Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 4-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж
2.1. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нийгмийн сүлжээнд насны хязгаартай хэрэглэгчийн оролцоог зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
3.2. Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүүхдийн талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түгээхтэй холбогдсон харилцаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “насны хязгаартай хэрэглэгч” гэж 16 нас хүрээгүй Монгол Улсын иргэнийг;
4.1.2. “насны хязгаартай нийгмийн сүлжээ” гэж энэ хуулийн 5.1-т заасныг;
4.1.3. “насны хязгаартай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.2-т заасан “насны хязгаартай нийгмийн сүлжээ” эрхлэгч хүн, хуулийн этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАСНЫ ХЯЗГААРТАЙ НИЙГМИЙН СҮЛЖЭЭ, ТҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ
5 дугаар зүйл. Насны хязгаартай нийгмийн сүлжээ, түүний үйлчилгээ эрхлэгчийн үүрэг
5.1. Дараах нөхцөлийг хангасан нийгмийн сүлжээг насны хязгаартай нийгмийн сүлжээнд хамруулна.
5.1.1. үйлчилгээний үндсэн зорилго нь хоёр ба түүнээс олон хэрэглэгч хоорондоо цахим орчинд нийгмийн харилцаа үүсгэдэг,
5.1.2. үйлчилгээ нь хэрэглэгчдэд зарим эсвэл бүх хэрэглэгчидтэй холбоо тогтоох буюу харилцах боломжийг бий болгодог,
5.1.3. Үйлчилгээ нь хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл, видео болон бусад төрлийн контент байрлуулах боломжийг олгодог,
5.1.4. хуульд заасан бусад нөхцөлүүд.
Тайлбар: Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид цахим бизнесийн харилцаа орохгүй
5.2. Насны хязгаартай нийгмийн сүлжээнд 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэхийг хориглоно.
5.3. Насны хязгаартай нийгмийн сүлжээ эрхлэгч 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэхээс сэргийлэх болон хүүхдийн мэдээллийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй:
5.3.1. хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи ашиглах;
5.3.2. хэрэглэгчийн нас баталгаажуулахад иргэний үнэмлэх эсхүл бусад баримт ашиглах сонголттой байх;
5.3.3. хэрэглэгчийн нас баталгаажуулах зорилгоор ашигласан, цуглуулсан мэдээ, мэдээллийг нэн даруй устгах бөгөөд аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулах, худалдахыг хориглоно;
5.4. Насны хязгаартай нийгмийн сүлжээ эрхлэгч нь хэрэглэгчийг танин мэдэх зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллаж болно.
6 дугаар зүйл. Бусад этгээд хүүхдийн аюулгүй байдлыг хангах
6.1. Аливаа этгээд насны хязгаартай нийгмийн сүлжээнд 16 нас хүрээгүй хүүхдэд бүртгэл үүсгэх боломжоор хангах, эсхүл өөрийн бүртгэлтэй хаягийг ашиглуулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАСНЫ ХЯЗГААРТАЙ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
7 дүгээр зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
7.1. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2. нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;
7.1.3. энэ хуулийн 4.1.2.-т заасан “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-ний жагсаалтыг батлах;
7.1.4. нийгмийн сүлжээний жагсаалтыг батлахаас өмнө харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хуулийн 5.1.-д заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт авсан байна.
7.1.5. хуульд заасан бусад.
8 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг
8.1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2. энэ хуулийн 5.1.-д заасан этгээдийн жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахад дэмжлэг үзүүлэх;
8.1.3. нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих;
8.1.4. хуульд заасны дагуу ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
8.1.5. Энэ хуулийг зөрчсөн тухай ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн энэ хуульд заасан арга хэмжээ аваагүй нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
8.1.6. нийгмийн сүлжээ дэх хүүхдийн эрхийг зөрчлийн нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийх, цахим орчинд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах;
8.1.7. хүүхдийг дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромжилсон, дээрэлхсэн зүй бус агуулга бүхий мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээ ашиглан илгээх, бусдад түгээх асуудлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах;
8.1.8. хуульд заасан бусад
8.2. Энэ хуулийг зөрчсөн Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулахаас өмнө мэдэгдэл хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
9 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх
9.1. Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.
9.2. Энэ зүйлд заасан гомдол, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн утас, цахим шуудан ажиллуулж болно.
9.3. Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ.
9.4. Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчсөн, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн мэдээллийг газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл уг нөхцөл бүрдсэн бол яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
9.5. Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг холбогдох хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
11.1. Энэ хуулийг 2027 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

П. НАРАНБАЯР

П. НАРАНБАЯР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх