13.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно:
13.1.1. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шуудангийн илгээмжээр явуулах;
13.1.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс, дуу-дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээг ашиглан сурталчлах;
13.1.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр болон хүчингүй жороор олгох, түүнчлэн жоронд заасан тоо, хэмжээнээс илүү олгох;
13.1.4. эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх;
13.1.5. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.6. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;
13.1.7. тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж хоёр талын гэрээнд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг төстэй өөр зүйлээр орлуулах болон зөвшөөрсөн тоо, хэмжээг хэтрүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.8. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.9. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг насанд хүрээгүй хүнд худалдах, олгох;
13.1.10. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхдийн бусад байгууллага байрлаж буй нутаг дэвсгэрээс 10 килеметрээс ихгүй тойрогт үйлдвэрлэх, худалдах, хадгалах.