6.1. Төрийн эрхэм дээд шагналд дараах салбар, чиглэлээр улс орны хөгжил , үндэсний ашиг сонирхолд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг нэр дэвшүүлнэ:
6.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой гавьяа байгуулсан;
6.1.2. Монголын ард түмний төрт ёс, түүх, соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан;
6.1.3. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, оюуны хөгжлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан;
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан;
6.1.5. Соёл, урлаг, спортын салбарт Монгол Улсын нэр хүндийг олон улсад алдаршуулж, дэлхийн хэмжээний наадам, тэмцээн, уралдаанд онцгой амжилт гаргасан;
6.1.6. Бүтээлд олгох төрийн дээд шагналд нэр дэвшигчийн бүтээл нь урлаг, утга зохиол, танин мэдэхүйн оюуны онцгой, шилдэг бүтээл, туурвил байх, эсхүл анхдагч шинэ техник, технологийг бий болгосон, нэвтрүүлсэн байх;
6.1.7. Найрамдлын дээд шагналд нэр дэвшигч нь Монгол Улс гадаад улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн эсхүл гадаад улсын иргэн байх;
6.2. Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагналд Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэрэг, цагдаагийн алба хаагч, эсхүл энхийг сахиулах, хүмүүнлэгийн чиглэлээр амжилт гаргасан иргэн байх;
6.3. Иргэний хүндэт шагналд гамшиг, аюулт үзэгдэл, осол болон давагдашгүй хүчин зүйлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд эр зориг гарган оролцож, онцгой гавьяа байгуулсан иргэн байх;
6.4. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвшигч нь холбогдох хуульд заасан шалгуурыг хангасан байх;
6.5. Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг мал аж ахуй эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин байна.