13.1. Багш нь дараах эрхтэй:
13.1.1. эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын үр дүн, гүйцэтгэлд тохирсон цалин хөлс авах;
13.1.2. суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн суралцах арга барил, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хэлбэрээ сонгон хэрэглэх;
13.1.3. суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, зөвлөн туслах;
13.1.4. судалгаа шинжилгээний ажил хийх;
13.1.5. жил тутам холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
13.1.6. боловсролын байгууллагын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх болон шийдвэр гаргахад санал өгөх;
13.1.7. мэргэжлийн холбоонд нэгдэх;
13.1.8. нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;
13.1.9. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;
13.1.10. хуульд заасан бусад.
13.2. Багш дараах үүрэгтэй:
13.2.1. суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэх;
13.2.2. сургалтыг хувь хүний чадамжид суурилсан уян хатан, суралцагчид тэгш боломж олгож удирдан явуулах;
13.2.3. суралцагчийг идэвхжүүлсэн сургалтын арга зүйг сургалтад ашиглах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг бодитой үнэлэх, тэдний авьяас, хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг судлан суралцахуйг дэмжих;
13.2.4. суралцагчийн төлөвшил, хувийн зан чанарыг судлах, сонирхол, сайн тал, авьяас, чадварыг илрүүлэх, хөгжүүлэн дэмжих;
13.2.5. суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;
13.2.6. хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;
13.2.7. багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэн, ажил амьдрал үйл ажиллагаагаараа үлгэрлэх;
13.2.8. суралцахуйг дэмжсэн онол, арга зүйн мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
13.2.9. сургалтад харилцаа холбоо, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах арга зүйд суралцах, цахим сургалт, контент бүтээх, сургалтын нээлттэй нөөц материал болон бусад платформыг ашиглах;
13.2.10. багшийн мэргэжлээ дээшлүүлэх, бусадтай хамтран ажиллах, бусдыг хүндэтгэх;
13.2.11. ажил хаялт болон цэцэрлэг, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх;
13.2.12. байгууллагын үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, бусад багш, ажилтан, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, тэдгээрийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;
13.2.13. эцэг эх, асран хамгаалагчид хүндэтгэлтэй хандаж, соёлтой харьцах;
13.2.14. улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх;
13.2.15. холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд сахин мөрдөх;
13.2.16. хуульд заасан бусад.
13.3. Багш, ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана.
13.3.1. багш нь ажлын гүйцэтгэл, ур чадвар, мэргэжлийн тасралтгүй хөгжил, сургалтын үр дүнд үндэслэсэн цалин хөлсөөр хангагдах;
13.3.2. багш, ажилтан хуульд заасны дагуу хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;
13.3.3. хөдөлмөрийн онцлогийг харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15, багш, туслах багш, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно;
13.3.4. тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг үзүүлэх;
13.3.5. сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, туслах багш, сэтгэл зүйчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;
13.3.6. төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.
13.4. Багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
13.5. Бүх шатны боловсролын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардагдах техник тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангана.
13.6. Багш, ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
13.7. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан нэмэгдэл амралт энэ хуулийн 13.3.3-т заасан албан тушаалтанд хамаарахгүй.
13.8. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.5 дахь заалт хамаарахгүй.