийг холбогдох хөгжлийн бодлогын баримт бичгийн болон төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, эсхүл өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн, хэрэгжилтийг хангаж ажиллана.
13 дугаар зүйл. Яамдын шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл
13.1. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд салбарын оролцоог хангах, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий яамдын шинжлэх ухаан, технологи, инновацын орон тооны бус салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/-ийг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулан ажиллуулна.
13.2. Салбар зөвлөл нь шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаатай холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.2.1. урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, жилийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан салбарын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг үнэлэх;
13.2.2. салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх;
13.2.3. салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн санал боловсруулах;
13.2.4. салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, үндэсний болон салбарын судалгаа хөгжүүлэлтийн төслийн санал боловсруулах, үр дүн, тайланг үнэлэх;
13.2.5. эрхэлсэн салбарын хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх;
13.2.6. судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
13.2.7. салбарын эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;
13.2.8. эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, энэ хуулийн 3.1.15-д заасан байгууллагатай хамтран ажиллах.
13.3. Салбар зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг Ерөнхий сайдын захирамжаар батална.
13.4. Салбар зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг батална.
14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл
14.1. Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл /цаашид “Дэд зөвлөл” гэх/-ийг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулан ажиллуулна.
14.2. Дэд зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1. энэ хуулийн 7.1-д заасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах;
14.2.2. бүс, орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжих чиглэлээр төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, зохицуулалтыг уялдуулах;
14.2.3. бүс, орон нутаг хоорондын шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
14.2.4. бүс, орон нутгийн хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, дэмжлэг үзүүлэх;
14.2.5. бүс, орон нутгийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
14.2.6. эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, энэ хуулийн 3.1.15-д заасан байгууллагатай хамтран ажиллах;
14.2.7. хэлэлцэх асуудлын жагсаалтад дэд зөвлөлийн даргаас оруулсан бусад асуудал.
14.3. Дэд зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрмийг Ерөнхий сайдын захирамжаар батална.
14.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, дэд зөвлөлийг ахална.
15 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
15.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1. шинжлэх ухаан, технологийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
15.1.2. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх;
15.1.3. бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх асуудлаар энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн төсөлд саналаа хүргүүлэх;
15.1.4. энэ хуулийн 5.3-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
15.1.5. Үндэсний шинжлэх ухаан, технологийн санг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, жилийн тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх;
15.1.6. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл болон бусад судалгаа хөгжүүлэлтийн суурь, хэрэглээний, туршилт зүгшрүүлэлтийн төслийн чиглэл, санхүүжилтийг батлах;
15.1.7. бусад төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагыг шинжлэх ухаан, технологийн талаарх чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
15.1.8. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалттай танилцах, үр дүнд нь хянан магадалгаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох, хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх;
15.1.9. эрдэм шинжилгээний байгууллага болон судалгаа хөгжүүлэлтийн төслийг үнэлэх;
15.1.10. энэ хуулийн 16.2.3, 16.2.4-т заасан үнэлгээнд үндэслэн технологийн түвшинг сайжруулах санал боловсруулах;
15.1.11. шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлэх, оюуны өмчийн талаарх мэдээлэл, судалгааг хөгжүүлэх, нэгдсэн бүртгэл хөтлөх, зохицуулах;
15.1.12. шинжлэх ухаан, технологийн статистикийн мэдээлэл, шалгуур үзүүлэлтийг хөгжүүлэх, ашиглахтай холбоотой дараах үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.12.а. шинжлэх ухаан, технологийн статистик мэдээлэл, шалгуур үзүүлэлтийг боловсруулах, хөгжүүлэх;
15.1.12.б. шинжлэх ухаан, технологийн статистик мэдээлэл, шалгуур үзүүлэлтийг дотоод, гадаадын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнтэй харьцуулан судалж, дүн шинжилгээ хийх, шинжлэх ухаан, технологийн бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэхэд ашиглах;
15.1.12.в. төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаа, үйлчилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүү, хөрөнгө оруулалтын талаарх статистик мэдээллийг гаргуулан авах, нэгтгэн боловсруулах.
15.1.13. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох;
15.1.14. шинжлэх ухаан, технологийн салбарт гадаадын улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн нэгдсэн бүртгэл хөтлөх, зохицуулах;
15.1.15. судалгаа хөгжүүлэлтийн төслийн тайланг архивлан хадгалах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, төслийн үр дүн, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх;
15.1.16. шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.17. үндэсний инновацын экосистемийг хөгжүүлэх;
15.1.18. эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах;
15.1.19. эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж урамшуулах;
15.1.20. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
15.1.21. шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах, олгох журмыг батлах;
15.1.22. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх талаар гадаадын улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
15.1.23. төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
15.1.24. салбар дундын ашиглалттай нээлттэй лабораторийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг батлах;
15.1.25. төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчид хамаарах бүтээгдэхүүнийг хууль, гэрээнд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулсны төлбөр авах журмыг батлах;
15.1.26. шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээллийн нэгдсэн сан ажиллуулах журмыг батлах;
15.1.27. шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журмыг батлах;
15.1.28. шинжлэх ухаан, технологийн төсөлд шинжээчийг сонгон ажиллуулах, үнэлгээ өгөх журмыг батлах;
15.1.29. залуу судлаач, эрдэмтэнд грант олгох журмыг батлах;
15.1.30. төрөөс үзүүлэх шинжлэх ухаан, технологийн үйлчилгээг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
15.1.31. хуулиар эрх олгосон бусад асуудал.
15.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 15.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ тухайн асуудлаар гаргасан Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг харгалзан үзнэ.
16 дугаар зүйл. Шинжлэх ухааны Академи
16.1. Шинжлэх ухааны Академи нь шинжлэх ухааны төрийн байгууллага бөгөөд түүний үйл ажиллагаатай холбогдох харилцааг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
16.2. Шинжлэх ухааны Академи шинжлэх ухаан, технологи, инновацын талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
16.2.1. шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, цөм технологи болон чиг хандлагын урьдчилсан таамаглалыг хийж, үр дүнг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгуулах санал боловсруулах;
16.2.2. энэ хуулийн 16.2.1-д заасан таамаглалд үндэслэн үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар санал боловсруулан, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
16.2.3. шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинээр бий болсон үр дүнгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлж, үр дүнг бодлогын баримт бичигт тусгуулах санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
16.2.4. үндэсний шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий цөм технологийг үнэлэх;
16.2.5. шинжлэх ухаан, технологийн урьдчилсан таамаглалд шаардлагатай баримт материалыг холбогдох төрийн байгууллага, судалгааны байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч болон түүнд хамаарал бүхий судалгааны байгууллагаас гаргуулан авах.
17 дугаар зүйл. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан
17.1. Засгийн газар судалгаа хөгжүүлэлт болон инновацын төслийг санхүүжүүлэх, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үр дүнг тооцох зорилгоор Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан /цаашид “Сан” гэх/-г байгуулан ажиллуулна.
17.2. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.3-т заасан арга хэмжээг санхүүжүүлнэ.
17.3. Сан нь санхүүжилт олгохтой холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.3.1. эрдэм шинжилгээний байгууллагад судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх арга хэмжээ авах;
17.3.2. судалгаа хөгжүүлэлтийн төслийг сонгон шалгаруулах, зээл, тэтгэлэг олгох, хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагаа нь нийтэд нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх.
17.3. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасны дагуу ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газар тогтооно.
17.4. Сангаас дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, тэтгэлэг, зээл олгох, хэрэгжилтэд хяналт тавих, эргэн төлүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.5-д заасан журамд тусган зохицуулна.
17.5. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажлын албаны даргыг томилж, чөлөөлнө.
18 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага
18.1. Эрдэм шинжилгээний байгууллагыг төрийн, хувийн, хамтарсан өмчийн хэлбэрээр байгуулж болно.
18.2. Эрдэм шинжилгээний байгууллагад дараах байгууллага хамаарна:
18.2.1. энэ хуулийн 3.1.3-т заасан шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хүрээлэн, төв, лаборатори;
18.2.2. Дээд боловсролын тухай хуулийн 22.4-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага;
18.2.3. шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл;
18.2.4. төрийн болон орон нутгийн музей.
18.3. Энэ хуулийн 18.2.1-д заасан байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр мэргэжлийн зэрэг ахиулах түр сургалт, ахисан түвшний сургалт явуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах эрхтэй.
18.4. Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулан судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээ тогтоох, хэрэгжүүлж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөлийг байгуулан ажиллуулна.
18.5. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эрдэм шинжилгээний байгууллага нь зохион байгуулалтын бүтцээ шууд удирдах дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтооно.
18.6. Энэ хуулийн 18.2.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын байгууллагыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
18.7. Энэ хуулийн 18.2.2-т заасан байгууллага бүтэцдээ эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт судалгааны бааз байгуулан ажиллуулах эрхтэй.
18.8. Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллага нь шинжлэх ухаан, технологийн болон аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрхтэй.
18.9. Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр, эсхүл Иргэний хуулийн 25.4-т заасны дагуу хуулийн этгээдийн нэгдлийн хэлбэрээр эрхлэн гүйцэтгэж болох бөгөөд удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүргийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.
18.10. Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
18.11. Энэ хуулийн 18.2.3-т заасан байгууллагын үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд удирдлагыг нь Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
18.12. Энэ хуулийн 18.2.4-т заасан байгууллага нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тэдгээрийг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
18.13. Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн нэр, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, харилцах данстай байх ба бэлгэ тэмдэг хэрэглэж болно.
18.14. Эрдэм шинжилгээний байгууллага зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон туршилт явуулах бусад нөхцөлөөр хангагдсан байх бөгөөд ийнхүү хангах үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.
19 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
19.1. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дараах этгээд эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй:
19.1.1. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагыг Засгийн газар;
19.1.2. төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллагыг холбогдох хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагч.
19.2. Эрдэм шинжилгээний байгууллагыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.
19.3. Энэ хуулийн 19.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.
19.4. Эрдэм шинжилгээний байгууллагыг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ асуудлыг үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ.
19.5. Эрдэм шинжилгээний байгууллагыг Иргэний хуулийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгана.
19.6. Энэ хуулийн 18.2.1-д заасан байгууллагад төрийн өмчийн төлөөлөл ажиллуулах, төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.
20 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг
20.1. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дараах эрх эдэлнэ:
20.1.1. шинжлэх ухаан, технологи болон үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцох;
20.1.2. хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах;
20.1.3. хууль тогтоомжоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдээлэх;
20.1.4. шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, чуулганд оролцох, судалгааныхаа ажлын үр дүнг мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох;
20.1.5. олон улсын болон дотоод, гадаадын шинжлэх ухааны байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох;
20.1.6. эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл боломжоор хангагдах
20.1.7. эрдэм шинжилгээний ажил болон бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, шагнал, урамшуулал хүртэх, хуульд заасан хөнгөлөлт эдлэх;
20.1.8. судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг харилцан солилцох, хэвлэн нийтлэх;
20.1.9. эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх.
20.2. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дараах үүрэг хүлээнэ:
20.2.1. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллах;
20.2.2. шинжлэх ухаан, технологийн төсөл, туршилт, грантыг бодитой хэрэгжүүлэх;
20.2.3. улсын санхүүжилтээр хийгдсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан захиалагч, санхүүжүүлэгч талд хүргүүлж хадгалуулах;
20.2.4. эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, түүнчлэн санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиалагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөх;
20.2.5. судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар захиалагч, санхүүжүүлэгч, холбогдох бусад байгууллагад мэдэгдэх;
20.2.6. шинжлэх ухаан, технологийн салбарт гадаадын улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн тухай мэдээллийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх;
20.2.7. судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг нь үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
21 дүгээр зүйл. Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг боловсруулах, батлах, дэмжлэг үзүүлэх
21.1. Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг салбар зөвлөлтэй хамтран боловсруулж, саналаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн саналыг хянан үзэж, Үндэсний хороогоор хэлэлцүүлсний дараа Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.3. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулан хянаж, дараа жилийн Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусган, шийдвэрлүүлнэ.
21.4. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусган батална.
21.5. Үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн төсөлд төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ:
21.5.1. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;
21.5.2. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох, түгээх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх.
22 дугаар зүйл. Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийг дэмжих
22.1. Засгийн газар аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, судалгаа хөгжүүлэлтийн ажил, технологи дамжуулалт, ашиглалтыг дэмжих зорилгоор хүний нөөцийн хөгжүүлэлт, хамтарсан санхүүжилт зэрэг бодлогын дэмжлэгийг хэрэгжүүлнэ.
22.2. Аж ахуйн нэгж, байгууллага тухайн жилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулсан хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана.
23 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагын засаглал, суурь шинжлэх ухааныг дэмжих
23.1. Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын засаглал, менежмент, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг идэвхжүүлэх зорилгоор судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтийн дэмжлэг олгоно.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар батална.
23.3. Засгийн газар энэ хуулийн 23.1-д заасан дэмжлэгт шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгана.
24 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих
24.1. Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаадын улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний байгууллага байгуулах эрхтэй.
24.2. Засгийн газар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор гадаадын улс, олон улсын байгууллага, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:
24.2.1. олон улсын хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих;
24.2.2. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг солилцох, шинжлэх ухаан, технологийн шилдэг мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулах;
24.2.3. гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
24.2.4. судалгаа, хөгжүүлэлтийн дэд бүтэц болон шинжлэх ухаан, технологитой холбоотой мэдлэг, мэдээллийг хамтран ашиглахыг дэмжих;
24.2.5. эрдэмтэн, судлаачдыг гадаадын улс орны шинжлэх ухааны байгууллагад ажиллуулах, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
24.2.6. олон улсын байгууллагаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн олон талт хамтын ажиллагаа явуулах.
24.3. Монгол Улсын харьяат эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллага нь гадаадын улс болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг, холбоо, сүлжээнд гишүүнээр элсэх эрхтэй.
25 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх
25.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, шинжлэх ухааны үр дүнг сурталчлах, нийгмийн хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод тусган хэрэгжүүлнэ.
25.2. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн соёлыг дараах хэлбэрээр түгээн дэлгэрүүлж, сурталчилна:
25.2.1. шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв, шинжлэх ухааны музей байгуулах;
25.2.2. шинжлэх ухаан, технологийн соёлыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх;
25.2.3. бүс, орон нутгийн иргэд, хүүхэд залууст зориулсан шинжлэх ухаан, технологийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулах;
25.2.4. шинжлэх ухаан, технологийн соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагыг дэмжих.
25.2.5. шинжлэх ухаан, технологийн салбарт онцгой амжилт гаргасан эрдэмтэн, судлаач, инженерийг алдаршуулах замаар иргэд, олон нийтэд шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэх, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
ТАВДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ, АЖИЛТАН ТҮҮНИЙ НИЙГМИЙН ДААТГАЛ
26 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх
26.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээлч, олон талт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
26.1.1. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийн урт, дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн хэтийн төлөвийг тодорхойлох;
26.1.2. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр нэгдсэн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх;
26.1.3. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;
26.1.4. шинжлэх ухаан, технологийн боловсролыг хөгжүүлэх, чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
26.1.5. шинжлэх ухаан, технологийн салбарын өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн шинжлэх ухаан, дээд боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх.
26.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухаан, технологийн салбарын хүний ​​нөөцийн нээлттэй мэдээллийн санг бий болгож, нөөцийг ашиглах, солилцох боломжийг бүрдүүлнэ.
27 дугаар зүйл. Шинжлэх ухааны авьяастныг дэмжих, хөгжүүлэх
27.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухааны авьяастай хүүхдийг эрт илрүүлэх, авьяасыг системтэйгээр хөгжүүлэх, төлөвшүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлнэ.
27.2. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн салбарын авьяаслаг судлаачдыг нээн илрүүлэх, мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөрт хамруулах, олон улсын судалгаанд оролцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
27.3. Засгийн газар гадаадын улс оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа авьяаслаг эрдэмтэн, судлаачыг эх орондоо ирж ажиллах нөхцөлөөр хангах замаар тэдний оюуны чадамж, нөөцийг салбарын хөгжилд зориулах, шинжлэх ухааны залуу үеийг бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
27.4. Гадаадын улс, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн нэгээс доошгүй хувийг шинжлэх ухааны авьяастныг дэмжин, хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
28 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгаа
28.1. Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажил, олон улсын судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөрт үндсэн гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй.
28.2. Эрдэм шинжилгээний ажилтанд дараах зэрэг дэв олгоно:
28.2.1. эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан;
28.2.2. эрдэм шинжилгээний ахлах ажилтан;
28.2.3. эрдэм шинжилгээний дэд ажилтан;
28.2.4. эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан.
28.3. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.4. Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварын түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг тогтоох зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд холбогдох журмыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Хүндэтгэн үзэх шалтгаанаар аттестатчилалд хугацаандаа хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилалд нөхөн хамруулна.
28.5. Эрдэм шинжилгээний ажилтан үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, мөн хуулийн 7.3-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө.
28.6. Эрдэм шинжилгээний ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
28.6.1. мэдлэг чадвар, ажлынхаа үр дүнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, зэрэг дэв, цол, ур чадварын нэмэгдэл, нөхөн олговор, тусламж, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;
28.6.2. орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах;
28.6.3. шинжлэх ухаан, технологийн салбарт 20 ба түүнээс дээш жил ажилласан, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгох;
28.6.4. иргэн, хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэсэн бол захиалагчаас нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;
28.6.5. хуульд заасан бусад баталгаа.
28.7. Улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалингийн сүлжээ, тэдгээрт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
29 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц
29.1. Засгийн газар шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, тасралтгүй нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
29.2. Засгийн газар энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад хяналт тавина.
29.3. Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 7.1-д заасан бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүжүүлэн хөрөнгө оруулалтын нөөцийг үр ашигтай зарцуулахад хяналт тавина.
29.4. Засгийн газар судалгаа хөгжүүлэлтийн ажлыг тогтвортой, үр ашигтай гүйцэтгэхэд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг байгуулах, өргөтгөх, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
29.5. Засгийн газар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хамтад нь харилцан уялдаатай, үр ашигтай явуулах, инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны парк, шинжлэх ухаан, технологийн цогцолборыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
29.6. Засгийн газар энэ хуулийн 29.5-д заасан парк, цогцолборын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь санхүүжүүлнэ.
30 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр
30.1. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
30.1.2. орон нутгийн төсөв;
30.1.3. гадаадын улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;
30.1.4. гадаадын улсын болон Монгол Улсын иргэн, байгууллага, хуулийн этгээдээс олгосон хөрөнгө, хандив, тусламж;
30.1.5. шинжлэх ухааны байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас олсон нэмэлт орлого;
30.1.6. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
31 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх
31.1. Засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт, нутгийн захиргааны байгууллага орон нутгийн төсөвтөө тус тус тусган санхүүжүүлнэ.
31.2. Судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дараах байдлаар санхүүжүүлнэ:
31.2.1. улсын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр;
31.1.2. үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг улсын төсвийн хөрөнгөөр;
31.1.3. нутгийн захиргааны байгууллагын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;
31.1.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг захиалагчийн хөрөнгөөр.
31.2. Энэ хуулийн 31.2.1, 31.2.2-т заасны дагуу санхүүжилт хийхдээ шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, бодлогын бусад баримт бичигт хамаарах үндэсний судалгаа хөгжүүлэлтийн болон суурь судалгааны төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.
31.3. Энэ хуулийн 31.2.3, 31.2.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажил нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортыг дэмжих болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээр хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
32 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам
32.1. Энэ хуулийн 30.1.1, 30.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан магадалгаа хийж шалгаруулна.
32.2. Энэ хуулийн 32.1-д зааснаар шалгарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөнгийн хэмжээг Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
32.3. Энэ хуулийн 32.1-д заасан ажлын захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.
32.4. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх бол тэдгээрт грант олгох, эсхүл уг байгууллагад судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт олгох замаар асуудлыг зохицуулж болно.
32.5. Энэ хуулийн 31.2.4-т заасны дагуу 30.1.3-30.1.5-д заасан эх үүсвэрээс гүйцэтгэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.
32.6. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусгах, санхүүжүүлэх асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
33 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг
33.1. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын захиалагч дараах эрх эдэлнэ:
33.1.1. гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх;
33.1.2. ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;
33.1.3. төслийн санхүүжилтэд аудит хийлгэж дүгнэлт гаргуулах;
33.1.4. төслийн гүйцэтгэл гэрээнд заасан шаардлага хангаагүй бол олгосон хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах;
33.1.5. захиалсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах асуудлыг гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэх;
33.1.6. төслийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
33.1.7. хэрэгжиж дууссан төслийн үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг хүлээж авах, эсэх асуудлыг яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх;
33.1.8. захиалсан төслийнхөө шалгаруулалтад санал өгөх эрхтэйгээр оролцох;
33.1.9. хууль, гэрээнд заасан бусад эрх.Судалгаа хөгжүүлэлтийн ажлын захиалагч дараах үүрэгтэй:
33.2. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын захиалагч дараах үүрэгтэй:
33.2.1. захиалсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжүүлэгчтэй гэрээ байгуулах, ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;
33.2.2. санхүүжүүлэгчээс олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
33.2.3. гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хянан, баталгаажуулах арга хэмжээг уг ажлын үр дүнг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх;
33.2.4. захиалсан ажлынхаа санхүүжилтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;
33.2.5. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сантай хамтарсан төсөл хэрэгжүүлэх бол уг төсөлд оруулах өөрийн хөрөнгийг Санд байршуулж зарцуулах.
33.2.6. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан байдлан талаар Үндэсний хороонд хоёр жил тутамд тайлагнах.
34 дүгээр зүйл. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
34.1. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэгч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
34.1.1. гүйцэтгэж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын зардал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр бол энэ тухай саналаа захиалагчид тавьж шийдвэрлүүлэх;
34.1.2. судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг захиалагчаас шаардах;
34.1.3. захиалагч үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах санал тавьж шийдвэрлүүлэх;
34.1.4. гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх, хөрөнгө зардлыг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулах, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түшингээс нь бууруулахгүйгээр боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх;
34.1.5. судалгаа хөгжүүлэлтийн ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон бол энэ тухайгаа захиалагчид даруй мэдэгдэх;
34.1.6. захиалгат ажлыг гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн, эсхүл үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй бол доголдлыг арилгах, чанарын зохих түвшинд хүргэх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, эсхүл олгосон хөрөнгийг нөхөн төлөх;
34.1.7. гадаад, дотоодын байгууллага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх.
35 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал
35.1. Шинжлэх ухаан, технологийн салбарт доор дурдсан шагнал олгоно:
35.1.1. судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтол, хуулийг тодорхойлж, шилдэг бүтээл туурвисан эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал”;
35.1.2. өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан байгууллага, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид “технологийн дэвшлийн шагнал”;
35.1.3. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад “шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”.
36 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргаан хянан шийдвэрлэх
36.1. Шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
36.2. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаарх өргөдөл, гомдлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.
36.3. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийн талаар захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд гарсан маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
37 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
37.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37.2. Ёс зүйн зөрчил үйлдсэн албан тушаалтанд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх