4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “дуу чимээний бохирдол” гэж энэ хуулиар тогтоосон хүлцэх түвшнээс хэтэрсэн дуу чимээг;
4.1.2. “дуу чимээний эх үүсвэр” гэж дуу чимээ үүсгэж буй барилга байгууламж тоног төхөөрөмж, замын болон агаарын тээврийн хэрэгсэл, үйл ажиллагааг;
4.1.3. “дуу чимээний өртөлт” гэж хүн, ан амьтан, хүрээлэн буй орчин тодорхой байршил, цаг хугацаанд дуу чимээний нөлөөлөлд байхыг;
4.1.4. “хүлцэх түвшин” гэж эх үүсвэрийн төрөл, орчны зориулалт, бүсчлэл, цагийн үе, өртөлтийн хугацаа, хэмжилт, үнэлгээний үзүүлэлтээр ялгамжтай тогтоосон дуу чимээний түвшин, өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хязгаарыг;
4.1.5. “хяналт-шинжилгээ” гэж дуу чимээний түвшин, өртөлт, тэдгээрийн өөрчлөлтийг тогтмол ажиглах, хэмжих, бүртгэх, үнэлэх үйл ажиллагааг;
4.1.6. “дуу чимээний эрсдэлийн үнэлгээ” гэж дуу чимээний түвшин, үргэлжлэх хугацаа, давтамж, өртөх хүн ам, ан амьтан, орчны эмзэг байдлыг харгалзан сөрөг нөлөөллийн магадлал, үр дагаврыг үнэлэх үйл ажиллагааг;
4.1.7. “дуу чимээний зураглал” гэж газар зүйн байршилтай холбон дуу чимээний эх үүсвэр, тархалт, түвшин, өртөлтийг хэмжилт, тооцооллоор дүрсэлсэн мэдээллийг;
4.1.8. “чимээгүй бүс” гэж хүн амын амралт, суралцах, эмчлүүлэх, асруулах нөхцөлийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хил зааг, хамгаалалтын шаардлага тогтоосон бүсийг;
4.1.9. “өндөр эрсдэлтэй эх үүсвэр” гэж энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан үнэлгээгээр хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх дуу чимээний эрсдэл өндөр гэж тогтоосон эх үүсвэрийг;
4.1.10. “дуу чимээг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж зураглал, хяналт-шинжилгээ, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн арга хэмжээ, хариуцах этгээд, хугацаа, санхүүжилт, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тогтоосон баримт бичгийг.