Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
СТАТИСТИКИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх, үндэсний статистикийн тогтолцоо, тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, статистикийн байгууллагын бүрэн эрх, бие даасан байдал, мэдээллийн хараат бус байдлын баталгааг хангуулах, мэдээлэгч, хэрэглэгч, мэдээлэл цуглуулах ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Статистикийн хууль тогтоомж
2.1. Статистикийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Хүн ам, орон сууцны тооллогын тухай , Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай , Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай , Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "статистик мэдээлэл" гэж үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөө, аргачлалаар цуглуулж, боловсруулсан албан ёсны статистик болон захиргааны мэдээллийг;
3.1.2. “албан ёсны статистик мэдээлэл” гэж энэ хуулийн 7.3 дахь хэсэгт заасан журмаар батлагдсан аргачлал, үзүүлэлт, үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөөний дагуу статистикийн мэргэжлийн арга зүйгээр боловсруулагдаж, баталгаажуулсан мэдээллийг;
3.1.3. “захиргааны мэдээлэл" гэж төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж энэ хуулийн 7.3 дахь хэсэгт заасан журмаар батлагдсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр цуглуулсан өгөгдлийн бүрдлийг;
3.1.4. “албан бус статистик мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээдээс зорилго, аргачлалаа өөрөө тодорхойлж цуглуулсан, хувиргасан, боловсруулсан, нийтэлсэн ажиллагаа, мэдээллийг;
3.1.5. "статистикийн үйл ажиллагаа" гэж:
3.1.5.а. статистик мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох;
3.1.5.б. статистик мэдээлэл гаргаж өгөх, цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах арга зүйг тогтоох;
3.1.5.в. энэ хуулийн 3.1.5.б-д заасан арга зүйг хэрэгжүүлэх;
3.1.5.г. статистик мэдээллийн чанар, бодит байдал, аюулгүй байдал, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцлалыг хангуулах;
3.1.5.д. статистик мэдээлэл, тооллого, судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах хэрэглэгчдэд тархаах, нийтлэх, мэдээллийн сан байгуулах, хадгалах үйл ажиллагааг;
3.1.6. статистик мэдээлэгч" гэж энэ хуулийн 15.1-т заасан үзүүлэлтийг боловсруулахад шаардлагатай статистик өгөгдлийг гаргаж өгөх үүрэг бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн, үйл ажиллагаа явуулж байгаа болон тус улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
3.1.7. "статистик мэдээллийг хэрэглэгч" гэж статистикийн мэдээллийг хүлээн авч буй хүн, хуулийн этгээдийг;
3.1.8. ”статистикийн байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, тархаах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.4-д заасан мэдээллийн санд статистикийн зорилгоор хандах, ашиглах, нэгтгэх болон тэдгээрт холбогдох арга зүй, ангилал, аргачлал, журам зэргийг статистикийн шинжлэх ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн шалгуурт нийцүүлэн тогтоох үүрэг бүхий төрийн байгууллага, түүний харьяа бүтцийн нэгжийг;
3.1.9. “статистик өгөгдөл“ гэж статистикийн зорилгоор цуглуулсан тоон болон тэмдэгтүүдийг агуулсан өгөгдлийг;
3.1.10. “статистик мэдээллийн эх үүсвэр” гэж статистикийн үр дүнг гаргах зорилгоор энэ хуулийн 3.1.6-д заасан этгээд, 3.1.15 болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.4-д заасан мэдээллийн сан, бусад эх үүсвэрээс цуглуулах өгөгдөл, багц мэдээллийг;
3.1.11. “статистикийн үзүүлэлт” гэж судлагдаж байгаа юмс үзэгдлийн цаг хугацаа, орон зай, бусад шинж чанарыг илэрхийлэх өгөгдлийн бүрэлдэхүүн хэсгийг;
3.1.12. “статистикийн ажиглалт” гэж шинжлэх ухааны арга барилаар анхдагч мэдээлэл олж, цуглуулах үйл ажиллагааг;
3.1.13. “статистикийн тооллого” гэж судалгааны эх олонлогийг бүхэлд нь хамруулсан статистик ажиглалтыг;
3.1.14. “статистикийн түүвэр судалгаа” гэж судалгааны эх олонлогийн тодорхой хэсгийг судалж, түүгээрээ эх олонлогийн шинж чанарыг тодорхойлох хэсэгчилсэн ажиглалтыг;
3.1.15. “статистик мэдээллийн сан” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.4 д заасны дагуу статистикийн зорилгоор үүсгэсэн мэдээллийн санг;
3.1.16. “мэдээлэл цуглуулагч” гэж энэ хуулийн 3.1.13, 3.1.14-д заасан статистик өгөгдлийг цуглуулах хүнийг;
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Энэ хууль нь статистикийн үйл ажиллагааг эрхлэх, албан ёсны статистик болон захиргааны мэдээлэл боловсруулах, түгээх, энэ зорилгоор статистик мэдээлэл цуглуулах, түүнийг гаргаж өгөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хамаарна.
4.2. Энэ хуульд статистикийн зорилгоор мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй хүн, хуулийн этгээдээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Байгууллагын нууцын тухай хуульд заасан зөвшөөрөл авах харилцаа хамаарахгүй.
4.3. Хүн, хуулийн этгээдээс албан ёсны статистик мэдээллийг нэмэх, хасах, өөрчлөх, хувиргах, жишин харьцуулах зэргээр анхдагч агуулгаас өөрөөр албан бус статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, нийтлэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
5 дүгээр зүйл. Статистикийн үйл ажиллагааны зарчим
5.1. Статистикийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.
5.1.1. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх;
5.1.2. Албан ёсны статистик мэдээллийн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай байх, мэргэжлийн стандарт, ёс зүйд үндэслэх;
5.1.3. Статистикийн үйл ажиллагаа ил тод байх;
5.1.4. Статистик мэдээллийг буруу ташаа ашиглах, тайлбарлах тохиолдолд залруулдаг байх;
5.1.5. Статистик мэдээллийн чанар, хамрах хугацаа, өртөг, мэдээлэгчийн ачааллыг харгалзан статистик мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох;
5.1.6. Мэдээлэгчийн нууцлалыг хангах, зөвхөн статистикийн зорилгоор ашиглах;
5.1.7. Статистик мэдээлэл нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх;
5.1.8. Статистикийн үндэсний зохицуулалтыг хангах;
5.1.9. Статистикийн олон улсын стандарт, ангилал, аргачлалтай нийцсэн байх;
5.1.10. Статистикийн олон талт хамтын ажиллагааг дэмжих;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ТОГТОЛЦОО
6 дугаар зүйл. Үндэсний статистикийн тогтолцоо
6.1. Үндэсний статистикийн тогтолцоо нь статистик мэдээллийг эрхлэн гаргадаг статистикийн байгууллага, Монголбанк, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа нэгжүүдээс бүрдэнэ.
6.2. Статистикийн байгууллага нь статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улсын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэлийн статистикийн газраас бүрдэнэ.
6.3. Сум, дүүрэгт статистикийн хэлтэс, алба байгуулан ажиллуулж болно. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.
6.4. Үндэсний статистикийн хорооны дэргэд албан ёсны статистикийн олон улсын болон үндэсний зохицуулалтын уялдааг хангах, хөгжлийг дэмжих, энэ хуулийн 7.3-д заасан шийдвэрийг боловсруулах, санал өгөх үндсэн чиг үүрэг бүхий Арга зүйн зөвлөл ажиллана. Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний статистикийн хорооны дарга батална.
6.5. Үндэсний статистикийн тогтолцоог Үндэсний статистикийн хороо тэргүүлж, нэгдмэл төвлөрсөн удирдлагаар хангана.
6.6. Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн болон сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна.
6.7. Статистикийн алба байгуулагдаагүй засаг захиргааны нэгжид энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид урамшуулал олгох бөгөөд түүнийг Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
6.8. Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл статистикийн газар, сум, дүүргийн статистикийн хэлтэс, албаны үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7 дугаар зүйл. Үндэсний статистикийн хороо, түүний бүрэн эрх
7.1. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.албан ёсны статистикийн үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хангах; 7.1.2.албан ёсны статистикийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; 7.1.3.албан ёсны статистикийн үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн баталгааг хангах; 7.1.4.хэрэглэгчийг мэдээллээр хангах, статистикийн мэдээллийг тархаах;
7.2. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн хараат бус, бие даасан байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.2.1. статистикийн байгууллагын хараат бус байдлыг хангах тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
7.2.2. албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэдээллийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, хууль санаачлагчид уламжлах;
7.2.3. өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандарт, дүрэм, журам батлах, мөрдүүлэх;
7.2.4. статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, статистик мэдээллийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх;
7.2.5. статистик мэдээллийн санг хөтлөх, ашиглах болон энэ хуулийн 16.2-т заасан журмын хэрэгжилтийг мэдээлэл хариуцагчтай хамтран хангуулах, энэ талаар хамтарсан заавар батлах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих;
7.2.6. Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомж, Засгийн газраас баталсан журмын дагуу гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар байгууллага хоорондын гэрээ байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.2.7. энэ хуулийн 7.8.1, 7.8.5-т заасан мэдээллийг тархаах, хэрэглэгчид хүргэх зөвлөгөө-мэдээллийн товыг тогтоох;
7.3. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.3.1. энэ хуулийн 15.1-д заасан албан ёсны статистикийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого явуулах, үйл ажиллагааны болон статистикийн дунд хугацааны төлөвлөгөө, тайланг боловсруулах;
7.3.2. албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тархаах үлгэрчилсэн зааврыг энэ хуульд нийцүүлж олон улсын ангилал, аргачлал, стандартад нийцүүлэн батлах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих;
7.3.3. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4 дүгээр зүйлд заасан мэдээллийн сан, өгөгдөлд статистикийн зорилгоор хандах, ашиглах, нэгтгэх, мэдээлэл татах;
7.3.4. энэ хуулийн 7.3.1, 14.1-д заасан болон статистикийн тооллого, судалгаанд холбогдох аргачлал, маягт, маягтыг нөхөх заавар, загвар тооцооллыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн батлах, мөрдүүлэх;
7.3.5. захиргааны мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт, чанар, бодит байдалд үнэлэлт өгөх;
7.3.6. хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих;
7.3.7. албан ёсны статистик мэдээллийг статистикийн мэдээллэгч болон мэдээлэл гаргаж өгөх үүрэг бүхий холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас энэ хуулиар тогтоосон хугацаанд гаргуулан авах;
7.3.8. бусад төрийн байгууллагын хүсэлт, хэрэгцээ, захиалгыг харгалзан энэ хуулийн 7.3.1-д заасан шийдвэрийг гаргах, албан ёсны статистик мэдээллийг хүргүүлэх;
7.3.9. улсын хэмжээнд явуулах статистикийн тооллого, судалгааны ажилд мэргэшлийн ажилтан, мэдээлэл цуглуулагчийг оролцуулах;
7.3.10. статистикийн талаар гадаад улс, олон улсын статистикийн болон төрөлжсөн бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тэдгээртэй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах, тэдгээрт тус улсын хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны холбогдолтой статистик мэдээллийг гаргаж өгөх;
7.3.11. албан ёсны статистик мэдээлэлд залруулга тайлбар, мэдэгдэл хийх, эсхүл энэ талаар чиглэл болгох;
7.3.12. улсын хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистик мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 2-оос доошгүй сарын өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;
7.3.13. улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх;
7.4. Хэрэглэгчийг бодитой, баталгаатай, эргэлзээгүй, хоёрдмол утгагүй албан ёсны статистик мэдээллээр хангахад уг мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, тархаах болон энэ талаар шийдвэр гаргах ажиллагаанд статистикийн шинжлэх ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, шалгуур, мэргэжлийн ёс зүйг чанд баримтална.
7.5. Үндэсний статистикийн хороо нь статистикийн зорилгоор өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын хариуцаж буй мэдээллийн санг ашиглаж болно.
7.6. Үндэсний статистикийн хороо нь үндэсний статистикийн зохицуулалт, албан ёсны статистикийн үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх боловсронгуй болгох үүргийг хүлээнэ.
7.7. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистикийг эрхлэх санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.7.1. Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хүргүүлэх;
7.7.2. Үндэсний статистикийн хорооны эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх.
7.8. Үндэсний статистикийн хороо хэрэглэгчийг мэдээллээр хангах, статистик мэдээллийг тархаах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.8.1. албан ёсны статистик мэдээллийг тогтоосон хуваарийн дагуу эрхлэн гаргах, нийтлэх, эмхэтгэн хэвлэх, цахим хуудаст тогтмол байршуулах, түүний бүртгэл, лавламж хөтлөх ажлыг зохион байгуулах;
7.8.2. албан ёсны статистик мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах;
7.8.3. Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн анхдагч өгөгдлийг хувь хүн, хуулийн этгээдийн энэхүү хуулийн 29 дүгээр зүйлд заасан нууцлалыг хангасан хэлбэрээр цахим хуудаст байршуулах;
7.8.4. статистикийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг бичгээр болон цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах;
7.8.5. статистикийн тухай хууль тогтоомж, энэ хуулийн 7.8.6-д заасан мэдээлэл болон мэдээлэгчийн эрх зүйн байдлыг тайлбарлан таниулах, зөвлөгөө-мэдээлэл хүргэх ажлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах;
7.8.6. Албан ёсны статистик мэдээллийн эх үүсвэр, арга зүй, үйл ажиллагааны талаар хэрэглэгч танилцах, энэ талаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх үүргийг статистикийн байгууллага хүлээнэ;
7.8.7. Албан ёсны статистик мэдээллийг тархаах, түүнд хийсэн залруулга тайлбар, мэдэгдлийг түгээх үүргийг олон нийтийн эрх зүйн байдал бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх бөгөөд арилжааны хэвлэл мэдээллийн байгууллага дэмжлэг үзүүлнэ;
7.9. Засгийн газрын гишүүн, төрийн бусад албан газрын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр нь статистикийн хууль тогтоомжтой нийцээгүй бол энэ тухай тэдгээрийн харьяа дээд шатны байгууллагад мэдэгдэж хүчингүй болгуулах арга хэмжээ авах;
7.10. Үндэсний статистикийн хороо үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
8 дугаар зүйл. Үндэсний статистикийн зөвлөл
8.1. Үндэсний статистикийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь үндэсний статистикийн тогтолцоог нэгдмэл төвлөрсөн удирдлага, албан ёсны статистикийн үйл ажиллагаа, мэргэжил арга зүй, санхүү эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг хангахад туслах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8.2. Зөвлөл нь Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга, орон тооны бус 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Үндэсний статистикийн хорооны дарга тэргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүний 2 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас тус бүр 1 гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
8.3. Зөвлөлийн дарга, гишүүдийг томилоход түүний эдийн засаг, статистик, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
8.4. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүн сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно.
8.5. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь зөвлөмж байна.
8.6. Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах бөгөөд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурлыг хүчинтэйд тооцно. Санал хураалтыг илээр явуулж, хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.
8.7. Зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох бөгөөд хуралдааны тов, түүгээр хэлэлцэх асуудлыг зөвлөлийн даргын тушаалаар батална.
8.8. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн даргын санаачилгаар, эсхүл гурав, түүнээс дээш гишүүдийн шаардсанаар зарлан хуралдуулна.
8.9. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8.9.1. Зөвлөл нь энэ хуулийн 32.4-д заасан, түүнчлэн үндэсний статистикийн зохицуулалт, системд үзүүлж буй хууль тогтоомж, хэм хэмжээний актын нөлөөллийг жил бүр тооцож, зөвлөмжийг холбогдох бусад төрийн байгууллагад хүргүүлэх;
8.9.2. албан ёсны статистикийн үйл ажиллагааны чанарын үнэлгээ, чанарын дотоод хяналтын тайланд дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөх;
8.9.3. энэ хуулийн 15.1-д заасан албан ёсны статистикийн үндсэн үзүүлэлтэд үндэслэн жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал гаргах;
8.9.4. статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах тогтолцоо, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;
8.9.5. Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны жилийн тайлан, төсөв болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг хэлэлцэж, зөвлөмж өгөх;
8.9.6. статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт мэдээллийн технологи, техник, тоног төхөөрөмжөөр статистик мэдээллийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, нэгдсэн зөвлөмжөөр хангах;
8.9.7. судалгаа шинжилгээ, хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилтийг дэмжих зорилгоор, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4-т заасан мэдээллийн санд хандах, ашиглах, өгөгдлийг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, өгөгдлийн засаглалыг дэмжих, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан санг үүсгэх, чанарыг сайжруулах асуудлаар зөвлөмж гаргах;
8.9.8. Статистикийн үйл ажиллагааны эдийн засаг, санхүү, төсөв, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах асуудлаар зөвлөмж гаргах;
8.9.9. Зөвлөл нь Үндэсний статистикийн хороо энэ хуулийн 7.10-д заасны дагуу Улсын Их Хуралд тайлан хүргүүлэх үед өөрийн үйл ажиллагааны тайланг хамтад нь хүргүүлнэ.
9 дүгээр зүйл. Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга
9.1. Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.
9.2. Үндэсний статистикийн хорооны дэд даргыг Үндэсний статистикийн хорооны даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
9.3. Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
9.4. Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга нь сахилгын шийтгэлгүй, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, ял шийтгэгдэж байгаагүй Монгол Улсын иргэн байна.
9.5. Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.
9.6. Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргын бүрэн эрх сонгогдож, томилогдсоноор эхэлж, дараагийн дарга, дэд дарга сонгогдож, томилогдсоноор дуусгавар болно. Хорооны дарга, дэд дарга, энэ хуульд заасан журмын дагуу нөхөн сонгож, томилох бөгөөд тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа энэ хуулийн 9.1, 9.2-т заасантай ижил байна.
9.7. Хорооны дарга, дэд дарга, түүнчлэн зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
9.7.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон; 9.7.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; 9.7.3.гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; 9.7.4.өөрөө хүсэлт гаргасан.
9.8. Үндэсний статистикийн хорооны даргын түр эзгүйд түүний албан үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.
10 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа
10.1. Үндэсний статистикийн хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10.1.1. албан ёсны статистикийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх;
10.1.2. Үндэсний статистикийн хорооны тамгын газар, дотоод аудитын нэгж, аймаг, нийслэлийн статистикийн газар, сум, дүүргийн статистикийн хэлтэс, албаны даргыг тус тус томилж, чөлөөлөх;
10.1.3. Үндэсний статистикийн хорооны Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг батлах;
10.1.4. Үндэсний статистикийн хорооны зөвлөл, Арга зүйн зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох, урамшууллын хэмжээг тогтоох;
10.1.5. Үндэсний статистикийн хороог тэргүүлж, дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
10.1.6. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;
10.1.7. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Үндэсний статистикийн хорооны байр суурийг илэрхийлэх, төсвийн болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх, санал гаргах;
10.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх;
10.2. Үндэсний статистикийн хорооны дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
10.3. Үндэсний статистикийн хорооны дарга нь статистикийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна.
10.4. Статистикийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдүүлэх албан ёсны статистик мэдээлэгчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах, хамгаалах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, журмын хэрэгжилттэй холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, мэдээлэл гаргах;
10.5. Үндэсний статистикийн хорооны дэд даргын хариуцах ажлын чиг үүргийг батлах (шинэчлэл хөгжил, бодлого, дэд бүтэц, арга зүй гэх мэт), хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохицуулна.
11 дүгээр зүйл. Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын бүрэн эрх
11.1. Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
11.1.1.Үндэсний статистикийн хорооны даргатай зөвшилцөн ажилтныг томилох, чөлөөлөх; 11.1.2.батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах; 11.1.3.Үндэсний статистикийн зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах; 11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
11.2. Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн статистикийн газар, түүний чиг үүрэг
12.1. Аймаг, нийслэлд статистикийн газар ажиллана. Аймаг, нийслэлийн статистикийн газар үйл ажиллагаагаа Үндэсний статистикийн хорооны даргад тайлагнах бөгөөд бүтэц, орон тооны дээд хязгаарыг албан ёсны статистикийн үйл ажиллагаа, тооллого, судалгааны ажлын ачааллыг харгалзан Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
12.2. Аймаг, нийслэлийн статистикийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1.энэ хуулийн 7.2, 7.3, 7.7, 7.8 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 12.2.2.энэ хуульд заасан албан ёсны статистик мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах; 12.2.3.тооллого, судалгааны ажилд оролцох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
12.3. Аймаг, нийслэлийн статистикийн газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Үндэсний статистикийн хорооны дарга тогтооно.
12.4. Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга нь Төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.4.1.Аймаг, нийслэлийн статистикийн газрыг өдөр тутмын удирдлагаар хангах; 12.4.2.Аймаг, нийслэлийн болон харьяа хэлтэс, нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 12.4.3.Үндэсний статистикийн хорооны даргатай зөвшилцөн хэлтэс, албаны ажилтныг томилж, чөлөөлөх; 12.4.4.батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
12.5. Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга ажлаа Үндэсний статистикийн хорооны даргын өмнө хариуцан тайлагнана.
12.6. Аймаг, нийслэлийн статистикийн газрын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
13 дугаар зүйл. Сум, дүүргийн статистикийн хэлтэс, алба
13.1. Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрээр сум, дүүрэгт статистикийн хэлтэс, эсхүл тусгайлсан алба байгуулан ажиллуулж болох бөгөөд тэдгээр нь аймаг, нийслэлийн статистикийн газарт харьяалагдаж, үйл ажиллагаагаа тайлагнана. Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрт хэлтэс, алба нь тухайн аймаг, нийслэлийн засаг захиргааны тодорхой нэгжийн нутаг дэвсгэрийг хариуцан ажиллах, эсхүл аймаг, нийслэлийн статистикийн газрын чиг үүргийн тодорхой хэсгийг тусгайлан эрхлэх эсэхийг тодорхой заасан байна.
13.2. Статистикийн хэлтэс, алба нь энэ хуулийн 12.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, оролцоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР, ТӨРӨЛ, АНГИЛАЛ, АРГА ЗҮЙ, ШААРДЛАГА
14 дүгээр зүйл. Статистикийн мэдээллийн хэлбэр
14.1. Статистик мэдээлэл нь албан ёсны статистик болон захиргааны мэдээлэл гэсэн хэлбэртэй байна.
14.2. Албан ёсны статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны болон энэхүү хуулийн 6.1-д заасан үндэсний статистикийн тогтолцооны байгууллага Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсний дагуу эрхлэн гаргана. Захиргааны мэдээллийг бусад төрийн байгууллага энэ хуулийн 7.3.5, 15.1.6-д заасан шийдвэрийг баримтлан эрхлэн гаргана. Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагууд нь албан ёсны статистик мэдээллийг эрхлэн гаргахдаа энэ хуулийн 7.1.1, 7.1.4, 7.2.3-7.2.5, 7.3.1, 7.3.3, 7.3.11, 7.4, 7.8.1-7.8.7, 10.4, 15.1, 17 дугаар зүйл, 18 дугаар зүйл, 19.1, 20.3, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 26.1, 27.2, 27.3, 29.1 дэх хэсгийг баримтлана.
14.3. Үндэсний статистикийн хороо энэ хуулийн 7.3.1, 7.3.2-д заасан журам, шаардлагыг хангуулж бусад төрийн байгууллагаас гаргах албан ёсны статистик мэдээллийн үндсэн үзүүлэлт, дэд үзүүлэлтийг тогтоож болно.
15 дугаар зүйл. Албан ёсны статистик мэдээллийн үзүүлэлт
15.1. Албан ёсны статистик мэдээлэлд дараах салбарын үзүүлэлт хамаарна:
15.1.1.хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт; 15.1.2.эдийн засгийн статистикийн үзүүлэлт; 15.1.3.байгаль орчны статистикийн үзүүлэлт; 15.1.4.засаглалын статистикийн үзүүлэлт; 15.1.5.салбар дундын шинжтэй статистикийн үзүүлэлт; 15.1.6.Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бусад.
15.2. Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.
16 дугаар зүйл. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан
16.1. Статистик мэдээллийн нэгдсэн санг Үндэсний статистикийн хороо үүсгэж, эрхлэн хөтөлнө.
16.2. Төрийн байгууллага, албан тушаалтан статистик мэдээллийн нэгдсэн санд оруулах албан ёсны бодитой, чанартай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ хуулийн 7.3.3-д заасан мэдээллийн санд хандах, ашиглах өгөгдлийг татан авах журмыг Засгийн газар тогтооно.
16.3. Энэ зүйлийн 16.1-д заасан санг эрхлэх, хөтлөхөд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон үзүүлэлт, ангиллаар үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллээ статистикийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
17 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хамгаалах
17.1. Статистик мэдээллийн зорилгоор цуглуулсан, дамжуулсан, нэгтгэсэн, боловсруулсан мэдээлэлд агуулагдах мэдээлэгч, хүн, хуулийн этгээдийн нууцлалыг чандлан хадгалах үүргийг мэдээлэл хариуцагч хүлээнэ. Энэ хэсэгт заасан статистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулагчид, хариуцагчид, оролцогчдоос мэдээллийн нууцлалыг хадгалах, задруулахгүй байх талаар урьдчилан танилцуулж, хууль тогтоомжид заасан баталгаа гаргуулсан байна.
17.2. .Статистик мэдээллийн зорилгоор цуглуулсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.10-4.1.12, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1, 5.1.2, 13.1, 13.2, 14.1, Байгууллагын нууцын тухай хуулийн 4.1, 4.2-т заасан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүргийг мэдээлэл хариуцагч хүлээнэ.
17.3. Статистик мэдээллийг тархаах, нийтэд ил болгох хүртэл статистикийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон статистик мэдээлэл, түүний агуулгыг нууцална.
17.4. Мэдээлэгчид мэдээллийн нууцлалыг хамгаалах арга, журмын талаар урьдчилан танилцуулсан байвал зохино. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний зөвшөөрөлгүй, түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг бусдад шилжүүлэх, дамжуулах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж нийтлэх, ил болгох, түүнчлэн бусад хэлбэрээр өөрчлөлт оруулах, бодит бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, өөр зорилгоор дахин ашиглах, задруулахыг хориглоно.
17.5. Хуульд өөрөөр заасан, эсхүл мэдээллийн эзэн бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд энэ хуулийн 17.2 дахь хэсэгт заасан мэдээллийг гаргуулан болон шилжүүлэн авах, авахыг завдах, шаардах зэрэг хууль бус үүрэг, даалгавар, чиглэл өгөх, шийдвэр гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасан хууль бус үүрэг, даалгавар, чиглэл, шийдвэрийг мэдээлэл хариуцагч биелүүлэхгүй байх эрхтэй бөгөөд энэ нь түүнд сахилгын болон бусад шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
17.6. Хуульд өөрөөр заасан үндэслэлээр энэ хуулийн 17.2 дахь хэсэгт заасан мэдээллийг захирамжлалын шинжтэй шийдвэр болон зохион байгуулалтын эрх зүйн баримтад тулгуурлан шилжүүлэн авсан хуулийн этгээд, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мэдээлэгчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан нууц задарсан тохиолдолд түүнээс үүсэх үр дагаврыг мэдээллийг шилжүүлэн авсан этгээд бүрэн хариуцна.
18 дугаар зүйл. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
18.1. Статистикийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.2, 18.6, Кибер аюулгүй байдлын тухай 17.1-д заасан журмаар хангуулна.
18.2. Мэдээлэгчид мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах арга, журмын талаар урьдчилан танилцуулсан байвал зохино.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА
19 дүгээр зүйл. Статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа
19.1. Энэ хуулийн 6.1-д заасан Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын ажилтан нь статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс мэргэжил, үйл ажиллагаа, төсвийн хувьд хараат бус байна. Статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлыг энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.
19.2. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүнд холбогдох шийдвэрийг энэ хуульд зааснаас өөр байгууллага эрхлэхийг хориглоно.
19.3. Статистикийн байгууллага нь хэрэглэгчид өгөөжтэй, мэдээлэгчид ачаалал, зардал бага арга, хэлбэрийг сонгож мэдээллийн эх үүсвэрээ өөрөө тодорхойлно. Хөндлөнгөөс мэдээллийн эх үүсвэрийг нэрлэн заах, тулгах, сонгон хэрэглэхийг шаардахыг хориглоно.
20 дугаар зүйл. Статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох
20.1. Статистикийн үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
20.2. Энэ хуульд заасан журмын дагуу цуглуулж, боловсруулж буй мэдээллийг урьдчилан авах, түүний үзүүлэлтийг нэмэх, хасах, арга зүй, аргачлал, агуулга, статистикийн тоон мэдээллийг зориуд өөрчлөх, өөрчлүүлэхээр нөлөөлөхийг хориглоно.
20.3. Статистикийн байгууллагын ажилтан нь энэ хуульд заасан журмын дагуу олж авсан хүний болон төр, байгууллага, хуулийн этгээдийн хуулиар тогтоосон нууцлалыг чандлан хангуулах, тархаагдаагүй, нийтэд ил болоогүй статистикийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
21 дүгээр зүйл. Ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт
21.1. Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын ажилтан статистикийн үйл ажиллагаа, статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, нэгтгэх, тархаах, түүнчлэн энэ хуульд заасан бусад ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр бол энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.
21.2. Статистик мэдээлэл, түүний тоон болон бусад агуулгыг урьдаас нотлох, эсхүл батлах замаар статистик мэдээлэл боловсруулахыг хориглоно.
22 дугаар зүйл. Статистикийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
22.1. Статистикийн байгууллагын төсөв нь энэ хуулийн 7.3.1-д заасан жил бүрийн статистик мэдээллийн дэд, дэлгэрэнгүй үзүүлэлт, судалгаа, тооллого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна. Үндэсний статистикийн хорооноос хүргүүлсэн тухайн жилийн статистикийн судалгаа, тооллогын төсвийн саналыг үндэслэлгүйгээр бууруулахыг хориглоно.
22.2. Статистикийн байгууллагын ажилтны албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдэл, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Үндэсний статистикийн хорооны өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
23 дугаар зүйл. Статистикийн улсын байцаагч
23.1. Статистикийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Үндэсний статистикийн хорооны шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, мэдээлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий улсын байцаагч ажиллана. Үндэсний статистикийн хороонд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
23.2. Үндэсний статистикийн хорооны дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд түүний шийдвэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
23.3. Статистикийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж мөн хуулийн 7.7-д заасан баталгаагаар хангагдахаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.3.1. статистикийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах;
23.3.2. судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
23.3.3. хийсэн хяналт шалгалтын бодит байдлыг бүрэн хариуцах;
23.3.4. зөрчилд шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах;
23.3.5. шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлын талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж арилгуулах;
23.3.6. өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн мэдээ, тайлан нь дутуу, алдаатай бол холбогдох этгээдээс тайлбар гаргуулан авах, анхан шатны бүртгэлтэй тулгаж, магадлах.
23.3.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
23.4. Статистикийн улсын байцаагчийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
23.5. Статистикийн улсын байцаагч нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн шаардах хуудас, акт, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
23.6. Албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд үнэмлэх, тэмдэг ашиглахыг хориглоно.
24 дүгээр зүйл. Статистикийн үйл ажиллагаанд хориглох зүйл
24.1. Статистикийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
24.1.1. албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдлыг зориудаар бий болгох;
24.1.2. албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцыг задруулах;
24.1.3. албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг өөр зориулалтаар ашиглах;
24.1.4. Албан ёсны статистик мэдээллийг албан ёсоор мэдээлээгүй байхад статистик мэдээлэл, судалгааны дүн, тооцооллын задгай, боловсруулалтын шатанд байгаа мэдээллийг шаардах, тархаах;
24.1.5. статистикийн мэдээллийг улс төрийн зорилго, агуулгаар боловсруулах, тархаах, улс төрийн сонгуульд тодорхой нэр дэвшигчийг дэмжих, эсхүл дэмжихгүй байх зорилгоор статистикийн үйл ажиллагааг эрхлэх, мэдээлэл тархаах;

ТАВДУГААР БҮЛЭГ
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ
25 дугаар зүйл. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо
25.1. Статистикийн мэдээллийг боловсруулахад энэ хуулийн 7.1.2, 7.3-д тодорхойлогдсон арга зүй, аргачлал, ангилал болон дүрэм, журам, заавар зэрэгт нийцүүлсэн, албан ёсны статистик мэдээлэл чанартай, эргэлзээгүй илэрхийлэгдсэн эсэхэд чанарын хяналт тавих, энэ талаар зөвлөмж гаргах үндсэн чиг үүрэг бүхий Үндэсний статистикийн хорооны үндсэн бүтцийн нэгж ажиллах бөгөөд үйл ажиллагааны журмыг Үндэсний статистикийн хорооны дарга баталж, нэгж нь түүнд ажлаа тайлагнаж, Үндэсний статистикийн зөвлөлд танилцуулна.
25.2. Чанарын хяналтыг Үндэсний статистикийн хорооноос батлагдсан удирдамжийн хүрээнд жилд нэг 1 удаа, нэгжийн санаачилгаар тухай бүр хэрэгжүүлнэ. Энэ хуулийн 7.3.1-д заасан үйл ажиллагааны тайланг Үндэсний статистикийн хороо баталгаажуулахаас өмнө чанарын хяналтын тайлан, санал, дүгнэлтийг урьдчилан танилцуулсан байна.
26 дугаар зүйл. Статистикийн мэдээллийн чанарын дотоод хяналтын үр дагавар
26.1. Статистик мэдээллийн чанарын хяналтыг хэрэгжүүлэхдээ албан ёсны статистик мэдээлэл тархаагдахаас өмнө хийж, зөвлөмж гаргасан байвал зохино. Нийтэд тархаагдсан албан ёсны статистик мэдээлэл нь энэ хуулийн 7.3-д заасанд нийцээгүй тухай зөвлөмжийг Үндэсний статистикийн хорооны даргад нэн даруй танилцуулна.
26.2. Залруулгын үр дагаврыг энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭГЧ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ
27 дугаар зүйл. Статистикийн мэдээлэгч, түүний эрх, үүрэг
27.1. Энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан үзүүлэлт, тооллого, судалгаанд хамрагдах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тодорхой эрх өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, түүнчлэн үйл ажиллагаа эрхлэгч, суралцагч, хөдөлмөр эрхлэгч хүн, хуулийн этгээд нь статистикийн зорилгоор цуглуулах өөрт байгаа мэдээллийг Үндэсний статистикийн тогтолцооны байгууллага, түүний ажилтанд гаргаж өгөх үүрэгтэй. Үндэсний статистикийн тогтолцооны байгууллага, түүний ажилтан уг мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр статистикийн бус зорилгоор бусдад дамжуулахгүй, шилжүүлэхгүй, задруулахгүй байх үүргийг тус тус хүлээнэ.
27.2. Мэдээлэгчээс цуглуулах болон цуглуулсан мэдээллийг статистикийн ямар үзүүлэлт, тооллого, судалгаанд шаардагдах, түүнчлэн төрийн байгууллагаас гаргах шийдвэрийн үндэслэл болохыг урьдчилан танилцуулсан байна.
27.3. Мэдээлэгчийн өгөх мэдээллийн агуулгыг зориуд нэрлэн заах, өөр агуулга санал болгох, гуйвуулах, засварлах, бусад байдлаар нөлөөлөхийг хориглоно.
27.4. Мэдээлэгч дараах эрхтэй:
27.4.1.статистикийн аль үзүүлэлт, тооллого, судалгаанд хамрагдаж буйг мэдэх, танилцах; 27.4.2.мэдээлэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл авах; 27.4.3.статистикийн зорилгоор өгсөн мэдээллийн нууцлал, хамгаалалтын талаар мэдээлэл авах, түүнийг хангуулж байгаатай танилцах; 27.4.4.энэ хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Үндэсний статистикийн хороонд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох; Тайлбар: Гомдлыг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. Гомдлын агуулга, түүний шийдвэрлэлтийн байдлыг жил бүр нэгтгэж, сургалтад ашиглана. 27.4.5.мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах; 27.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистик мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах; 27.4.7.өөрийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг шаардах; 27.4.8.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.
27.5. Мэдээлэгч дараах үүрэгтэй:
27.5.1.статистик мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх; 27.5.2.статистик мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд бодитой, бүрэн гаргаж өгөх, хүргүүлэх; 27.5.3.улсын тооллогод хамрагдах; 27.5.4.албан ёсны статистик мэдээллийг өөрийн зардлаар хүргэх; 27.5.5.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.2, 27.3, 27.4-т заасны дагуу мэдээллийн санг эрхэлж, хариуцагч нар нь уг санд статистикийн байгууллагаас саадгүй хандах, ашиглах, мэдээлэл татахад дэмжлэг үзүүлэх.
27.6. Мэдээлэгч энэ хуулийн 27.5-д заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд төрөөс үзүүлэх бусад үйлчилгээг энэ хуульд заасан үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлэх, төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
28 дугаар зүйл. Статистик мэдээлэл хэрэглэгчийн эрх, үүрэг
28.1. Албан ёсны статистик мэдээллийг хүлээн авсан, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд статистикийн мэдээллийн хэрэглэгч байна.
28.2. Хэрэглэгч дараах эрхтэй:
28.2.1.энэ хуульд заасан журмаар статистик мэдээллийг ашиглах; 28.2.2.статистик мэдээллийн хэрэгцээ, арга зүй, ангилал, үзүүлэлт, тооллого, судалгааны талаар санал, хүсэлт гаргах; 28.2.3.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагын, үйл ажиллагааны, түүнчлэн статистик мэдээллийн арга зүй, аргачлал болон түүнийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, боловсруулах, тархаах талаарх мэдээлэлтэй танилцах; 28.2.4.статистикийн үйл ажиллагааны талаар өргөдөл, гомдол, санал, хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх.
28.3. Хэрэглэгч дараах үүрэгтэй:
28.3.1.энэ хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөх; 28.3.2.статистик мэдээллийг ашиглаж нийтэд түгээх, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, тайлан, тайлбар, танилцуулга зэрэгт ашиглахдаа мэдээлэл хариуцагчийн талаар дурдах; 28.3.3.албан ёсны статистикийн байгууллагаас баталсан болон зөвшөөрснөөс бусад үзүүлэлтийг гаргуулахыг шаардахгүй байх;
28.4. Хэрэглэгч энэ хуулийн 28.3.1-д заасныг зөрчиж статистик мэдээллийг дамжуулах, нийтлэх, түгээх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна.
29 дугаар зүйл. Мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт
29.1. Статистикийн зорилгоор мэдээлэл өгч буй мэдээлэгчийн хууль тогтоомжоор тогтоосон нууцыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон энэ хуулиар хамгаална.
30 дугаар зүйл. Статистикийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн Засаг даргын оролцоо
30.1. Статистикийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга дараах үүргийг хүлээнэ:
30.1.1.тухайн орон нутгийн нэгжид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа статистикийн газар, нэгжийг нутгийн захиргааны төв байранд байрлуулж, ажиллах нөхцөлөөр хангах; 30.1.2.статистикийн тооллого, судалгаанд техник, зохион байгуулалт, ажиллах хүч, мэдээллийн туслалцааг үзүүлэх; 30.1.3.тооллого, судалгааны ажлыг зохион байгуулах, оролцох, энэ талаар харьяалах доод шатны Засаг дарга, албан тушаалтанд үүрэг, чиглэл, даалгавар өгөх; 30.1.4.статистикийн зорилгоор энэ хуульд заасан журмаар Үндэсний статистикийн хорооноос өгөгдсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх, түүний биелэлтийг танилцуулах;
30.2. Нийслэлийн Засаг дарга энэ хуульд зааснаас өөр үүрэг, даалгавар, чиглэл өгөх, ажил, аянд Нийслэлийн статистикийн газрын дарга, ажилтныг дайчлахыг хориглоно.
31 дүгээр зүйл. Статистикийн үйл ажиллагааны талаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын оролцоо
31.1. Статистикийн үйл ажиллагааны талаар аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
31.1.1.энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан албан ёсны статистикийн үзүүлэлт, тооллого, судалгааны мэдээллийг бодитой, бүрэн гүйцэт цуглуулах; 31.1.2.энэ хуулийн 7.3.1-д заасан тооллого, судалгааны санг байнга шинэчлэх; 31.1.3.статистик мэдээлэл гаргахад шаардлагатай захиргааны бүртгэлийг хөтлөх; 31.1.4.статистикийн нэгжийг нутгийн захиргааны төв байранд байрлуулж, ажиллах нөхцлөөр хангах.
31.2. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга энэ хуульд зааснаас өөр үүрэг, даалгавар, чиглэл өгөх, ажил, аянд статистикийн хэлтсийн дарга, ажилтныг дайчлахыг хориглоно.
32 дугаар зүйл. Статистикийн үйл ажиллагааны талаар төрийн байгууллага,төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо
32.1. Төрийн захиргааны төв, түүнчлэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд захиргааны мэдээллийн үйл ажиллагааг эрхэлнэ. Төрийн захиргааны төв байгууллага нь бүтэцдээ салбарын статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, энэ талаарх мэдээллээр Үндэсний статистикийн хороог хангах үүрэг бүхий нэгжтэй байна.
32.2. Статистикийн үйл ажиллагааны талаар төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 30.1.2, 30.1.3, 30.1.4-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
32.2.1.Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хугацаанд албан ёсны болон захиргааны мэдээллийг цуглуулж, боловсруулж, статистикийн байгууллагад шилжүүлэх; 32.2.2.захиргааны мэдээллийг цуглуулж, боловсруулж, шилжүүлэхэд энэ хуульд заасан журмыг баримтлах; 32.2.3.энэ хуулийн 7.3.1, 15.1-д заасан мэдээллийг гаргаж өгөх, цуглуулахад оролцох, мэдээлэл, судалгаа, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх; 32.2.4.өөрийн цуглуулж, боловсруулж, шилжүүлсэн мэдээллийн бодит байдал, иж бүрдэл, хуулиар тогтоосон хүн, хуулийн этгээдийн нууцлалыг хамгаалах, хангуулах; 32.2.5.өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд захиргааны мэдээллийг эрхлэх; 32.2.6.Статистикийн үйл ажиллагааг эрхэлсэн талаарх чанарыг хангаж ажилласан тайлан болон холбогдох мэдээллийг журмын дагуу ирүүлэх; 32.2.7.өөрийн эрхэлж, хариуцаж байгаа мэдээллийн санд статистикийн байгууллага, ажилтнаас зөвхөн статистикийн зорилгоор саадгүй хандах, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл татахад дэмжлэг үзүүлэх;
32.3. Энэ хуулийн 14.3-д заасан албан ёсны статистик мэдээллийн үзүүлэлт, Үндэсний статистикийн хорооноос тогтоосон дэд үзүүлэлтийг үндэслэн бусад төрийн байгууллага холбогдох статистик мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу гаргаж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
32.4. Албан ёсны статистик мэдээллийн нийтлэг, тусгайлсан хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэгчийг мэдээллээр хангах зорилгоор үндэсний статистикийн зохицуулалт, системийг статистикийн хоёр болон олон талт хамтын ажиллагаанд түшиглэн боловсронгуй болгоход бусад төрийн байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
33 дугаар зүйл. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх.
33.1. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрх эдэлнэ:
33.1.1.энэ хуулийн 7.3-д заасан тооллого, судалгааг явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авах; 33.1.2.Үндэсний статистикийн тогтолцооны байгууллагуудын статистикийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах; 33.1.3.Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусгах, санал гаргах; 33.1.4.албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадал, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх арга хэмжээ авах,

ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
34 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1. Энэ хуулийн 29.1-д заасныг зөрчиж статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь статистикийн ажилтныг төрийн албанаас болон ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болно.
34.2. Энэ зүйлийн 1-т заасны дагуу буруутай, үүргээ биелүүлээгүй тухайн этгээдийг төрийн албанаас болон ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.
34.3. Энэ хуулийн 16.3-т заасан үүргээ биелүүлээгүй нь тухайн үйлчилгээ үзүүлэгчийн тухайн төрлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйлчилгээнд нь хязгаарлалт тогтоох үндэслэл болно. Энэ хэсэгт зааснаар үйлчилгээг нь түдгэлзүүлсэн, хязгаарласнаас үүсэх үр дагаврыг үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
34.4. Энэ хуулийн 34.1-34.3-т зааснаас бусад байдлаар Статистикийн тухай хуулийн хориглосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
35.1. Энэ хуулийг 20... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

А. АРИУНЗАЯА

А. АРИУНЗАЯА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх