Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 17 өдөр
Ulaanbaatar city
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:
“8/төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд ба шууд бусаар санхүүжүүлэх.”
2 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...төрөөс үүсгэн байгуулсан...” гэсний дараа “нийтийн эрх зүйн” гэж, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “хуульд” гэсний өмнө “энэ” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монголбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангахад оршино. Тайлбар:Үнийн тогтвортой байдлыг хэрэглээний үнийн индексээр хэмжих инфляцын зорилтот түвшнээр тодорхойлно.”
“10 дугаар зүйл.Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх.
1.Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар дараагийн жилд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, жил бүрийн 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд түүнд дараах асуудлыг тусгасан байна:
1/тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;
2/Монголбанкнаас дараагийн гурван жилд баримтлах инфляцын зорилтот түвшин, инфляцын төсөөлөл, эдийн засаг, гадаад секторын болон санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн төсөөлөл;
3/нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар илэрхийлсэн улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дараагийн гурван жилд баримтлах хязгаар;
4/Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалттай Засгийн газрын тусгай үнэт цаасны хэмжээ.
3.Улсын Их Хурал энэ хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2- 4 дэх заалтад заасан үзүүлэлтийг тусгасан төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батална.
4.Энэ хуулиас бусад хуулийн төсөл түүнийг дагалдуулан төсөл боловсруулан өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа энэ хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-4 дэх заалт болон батлагдсан үзүүлэлтийг өөрчлөхийг хориглоно.”
“381 дүгээр зүйл. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх
1.Монголбанкны тухайн жилийн санхүүгийн тайлангаар өр төлбөрийн нийт хэмжээ нь түүний нийт хөрөнгийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд өөрийн хөрөнгө дутагдсанд тооцно.
2.Монголбанк тухайн жилийн баталгаажсан санхүүгийн тайлан дахь өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж, нөхөх тухай саналыг боловсруулж, энэ хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгана.
3.Засгийн газар нь Улсын Их Хурлын баталсан төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд заасан Засгийн газрын тусгай үнэт цаасны хэмжээг дараа жилийн улсын төсөвт тусгана.
4.Засгийн газар дараагийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор энэ хуулийн 381 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж Монголбанканд эзэмшүүлнэ.”
4 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх