Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.2. Энэ хуулийн зорилт нь малчин өрхийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль , Газрын тухай хууль , Байгаль орчныг хамгаалах тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, гэрээт бэлчээрийн газар дахь байгалийн нөөцийг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын оролцоог хангах, малчин өрхийн холбооны тогтолцоог өөрөө удирдах ёсны зарчимд нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Малчин өрхийн эрх зүйн байдалтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.3. Гэрээт бэлчээрийн газрыг ашиглахтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;
4.1.2. “малчин өрх” гэж мал аж ахуй эрхэлж, мал, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;
4.1.3. “Малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын үндсэн дээр, малчдын нийтлэг эрх ашгийн төлөө өөрөө удирдах зарчимд үндэслэн энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг.
4.1.4. “гэрээт бэлчээрийн газар” гэж Газрын тухай хуулийн 3.1.13-т заасныг;
4.1.5. “байгалийн нөөц” гэж гэрээт бэлчээрийн газар дахь байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, уст цэг, булаг шанд, ан амьтан зэргийг;
5 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна.
5.2. Төрийн зарим чиг үүргийг малчин өрхийн холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
5.3. Малчин өрхийн холбоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.3.1. гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагын тэгш, шударга байдлыг хангах;
5.3.2. үйл ажиллагаа гишүүдэд ил тод, нээлттэй байх;
5.3.3. улс төрөөс ангид байх.
6 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны дүрэм
6.1. Малчин өрхийн холбооны дүрэмд дараах асуудлыг тусгана:
6.1.1. холбооны оноосон нэр;
6.1.2. холбооны бүтэц, зохион байгуулалт;
6.1.3. холбооны санхүүжилт, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах;
6.1.4. гишүүний эрх, үүрэг;
6.1.5. гишүүн элсүүлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, гишүүнээс гарах;
6.1.6. холбооноос хоршоо, нөхөрлөл, компани зэрэг бусад этгээдтэй харилцах зарчим, журам
6.1.7. холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
6.1.8. дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага;
6.1.9. энэ хуульд заасан бусад.
6.2. Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар холбогдох татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБОО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйл. Малчин өрхийн анхдагч холбоог үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
7.1. Тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, Малчин өрхийн анхдагч холбоо /цаашид “Анхдагч холбоо” гэх/-г үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.
7.2. Анхдагч холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 7.1-д заасан малчин өрхийн төлөөлөл зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
7.2.1. холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
7.2.2. холбооны дүрмийг батлах;
7.2.3. холбооны удирдлагын бүтцийг тогтоож, бүрэлдэхүүнийг сонгох, томилох.
7.3. Малчин өрх нэг Анхдагч холбооны гишүүн байна.
7.4. Холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
8 дугаар зүйл. Анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа
8.1. Анхдагч холбоо нь хуульд заасны дагуу дараах үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцоно:
8.1.1. малчин өрхийн гишүүнийг боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн мэдээллийг хүргэх;
8.1.2. гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
8.1.3. малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх;
8.1.4. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх.
8.2. Анхдагч холбоо гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
8.3. Анхдагч холбооны гишүүн өрхийн малчин нь бусад нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн гишүүн байж болно.
9 дүгээр зүйл. Боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийг хүргэх
9.1. Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийг хүргэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
9.1.1. малчин өрхийн гишүүдийн нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;
9.1.2. малчин өрхийн гишүүдийг албан болон албан бус сургалтад хамруулах;
9.1.3. холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;
9.1.4. орон нутгийн удирдлагаас мэдээлэл хүргэх.
9.2. Энэ хуулийн 9.1.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулиар , 9.1.2-т заасан боловсрол олгох, сургалтад хамруулахтай холбоотой асуудлыг Боловсролын ерөнхий хууль , Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
10 дугаар зүйл. Гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх
10.1. Анхдагч холбоо нь гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дараах үйл ажиллагаанд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
10.1.1. байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;
10.1.2. бэлчээрийн ургамлын ургалт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар гэрээт бэлчээрийн газрыг гишүүн малчин өрхөд хуваарьтай ашиглуулах;
10.1.3. малын тоог бэлчээрийн даацад тохируулах;
10.1.4. байгалийн гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, хадлан, тэжээл бэлтгэх;
10.1.5. гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад хяналт тавих;
10.1.6. гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өөр аймаг, сумын малчдын малыг сумын засаг даргын шийдвэрийн дагуу бэлчээрийн даацад тохируулан гэрээт бэлчээрийн газрыг түр ашиглуулахад хяналт тавих;
10.1.7. гэрээт бэлчээрийн газарт хорио цээртэй өвчин гарах, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал тархахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
10.1.8. бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөв цөөрөм байгуулах;
10.1.9. мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
10.1.10. газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлан, тариалангийн талбайг ашиглах;
10.1.11. гэрээт бэлчээрийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хийх, баримтжуулах, таслан зогсоох, мэдээлэх зэргээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;
10.1.12. тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх байгаль хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
10.1.13. байгалийн нөөцийг хамгаалахтай холбогдсон хуульд заасан бусад үүрэг.
10.2. Өвөлжөө, хаваржааны орчны газар дахь малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалж болно.
10.3. Гэрээт бэлчээрийн газарт энэ хуулийн 10.2-т зааснаас бусад таримал ургамал тарихыг хориглоно.
10.4. Гэрээт бэлчээрийн газраас бусад газарт тэжээлийн болон бусад таримал ургамал тариалах асуудлыг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.
11 дугаар зүйл. Малын эрүүл мэнд, үржлийн ажил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх
11.1. Анхдагч холбоо нь малын эрүүл мэнд, үржлийн ажил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
11.1.1. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг бүртгэх;
11.1.2. мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчинтэй тэмцэх, малыг эрүүлжүүлэх;
11.1.3. малын тарилга, туулга, дархлаажуулалт болон мал эмнэлгийн бусад үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах, малын эрүүл мэндийн дэвтрийг тогтмол хөтлөх;
11.1.4. бүс нутгийн онцлог, уур амьсгалд дасан зохицсон ашиг шим сайтай малыг сонгож, өсгөн үржүүлэх;
11.1.5. нэмэлт ажиллах хүч шаардагдах ажлын үед дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
11.1.6. малын индексжүүлсэн даатгалд хамруулах.
12 дугаар зүйл. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх
12.1. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
12.1.1. мал, малын гаралтай түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн анхан шатны ангилалт, тордолт хийж, чанар, гарал үүслийг хянан баталгаажуулах;
12.1.2. чанар, гарал үүслийн баталгаатай мал, малын гаралтай түүхий эдийг хоршоогоор дамжуулан боловсруулах үйлдвэрт борлуулах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АНХДАГЧ ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ
13 дугаар зүйл. Анхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт
13.1. Анхдагч холбооны эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид байна.
13.2. Анхдагч холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон ахлагч /цаашид “Ахлагч” гэх/-тай байна. Ахлагч үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа бүх гишүүдийн хуралд жил бүр хэлэлцүүлнэ.
13.3. Анхдагч холбоо Хяналтын зөвлөлтэй байна. Хяналтын зөвлөлийн эрх, үүргийг дүрмээр тогтооно.
14 дүгээр зүйл. Анхдагч холбоог төлөөлөх эрх
14.1. Ахлагч нь сумын малчин өрхийн холбоонд болон бусад этгээдийн өмнө Анхдагч холбоог төлөөлнө.
14.2. Анхдагч холбооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр Ахлагчийн эрх, үүргийг аль нэг Тэргүүлэгчид түр шилжүүлж болно.
15 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх
15.1. Анхдагч холбооны бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
15.1.2. Ахлагч болон Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
15.1.3. гишүүний хураамжийн хэмжээг тогтоох;
15.1.4. Анхдагч холбооны жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
15.1.5. гишүүн малчин өрх гэрээт бэлчээрийн газрыг ашиглах, сэлгэх, нөхөн сэргээх хуваарийг батлах;
15.1.6. гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гаргах;
15.1.7. Анхдагч холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
15.1.8. хууль болон холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
15.2. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хуралдааны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
15.3. Шилжиж ирсэн малчин өрхийг анхдагч холбоонд элсүүлэх шийдвэрийг бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг даргын гаргасан саналыг үндэслэн бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.
16 дугаар зүйл. Анхдагч холбооны гишүүнчлэл дуусгавар болох
16.1. Анхдагч холбооны гишүүнчлэл дараах үндэслэлээр дуусгавар болно:
16.1.1. өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарсан;
16.1.2. холбооны үйл ажиллагаа дуусгавар болсон;
16.1.3. холбооны гишүүнчлэлээс гаргасан.
16.2. Гишүүнчлэл нь дуусгавар болсон этгээдийн Анхдагч холбоонд төлсөн гишүүний хураамжийг буцаан олгохгүй.
16.3. Дүрэмд өөрөөр заагаагүй бол холбооны гишүүнчлэлээс гарахдаа энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ.
16.4. Анхдагч холбооны гишүүнчлэлээс гаргах асуудлыг шийдвэрлэх хуралд тухайн гишүүн өрхийн төлөөллийг оролцуулна. Түүний эзгүйд, өөрийнх нь зөвшөөрснөөр уг шийдвэрийг гаргаж болно.
16.5. Гишүүнчлэлээс гаргасан тухай шийдвэрийг тухайн этгээдэд даруй бичгээр мэдэгдэнэ.
16.6. Анхдагч холбооны гишүүнээс түдгэлзүүлэх, сэргээх, гишүүнчлэлээс гаргах үндэслэл, журмыг дүрэмд заана.
16.7. Гишүүнчлэлээс гаргасантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх журмыг холбооны дүрэмд зааж болох бөгөөд дүрэмд заагаагүй бол шүүхэд гомдол гаргаж болно.
17 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
17.1. Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулна.
17.2. Дүрэмд заасан бол бүх гишүүдийн ээлжит хурлыг цахимаар явуулж болно.
17.3. Хурлын тов, хэлэлцэх асуудлыг Ахлагчийн саналыг үндэслэн Тэргүүлэгчид тогтооно.
17.4. Анхдагч холбооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хувийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
17.5. Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлын зарыг хурал болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ. Хурлын зард хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг тусгана.
17.6. Дүрэмд өөрөөр заагаагүй бол Тэргүүлэгчид ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 17.4-т заасан санал гарснаас хойш 10 хоногийн дотор багтаан тогтоож, хурал болох газар, огноо, цаг, хэлэлцэх асуудлыг гишүүдэд мэдэгдэнэ.
17.7. Тэргүүлэгчид ээлжит бус хурлын товыг энэ хуулийн 17.6-д заасан хугацаанд багтаан товлоогүй бол санаачилга гаргасан гишүүд хурлын товыг тогтоож болно.
17.8. Анхдагч холбооны гишүүдэд хурлын зар хүрээгүй бөгөөд үүнийг санаатайгаар хүргүүлээгүй гэж үзвэл гишүүн хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
17.9. Хяналтын зөвлөл энэ хуулийн 17.8-д заасан гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл удирдах зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргаж, үүнтэй холбогдон гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
18 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал болон түүний шийдвэр хүчин төгөлдөр болох
18.1. Анхдагч холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцно.
18.2. Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
18.3. Бүх гишүүдийн хуралд оролцох малчин өрхийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
18.4. Бүх гишүүдийн хурлаас гарах шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
18.5. Дүрэмд өөрөөр заагаагүй бол хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хурлаар хэлэлцэх эсэхийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
18.6. Бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол түүнд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
18.7. Хуралдааны тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:
18.7.1. хурал болсон, газар, огноо, дугаар;
18.7.2. хурал даргалагчийн нэр;
18.7.3. хурлаар хэлэлцсэн асуудал;
18.7.5. хэлэлцсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан саналын тоо, гарсан шийдвэрийн бүрэн томьёолол.
18.8. Бүх гишүүдийн хурлын шийдвэр хууль, холбооны дүрэмтэй зөрчилдсөн гэж үзвэл гишүүн энэ тухай шүүхэд гомдол гаргаж болно.
19 дүгээр зүйл. Тэргүүлэгчид, түүний эрх, үүрэг
19.1. Анхдагч холбоо нь гурваас таван Тэргүүлэгчтэй байх бөгөөд тэдгээрийг хоёр жил тутамд бүх гишүүдийн хурлаас шинэчлэн сонгоно.
19.2. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг Ахлагч зохион байгуулж удирдана.
19.3. Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулна.
19.4. Энэ хуульд зааснаас бусад Тэргүүлэгчдийн эрх, үүргийг тухайн холбооны онцлогт тохируулан дүрмээр тодорхойлно.
20 дугаар зүйл. Ахлагч, түүний эрх, үүрэг
20.1. Ахлагчийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, бүх гишүүдийн хурлаас 2 жилийн хугацаатай сонгоно.
20.2. Ахлагч дараах эрхтэй:
20.2.1. Тэргүүлэгчдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд холбоог төлөөлөн гэрээ, хэлцэл хийх;
20.2.2. дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах;
20.2.3. дүрэмд заасан бусад.
20.3. Ахлагч дараах үүрэгтэй:
20.3.1. холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
20.3.2. холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
20.3.3. холбооны гишүүдийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах;
20.3.4. Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөх ажлыг зохион байгуулах;
20.3.5. санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
20.3.6. дүрэмд заасан бусад.
20.4. Ахлагчид урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаас тогтооно.
21 дүгээр зүйл. Анхдагч холбооны санхүүжилт
21.1. Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
21.1.1. гишүүний хураамж;
21.1.2. хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт;
21.1.4. энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
21.1.5. гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж;
21.1.6. хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэр.
21.2. Холбооны хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:
21.2.1. энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагаа;
21.2.2. дүрэмд заасан бусад.
21.3. Малчин өрхийн анхдагч холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУМ, АЙМГИЙН БОЛОН УЛСЫН МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБОО, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
22 дугаар зүйл. Сумын малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
22.1. Анхдагч холбоод нэгдэж, сумын малчин өрхийн холбоог байгуулна.
22.2. Сумын малчин өрхийн холбоо /цаашид “Сумын холбоо” гэх/ нь гишүүн Анхдагч холбоо бүрийн Ахлагч нараас бүрдэнэ.
22.3. Сумын холбоог үүсгэн байгуулах хурлыг Анхдагч холбоодын саналыг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.
22.4. Сумын холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
22.4.1. холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
22.4.2. холбооны дүрмийг батлах;
22.4.3. холбооны зохион байгуулалтыг тодорхойлж, удирдлагыг сонгох.
22.5. Сумын холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
22.6. Сумын холбооны хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна.
22.7. Сумын холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 2 жилийн хугацаатай сонгоно.
22.8. Сумын холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
22.9. Сумын холбоо үйл ажиллагаагаа явуулахад сумын Засаг дарга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
23 дугаар. Сумын холбооны үйл ажиллагаа
23.1. Сумын холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
23.1.1. гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
23.1.2. энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд сумын түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, энэ талаарх саналаа сумын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;
23.1.3. гишүүдийн мал, малын гаралтай түүхий эд бэлтгэх, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
23.1.4. сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төсөлд санал гаргах;
23.1.5. сумын төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
23.1.6. гишүүдийн саналд тулгуурлан гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
23.1.7. энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд гишүүд, бусад аймаг, сумын холбооны сайн туршлага, үйлдвэрлэлийн шинэ арга технологийг зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээг зохион байгуулах.
24 дүгээр зүйл. Аймгийн малчин өрхийн холбоо, түүний зохион байгуулалт
24.1. Сумын малчин өрхийн холбоод нэгдэж, аймгийн малчин өрхийн холбоог байгуулна.
24.2. Аймгийн малчин өрхийн холбоо /цаашид “Аймгийн холбоо” гэх/ нь Сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэнэ.
24.3. Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлыг сумын холбоодын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга зохион байгуулна.
24.4. Аймгийн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 22.4.1-22.4.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
24.5. Аймгийн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
24.6. Аймгийн холбооны даргыг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, Аймгийн холбооны хурлаас 3 жилийн хугацаатай сонгоно.
24.7. Аймгийн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Аймгийн холбооны дүрмээр тогтооно.
25 дугаар зүйл. Аймгийн холбооны үйл ажиллагаа
25.1. Аймгийн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
25.1.1. сумын холбооны үйл ажиллагааг дэмжих, гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;
25.1.2. энэ хуулийн 8.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд аймгийн түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа аймгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;
25.1.3. аймгийн төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;
25.1.4. аймгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт санал гаргах.
26 дугаар зүйл. Малчин өрхийн нэгдсэн холбоо, түүний зохион байгуулалт
26.1. Аймгийн малчин өрхийн холбоод нэгдэж, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоог /цаашид “Нэгдсэн холбоо” гэх/ байгуулна.
26.2. Нэгдсэн холбоонд аймгийн холбоодыг аймгийн холбооны дарга нар төлөөлнө.
26.3. Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлыг аймгийн холбоодын саналд үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн зохион байгуулна.
26.4. Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар энэ хуулийн 22.4.1-22.4.3-т заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
26.5. Нэгдсэн холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
26.6. Нэгдсэн холбооны Тэргүүнийг гишүүд дундаасаа нэр дэвшүүлж, 4 жилийн хугацаатай сонгоно.
26.7. Нэгдсэн холбооны гишүүдийн хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна.
26.8. Нэгдсэн холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг дүрмээр тогтооно.
27 дугаар зүйл. Нэгдсэн холбооны үйл ажиллагаа
27.1. Нэгдсэн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:
27.1.1. малчин, мал аж ахуй, байгалийн нөөцийн менежментийн чиглэлийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох талаар гишүүдийн саналыг нэгтгэн боловсруулж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах арга хэмжээ авах;
27.1.2. нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, заншил, мал маллах арга ухааныг сурталчлах;
27.1.3. бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах;
27.1.4. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ бий болгох талаар эрх бүхий байгууллагад санал гаргах;
27.1.5. Нэгдсэн холбооны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хууль тогтоомжийн хүрээнд олж бүрдүүлэх;
27.1.6. холбооны мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх.
28 дугаар зүйл. Малчин өрхийн холбоонд хориглох үйл ажиллагаа
28.1. Малчин өрхийн холбоо нь доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
28.1.1. улс төрийн нам, улс төрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх;
28.1.2. шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх зэрэг шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах;
28.1.3. үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилж, ашгийн төлөө ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
29 дүгээр зүйл. Малчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
29.1. Нэгдсэн холбоо нь зорилгодоо хамаарах аливаа асуудлаар бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй байна.
29.2. Аймгийн болон сумын холбоо нь орон нутгийн зохих шатны удирдлагад холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулна.
30 дугаар зүйл. Малчин өрхийн холбоонд төрөөс үзүүлэх дэмжлэг
30.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед Анхдагч холбоонд өвс тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгох болон бусад дэмжлэг үзүүлж болно.
30.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэхэд залуу малчдад зориулсан сургалтын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
31 дүгээр зүйл. Холбоог өөрчлөх, татан буулгах
31.1. Холбоог өөрчлөх, татан буулгах асуудлыг Иргэний хуульд нийцүүлэн баталсан Холбооны дүрмээр зохицуулна.
32 дугаар зүйл. Холбооны тайлан
32.1. Холбоо нь үйл ажиллагаагаа хууль, дүрэмд заасны дагуу тайлагнана.
32.2. Холбоо үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайлангаа гишүүдэд нээлттэй байлгана.
32.3. Холбоо дүрэмдээ заасны дагуу үйл ажиллагаа, санхүүжилт, түүний зарцуулалтыг гишүүддээ тайлагнана.
32.4. Холбоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын тайлан гаргаж, харьяа татварын албанд тайлагнана.
32.5. Холбоо үйл ажиллагааны тайлангаа цахимаар хүргүүлж болно. Энэ тохиолдолд тайлан хүлээн авах байгууллагад мэдэгдэнэ.
32.6. Холбоо албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө.
33 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
34.1. Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Ж. БАТЖАРГАЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх