Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 1-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь асрах үйлчилгээний төрөл, ангилал, хэлбэр, түүний хүртээмж, асрах үйлчилгээнд тавигдах шаардлага, үйлчилгээний чанар, стандарт, үйлчилгээ авч буй иргэн, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, аюулгүй байдал, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо болон үйлчилгээнд тавих хяналт, санхүүжилт, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Асрах үйлчилгээний хууль тогтоомж
2.1. Асрах үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Асрах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэл нь ахуйн өдөр тутмын асаргаа, нөхөн сэргээх асрах үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон хүний эрх, нийгмийн харилцаанд бие дааж оролцоход хүндрэл бэрхшээлтэй, бусдын туслалцаа, дэмжлэг шаардлага бүхий хүнд үзүүлэх асрах үйлчилгээнд хамаарна.
3.2. Асрах үйлчилгээнд дараах хүн хамрагдана:
3.2.1. өндөр наслалт, архаг болон даамжирсан өвчлөлөөс шалтгаалан өдөр тутмын амьдралын үйлдлийг өөрөө гүйцэтгэх боломжгүй болсон хүн;
3.2.2. хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан ахуйн болон нөхөн сэргээх асаргаа, байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай хүн;
3.2.3. тодорхой хугацааны асаргаа, нөхөн сэргээх дэмжлэг, хүний эрхийн хамгаалал, нийгмийн оролцоог хангах зэрэг хосолсон үйлчилгээ шаардлагатай хүн,
3.2.4. жирэмсний болон төрсний дараах үеийн ахуйн асаргаа, нөхөн сэргээх дэмжлэг, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал шаардлагатай болсон эх, нярай;
3.3. Энэ хуулиар зохицуулагдах үйлчилгээг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага болон хүмүүнлэгийн байгууллага дангаар болон хамтран хэрэгжүүлж болно.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “Ахмад настан” гэж Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг;
4.1.2. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хүнийг;
4.1.3. “Асрах үйлчилгээ” гэж асаргаа шаардлагатай байгаа хүнд үзүүлэх орон байр, хоол хүнс, хувцас, соёл, ахуй, сувилах, биемахбодь, нийгэм, сэтгэл зүй болон тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилготой дэмжлэг, үйлчилгээг хэлнэ.
4.1.4. “Асруулагч хүн” гэж өндөр наслалт, хөгжлийн бэрхшээл, архаг болон даамжирсан өвчлөл, сэтгэл–танин мэдэхүйн хомсдол, гамшиг, осол болон бусад шалтгаанаар өдөр тутмын амьдралын үйлдлийг бие даан гүйцэтгэх боломжгүй, урт, богино хугацааны асаргаа, нөхөн сэргээх, хүмүүнлэгийн оролцоо шаардлагатай хүн, эсвэл өөрөө болон хууль ёсны төлөөлөгч нь асрах үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан хүнийг ойлгоно.
4.1.5. “Үйлчилгээ үзүүлэгч байгууллага” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр асрах үйлчилгээний төрөл, ангиллын дагуу стандарт, хүний нөөц, тоног төхөөрөмжийг хангасан, асрах үйлчилгээ үзүүлж буй байгууллагыг хэлнэ.
4.1.6. “Асаргааны мэргэжилтэн” гэж асрах, нөхөн сэргээх, хүмүүнлэг оролцооны үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдсан, стандарт, ёс зүйн шаардлагыг хангасан ажилтныг хэлнэ.
4.1.7. “Асаргааны хувилбарт үйлчилгээ” гэж асруулагч хүний эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн төрөлжсөн асрамжийн газарт, гэрт нь, асралт гэр бүлд, өдрөөр, цагаар, түр, урт хугацаагаар, байнга асрах үйлчилгээг төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцлөөр үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
4.1.8. “Ахуйн өдөр тутмын асаргаа” гэж архаг өвчнөөс, өндөр наслалт, хөгжлийн бэрхшээлээс болон бусад шалтгааны улмаас өдөр тутмын амьдралын үйлдлийг өөрөө гүйцэтгэх боломжгүй болсон хүнд өдөр тутмын амьдрал, ахуй, бие махбод, сэтгэл зүй, орон байр, хоол тэжээл, хөдөлгөөн, орчны дэмжлэгийг цогцоор нь үзүүлэх үйлчилгээг хэлнэ.
4.1.9. “Нөхөн сэргээх асрах үйлчилгээ” гэж өндөр наслалт болон өвчний улмаас амьдралын чанар, биеийн хөдөлгөөн, танин мэдэхүй, сэтгэл зүйн дутлыг засах, сайжруулах зорилгоор асарч сувилах, хэрэгцээ-шаардлагатай эм, эмнэлгийн болон сэргээн засах үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үйлчилгээг хэлнэ.
4.1.10. “Хүний эрх ба нийгмийн оролцооны дэмжлэг” гэж асарч үйлчлүүлэгчийн нэр төр, эрх, өмч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн харилцаа, соёл, мэдээллийн хүртээмж, оролцоо, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирол арилгах үйлчилгээний цогц арга хэмжээг багтаана.
4.1.11. “Түр асаргаа” гэж асарч буй гэр бүл, асран хамгаалагчид нь амсхийх хугацаа олгох, түр хугацаанд мэргэжлийн орчинд асаргаа үзүүлэх үйлчилгээг хэлнэ.
4.1.12. “Өдөр өнжүүлэх асаргаа” гэж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг өвчтэй хүнд өдөр тутмын хяналт, хоол тэжээл, хөдөлгөөний дэмжлэг, нийгмийн оролцоог хангах зорилготой, оройн унтлагад байршуулахгүй үйлчилгээг ойлгоно.
4.1.13. “Хувилбарт асрах үйлчилгээний төв” гэж ахуйн асаргаа, урт хугацааны нөхөн сэргээх дэмжлэг болон хүмүүнлэг оролцооны үйлчилгээг тасралтгүй, түр, өдрөөр болон цагаар, хөдөлгөөнт хэлбэрээр үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгуулагдсан, тодорхой байгууламж бүхий төвийг хэлнэ.
4.1.14. “Эрсдэлийн үнэлгээ” гэж асруулагч хүний бие махбод, сэтгэл зүй, санхүү, эрхийн эрсдэлийг тодорхойлж, анхаарал, тусламжийн түвшинг тогтоох үнэлгээг хэлнэ.
5 дугаар зүйл. Хувилбарт асрах үйлчилгээг үзүүлэх зарчим
5.1. Хувилбарт асрах үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:
5.1.1. асруулагч хүний амь нас эрсдэлгүй байх;
5.1.2. хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй, харилцаа, хөгжилд сөрөг нөлөөлөл, үр дагаваргүй байх;
5.1.3. асруулагчийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх;
5.1.4. асаргааны хувилбарт үйлчилгээ нь асаргааны мэргэжилтэн, асрах байгууллага, асруулагч хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, хоорондын зөвшилцөл, хамтын хариуцлагын үндсэн дээр нээлттэй, уян хатан байх;
5.1.5. алслагдсан, нийгмийн дэмжлэг шаардагдах бүсэд үйлчилгээ шуурхай хүрч, хүртээмжтэй байх;
5.1.6. түр байр, хөдөлгөөнт нэгжийн орчныг тогтмол үнэлж, аливаа ослоос сэргийлэх, халдвар хамгааллын шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эрсдэлийн хяналттай байх;
5.1.7. үйлчилгээний хэмжээ, орчны нөхцлөөс шалтгаалан стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хоёр жилийн шилжилтийн хугацаанд байгууллагын стандартын шаардлагыг бүрэн хангах;
5.1.8. хувийн нууц, нэр төрийг хамгаалах ба хөдөлгөөнт үйлчилгээ болон түр байранд хувийн орон зай, нууцлалыг хангах нэмэлт зохион байгуулалт хийх;
5.1.9. мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлж, алслагдсан бүсэд үзүүлэх үйлчилгээнд мэргэжлийн ажилтныг тогтмол хангах, сургалт, давтан сургалтыг үүрэгжүүлэх;
5.1.10. санхүүжилт, үнийн ил тод байдлыг хангаж, хувилбарт үйлчилгээний өртөг, худалдан авалт, төрөөс олгох хөнгөлөлт, татаасын мэдээлэл ил тод байх;
5.1.11. асруулагч хүнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад нэн даруй шилжүүлэх;
5.1.12. асрах үйлчилгээ үзүүлэгч төрийн бус хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит бүхий л нөхцөл, хэлбэрээр дэмжих
5.2. Хувилбарт үйлчилгээ нь энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд тус тус заасан үндсэн шаардлагыг хангасан байна. Үйлчилгээний орчин, хөдөлгөөнт үйлчилгээний стандарт шаардлагыг Засгийн газар батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЛБАРТ АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ХЭЛБЭР
6 дугаар зүйл. Хувилбарт асрах үйлчилгээний төрөл
6.1. Хувилбарт асрах үйлчилгээ нь дараах төрлөөс бүрдэнэ:
6.1.1. өдөр тутмын ахуйн асаргаа дэмжлэг;
6.1.2. нөхөн сэргээх асрах үйлчилгээ;
6.1.3. хүний эрх ба нийгмийн оролцооны асаргаа дэмжлэг
6.2. Өдөр тутмын ахуйн асаргаа дэмжлэг нь асруулагч хүний хооллолт, хөдөлгөөн, хувийн ариун цэвэр, харилцаа, орчны хүртээмж, өдөр тутмын амьдралын зохион байгуулалт зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
6.3. Нөхөн сэргээх асрах үйлчилгээ нь асруулагч хүний бие, амьдралын чанар, хөдөлгөөн, танин мэдэхүйн чадвар, сэтгэл зүй, өвчний удирдлагыг сайжруулах зорилгоор сэргээн засах, сувилах, эмийн хяналттай үйлчилгээ зэргээр үйлчлэхэд чиглэнэ.
6.4. Хүний эрх ба нийгмийн оролцооны асаргаа дэмжлэгт асруулагч хүний нэр төр, эрх, өмч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн харилцаа, соёл, мэдээллийн хүртээмж, оролцоо, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирол арилгах үйлчилгээний цогц арга хэмжээг багтаана.
6.5. Хувилбарт асрах үйлчилгээний төрөл нь тус тусдаа эсвэл хосолмол байдлаар хэрэгжиж болно.
7 дугаар зүйл. Хувилбарт асрах үйлчилгээний ангилал
7.1. Хувилбарт асрах үйлчилгээ нь асруулагч хүний хэрэгцээ, бие даах чадварын түвшин, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн дараах хугацааны ангилалтай байна.
7.1.1. цагийн, өдрийн үйлчилгээ;
7.1.2. түр үйлчилгээ (30 хүртэл хоног);
7.1.3. дунд хугацааны үйлчилгээ (1–6 сар);
7.1.4. урт хугацааны үйлчилгээ (6 сараас дээш).
7.2. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага, сонголтоос хамаарч үйлчилгээ нь дараах хэлбэртэй байж болно.
7.2.1. гэрт нь үйлчилгээ үзүүлэх;
7.2.2. байршуулан үзүүлэх үйлчилгээ;
7.2.3. явуулын буюу хөдөлгөөнт хэлбэрээр үзүүлэх үйлчилгээ;
7.3. Энэ хуулийн 7.1.1-д заасан үйлчилгээг үйлчлүүлэгчийн гэрт нь, хөдөлгөөнт явуулын хэлбэрээр болон байршуулан үзүүлж болно.
7.4. Гэрт нь үзүүлэх үйлчилгээ нь асаргааны мэргэжилтэн болон дэмжлэг үзүүлэх баг асруулагчийн оршин суугаа газарт очиж үйлчилгээ үзүүлэх хэлбэр юм.
7.5. Байршуулан үзүүлэх үйлчилгээ нь хувилбарт асрах үйлчилгээний төв, асаргаа, нөхөн сэргээх төв болон холбогдох байгууллагад тусгайлан тогтоосон стандартын дагуу үзүүлэх үйлчилгээний хэлбэр юм.
7.6. Явуулын үйлчилгээг алслагдсан болон хүртээмжгүй бүсэд асаргааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн засаг захиргааны нэгжийн оролцоотойгоор, хөдөлгөөнт баг, хөдөлгөөнт нэгж, асаргааны мэргэжилтэн шаардлага хангасан түр төв, түр байранд үзүүлж болно.
7.7. Өдөр өнжүүлэх үйлчилгээ нь асруулагчийг оройн унтлагад байршуулалгүйгээр өдөрт 8-12 цагийн хугацаанд үйлчилгээнд хамруулах хэлбэр юм.
7.8. Төрөөс үзүүлэх хувилбарт асрах үйлчилгээ, хувийн хэвшлээс төрийн худалдан авах үйлчилгээний зардал, үзүүлэх хөнгөлөлт , даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
8 дугаар зүйл. Асрах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
8.1. Асрах үйлчилгээний бүх төрөл, ангилал, хэлбэр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
8.1.1. хүний эрх, нэр төр, хувийн нууц, мэдээллийн нууцлалын хамгаалалтыг ханган ажиллах;
8.1.2. эрүүл мэндийн дэмжлэг, халдвар хамгаалал, эмийн хяналтын шаардлагыг ханган ажиллах;
8.1.3. аюулгүй хүнс, зохистой хоол тэжээлээр хангах;
8.1.4. сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, ялгаварлан гадуурхахгүй байх;
8.1.5. хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах болон амьдрах орчны тохируулгатай байх;
8.1.6. осол аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх;
8.1.7. үйлчилгээний талаарх баримтжуулалт, үйл ажиллагааны хөтлөлтийг тогтмол хийх;
8.1.8. хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр, дотоод хяналтын журамтай, ажилтнуудтай ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулсан байх;
8.1.9. хүчирхийллээс урьдчилан сэргийлж, энэ талаарх тохиолдол бүрийг заавал мэдээлэхийг үүрэгжүүлсэн байх.
9 дүгээр зүйл. Асрах үйлчилгээнд тавигдах тусгай шаардлага
9.1. Гэрт нь үзүүлэх үйлчилгээ нь дараах шаардлагыг хангасан байна.
9.1.1. үйлчилгээ үзүүлэгч болон асруулагч хүн, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч хооронд гэрээ, эрсдэлийн үнэлгээний протокол байгуулсан байх;
9.1.2. асруулагчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүдийн оролцооны үүргийг тодорхойлсон байх;
9.1.3. үйлчилгээ үзүүлэх хугацаанд асаргааны мэргэжилтний биечлэн оролцоо хангагдсан байх;
9.1.4. эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагатай шуурхай холбоо тогтоосон байх;
9.1.5. үйлчилгээний баримтжуулалт, эрсдэлийн тэмдэглэл, сунгалтын үндэслэлийг нэгдсэн мэдээллийн системд бүртгэх.
9.2. Байршуулан үзүүлэх үйлчилгээнд дараах шаардлага тавигдана.
9.2.1. эрүүл ахуй, халдвар хамгаалал, галын болон цахилгааны аюулгүй байдлын дүрэм, стандартыг бүрэн хангасан байр, тоног төхөөрөмжтэй байх;
9.2.2. үйлчлүүлэгчийн хувийн орон зай, нууцлалыг хангах дэд зохион байгуулалттай байх;
9.2.3. сэргээн засах, хоол тэжээл, эрсдэлийн үнэлгээг хариуцах мэргэжлийн баг, ахлах мэргэжилтэнтэй байх;
9.2.4. үйлчилгээний санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, төлбөр, хандив, даатгалын санхүүжилтийг тусгаарлан бүртгэдэг байх;
9.2.5. ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөртэй байх;
9.2.6. хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцооны хөтөлбөртэй байх.
9.3. Явуулын үйлчилгээ (түр, хөдөлгөөнт, модуль хэлбэр) нь дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
9.3.1. үйл ажиллагааны эхний хугацаанд түр зөвшөөрөлтэй байж болох бөгөөд энэ тохиолдолд хоёр жилийн дотор байгууллагын стандартыг үе шаттайгаар хангах;
9.3.2. үйлчилгээний орчинд халдвар хамгаалал, галын болон цахилгааны аюулгүй байдлыг шуурхай үнэлэх аргачлалтай байх;
9.3.3. хүнд болон яаралтай эрсдэлийн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай шилжүүлэх протоколтой байх;
9.3.4. алслагдсан, хүн амын нягтрал багатай бүсэд чиглэсэн хүртээмжийн бодлогын дагуу тухайн засаг захиргааны нэгжтэй нягт хамтран ажиллах;
9.3.5. мэргэжлийн хүний нөөцийн тогтмол хангалт, давтан сургалтын төлөвлөгөөтэй байх.
9.4. Өдөр өнжүүлэх хэлбэрээр үзүүлэх үйлчилгээнд дараах шаардлага тавигдана:
9.4.1. өдрийн үйлчилгээг асрах үйлчилгээ авах хүний санал хүсэлтээр уян, хатнаар үзүүлэх боломжтой байх;
9.4.2. оройн унтлагын байршуулалт хийхгүйгээр өдөрт 8–12 цагийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх;
9.4.3. хоол хүнс, эрүүл мэндийн дэмжлэг, сэтгэл зүйн болон нийгмийн оролцооны хөтөлбөрийг өдрийн багц үйлчилгээ болгон хэрэгжүүлэх;
9.4.4. асруулан үйлчлүүлэх хүнийг өглөө хүлээн авч, орой гэр бүл, хууль ёсны төлөөлөгчид нь хүлээлгэн өгөх системтэй байх;
9.4.5. ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөртэй байх;
9.4.6. өдөр өнжүүлэх үйлчилгээнд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцооны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
10 дугаар зүйл. Асруулагч хүний эрх, үүрэг
10.1. Асруулагч нь үйлчилгээ авахдаа дараах эрх эдэлнэ.
10.1.1. үйлчилгээний төрөл, ангилал, хэлбэр, үйлчлэгч байгууллагыг чөлөөтэй сонгох;
10.1.2. эд хөрөнгө, санхүүгийн хамгаалалттай байх;
10.1.3. хүчирхийллийн эсрэг хамгаалалтад хамрагдах;
10.1.4. эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх.
10.2. Асрах үйлчилгээнд хамрагдах хүний үүрэг
10.2.1. асруулагч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндийн байдал, эмийн хэрэглээ, харшил, өвчний түүх, халдварт шинж тэмдэг, эмчилгээний зааврын талаарх мэдээллийг үнэн зөв, бүрэн мэдээлэх үүрэгтэй.
10.2.2. асрах үйлчилгээ үзүүлэх байгууллага, асаргааны мэргэжилтэнтэй хамтран ажиллах, зөвшилцөх үндсэн дээр үйлчилгээ авах;
10.2.3. үйлчилгээний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх;
10.2.4. үйлчилгээний үйл явц, дэглэм, эмийн хэрэглээ, хоол тэжээлийн зохицуулалтыг мэргэжлийн ажилтны зааврын дагуу дагаж мөрдөх;
10.2.5. бусдын нэр төр, хэвийн амьдрах орчин, сэтгэл зүйн аюулгүй байдалд хохирол учруулахгүй байх;
10.2.6. хувийн эрүүл мэнд, харшил, өвчний түүх, хэрэглэж байгаа эмийн мэдээллийг үнэн зөв мэдүүлэх;
10.2.7. байгууллагын өмч, үйлчилгээний тоног төхөөрөмжийг эвдэх, зориудаар гэмтээх, буруу хэрэглэхээс зайлсхийх;
10.2.8. хүчирхийлэл, үл хайхрал, ялгаварлал, эрсдэлийн бусад нөхцөл илэрсэн тохиолдолд заавал мэдээлэх;
10.2.9. халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, эмчилгээ хэвийн бус болсон нөхцөлд шуурхай мэдээлэх;
10.2.10. төлбөртэй үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ
11 дүгээр зүйл. Асрах үйлчилгээ үзүүлэгчийн эрх
11.1. Асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон асаргааны мэргэжилтэн нь дараах эрх эдэлнэ.
11.1.1. үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйлчилгээний үнийн бодлогыг тодорхойлохдоо шударга ёс, хүмүүнлэг зарчимд нийцүүлэн, зах зээлийн бодит үнэд үндэслэх;
11.1.2. асруулагчийн эрүүл мэнд, сэтгэл зүй, аюулгүй байдалд ноцтой эрсдэлийн шинж тэмдэг илэрвэл үйлчилгээг зогсоож, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх;
11.1.3. асруулагчийн хувийн мэдээллийг хуульд заасан хүрээнд хамгаалах, нууцлах;
11.1.4. гэрээний нөхцөл зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй;
11.1.5. асруулагч, түүний төлөөлөгч нь худал, дутуу, ташаа мэдээлэл өгсөн, эмийн хэрэглээг нуун дарагдуулсан, эсхүл заавал мэдээлэх ёстой эрсдэлийг мэдээлээгүйгээс болж учирсан эрсдэлийг зохицуулах асуудлыг нийгмийн халамж хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйл. Асрах үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
12.1. Асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, асаргааны мэргэжилтэн нь дараах эрх эдэлнэ.
12.1.1. асруулагчид өдөр тутмын амьдралд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг мэргэжлийн стандартын дагуу үзүүлэх;
12.1.2. үйлчилгээ үзүүлэгч нь хууль тогтоомж, үйлчилгээний стандарт, эрүүл мэнд, сэтгэл зүйн мэдлэг, ур чадвар олгох сургалтад хамрагдсан байна. Ажлын тайлангаа холбогдох байгууллагад хүргүүлж, үнэлгээ авна.
12.1.3. эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл зүй, хөдөлгөөн, амрах нөхцлийг хангаж, халдвар хамгааллын болзол, шаардлагыг чанд мөрдөх;
12.1.4. асрах үйлчилгээг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан цахимаар, гэрт нь очиж эсвэл зориулалтын байранд, байнга байршуулах зэрэг хэлбэрээр үзүүлж болно;
12.1.5. үйлчилгээний явц, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж үр дүнг бүртгэх;
12.1.6. эрүүл мэндийн байгууллагатай мэдээллийн солилцоог хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх;
12.1.7. асрах үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь асрах үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулна;
12.1.8. үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний үндсэн дээр үйлчилгээг үзүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУВИЛБАРТ АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
13 дугаар зүйл. Хувилбарт асрах төв байгуулах эрх, зөвшөөрөл
13.1. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага хувилбарт асрах үйлчилгээний төв байгуулах эрхтэй бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж, холбогдох шаардлагыг хангасан байна.
13.2. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зөвшөөрлүүд, түүний баримт бичгийн бүрдүүлэлтийн шаардлагыг нийгмийн халамж болон холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.3. Хувилбарт асрах үйлчилгээний төвийг Нийгмийн халамжийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасны дагуу 3 жил тутамд сунгаж, магадлан итгэмжлүүлнэ.
13.4. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулах нөхцөл шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт гаргуулахаар сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргана.
13.5. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 8,9 дүгээр зүйлд тус тус заасан нөхцөл, шаардлага болон баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхийг 14 хоногийн дотор хянан магадлаж, дүгнэлтийг баримт, бичгийн хамт, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан гаргана.
13.6. Энэ хуулийн 8,9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга дүгнэлт гаргахад орон нутгийн халамж хариуцсан төрийн захиргааны байгууллага арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
13.7. Хувилбарт асрах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
14 дүгээр зүйл. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн барилга, орчны шаардлага, стандарт
14.1. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн барилга, модуль, түр байр болон хөдөлгөөнт байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1. гал, цахилгаан, эрүүл ахуй, халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээ, хамгаалалтын шийдэл бүхий байгуулалт, бүтэцтэй байх;
14.1.2. цахилгаан, дулаан хангамж болон агааржуулалт, бохирын систем нь Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн, бие даасан шийдэл, ажиллагаатай байх;
14.1.3. асруулагч хүний хувийн орон зайг тусгаарлах хөшиг, тасалгаа, хаалт, нууцлалын зохион байгуулалт бүхий бүсчлэлтэй байх;
14.1.4. амьдрах орчин нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломж хүртээмжтэй байх (лампа, бариул, налуу зам, дохиолол, ариун цэврийн зохицуулалт);
14.1.5. халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн болон ослын эрсдэлтэй иргэнийг түр тусгаарлах өрөө эсвэл зориулалтын зохион байгуулалттай байх;
14.1.6. эрүүл мэндийн байгууллагатай холбоо тогтоох, яаралтай тусламжид шилжүүлэх протокол, тээвэрлэлтийн боломж, хүртээмжтэй байх;
14.1.7. барилга байгууламжийг өргөтгөх, нүүлгэн шилжүүлэх болон аюулгүй байдалд нийцүүлэн солих боломжтой техникийн зураглал, шийдэлтэй байх.
15 дугаар зүйл. Хөдөлгөөнт асрах үйлчилгээний төв
15.1. Улсын хэмжээнд асаргааны хүртээмжийг сайжруулах зорилгоор хөдөлгөөнт хэлбэрийн асрах төв ажиллуулж болно.
15.2. Хөдөлгөөнт хувилбарт асрах үйлчилгээний төв нь II-IV түвшний үйлчилгээ авах иргэдэд түр хугацааны цогц асаргаа үзүүлнэ.
15.3. Хувилбарт болон шинээр байгуулагдаж буй төвд 24 сарын хугацаатай түр зөвшөөрөл олгож болно.
15.4. Түр зөвшөөрөлтэй төв нь стандартын биелэлтийг шат дараатай хангах төлөвлөгөөтэй байна.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХУВИЛБАРТ АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
16 дугаар зүйл. Удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчим
16.1. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн удирдлага, зохион байгуулалт нь хүний эрх, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад чиглэнэ.
16.2. Хувилбарт асрах үйлчилгээний төв нь төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоонд тулгуурласан нээлттэй, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоотой байна.
16.3. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн удирдлага, зохион байгуулалт нь нийгмийн халамжийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас тусгаарлагдсан байна.
17 дугаар зүйл. Төрийн чиг үүрэг
17.1. Төр нь хувилбарт асрах үйлчилгээний төвийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1. асрах үйлчилгээний бодлого, стандарт, шаардлага тогтоох;
17.1.2. үйл ажиллагааны зөвшөөрөл, магадлан итгэмжлэл олгох;
17.1.3. асруулах хүнийг тодорхойлох нэгдсэн журам батлах;
17.1.4. үйлчилгээний чанар, хүний эрх, аюулгүй байдлын хяналт хэрэгжүүлэх;
17.1.5. төрийн худалдан авалт, санхүү, даатгалын дэмжлэгийн бодлого хэрэгжүүлэх.
17.2. Төр хувилбарт асрах үйлчилгээний төвийн өдөр тутмын удирдлага, үйл ажиллагаанд дангаар шууд оролцохыг хориглоно.
18 дугаар зүйл. Асруулах хүнийг тодорхойлох, ангилах журам
18.1. Хувилбарт асрах үйлчилгээний төвд хамруулах хүнийг тухайн сум, дүүргийн нийгмийн халамжийн ажилтан тодорхойлно.
18.2. Асруулах хүнийг тодорхойлохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ:
18.2.1. нийгмийн халамжийн ажилтны үнэлгээ, санал;
18.2.2. эрүүл мэндийн байгууллагын эмчийн тодорхойлолт, дүгнэлт.
18.3. Асруулах хүнийг үйлчилгээний төрлөөр дараах байдлаар ангилна:
18.3.1. ахуйн асрах үйлчилгээ – өдөр тутмын амьдралын үйл явцад нь дэмжлэг шаардлагатай хүн;
18.3.2. нөхөн сэргээх асрах үйлчилгээ – эмчийн дүгнэлтээр нөхөн сэргээх, сэргээн засах дэмжлэг шаардлагатай хүн.
18.4. Нөхөн сэргээх асрах үйлчилгээний ангилалд хамруулах хүнийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн дүгнэлтгүйгээр тодорхойлохыг хориглоно.
18.5. Асруулах хүнийг тодорхойлох, шилжүүлэх, үйлчилгээний төрлийг өөрчлөх журмыг Засгийн газар батална.
19 дүгээр зүйл. Хамтын удирдлага, гүйцэтгэлийн зохицуулалт
19.1. Төр хувилбарт асрах үйлчилгээний төвийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг дангаар болон бусад этгээдтэй хамтран хэрэгжүүлж болно.
19.2. Төвийн удирдлага, зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын удирдлага, гүйцэтгэлийн зохицуулалтын үндсэн дээр хэрэгжүүлнэ.
19.3. Хамтын удирдлага, гүйцэтгэлийн зохицуулалт нь гэрээний зохицуулалтаар 3–10 жилийн хугацаатай байна.
19.4. Бодлого, стандарт, хяналтын чиг үүрэг төрд хадгалагдана.
19.5. Ашгийн бус, нийгэмд үйлчлэх дүрмийн зорилготой төрийн бус байгууллагад давуу эрх олгож болно.
20 дугаар зүйл. Дотоод удирдлагын бүтэц
20.1. Хувилбарт асрах үйлчилгээний төв нь дараах дотоод удирдлагын бүтэцтэй байна: удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага;
20.1.1. мэргэжлийн багийн ахлах зохицуулагч;
20.1.2. хүний эрх, нууцлалын хяналтын ажилтан.
20.1.3. эдгээр чиг үүргийг нэг этгээд давхар гүйцэтгэхийг хориглоно.
21 дүгээр зүйл. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
21.1. Төвийн удирдлага, удирдах зөвлөл, хүний эрхийн хяналтын ажилтан нь ашиг сонирхлын зөрчилгүй байна.
21.2. Зөвшөөрөл, хяналтын чиг үүрэг бүхий төрийн албан тушаалтан төвийн удирдлагад оролцохыг хориглоно.
22 дугаар зүйл. Онцгой нөхцлийн үеийн удирдлага
22.1. Гамшиг, халдварт өвчин, байгалийн эрсдэл үүссэн тохиолдолд хувилбарт асрах үйлчилгээний төв нь түр нүүлгэн шилжүүлэх, үйлчилгээний хэлбэрийг өөрчлөх зохицуулалт хэрэгжүүлнэ.
22.2. Онцгой нөхцөлийн үеийн удирдлага, зохион байгуулалтын журмыг Засгийн газар батална.
23 дугаар зүйл. Ил тод байдал, тайлагнал
23 зүйл. 1 Хувилбарт асрах үйлчилгээний төв нь жил бүр үйлчилгээний чанар, хүний эрхийн хэрэгжилт, санхүүжилтийн товч тайланг олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ, САНХҮҮЖИЛТ
24 дүгээр зүйл. Төрөөс дэмжлэг үзүүлэх үндсэн зарчим
24.1. Төр асрах үйлчилгээг нийгмийн зайлшгүй шаардлагатай, мэргэжлийн үйлчилгээ хэмээн үзэж, хүртээмж, чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.
24.2. Төрөөс үзүүлэх дэмжлэг нь үйлчилгээний чанар, хүний эрх, аюулгүй байдлын шалгуурыг хангасан тохиолдолд олгогдоно.
24.3. Төрөөс үзүүлэх дэмжлэг нь нийгмийн халамжийн тэтгэмжтэй давхцаагүй үйлчилгээ, худалдан авалт, барилга байгууламж, дэд бүтцийг дэмжих хэлбэртэй байна.
25 дугаар зүйл. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын дэмжлэг
25.1. Хувилбарт асрах үйлчилгээний төвийн зориулалтаар газар олгож болно.
25.2. Төр нь хувилбарт асрах үйлчилгээний төвийн барилга, модуль байгууламж, дэд бүтэц, суурь тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг дангаар болон бусад этгээдтэй хамтран санхүүжүүлж, байгуулж, ажиллуулж болно.
25.3. Төрийн өмчийн ашиглагдаагүй барилга, газар, дэд бүтцийг хувилбарт асрах үйлчилгээний төвийн зориулалтаар тодорхой хугацаанд ашиглуулах боломж олгож болно.
25.4. Төрөөс дэмжлэг үзүүлэхдээ орон нутгийн хэрэгцээ, хүртээмж, эрсдэлийн үнэлгээг харгалзан үзнэ.
26 дугаар зүйл. Үйлчилгээ худалдан авах, санхүүгийн дэмжлэг
26.1. Төр нь хувилбарт асрах үйлчилгээний төвөөс ахуйн асрах үйлчилгээ болон нөхөн сэргээх асрах үйлчилгээ худалдан авч болно.
26.2. Үйлчилгээг худалдан авахдаа дараах шалгуурыг харгалзан үзнэ:
26.2.1. үйлчилгээний төрөл;
26.2.2. үйлчилгээний хугацаа, эрсдэлийн түвшин;
26.2.3. үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн түвшин;
26.2.4. орон нутгийн хэрэгцээ, хүртээмж.
26.3. Үйлчилгээ худалдан авах гэрээ нь гүйцэтгэлд суурилсан, хугацаатай байна.
27 дугаар зүйл. Татвар, төлбөр, зардлын хөнгөлөлт
27.1. Төр нь асрах үйлчилгээ эрхлэгчдэд дараах дэмжлэг үзүүлж болно:
27.1.1. татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
27.1.2. нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хөнгөлөлт;
27.1.3. ус, дулаан, цахилгаан, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлт;
27.1.4. түрээсийн төлбөрийн хөнгөлөлт.
27.2. Хөнгөлөлт, дэмжлэг олгох нөхцөл, хэмжээг Засгийн газар батална.
28 дугаар зүйл. Эрсдэлийн болон онцгой нөхцөлийн дэмжлэг
28.1. Алслагдсан, хүн амын нягтрал багатай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хувилбарт асрах үйлчилгээний төвд төрөөс эрсдэлийн сан, нэмэлт дэмжлэг үзүүлж болно.
28.2. Гамшиг, халдварт өвчин, онцгой нөхцлийн үед төр нь үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.
29 дүгээр зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэгийн хяналт, хязгаарлалт
29.1. Төрөөс үзүүлэх дэмжлэг үйлчилгээний чанар, хүний эрхийн зөрчил гаргасан байгууллагад олгогдохгүй.
29.2. Дэмжлэг авсан байгууллага нь зориулалтын бусаар ашигласан тохиолдолд буцаан төлнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУВИЛБАРТ АСРAХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ,
30 дугаар зүйл. Хүний нөөцийн зохицуулалтын үндсэн зарчим
30.1. Асрах үйлчилгээний хүний нөөц нь үйлчилгээний төрөл, эрсдэлийн түвшин, асаргаа авах иргэний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн чадавхтай байна.
30.2. Асрах үйлчилгээний хүний нөөц нь ахуйн асрах үйлчилгээний болон нөхөн сэргээх асрах үйлчилгээний чиглэлээр ялгаатайгаар зохицуулагдана.
30.3. Хүний нөөцийн зохицуулалт нь нийгмийн халамжийн ажилтны чиг үүрэгтэй давхцахгүй байна.
31 дүгээр зүйл. Ахуйн асрах үйлчилгээний хүний нөөц
31.1. Ахуйн асрах үйлчилгээ нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд дараах хүний нөөцөөр хэрэгжинэ:
31.1.1. асаргааны мэргэжилтэн;
31.1.2. асаргааны ахлах мэргэжилтэн;
31.1.3. нийгмийн ажилтан (дэмжих чиг үүрэгтэй).
31.2. Ахуйн асрах үйлчилгээний ажилтан нь мэргэжлийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
31.3. Ахуйн асрах үйлчилгээний ажилтан нь оношлох, эмчилгээ хийх, эмийн заалт өөрчлөх эрхгүй.
32 дугаар зүйл. Ахуйн асрах үйлчилгээний сургалт, зөвшөөрөл
32.1. Ахуйн асрах үйлчилгээний ажилтны сургалтын агуулга, үргэлжлэх хугацаа, үнэлгээний шалгуур, гэрчилгээ олгох журмыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
32.2. Асаргааны мэргэжилтэн нь батлагдсан сургалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд асрах үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.
32.3. Сургалт нь дараах чиглэлийг заавал хамарна:
32.3.1. хүний эрх, нэр төр, ёс зүй болон холбогдох хууль тогтоомж;
32.3.2. эрүүл ахуй, халдвар хамгаалал;
32.3.3. өдөр тутмын асаргаа, хөдөлгөөний дэмжлэг;
32.3.4. эрсдэлийг таних, мэдээлэх үүрэг;
32.3.5. сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг.
33 дугаар зүйл. Нөхөн сэргээх асрах үйлчилгээний хүний нөөц
33.1. Нөхөн сэргээх асрах үйлчилгээ нь эрүүл мэндийн мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн хэрэгжих бөгөөд ахуйн асаргааны хүний нөөцийн ердийн шаадлагыг хангасан байхаас гадна дараах мэргэжлийн хүний нөөцтэй байна.
33.1.2. сэргээн засах эмч;
33.1.4. хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэргээх засалч.
33.2. Нөхөн сэргээх, асрах үйлчилгээний хүний нөөц нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн зөвшөөрөлтэй байна.
33.3. Нөхөн сэргээх, асрах үйлчилгээ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжтой нийцсэн байна.
34 дүгээр зүйл. Сургалтын байгууллагатай хамтран ажиллах
34.1. Асрах үйлчилгээний хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах зорилгоор төр нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагатай хамтран ажиллаж болно.
34.2. Хамтын ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
34.2.1. сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах;
34.2.2. дадлага, туршлагын суурь төв байгуулах;
34.2.3. багш, сургагч бэлтгэх;
34.2. 4мэргэжлийн стандартыг шинэчлэх.
34.3. Асрах үйлчилгээний сургалтын хөтөлбөрийг боловсруулах, батлахдаа олон улсын сайн туршлагыг харгалзан үзнэ.
35 дугаар зүйл. Хүний нөөцийн бүртгэл, хяналт
35.1. Асрах үйлчилгээний хүний нөөцийн нэгдсэн бүртгэлийг төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.
35.2. Хүний нөөцийн мэргэжлийн чадвар, сургалт, гэрчилгээний хүчинтэй байдлыг тогтмол хянана.

АРАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, ТӨЛБӨРИЙН ТОГТОЛЦОО
36 дугаар зүйл. Санхүүжилтийн үндсэн зарчим
36.1. Урт хугацааны асрах үйлчилгээний санхүүжилт, төлбөрийн тогтолцоо нь хүртээмж, чанар, тогтвортой байдлыг хангах, асарч үйлчлүүлэх хүний эрх ашгийг хамгаалахад чиглэнэ.
36.2. Асрах үйлчилгээний санхүүжилт нь нийгмийн халамжийн тэтгэмжтэй адилтгахгүй бөгөөд үйлчилгээний бодит өртөг, чанарт суурилна.
36.3. Санхүүжилт, төлбөрийн тогтолцоо нь үйлчилгээний төрөл (ахуйн асрах, нөхөн сэргээх асрах), үргэлжлэх хугацаа, эрсдэлийн түвшинг харгалзан харилцан адилгүй байж болно.
37 дугаар зүйл. Санхүүжилтийн эх үүсвэр
37.1. Асрах үйлчилгээний санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
37.1.1. улсын болон орон нутгийн төсөв, төсвөөс хуулийн дагуу олгосон дэмжлэг;
37.1.2. төрөөс үйлчилгээ худалдан авах санхүүжилт;
37.1.3. үйлчлүүлэгчийн төлсөн төлбөр;
37.1.4. асрах үйлчилгээний даатгал
37.1.5. олон улсын байгууллага, хандив, төслийн санхүүжилт;
37.1.6. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
38 дугаар зүйл. Төрөөс үйлчилгээ худалдан авах
38.1. Төр хувилбарт асрах үйлчилгээний төвөөс ахуйн асрах үйлчилгээ болон нөхөн сэргээх асрах үйлчилгээ худалдан авч болно.
38.2. Үйлчилгээ худалдан авах гэрээ нь дараах үндэслэлтэй байна:
38.2.1. сум, дүүргийн түвшинд тодорхойлогдсон хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээ;
38.2.2. үйлчилгээний төрөл, хэлбэр, хугацаа, багц;
38.2.3. үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн шалгуур;
38.2.4. магадлан итгэмжлэлийн түвшин.
38.3. Үйлчилгээ худалдан авах төлбөр нь гүйцэтгэлд суурилсан, хугацаатай байна.
39 дүгээр зүйл. Иргэний төлбөр
39.1. Асруулагч нь авсан үйлчилгээний бодит өртөгт нийцсэн төлбөр төлнө.
39.2. Үйлчилгээний төлбөрийг дараах хүчин зүйлийг харгалзан тогтооно:
39.2.1. үйлчилгээний ангилал;
39.2.2. үйлчилгээний төрөл, хэлбэр, хугацаа, эрчим;
39.2.3. асруулагчийн төлбөрийн чадвар.
39.3. Төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс үйлчилгээ худалдан авах хэлбэрээр дэмжлэг үзүүлж болно.
40 дүгээр зүйл. Асрах үйлчилгээний даатгал
40.1. Асрах үйлчилгээний даатгал нь асрах үйлчилгээний санхүүжилтийг дэмжих, эрсдэлээс хамгаалах сайн дурын тогтолцоо байна.
40.2. Асрах үйлчилгээний даатгалын хэлбэр, хамрах хүрээ, зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно.
41 дүгээр зүйл. Эрсдэлийн болон онцгой нөхцөлийн санхүүжилт
41.1. Алслагдсан, хүн амын нягтрал багатай бүс нутагт асрах үйлчилгээний хүртээмжийг хангах зорилгоор төрөөс эрсдэлийн санхүүжилт олгож болно.
41.2. Гамшиг, халдварт өвчин, онцгой нөхцлийн үед асрах үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор нэмэлт санхүүжилт олгож болно.
42 дугаар зүйл. Санхүүжилт, төлбөрийн хяналт, ил тод байдал
42.1. Асрах үйлчилгээний санхүүжилт, төлбөрийн зарцуулалт нь ил тод, зориулалтын дагуу байна.
42.2. Төрөөс санхүүжилт авсан байгууллага нь тайлагнал, аудитад заавал хамрагдана.
42.3. Санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд дэмжлэгийг буцаан төлүүлэх, гэрээг цуцлах үндэслэл болно.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ШИЛЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮЕ ШАТ
43 дугаар зүйл. Хуулийг хэрэгжүүлэх шилжилтийн зохицуулалт
43.1. Энэ хууль хүчин төгөлдөр болох үед асрах үйлчилгээ үзүүлж байгаа төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага нь уг хуулийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа шилжилтийн хугацаанд зохицуулна.
43.2. Шилжилтийн хугацаа нь хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилээс илүүгүй байна.
43.3. Шилжилтийн хугацаанд дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ:
43.3.1. үйлчилгээний төрөл, хэлбэрийн ангиллыг шинэчлэн тогтоох;
43.3.2. хүний нөөцийн мэргэшил, сургалтыг хангах;
43.3.3. зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэх;
43.3.4. санхүүжилт, төлбөрийн шинэ тогтолцоонд шилжих.
44 дүгээр зүйл. Одоогийн асаргаа үзүүлэгчдийн зохицуулалт
44.1. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө асрах үйлчилгээ үзүүлж байсан этгээд нь шилжилтийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж болно.
44.2. Шилжилтийн хугацаанд уг этгээдэд дараах дэмжлэгийг үзүүлж болно:
44.2.1. сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ;
44.2.2. зөвшөөрөл, гэрчилгээ авахад чиглэсэн зөвлөмж;
44.2.3. үе шаттай стандарт хангах боломж.
44.3. Шилжилтийн хугацаа дуусахад шаардлагыг хангаагүй байгууллага нь асрах үйлчилгээ үзүүлэх эрхгүй болно.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
45 дүгээр зүйл. Хуулийг зөрчсөнд хүлээлгэх хариуцлага
45.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
45.2. Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно:
45.2.1. зөвшөөрөлгүйгээр асрах үйлчилгээ үзүүлэх;
45.2.2. үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ноцтой зөрчих;
45.2.3. асарч үйлчлүүлэх иргэний эрх, нэр төрийг зөрчих;
45.2.4. санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглах.
46 дугаар зүйл. Үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эрх хасах
46.1. Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд асрах үйлчилгээ үзүүлэх эрхийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авна.
46.2. Эрх түдгэлзүүлэх, цуцлах үндэслэл, журмыг Засгийн газар батална.
47 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх
47.1. Асрах үйлчилгээтэй холбоотой маргааныг эхлээд эвлэрүүлэн зуучлах, дотоод хяналтын журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
47.2. Эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлээгүй маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
48 дугаар зүйл. Асаргаа үзүүлэгчийг хамгаалах зохицуулалт
48.1. Асруулагч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс худал, ташаа, дутуу мэдээлэл өгсөн, өвчний болон эмчилгээний түүхээ нуун дарагдуулснаас үүдэн гарсан хор уршгийг асаргаа үзүүлэгч хариуцахгүй.
48.2. Асруулагч, эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнд тусгаж зохицуулаагүй аливаа асуудлаар үйлчилгээ үзүүлэгчээс нэмэлт үйлчилгээ, хариуцлага шаардахыг хориглоно.
48.3. Энэ заалт нь асаргаа үзүүлэгч нь мэргэжлийн стандарт, протоколыг мөрдсөн тохиолдолд хүчин төгөлдөр байна.

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
49 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
49.1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Иргэний хууль болон Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
50 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
50.1. Энэ хуулийг 202... оны __ дугаар сарын __ ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Д. ЭНХТУЯА

Д. ЭНХТУЯА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх