13.1. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн байгальд ээлтэй, үр ашигтай үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, орлогыг нь нэмэгдүүлэх талаарх сонирхол, хариуцлагыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.
13.2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсвөөс олгох дэмжлэг, урамшуулал нь дор дурдсан шалгуурыг хангасан байна:
13.2.1. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байх;
13.2.2. бэлчээрийн болон тариалангийн газрын хөрс, үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээнд хувийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн байх;
13.2.3. бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ дээшлүүлсэн байх;
13.2.4. стандартын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн байх;
13.2.5. малын чанар болон эдийн засгийн эргэлтийг сайжруулах замаар бэлчээрийн даацад малын тоог нийцүүлсэн байх;
13.2.6. бэлтгэн нийлүүлэлтийн хоршоогоор дамжуулан арьс шир, ноос, ноолуур, сүү зэрэг түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлсэн байх.
13.3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх урамшуулал олгохдоо дараах тэргүүлэх чиглэлийг баримтлана:
13.3.1. бэлчээрийг хамгаалан сайжруулж, даацад нь малын тоог нийцүүлэх;
13.3.2. боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн сүүний хэмжээг нэмэгдүүлэх;
13.3.3. мах, сүүний эрчимжсэн аж ахуйн өндөр ашиг шимт мал, тэжээлийн хангамжийг сайжруулах;
13.3.4. хоршооны зохион байгуулалтад орж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, анхан шатны боловсруулалт хийх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх;
13.3.5. хоршин ажиллаж буй жижиг тариалан эрхлэгчдэд хоршоогоор дамжуулан үйлдвэрлэлийн орц, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;
13.3.6. дэвшилтэт технологи бүхий нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, технологийн стандартын шаардлага хангасан зоорь, агуулахын аж ахуйг хөгжүүлэх;
13.3.7. хөрсний үржил, шимийг сайжруулан хамгаалахад чиглэсэн бордоо, үрийн хангамж, ойн зурвас байгуулах.
13.4. Хөрөнгө оруулалтын багтаамж ихтэй, үйлдвэрлэгчийн зүгээс дангаараа санхүүжилт хийхэд хүндрэлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн дараах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг банкны хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлээр дэмжинэ:
13.4.1. малын үүлдэр, угсааг сайжруулах үүднээс өндөр ашиг шимт мал худалдан авах;
13.4.1. эрчимжсэн мал аж ахуйн барилга байгууламж барих;
13.4.2. таримал тэжээл үйлдвэрлэл, бүсийн, аймаг дундын, аймгийн өвс тэжээлийн нөөцийн сан бүхий бөөний худалдааны төв байгуулах;
13.4.3. эрчимжсэн сүүний аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах;
13.4.4. усалгаатай газар тариалангийн барилга байгууламж барих;
13.4.5. тариалангийн талбайн ойн зурвас, хашаа барих;
13.4.6. таримал жимс, жимсгэнэ, цай, эмийн ургамлын үйлдвэрлэл эрхлэх;
13.4.7. өндөр бүтээмжтэй, орчин үеийн ухаалаг технологи бүхий трактор, комбайн, тоног төхөөрөмж худалдан авах;
13.4.8. эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг технологи, тохируулга бүхий хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй, хүлэмж барих;
13.4.9. ногоон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх;
13.4.10. дотоодод үйлдвэрлэсэн бренд бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах арга хэмжээ авах;
13.4.10. хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний тээвэр, ложистикийг хөгжүүлэх.
13.5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулна.