11.1. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль тогтоомжид заасан хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлнэ.
11.1.1. татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.
11.1.2. нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, дэмжлэгтэй холбоотой харилцааг нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
11.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийг ажиллуулж байгаа бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгтэй холбоотой харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
11.2. Энэ хуульд заасан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.
11.3. Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-11.5 дахь хэсэгт заасны дагуу санхүүжүүлнэ.
11.4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ хуульд заасан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид дараах төрлийн санхүүгийн дэмжлэгийг доорх хэмжээгээр шууд үзүүлнэ:
11.4.1. эхлэлийн хөрөнгө оруулалтын зорилгоор 20 хүртэл сая төгрөгийг барьцаагүй, хүүгүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох;
11.4.2. үйл ажиллагаанд шаардагдах богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийн зорилгоор 20-50 сая хүртэл төгрөгийг барьцаагүй, эхний 12 сарын хугацаанд хүүгээс чөлөөлөх, 1-5 хүртэл жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох;
11.4.3. жилийн борлуулалтын орлогоос нь хамаарч үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 50-100 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүгээс илүүгүйгээр, 3-5 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох.
11.5. Иргэдийн бүлгийн гишүүдийн хооронд байгуулсан харилцан батлан даалтын гэрээг санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой шийдвэр гаргахад нэмэлт баталгаа болгон харгалзан үзэж болно.
11.6. Санхүүгийн дэмжлэг авсан бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааны үр дүн, орлогын өсөлт, санхүүгийн сахилга бат, зээлийн эргэн төлөлтийн байдлыг харгалзан дараагийн шатны санхүүгийн дэмжлэгт хамруулж болно.