5.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуй эрхлэгчдийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн санаачлагыг дэмжих, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
5.2. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /цаашид “Үндэсний танхим” гэх/ нь энэ хуулийн 5.1-д заасан зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
5.3. Үндэсний танхимын гишүүн эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нэгдэж дагнасан худалдаа, аж үйлдвэрийн танхим (цаашид “дагнасан танхим” гэх) байгуулж болох бөгөөд үндэсний танхимын харьяанд байна.
5.4. Монгол Улсад Үндэсний танхим нэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт дагнасан танхим нэг байна.
5.5. Үндэсний танхим нь Монгол Улсын нэг ба хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамарсан салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
5.6. Салбар, төлөөлөгчийн газар нь Үндэсний танхимын чиг үүргийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд Үндэсний танхимаас эрх олгосноор бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлнэ.
5.7. Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, энэ хуулийн 5.9-д зааснаас бусад ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй байна.
5.8. Энэ хуулийн 5.7-д заасан ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дотор үндэсний танхимд бүртгүүлж, гишүүнээр элсэнэ.
5.9. Дараах ашгийн төлөө хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр Үндэсний танхимд гишүүнээр элсэж болно:
5.9.1. Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан бол;
5.9.2. төрийн өмчит хуулийн этгээд;
5.9.3. гадаад улсын хуулийн этгээд бол.
5.10. Танхимын дүрмээр тогтоосон шаадлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн дагнасан танхимд гишүүнээр элсэж болно.
5.11. Энэ хуулийн 5.7-5.10-т заасны дагуу Үндэсний танхимд гишүүнээр элссэн аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд (цаашид “аж ахуй эрхлэгч” гэх) нь дүрэмд заасан эрх, үүргийг эдэлнэ.
5.12. Үндэсний танхимын гишүүн гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн нь Үндэсний танхим болон дагнасан танхимд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
5.13. Үндэсний танхимын гишүүн нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны салбараас хамааран нэг, эсхүл хэд хэдэн дагнасан танхимд харьяалагдах буюу дагнасан танхим үүсгэн байгуулах эрхтэй байна.
5.14. Үндэсний танхим аж ахуй эрхлэгчийн нэгдсэн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
5.15. Энэ хуулийн 5.14-т заасан нэгдсэн бүртгэлд аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн салбарын ангилал, хуулийн этгээд бол улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, харьяалагдах дагнасан танхим зэрэг мэдээллийг тусгана.
5.16. Үндэсний танхимын Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, танхимын гишүүн болсон хуулийн этгээдийн гишүүнчлэлийн хураамжийг гурваас доошгүй жилээр чөлөөлөх зарчим баримтална.
5.17. Үндэсний танхим болон дагнасан танхимын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, гишүүнчлэлийн ангилал, гишүүдийн эрх, үүрэг, сайн дурын гишүүнээр элсүүлэхэд тавигдах шаардлагатай холбоотой хуульд зааснаас бусад харилцааг Үндэсний танхимын дүрмээр зохицуулна.