8.1. Энэ хуулийн 8.2-т зааснаас бусад газарт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлнэ.
8.2. Авто замын зорчих хэсэгт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол цагдаагийн байгууллагад 72 цагаас доошгүй хугацааны өмнө мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлж, бүртгэсэн эсэх талаар хариу авсны дараа зохион байгуулна.
8.3. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан мэдэгдэлд дараах мэдээллийг тодорхой тусгана:
8.3.1. зорилго;
8.3.2. эхлэх, дуусах хугацаа;
8.3.3. оролцогчдын тоо;
8.3.4. хэрэглэх эд зүйл;
8.3.5. цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил;
8.3.6. зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар.
8.4. Хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага жагсаал, цуглааны үеэр эд зүйл ашиглахдаа нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал, бусдын эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүрэгтэй.
8.5. Цагдаагийн байгууллага энэ хуулийн 8.2-т заасан мэдэгдлийг хүлээн авч ажлын нэг өдрийн дотор бүртгэсэн эсэх талаар бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
8.6. Энэ хуулийн 8.2-т заасан мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэлийг тодорхой тусгасан шийдвэрийг зохион байгуулагчид мэдэгдэнэ.
8.7. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан мэдэгдлийг хүлээн авсан цагдаагийн байгууллага тухайн жагсаал, цуглаан зохион байгуулагч, түүнд оролцогчдын олон нийтийн газар үзэл бодол илэрхийлэх эрхийг хангах, тухайн нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөнийг зохицуулах, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хангахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй.
8.8. Цагдаагийн байгууллага жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авч зохион байгуулагчаас шаардлагатай мэдээллийг тодруулж болох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулах газар, хугацаа зэрэгт өөрчлөлт оруулж болно.
8.9. Жагсаал, цуглаан зохион байгуулагч нь мэдэгдэл хүргүүлснээс хойш зохион байгуулах хүртэлх хугацаанд хэдийд ч жагсаал, цуглаан зохион байгуулахыг цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэнэ.
8.10. Цагдаагийн байгууллага жагсаал, цуглаан зохион байгуулах талаарх мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт байрлах оршин суугч, байгууллагад боломжит хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.
8.11. Аяндаа үүссэн жагсаал, цуглаанд энэ хуулийн 8.1, 8.2-т заасан мэдэгдэл хүргүүлэхийг шаардахгүй.
8.12. Аяндаа үүссэн жагсаал, цуглаан нь зохион байгуулагчтай болсон тохиолдолд даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Тайлбар:. - Энэ зүйлд заасан “эд зүйл” гэдэгт гэр, майхан, тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй төхөөрөмж, цахилгаан үүсгүүр, түүний дагалдах зүйлийг ойлгоно.
Тайлбар:. - Энэ хуульд заасан “нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага” гэдгийг орон нутагт аймгийн цагдаагийн газар, хэлтэс, нийслэлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрыг ойлгоно.