15.1. Дархан цаазат газар нутаг нь биологийн олон янз байдал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг урт хугацаанд хадгалах үндсэн хамгаалалтын цөм газар нутаг байна.
15.2. Дархан цаазат газар нутагт байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.
15.3. Дархан цаазат газар нутаг нь онгон, хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй байх ба бүсийн хилийн заагийг Засгийн газар тогтооно
15.4. Дархан цаазат газрын онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болно.
15.5. Дархан цаазат газар нутгийн хамгаалалтын бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Тайлбар:. Энэ хуульд заасан “биотехникийн арга хэмжээ” гэдэгт ан амьтанд зориулан хадлан бэлтгэх, ус задгайлах, хужир, шүү тавих, нөмөр хорго барих зэргийг ойлгоно.
15.6. Дархан цаазат газар нутгийн хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 15.5-д зааснаас гадна менежментийн төлөвлөгөөнд үндэслэн дараах үйл ажиллагааг явуулж болно:
15.6.1. ургамал, амьтны өсөж, үржих нөхцөлийг хангах;
15.6.2. хөрс, ургамлын бүрхэвч болон байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх;
15.6.3. байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн унаган төрхийг хадгалах шаардлагад нийцүүлэн уул овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон хуваарийн дагуу төрийн тахилга, төрийн ёслол үйлдэх;
15.6.4. тогтоосон зам, чиглэлээр явган аялал зохион байгуулах;
15.6.5. орон нутгийн иргэдэд ахуйн зориулалтаар түлээний болон хашаа хороогоо сэлбэх мод бэлтгэх, ойн дагалт баялаг, элбэг ургамал, ус, рашаан, эрдсийг хуульд заасан шаардлага, тогтоосон нөөцөд нийцүүлэн ашиглуулах;
15.6.6. дуу-дүрсний бичлэг хийх;
15.6.7. Амьтны тухай хуулийн 21.1-д заасан шаардлагад нийцүүлэн загас барьж усанд нь буцааж тавих;
15.6.8. хамгаалалтын захиргааны хэрэгцээнд зориулан стандартад нийцсэн байгаль, түүх, соёл, аялал жуулчлалын сургалт, судалгаа, мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны байр, түр буудаллах цэг байгуулах;
15.6.9. нутгийн малчин өрх ахуйн зориулалтаар хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсны үндсэн дээр хадлан бэлтгэх.
15.7. Дархан цаазат газар нутагт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.7.1. дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд энэ хуулийн 15.4, 15.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах;
15.7.2. хураамж төлөхгүйгээр нэвтрэх, газар хагалах, газрын хэвлийг ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал, газрын тос хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах;
15.7.3. элс, хайрга, дайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин чулуу, зэгс, шагшуурга авах;
15.7.4. үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх болон байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг түүж бэлтгэх;
15.7.5. хязгаарлалтын бүсээс бусад газарт байгалийн аялал жуулчлалд зориулсан зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;
15.7.6. ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг баталсан аргачлалын дагуу зохицуулахаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;
15.7.7. хөнөөлт организм, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд биотехнологоос өөр байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;
15.7.8. хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;
15.7.9. тухайн газрын хамгаалалтын захиргаанд урьдчилан мэдэгдэхгүйгээр нохой дагуулж, буу авч явах;
15.7.10. гарцаагүй байдлаас бусад тохиолдолд тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд урьдчилан мэдэгдэлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, доошилж болох бага өндрөөс доогуур нислэг үйлдэх
15.7.11. энэ хуульд зааснаас бусад зорилгоор барилга байгууламж барих, зам тавих, ачааны хүнд даацын машин нэвтрүүлэх;
15.7.12. энэ хуульд зааснаас бусад тохиолдолд өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн байр сууц, хашаа хороо барих, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх;
15.7.13. нуур, гол, мөрөн, горхи, булаг, шанд, ус намгархаг газрын байгалийн төлөв, түвшин, урсац, голдирлыг өөрчлөх, усны экосистемийн төлөв байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах
15.7.14. хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон бусад үйл ажиллагаа явуулах.
15.8. Энэ хуулийн 15.7.6-д заасан ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу хэрэгжүүлнэ.