10 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сан
10.1.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3, 10.4-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэлмэрчид төлөх зардал, хууль сахиулах байгууллагыг чадавхжуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх зориулалттай байна.
10.2.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
10.2.1.шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж, төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
10.2.2.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 10.3, 10.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр;
10.2.3.Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийн 50 хувиас багагүй орлого;
10.2.4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/, Хорин хоёрдугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-т заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор хураагдсан хөрөнгө, орлого болон Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3-т заасан хөрөнгө, орлого.
10.3.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах бодит хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:
10.3.1.эмчилгээний зардал;
10.3.2.оршуулгын зардал;
10.3.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.
10.4.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан хохирогчид, амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүнд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарахаас өмнө дараах бодит хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:
10.4.1.эмчилгээний зардал;
10.4.2.оршуулгын зардал;
10.4.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.
10.5.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сангийн хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэлмэрчийн зардал болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болно.
10.6.Энэ хуулийн 10.3-т заасан хохирлын хэмжээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан хэмжээгээр, 10.4-т заасан хохирлын хэмжээг хохирогчийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл, дотоодын эмнэлгийн байгууллагын төлбөрийн баримтад үндэслэсэн Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сангийн удирдах зөвлөлийн дүгнэлтээр тус тус тодорхойлогдоно.
10.7.Энэ хуулийн 10.4-т заасан хохирлын хэмжээг хохирогчийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл, дотоодын эмнэлгийн байгууллагын төлбөрийн баримтад үндэслэсэн тогтоох аргачлалыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
10.8.Энэ хуулийн 10.4-т заасан гэмт хэргийн хохирогч нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө нөхөн төлбөрөө аваагүй бол энэ хуулийн 10.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр нөхөн төлбөрийг авч болно.
10.9.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 болон Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3-т заасан хөрөнгө, орлогыг Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах санд хөрөнгө төвлөрүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
10.10.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, уг сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар батална.
10.11.Гэмт хэргийн хохирлыг нөхөн барагдуулах сангаас хохирогчийн хохирлыг барагдуулахад зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээс гаргуулах ажлыг сан хариуцан зохион байгуулна.”