Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 11-р сарын 25 өдөр
Ulaanbaatar city
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж
2.1. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь олон улсын хүрээнд өрнөж буй худалдааны болон тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлуудын сөрөг нөлөөллөөс дотоодын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын дотоод нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгаанаас улбаатай стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1. үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2. гадаад худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх;
4.1.3. шуурхай, хариуцлагатай байх;
4.1.4. шударга, ил тод байх.
5 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн
5.1. Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг ойлгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх;
6.1.2. стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод бүтээгдэхүүний хомсдол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2. гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
7.1.3. газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
7.1.4. энэ хуулийн 7.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
7.1.5. шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
7.1.6. батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.7. энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7.1.8. энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгаа гаргах.
7.2. Засгийн газар нь энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3. Энэ хуулийн 5.1-д заасан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх
8.1. Монголбанк энэ хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
8.1.2. газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
8.2. Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
8.3. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.
9 дүгээр зүйл. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хугацаа
11.1. Энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх