4.1.1.“асран хамгаалах” гэж энэ хуулийн 55.2-т заасан 14 насанд хүрээгүй хүүхдийн, эсхүл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.2.“бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёулаа нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, эсхүл хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг, эсхүл эх тодорхойгүйн улмаас эцэг, эсхүл эхтэйгээ амьдарч байгаад эцэг, эсхүл эх нь нас барсан, эсхүл гэрлэлт цуцалсны улмаас асрамждаа авсан эцэг /эх/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.3.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг;
4.1.4.“гэрлэгчид” гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;
4.1.5.“гэр бүл” гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
4.1.5.“гэр бүлийн гишүүн”-д дараах хүмүүс хамаарна:
4.1.5.а.гэрлэгчид;
4.1.5.б.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;
4.1.5.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг.
4.1.6.“нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болох” гэж Донорын тухай хуулийн 3.1.15-д заасны дагуу донор бэлгийн эс ашиглах, эсхүл Донорын тухай хуулийн 3.1.16-д заасны дагуу тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг;
4.1.7.“овог” гэж гэр бүл, ураг төрлийнхөн үе уламжлан хэрэглэх нэрийг;
4.1.8.“садангийн хүн” гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
4.1.9.“сонирхогч тал” гэж эрх зүйн бүрэн чадамжтайд тооцогдсон хүүхэд өөрөө, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээдийг;
4.1.10.“төрлийн хүн” гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, тэдгээрийн хүүхдийг;
4.1.11.“үрчлэлт” гэж шүүхийн шийдвэрийн дагуу үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.12.“харгалзан дэмжих” гэж энэ хуулийн 55.3-т заасан хүүхдийн, эсхүл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.13.“хүүхэд” гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсоноос бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүнийг.