Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль тогтоомж
2.1. Төр, хувийн хэвшлийн түншлэл /цаашид “ТХХТ”, эсхүл “түншлэл” гэх/-ийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх ТХХТ-ийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2. Дараах үйл ажиллагаа нь энэ хуульд заасан түншлэлд хамаарахгүй:
3.2.1. үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа;
3.2.2. банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа;
3.2.3. уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа;
3.2.4. хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
3.3. ТХХТ-ийн төсвийн удирдлага, санхүүжилт, тайлагналт болон болзошгүй өр төлбөрийн хяналттай холбоотой энэ хуульд зааснаас бусад асуудлыг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.
3.4. Түншлэлийн зүйлийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх, төрийн болон орон нутгийн өмчид авахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
3.5. ТХХТ-ийн хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах болон нийтийн ашиг сонирхол, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортой солих буюу эргүүлэн авах асуудлыг түншлэлийн гэрээ, Газрын тухай болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
3.6. ТХХТ-ийн хүрээнд ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг энэ хууль болон Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулна.
3.7. ТХХТ-ийн хүрээнд түншлэлийн төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний мэргэжлийн зөвлөхтэй гэрээ байгуулах, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Түншлэлийн зарчим
4.1. Түншлэлд дараах зарчмыг баримтална:
4.1.1. ТХХТ-ийн төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, олон нийтэд үйлчлэх зорилгыг дэмжсэн байх;
4.1.2. төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсөв, санхүүгийн удирдлагад хяналт, зохицуулалтын тэнцвэрийг хангаж, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх;
4.1.3. түншлэл нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх;
4.1.4. түншлэлд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашигтай байдал болон хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, урт хугацаанд гарах зардлын хэмнэлттэй хувилбарыг сонгон хэрэгжүүлэх;
4.1.5. хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг шударга, эрх тэгш, ил тод, өрсөлдөөнд суурилсан, нээлттэй, үр дүнтэй, хариуцлагатайгаар зохион байгуулж сонгон шалгаруулалтын бүх үе шатны явц, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлж байх;
4.1.6. хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт нь энэ хууль болон холбогдох журам, аргачлалд бүрэн нийцсэн байх;
4.1.7. төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрт төсөвт үзүүлэх эрсдэлийг үнэлж, тогтоох, түншлэлийн төслийн хэрэгжилтийн явцад санхүүжилтийн гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг байх;
4.1.8. түншлэл нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, төсөв, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой байх;
4.1.9. ТХХТ-ийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх.
Тайлбар:“ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг.
5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. барилга байгууламж” гэж энэ хуулийн хамрах хүрээнд хэрэгжих Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
5.1.2. болзошгүй өр төлбөр” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;
5.1.3. дэд бүтцийн төсөл” гэж дэд бүтцийн барилга, байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулах, ашиглах, ашиглаж байгаа дэд бүтцийн барилга байгууламжийг засах, сайжруулах, өөрчлөх, өргөтгөх, ашиглах байдлаар түншлэлээр хэрэгжүүлэх төслийг;
5.1.4. Засгийн газрын өрийн баталгаа” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.7-д заасныг;
5.1.5. төрөөс үзүүлэх дэмжлэг” гэж түншлэлд Засгийн газраас энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл, хөрөнгө болон газрын асуудлыг шийдвэрлэх, төрд төлөх хураамж, төлбөрийг бууруулах, эсхүл чөлөөлөх, тусгайлан тодорхойлсон нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын болон татварын бус бусад нөхцөлөөр үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийг;
5.1.6. Засгийн газрын зөвшөөрөл” гэж ТХХТ-ийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас олгох шаардлагатай зөвшөөрөл, лиценз, тусгай зөвшөөрөл, бүртгэлийг;
5.1.7. санхүүжүүлэгч” гэж хувийн хэвшлийн түншлэгчид төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан зээл олгож байгаа болон түншлэлийн төсөлд санхүүгийн баталгаа гаргах, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлж байгаа хувьцаа эзэмшигчээс бусад банк, санхүүгийн байгууллагыг;
5.1.8. инноваци” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;
5.1.9. нийтийн зориулалттай дэд бүтэц” гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;
5.1.10. .“мөнгөний үнэ цэн” гэж ТХХТ-ийн төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд төслийн нийт өртгөөр төслийн үйлчилгээг чанар, хүртээмж, үр ашиг, өгөөжтэй байх хувилбарыг тогтоохыг;
5.1.11. .“санхүүгийн чадавхад нийцсэн” гэж түншлэлийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хэрэглэгчээс авах хураамж, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилт нь хэрэглэгчийн болон төсвийн чадавхад нийцсэн байх, төсвийн хувьд зардал болон болзошгүй өр төлбөр нь орлогоос шийдвэрлэх боломжтой байхыг;
5.1.12. төр, хувийн хэвшлийн түншлэл” гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй хийсэн түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг;
5.1.13. “төрийн түншлэгч” гэж түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түншлэлийн гэрээнд заасны дагуу энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бусад этгээдийг;
5.1.14. төрийн үйлчилгээ” /нийтийн үйлчилгээ/ гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг;
5.1.15. “төсөвт үзүүлэх нөлөө” гэж төслийг хэрэгжүүлэхэд төсөв, санхүүд үзүүлэх нөлөөллийг тооцох, шууд болон шууд бус байдлаар төлбөрийн үүрэг хариуцлагыг бий болгох болзошгүй нөхцөл байдлыг;
5.1.16. төсвийн эрсдэлийн үнэлгээ” гэж түншлэлийн төслийн төсөвт үзүүлэх нөлөө, болзошгүй өр төлбөрийг тооцсон төсвийн эрсдэлийг энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу тооцож, судлах дүн шинжилгээг;
5.1.17. төсөл хөгжүүлэх сан” гэж төслийн урьдчилсан үнэлгээ, төслийн бүрэн шинжилгээ, ТХХТ-ийн эх төсөл боловсруулах болон төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоо, шинжилгээ хийхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, төслийн бэлтгэл ажил, төлөвлөлт, сонгон шалгаруулалт, хэрэгжилт, хяналт, тайлагналттай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлсэн ТХХТ-ийн санг;
5.1.18. “төслийн баримт бичиг” гэж түншлэлийн гэрээ, барилгын гэрээ, ханган нийлүүлэх гэрээ, худалдан авах ажиллагааны баталгааны гэрээ, үйлчилгээний гэрээ болон бусад дагалдах гэрээ, барилга, ашиглалт, эрх бүхий байгууллагатай байгуулсан техник хяналтын гэрээ, засвар үйлчилгээ болон төслийн удирдлагатай холбоотой бүх баримт бичгийг;
5.1.19. “төслийн орлого” гэж хэрэглэгчийн төлбөр, хураамж, болон түншлэлийн гэрээний хүрээнд бий болсон төслийн орлогын эх үүсвэрийг;
5.1.20. “тусгай зориулалтын компани” гэж түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн үүргийг хүлээж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтаар хувийн хэвшлийн түншлэгчээс үүсгэн байгуулсан төслийн компанийг;
5.1.21. .“түншлэлийн гэрээ” гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан, иргэний эрх зүйн гэрээг;
5.1.22. түншлэлийн зүйл” гэж түншлэлийн гэрээнд хамаарах эд хөрөнгийн эрх, ажил, үйлчилгээний үр дүн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
5.1.23. “түншлэлийн төсөл” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалт хийх, зураг төсөл боловсруулах, дэд бүтцийн барилга, байгууламжийг барих, санхүүжүүлэх, сэргээн босгох, сайжруулах, засвар арчлалт хийх, нийтийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний удирдлагыг хариуцах зэрэг үйл ажиллагааг багтаасан нийтэд чиглэсэн төслийг;
5.1.24. .“ТХХТ-ийн эх төсөл” гэж түншлэлийн төслийн хувьд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламж, нийгмийн суурь үйлчилгээг түншлэлээр үзүүлэхэд шаардагдах техник, эдийн засаг, санхүү, хууль, эрхзүй, нийгэм болон байгаль орчны үндэслэл, нотолгоо, тоон баримт зэргийг тусгасан төслийн баримт бичгийг;
5.1.25. “түншлэлийн үе шат” гэж түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ болон тохиромжтой байдлын үнэлгээг хийх, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон ТХХТ-ийн эх төсөл боловсруулах, түншлэлийн төслийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах, гэрээний удирдлагыг хангах, төслийг хэрэгжүүлэх буюу гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг үзүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, мониторинг хийх, төслийн үйл ажиллагаа болон үр дүнд аудит хийх тайлагнах, хувийн хэвшлийн түншлэгч түншлэлээс гарах, дэд бүтцийг төрийн түншлэгчид шилжүүлэх зэрэг түншлэлийн төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн бүх үе шатыг;
5.1.26. “хөгжлийн бодлогын баримт бичиг” гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг;
5.1.27. “хувийн хэвшлийн түншлэгч” гэж төрийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулж, энэ хуульд заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хуулийн этгээдийн нэгдлийг;
5.1.28. “хувийн хэвшлээс төсөл санаачлах” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс энэ хуульд заасны дагуу санаачилсан төслийн саналыг;
5.1.29. “хэрэглэгчийн төлбөр” гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг ашигласны төлөө хэрэглэгчээс төлөх төлбөр, хураамжийг;
5.1.30. “эрсдэлийн шинжилгээ” гэж энэ хуульд заасан аргачлалын дагуу тухайн төслийн санхүү, хууль, нийгэм, байгаль орчин болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, тооцох үнэлгээ, шинжилгээг;
5.1.31. “төслийн бүрэн шинжилгээ” гэж ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл болон төслийн эрсдэлийг тооцох, түншлэлийн төрөл, төсөл хэрэгжих хэлбэр, хугацааг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 20.4-т заасан шинжилгээг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, тухайн жилийн төсвийн төслийг батлахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх стратеги, бодлого болон мэдээллийг хэлэлцэж, хамт батлах;
6.1.2. ТХХТ-ийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх;
6.1.3. ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдуулан Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглуулах асуудлаар шийдвэр гаргах.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээ хийгдсэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2. түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг батлах;
7.1.3. түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх;
7.1.4. түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах, чиглэл өгөх;
7.1.5. түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох;
7.1.6. түншлэлийн тухай хууль тогтоомж, түншлэлийн хэрэгжилт, үр дүн болон гэрээний биелэлтийн явцад төслийн эрсдэл болон төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх тайланг хэлэлцэж, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.7. ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн төлбөрийг бодит зардалд нийцүүлэх зорилгоор зарим салбарт үнийн зохицуулалт хийх.
7.2. Засгийн газар ТХХТ-ийн хүрээнд дараах журам, аргачлалыг баталж, мөрдүүлнэ:
7.2.1. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам;
7.2.2. .хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг;
7.2.3. ТХХТ-ийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг;
7.2.4. түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал;
7.2.5. түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам;
7.2.6. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журам;
7.2.7. түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам.
7.3. Засгийн газар төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.
8 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авах, төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ өгч, хянан баталгаажуулах;
8.1.2. урьдчилсан үнэлгээ хийгдсэн, түншлэлээр хэрэгжүүлэх төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах;
8.1.3. энэ хуулийн 20.4-т заасан төслийн бүрэн шинжилгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;
8.1.4. Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгуулах санал хүргүүлэх;
8.1.5. хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах болон түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
8.1.6. түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;
8.1.7. төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийн орчинг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх, түншлэлийн төсөлтэй холбогдуулан мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
8.1.8. ТХХТ-ийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жилийн тайланг боловсруулж, Засгийн газарт жил бүр танилцуулах;
8.1.9. хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын журам, жишиг баримт бичгийг боловсруулах;
8.1.10. түншлэлийн гэрээний стандарт загвар, гэрээ байгуулах иж бүрдэл баримт бичиг болон гэрээ байгуулах журмыг боловсруулах;
8.1.11. түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлалыг боловсруулах;
8.1.12. түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журмыг боловсруулах;
8.1.13. түншлэлийн талаарх мэдээлэл, сурталчилгааг ТХХТ-ийн төвтэй хамтран зохион байгуулах, түншлэлийн ил тод байдлыг хангах, түншлэлийн төслийн талаарх мэдээллийг энэ хуульд зааснаар олон нийтэд хүргэх;
8.1.14. ТХХТ-ийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийг ТХХТ-ийн төв дээр тулгуурлан энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.15. хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.16. түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах;
8.1.17. түншлэлийн дагуу бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх арга хэмжээг зохион байгуулах;
8.1.18. түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хяналт тавих.
8.2. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, тайлагнах журмыг баталж мөрдүүлнэ.
8.3. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн төслийн төлөвлөлт, үнэлгээ, судалгаа шинжилгээ, сурталчилгаа, хэрэгжилт, хяналт, тайлагналт болон мэдээллийн асуудал хариуцсан нэгжтэй байна.
9 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээ болон түншлэлийн төслийн бүрэн шинжилгээг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулах;
9.1.2. түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хянах, тухайн төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болон төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн талаар дүгнэлт гаргах;
9.1.3. түншлэлийн гэрээний төрлөөс хамаарч гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн төсвийн төсөлд тусгах, төслийн санхүүжилтийг төсөвтэй уялдуулах;
9.1.4. ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн түншлэлийн гэрээний хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, Засгийн газрын өрийн баталгаа, нөхөх олговор болон төсвийн эрсдэл, санхүүгийн чадавхын асуудал болон Засгийн газрын өрийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг тооцож, дүгнэлт гаргах;
9.1.5. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.6. түншлэлийн гэрээний төсөлтэй танилцах, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээг хянах, түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.7. түншлэлийн төслийн хүрээнд тухайн жилийн болон түншлэлийн төслийн нийт хугацаанд хүлээсэн санхүүгийн болон төлбөрийн нийт үүргийг хянах, төсвийн төлбөрийн үүрэг бүхий түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, дүгнэлт гаргах, түншлэлийн төслийн төсвийн төлөвлөлт, зардал, эрсдэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллийг гаргуулж авах;
9.1.8. түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журмыг боловсруулах;
9.1.9. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох журмыг боловсруулах.
9.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ТХХТ-ийн хүрээнд төсвийн нөлөөлөл, эрсдэл тооцох загварыг баталж, мөрдүүлнэ.
9.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээг хянах, төсвийн эрсдэлийн талаар дүгнэлт гаргах, ТХХТ-ийн төслүүдийг төсөвтэй уялдуулах асуудал хариуцсан нэгжтэй байна.
10 дугаар зүйл. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1. ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал гаргах;
10.1.2. түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд урьдчилсан үнэлгээ хийх;
10.1.3. урьдчилсан үнэлгээний тайланг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.4. хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, энэ хуульд зааснаар үнэлэх, тухайн төслийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, дүгнэлт гаргах;
10.1.5. урьдчилсан үнэлгээ нь хянан баталгаажсан төслийн саналыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах;
10.1.6. түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд ажиллах, төслийн багтай хамтран бүрэн шинжилгээг хийх;
10.1.7. хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох;
10.1.8. хувийн хэвшлийн түншлэгчтэй төрийн түншлэгч талыг төлөөлж түншлэлийн гэрээг энэ хуульд зааснаар байгуулах;
10.1.9. түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрийн түншлэгчийн чиг үүргийг энэ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
10.1.10. түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жил бүрийн тайланг бэлтгэх, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
10.1.11. түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.12. түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, төслийн баримт бичиг, түншлэлийн гэрээ, санхүүжилтийн талаарх мэдээллийг ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санд оруулах, олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах;
10.1.13. түншлэлийн төсөлд оролцогчдод шаардагдах мэдээлэл, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, заавар, маягт, түншлэлийн гэрээний стандарт маягт, холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд ил тод, тогтмол, хүртээмжтэй хүргэх, мэдээлэх.
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
11.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. түншлэлийн хууль тогтоомж, тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавих;
11.1.2. тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэх;
11.1.3. тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг дэмжиж, хамтран ажиллах.
11.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1. тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх,
11.2.2. ТХХТ-ийн төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
11.2.3. тухайн орон нутагт түншлэлээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах, түншлэгч талуудад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, түншлэлийн гэрээний биелэлтэд энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хяналт тавих;
11.2.4. төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийн бүрэлдэхүүнд болон түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;
11.2.5. түншлэлээр бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх.
11.3. Аймаг, нийслэлд энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй түншлэлийн төслийг батлах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэхийг хориглоно.
12 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, түүний чиг үүрэг
12.1. ТХХТ-ийн төвийг Засгийн газрын шийдвэрээр ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна.
12.2. ТХХТ-ийн төв түншлэлийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1. ТХХТ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.2.2. ТХХТ-ийн төслийн саналыг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгаа хийх, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
12.2.3. түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч байгууллага болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран мэргэжлийн түвшинд төслийн багтай хамтран боловсруулах;
12.2.4. энэ хуулийн 12.2.3-т заасан судалгаа, шинжилгээний үр дүнг тухайн салбарын болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, төслийг үнэлж, түншлэлээр хэрэгжүүлэх тохиромжтой эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;
12.2.5. түншлэлийн төслүүдийн боломжийг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоо, чадамж, сонирхлыг тандан судлах, хөрөнгө оруулагч болон бусад сонирхогч талуудад зориулсан танилцуулгыг боловсруулах;
12.2.6. судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийхэд мэргэжлийн эксперт болон зөвлөхийн үйлчилгээ авах, гэрээ байгуулах;
12.2.7. хувийн хэвшлээс санаачилсан төсөлд тухайн хувийн хэвшлийн санхүүжилтээр төсөлд шаардлагатай дүн шинжилгээ хийж, үр дүнг тухайн салбарын болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;
12.2.8. түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоход санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
12.2.9. энэ хуулийн 49.3-д заасан журмын дагуу сангийн эх үүсвэрийг Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд төвлөрүүлэх;
12.2.10. төслийн хэрэгжилтийн санхүүгийн болон эрсдэлийн хяналт шинжилгээг тайлагнах;
12.2.11. түншлэлийн төсөлд шаардлагатай мэдээлэл, журам, сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичиг, зааварчилгаа, маягт, түншлэлийн жишиг гэрээний загвар болон түншлэлд оролцогч этгээдэд шаардлагатай холбогдох баримт бичгийг боловсруулах, мэдээллийг ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санд тогтмол байршуулах, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх.
12.3. ТХХТ-ийн төв нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар байгуулж, дүрмийг батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨРӨЛ, ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТАВИГДАХ ШААРДЛАГА
13 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх салбар
13.1. ТХХТ-ийг энэ хуулийн 3.2-т зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлүүдийг энэ хуулийн 7.1.2-т зааснаар Засгийн газар тогтооно.
14 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төрөл
14.1. ТХХТ-ийг санхүүжүүлэх хэлбэрээс нь хамааран дараах 3 төрлөөр хэрэгжүүлнэ:
14.1.1. түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх;
14.1.2. түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх;
14.1.3. энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасны холимог төрөл.
14.2. Энэ хуулийн 14.1.1-д зааснаар хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор гэрээнд заасны дагуу санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.
14.3. Энэ хуулийн 14.1.2-т зааснаар хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлийн үнэлгээ, төлбөрийн хуваарьт үндэслэн төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.
14.4. ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээний дүгнэлтээр хэрэглэгчийн төлбөр, хураамж дангаар төслийн зардлыг санхүүжүүлэх боломжгүй, тодорхой хэсгийг төсвөөс зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 14.1.3-т заасан төрлийг хэрэгжүүлж болно.
14.5. Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 14.1-д заасан түншлэлийн төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах ТХХТ-ийн гэрээгээр тодорхойлно.
15 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл
15.1. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна:
15.1.1. зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх;
15.1.2. барих, ашиглах, шилжүүлэх;
15.1.3. барих, шилжүүлэх, ашиглах;
15.1.4. барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх;
15.1.5. түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх;
15.1.6. ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх;
15.1.7. сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх;
15.1.8. удирдлагыг хэрэгжүүлэх;
15.1.9. төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд.
15.2. Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 15.1-д заасан гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах ТХХТ-ийн гэрээгээр тодорхойлно.
15.3. Энэ хуулийн хүрээнд “барих-шилжүүлэх” төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.
16 дугаар зүйл. Төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талууд
16.1. Дараах этгээд төрийн түншлэгч байна:
16.1.1. Монгол Улсын яам;
16.1.2. аймаг, нийслэлийн Засаг дарга;
16.1.3. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд.
16.2. Хувийн хэвшлийн түншлэгч нь энэ хуулийн 5.1.27-д заасан этгээд байна.
17 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн үе шат
17.1. ТХХТ-ийн төсөл дараах үе шаттай байна:
17.1.1. төслийг төлөвлөх буюу төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх эсэхийг судлан шинжлэх үе шат:
17.1.1.1. түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх;
17.1.1.2. урьдчилсан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслүүдийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах.
17.1.2. ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөлд бүрэн шинжилгээг хийх, үнэлэх үе шат:
17.1.2.1. түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;
17.1.2.2. төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
17.1.2.3. ТХХТ-ийн эх төслийг боловсруулах;
17.1.2.4. төслийн эрсдэлийг судалж тодорхойлох;
17.1.3. түншлэлийн төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
17.1.4. хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах;
17.1.5. хэлэлцээр хийж, түншлэлийн гэрээ байгуулах;
17.1.6. түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, гэрээний удирдлагыг хангах төслийн хэрэгжилтийн үе шат;
17.1.7. төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторингийг хэрэгжүүлэх;
17.1.8. түншлэлийн гэрээ дуусгавар болох, түншлэлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид авах, бүртгэх.
18 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд тавигдах шаардлага
18.1. ТХХТ-ийн төсөл дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
18.1.1. Энэ хуульд заасан үнэлгээ, шинжилгээ, судалгаагаар төсөл нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тодорхойлогдсон байх;
18.1.2. хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгагдсан болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
18.1.3. хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, энэ хуульд заасан түншлэлийн төрөл, хэлбэрүүдэд нийцэж байх;
18.1.4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад үндэслэн дэд бүтцийг байгуулах, засвар үйлчилгээ үзүүлэх, нийтэд зориулсан төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой байх;
18.1.5. байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх;
18.1.6. тухайн төслийн хувьд хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгч талууд төслийг хэрэгжүүлэх сонирхолтой болохыг зах зээлийн судалгаагаар тогтоосон, өрсөлдөөнт шалгаруулалт явуулах нь тодорхой болсон байх.
18.2. ТХХТ-ийн гэрээ байгуулж, хэрэгжүүлэх төсөл нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
18.2.1. төслийн төсөв, санхүүгийн үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг энэ хуулийн 19.4, 19.6-д нийцүүлэн гүйцэтгэсэн байх;
18.2.2. төслийн хэмжигдэхүйц зорилтуудад үндэслэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх;
18.2.3. хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж баталгаажсан байх;
18.2.4. төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийн хүрээнд олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээ нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байх;
18.2.5. техникийн шаардлага, төслийн орц, гарц болон хүрэх үр дүнг тодорхойлсон байх;
18.2.6. хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх төслийн үйл ажиллагаа, арга хэмжээ, хамрах хүрээг тогтоосон байх;
18.2.7. төслийн үйл ажиллагаанд шаардлагатай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгогдох зөвшөөрлийг тодорхойлсон байх;
18.2.8. төслийн эрсдэлийг үнэлж, гэрээний хүрээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байх;
18.2.9. төсөл хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх шаардлагатай дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлсон байх;
18.2.10. төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээ нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;
18.2.11. төсөл хэрэгжих хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаа, хэрэгжилт, гүйцэтгэлд гэрээний дагуу хяналт тавих, үнэлэх асуудлыг тусгасан байх;
18.2.12. түншлэлийн гэрээг байгуулахаас өмнө хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээний хэлэлцээр хийж, гол нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байх;
18.2.13. төслийн нийт зардлыг тухайн төслийн үе шатны бүх зардлыг оролцуулан нэгдсэн дүнгээр тодорхойлсон байх;
18.2.14. түншлэлийн төслийн дагуу үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нийтэд зориулсан, төлбөр нь зах зээлийн үнэтэй уялдсан, бүртгэл хийх боломжтой байх;
18.2.15. байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн байх;
18.2.16. ТХХТ-ийн өмчлөлийн зүйлийг зохистой удирдахад тавигдах түншлэлийн гэрээ болон төслийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагыг хангах.
18.3. Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхийг хориглоно.
19 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төлөвлөлт, урьдчилсан үнэлгээ
19.1. Тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хувийн хэвшлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх санал гаргах эрхтэй.
19.2. Энэ хуулийн 19.1-д заасан саналыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
19.3. ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг ТХХТ-ийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг энэ хуульд заасан урьдчилсан үнэлгээгээр тогтооно.
19.4. Энэ хуулийн 19.3-т заасан төслийн саналд тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ТХХТ-ийн төв хамтран урьдчилсан үнэлгээг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хийж, дүгнэлтийг ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
19.5. ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан цаглабарын дагуу хэрэгжүүлнэ.
19.6. Энэ хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ хийгдээгүй, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдаагүй төслийг ТХХТ-ийн бүрэн шинжилгээнд хамруулахыг хориглоно.
20 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн бүрэн шинжилгээ
20.1. ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөлд ТХХТ-ээр хэрэгжүүлэх үр ашиг, ач холбогдлыг нарийвчлан судалж тогтоох, хэрэгжүүлэх боломжийн талаар дүгнэлт гаргах, түншлэлийн төрөл, төслийг хэрэгжүүлэх гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлох зорилгоор төслийн бүрэн шинжилгээг хийнэ.
20.2. ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төслийн бүрэн шинжилгээ хийх төслийн багийг хамтран ТХХТ-ийн төвийн дэргэд байгуулах бөгөөд бүрэн шинжилгээ хийх хугацааг холбогдох журамд заасан байна.
20.3. Энэ хуулийн 20.2-т заасан төслийн багийн бүрэлдэхүүнд ТХХТ-ийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагын төлөөлөл, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгмийн болон байгаль орчны холбогдох салбарын мэргэжлийн үндэсний болон олон улсын судлаач, зөвлөхүүдийг оролцуулах бөгөөд төслийн багийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь хөндлөнгийн хараат бус зөвлөхүүд байна.
20.4. Төслийн баг холбогдох аргачлал, журмын дагуу дараах байдлаар тухайн төслийн хэрэгцээ, шаардлага, санхүү, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, санхүүгийн болон бусад нөөц, боломжийг бүрэн шинжилгээгээр тодорхойлж дүгнэлт гаргана:
20.4.1. мөнгөний үнэ цэнийн шинжилгээг хийх;
20.4.2. урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл,
20.4.3. ТХХТ-ийн гэрээний төрөл, загвар, гол нөхцөл, төсөлд тавигдах шаардлагыг хангасан эсэх үнэлгээ;
20.4.4. хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ;
20.4.5. төслийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлсон эрсдэлийн шинжилгээний дүгнэлт;
20.4.6. төслийг хэрэгжүүлэх түншлэлийн төрөл, гэрээний хэлбэр, төсөл хэрэгжих хугацаа;
20.4.7. тухайн төсөлд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл.
20.5. Төслийн баг түншлэлээр хэрэгжүүлэхээр санал болгосон төслийн ТХХТ-ийн эх төслийг боловсруулна.
20.6. Энэ хуулийн 20.4.5-д заасан эрсдэлийн шинжилгээгээр, мөн хуулийн 20.4.2, 20.4.5-д заасан нөхцөл, шаардлагуудад үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг үнэлэх, хуваарилах, бууруулах болон хянах зэрэг эрсдэлийн удирдлагын арга хэмжээг төлөвлөсөн байна.
20.7. Төслийн баг төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг тооцохдоо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах ба энэ хуулийн 9.2-т заасан загварын дагуу төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг болон түншлэлийн гэрээний дагуу төсөвт шууд болон шууд бус төлбөрийн үүрэг, хариуцлагыг бий болгох эсэхийг тооцно.
20.8. Төслийн баг түншлэлийн төсөл нь төсвийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй, энэ хуулийн 20.4.7-д заасан төрөөс дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийн саналыг буцаах, хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн эх үүсвэрийг өөрчлөх талаар санал гаргана.
20.9. Төслийн баг тухайн төслийн талаар олон нийт, иргэд, төрийн болон бусад байгууллагатай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг авч болно.
20.10. Төслийн баг төслийн бүрэн шинжилгээний үр дүнгээс хамаарч ТХХТ-ээр хэрэгжүүлэх зарим төслийг нэгтгэж нэг төсөл болгон хэрэгжүүлэх нь үр ашигтай гэж үзсэн тохиолдолд нэгтгэн хэрэгжүүлэх санал гаргаж болно.
21 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг тодорхойлж, шийдвэр гаргах
21.1. ТХХТ-ийн төслийн баг бүрэн шинжилгээгээр ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж тодорхойлсон төслийг төслийн иж бүрэн баримт бичгүүдийн хамт ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрэн шинжилгээ хийгдэж, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.
21.2. Төслийн баг төслийн баримт бичгийн иж бүрдэлд дор дурдсан мэдээллийг тусгасан хяналтын хуудсыг хүргүүлсэн байна:
21.2.1. ТХХТ-ийн төслийн төрийн түншлэгч байгууллагад хамаарах дараах мэдээлэл:
21.2.1.1. санхүүгийн эх үүсвэрийн боломж, түншлэлд зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх чадавх;
21.2.1.2. төрийн байгууллагын албан хаагч, мэргэжилтний мэдээлэл;
21.2.1.3. удирдлагын түвшинд түншлэлийг хэрэгжүүлэх сонирхол болон үзүүлэх дэмжлэгийн түвшин;
21.2.1.4. холбогдох бусад хүчин зүйлс.
21.2.2. ТХХТ-ийн төсөлтэй холбоотой дараах мэдээлэл:
21.2.2.1. төслийн мэдээлэл, танилцуулга, төсөл хэрэгжих бэлэн байдал, төслийн нийт өртөг, ашиглалтын хугацаа болон хэрэгжүүлэх хуваарь;
21.2.2.2. төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, эрсдэлийн шинжилгээ болон эрсдэлийг хуваарилах санал болон бусад бүх асуудлыг тусгасан ТХХТ-ийн эх төсөл;
21.2.2.3. түншлэлийн төрөл, төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн хуваарь, хэрэглэгчийн төлбөр, хураамжийн судалгаа, зардал-үр ашгийн тооцоолол, төслийн санхүүжилтийн мэдээлэл;
21.2.2.4. төслийн барилга болон үйл ажиллагааны тодорхойлолт,
21.2.2.5. төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах төрийн байгууллагууд;
21.2.2.6. төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
21.2.2.7. нийгмийн хамгаалал, байгаль орчны нөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, цаг уурын эрсдэл болон сорилт, тэдгээрийг бууруулах арга хэмжээ;
21.2.2.8. холбогдох бусад хүчин зүйлс.
21.3. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ-ийн төслийн бүрэн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээний тайланд үндэслэн тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх саналыг, Засгийн газрын шийдвэрийн төслийн хамт ажлын 10 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийн бүрэн шинжилгээний тайлан, дүгнэлт болон энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохдоо дараах тооцоо, судалгааг үндэслэл болгоно:
21.5.1. нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр батлагдсан ерөнхий нөхцөлүүд, эрэлт, нийлүүлэлт, тариф, зах зээлийн хувьсагч үзүүлэлтүүд, тэдгээрт хийгдсэн эрсдэлийн дүгнэлт;
21.5.2. төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт тусгах урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, хөнгөлөлт, тэдгээрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн талаарх санал, дүгнэлт;
21.5.3. Төрөөс үзүүлэх дэмжлэгийн хүрээнд төсөвт үзүүлэх болзошгүй өр төлбөрийн шинжилгээ, Засгийн газрын баталгаа гаргах төрөл хэлбэр, түүний Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх санал, дүгнэлт.
21.6. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн ТХХТ-ийн төслийн саналыг ажлын 5 өдөрт багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.7. Засгийн газар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл олгогдсон төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргаж, ТХХТ-ийн төслийг батална.
21.8. ТХХТ-ийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.7-д заасны дагуу батлагдсан ТХХТ-ийн төслийг зарлах, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
21.9. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны хугацааг энэ хуулийн 7.2.2-т заасан сонгон шалгаруулалтын журмаар зохицуулна.
21.10. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжгүй болох нь тогтоогдсон тохиолдолд төслийг төсөл санаачлагчид буцаах шийдвэр гаргана.
22 дугаар зүйл. Хувийн хэвшлээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлах
22.1. Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлээс санал гаргаж болох бөгөөд төслийн саналаа тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
22.2. Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хувийн хэвшлээс гаргасан төслийн саналд урьдчилсан үнэлгээг хийж, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
22.3. Хувийн хэвшлээс уг төсөлтэй холбогдуулан нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төсөл хэрэгжүүлэх зарчим, технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, түүнд үндэслэн тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг тогтоох бүрэн шинжилгээг энэ хуулийн 20.2-т заасны дагуу төслийн баг хийнэ.
22.4. ТХХТ-ийн болон холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 22.3-т зааснаар төслийн саналыг үнэлэхдээ дараах асуудлыг судалж үзсэн байна:
22.4.1. төсөл санаачлагчийн оюуны өмч, бизнесийн нууц болон бусад тусгай эрхийг ашиглахгүйгээр үр дүнтэй хэрэгжих боломжтой төсөл эсэх;
22.4.2. төслийг хэрэгжүүлэхэд төсвөөс аливаа төлбөрийн үүрэг, болзошгүй төлбөрийн үүрэг, хариуцлага үүсэх эсэх;
22.4.3. төслийн технологийн шийдэл нь цор ганц, шинэлэг эсэх.
22.5. Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг үнэлэхдээ төслийн саналтай холбоотой оюуны өмч, бизнесийн нууц болон төсөл санаачлагчийн ирүүлсэн мэдээллийг зөвхөн үнэлгээ хийх албан хэрэгцээнд ашиглана.
22.6. Төсөл санаачлагч хувийн хэвшил нь төслийн саналд бүрэн шинжилгээ хийхдээ холбоотой зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
22.7. Хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналд энэ хуульд заасан шаардлага, нөхцөл, журмууд нэгэн адил үйлчилнэ.
22.8. Хувийн хэвшлээс санаачилсан төслийг бүрэн шинжилгээгээр ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд ач холбогдол, үр ашиггүй гэж үзсэн тохиолдолд тухайн төслийн саналыг санал гаргасан этгээдэд буцаана.
22.9. Хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд тохиромжтой болох нь тогтоогдвол тухайн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
22.10. Хувийн хэвшлийн төсөл санаачлагч этгээд сонгон шалгаруулалтын өрсөлдөөнд оролцохдоо бусад оролцогчдын нэгэн адил үнэлгээний шалгуурт хамаарах ба үнэлгээнд сонгон шалгаруулалтын журамд заасан давуу эрхийн оноог авах эрхтэй.
22.11. Сонгон шалгаруулалтын хугацаанд тодорхой санал ирээгүй тохиолдолд анх санал ирүүлсэн оролцогчтой хэлэлцээ хийх ба гэрээг байгуулах шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ хуульд зааснаар ТХХТ-ийн гэрээг байгуулна.
22.12. Тухайн төсөл дэмжигдсэн эсэхээс үл хамааран энэ хуулийн 22.6-д заасан зардлыг буцаан олгохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ЗАРЛАХ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
23 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг урьдчилан зарлах
23.1. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор урьдчилсан үнэлгээ хийгдэж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсанаас хойших 12 сарын хугацаанд ТХХТ-ийн төслүүдийг нийтэд зориулан урьдчилан зарлаж болно.
23.2. ТХХТ-ийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож буй олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой байна.
23.3. Урьдчилан зарласан ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслүүдэд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан урьдчилсан үнэлгээг зайлшгүй хийсэн байх шаардлагатай ба энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн шинжилгээ хийгдээгүй байж болно.
23.4. ТХХТ-ийн төслийг урьдчилан зарласан нь тухайн төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр шийдвэр гарсанд тооцогдохгүй, тухайн төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг хүлээхгүй.
23.5. Урьдчилан зарласан ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь энэ хуулийн 22.1-д заасны дагуу тухайн төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.
23.6. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ-ийн төвтэй хамтран ТХХТ-ийн төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.
24 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалтыг зарлах, олон нийтэд мэдээлэх
24.1. Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын шийдвэрийн дагуу ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг тухай бүр байгуулах бөгөөд уг ажлын хэсэг ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
24.2. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь хөндлөнгийн хараат бус гишүүд байна.
24.3. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газраас баталсан жишиг баримт бичиг, гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам, аргачлалын дагуу боловсруулна.
24.4. Ажлын хэсэг төслийн сонгон шалгаруулалтын урилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд байршуулах, сонгон шалгаруулалтын талаар танилцуулга хийх, уулзалт зохион байгуулах зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй.
24.5. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллээр ижил түвшинд хангах, шаардлага тавих, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтална.
24.6. Хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээн авах, үнэлэх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ба ажлын хэсэг сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг ил тод, нээлттэй зарлах, саадгүй олгох, өрсөлдөөний тэнцвэрийг хангах зорилгоор мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
24.7. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын үр дүнг бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлж, танилцуулах үүрэгтэй байх бөгөөд сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангаж ажиллана.
25 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шат
25.1. Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай байна:
25.1.1. урьдчилсан шалгаруулалт;
25.1.2. уралдаант шалгаруулалт.
25.2. Урьдчилсан шалгаруулалтын үе шатанд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
25.2.1. сонгон шалгаруулалтын ажлын хэсэг урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;
25.2.2. урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт холбогдох журамд зааснаас гадна дараах мэдээллийн талаар шалгуур үзүүлэлтийг тусгана:
25.2.2.1. түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, жишиг маягтууд, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар;
25.2.2.2. түншлэлийн төслийн гол хүчин зүйлс, хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийн мэдээлэл;
25.2.2.3. төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага;
25.2.2.4. сонгон шалгаруулалтын шалгуур,шалгаруулах үе шат, аргачлал, оролцогчдод өгөх зааварчилгаа, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;
25.2.2.5. шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл,
25.2.3. урьдчилсан шалгаруулалтыг зарлах;
25.2.4. сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төрийн түншлэгч байгууллагатай хамтран уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, төсөлтэй холбогдох баримт бичгийн талаар мэдээлэл өгөх;
25.2.5. урьдчилсан шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн саналыг хүлээн авах, урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтын баримт бичгийг олгох;
25.2.6. урьдчилсан шалгаруулалтад хувийн хэвшлээс ирүүлсэн төслийн санал сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах эсэхийг үнэлэх;
25.2.7. ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх шаардлага хангасан буюу урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчийн хураангуй жагсаалт гаргах, дараагийн шалгаруулалтад оролцох тухай мэдэгдлийг хураангуй жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан хүргүүлэх.
25.2.3. урьдчилсан шалгаруулалтыг зарлах;
25.2.4. сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төрийн түншлэгч байгууллагатай хамтран уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, төсөлтэй холбогдох баримт бичгийн талаар мэдээлэл өгөх;
25.2.5. урьдчилсан шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн саналыг хүлээн авах, урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтын баримт бичгийг олгох;
25.2.6. урьдчилсан шалгаруулалтад хувийн хэвшлээс ирүүлсэн төслийн санал сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах эсэхийг үнэлэх;
25.2.7. ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх шаардлага хангасан буюу урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчийн хураангуй жагсаалт гаргах, дараагийн шалгаруулалтад оролцох тухай мэдэгдлийг хураангуй жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан хүргүүлэх.
25.3. Энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн урьдчилсан шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хугацаа нь сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш хоёр сараас доошгүй байна.
25.4. Энэ хуульд заасан шаардлагыг хангасан оролцогч урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэсэн төслийн саналаа битүүмжлэн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд саналыг ирүүлсэн хугацааны дарааллаар бүртгэж авна.
25.5. Урьдчилсан шалгаруулалтын шалгуурыг хангасан оролцогчид уралдаант шалгаруулалтад оролцох санал ирүүлэх мэдэгдлийг энэ хуулийн 25.2.7-д заасны дагуу хүргүүлнэ.
25.6. Уралдаант шалгаруулалтын үе шатанд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
25.6.1. ТХХТ-ийн гэрээний загвар, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;
25.6.2. уралдаант шалгаруулалтын баримт бичигт холбогдох журамд зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:
25.6.2.1. түншлэлийн гэрээний гол нөхцөлүүд,
25.6.2.2. оролцогчид тавих шаардлага;
25.6.2.3. оролцогчийн үйл ажиллагааны танилцуулга, техник, санхүү болон бусад эх үүсвэрийн мэдээлэл, ажлын болон төсөл удирдах туршлага;
25.6.2.4. сонгон шалгаруулалтын шалгуур болон шалгаруулах арга хэлбэр, аргачлал, оролцогчид өгөх заавар, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;
25.6.2.5. шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл,
25.6.3. оролцогчид гэрээний нөхцөлийг тусгасан сонгон шалгаруулалтын баримт бичиг олгох;
25.6.4. оролцогч, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, төрийн түншлэгч байгууллага, санхүүжүүлэгч болон төсөлд хамаарах этгээдүүдийн төлөөллөөс бүрдсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
25.6.5. оролцогч гэрээний нөхцөлийг тусгасан төслийн баримт бичгийг энэ хууль, холбогдох журмын дагуу боловсруулж ирүүлэх;
25.6.6. оролцогчийн уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах;
25.6.7. сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хувийн хэвшлээс ирүүлсэн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулах.
25.6.8. уралдаант шалгаруулалтын саналыг үнэлэх, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчид мэдэгдэл хүргүүлэх;
25.6.9. сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь шалгарсан оролцогчтой гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх;
25.6.10. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах зөвшөөрөл авах хүсэлтийг хүргүүлэх;
25.6.11. хэлэлцээрээр тохиролцсон төслийн саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрлийг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэлийг зааж, хүсэлтийг буцаах;
25.6.12. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.6.11-д зааснаар гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон тохиолдолд ТХХТ-ийн түншлэгчтэй гэрээ байгуулах санал, дүгнэлтийг Засгийн газраар хэлэлцүүлэх;
25.6.13. Засгийн газрын шийдвэрийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээ байгуулах, олон нийтэд мэдээлэх.
25.7. Уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн этгээдээс төслийн баримт бичгийг боловсруулах хугацааг төслийн баримт бичигт тусгана.
25.8. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хувийн хэвшлийн оролцогч талууд төслийн хэрэгцээ, шаардлагыг өөрчлөх, сайжруулах шаардлагатай гэж харилцан тохиролцсон тохиолдолд ТХХТ-ийн төслийн энэ хуулийн 25.2.2, 25.6.2.-т заасан мэдээлэлд дурдсан үндсэн шаардлага, талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөлийг өөрчлөхгүйгээр төслийн баримт бичгийг дахин боловсруулж болно.
25.9. Төслийн саналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүрдэл дутуу ирүүлсэн нь оролцогчийн төслийн саналыг буцаах үндэслэл болно.
26 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах шийдвэр гаргах
26.1. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25.1-д заасан сонгон шалгаруулалтын урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үр дүнг тухай бүр бусад оролцогчид болон олон нийтэд нээлттэй мэдээлэх, танилцуулах үүрэгтэй.
26.2. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 25.6.7 -д заасны дагуу хамгийн сайн нөхцөлтэй төслийн саналаар шалгарсан оролцогчоос эхлүүлэн хэлэлцээг хийж, үнэлгээ өгнө.
26.3. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэлэлцээний үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохиролцсон нэг оролцогчтой түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гарган, ажлын 5 өдөрт багтаан дүгнэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
26.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалт, түншлэгчтэй хийсэн хэлэлцээний дүн, ажлын хэсгийн дүгнэлтийг төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн талаас хянаж, ТХХТ-ийн гэрээ байгуулах эсэх зөвшөөрлийг ажлын 10 хоногт багтаан олгоно.
26.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тохиолдолд ТХХТ-ийн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн гэрээ байгуулах тухай санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулан түншлэлийн гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргуулна.
27 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтын оролцогчид тавигдах шаардлага
27.1. Хувийн хэвшлийн түншлэгчээр сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна:
27.1.1. төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадвар, ажлын туршлагатай байх;
27.1.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх;
27.1.3. тухайн хуулийн этгээдийг татан буулгах, дампуурлыг зарлах үйл ажиллагаа эхлээгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зогсоогоогүй байх;
27.1.4. сүүлийн 3 жилийн хугацаанд түншлэлийн гэрээг биелүүлээгүй тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх;
27.1.5. хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан нь ял шийтгэлгүй, төрийн түншлэгч этгээдийн удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй эсхүл хамаарал бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
27.1.6. сонгон шалгаруулалтад оролцогч компанийн эцсийн өмчлөгч болон хараат, охин компани нь харилцан хамааралгүй байх, хамтарч оролцохгүй байх,
27.2. Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээдэд ТХХТ-ийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 27.1-д зааснаас бусад тусгайлсан шаардлагыг сонгон шалгаруулалтын баримт бичгээр тогтоож болно.
27.3. Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээд энэ хуульд заасан шаардлагыг хангасан талаарх мэдээллийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бүрдүүлнэ.
27.4. Хувийн хэвшлийн түншлэгчээр оролцогч этгээд сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд түншлэлийн төсөл, үйл ажиллагаанд оролцох эрхгүй байна.
27.5. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 27.4-т заасан эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, байгууллагын цахим санд олон нийтэд нээлттэй байршуулна.
27.6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд тухайн этгээдийг түншлэлд оролцуулахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ТҮНШЛЭЛИЙН БАТАЛГАА, ДЭМЖЛЭГ
28 дугаар зүйл. Түншлэгч талуудын чиг үүрэг
28.1. Түншлэлд төрийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:
28.1.1. хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаанд төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих, түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аудитын байгууллагыг оролцуулах;
28.1.2. түншлэлийн гэрээний хүрээнд шаардлагатай баримт бичгийг гаргуулж авах, тухайн объектод саадгүй нэвтрэх;
28.1.3. түншлэлийн төсөл, гэрээ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, үнэлэх, дүгнэлт өгөх;
28.1.4. дэд бүтцийн байгууламжийг хувийн хэвшлийн түншлэгчид түншлэлийн гэрээний дагуу эзэмшүүлж, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;
28.1.5. түншлэлийн гэрээнд заасан хугацаа, нөхцөлд үндэслэн гэрээний зүйлийн эрхийг хувийн хэвшлийн түншлэгчид олгох;
28.1.6. түншлэлийн гэрээнд заасны дагуу төслийн зардлыг төсвөөс санхүүжүүлэх;
28.1.7. түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэх;
28.1.8. түншлэлийн төслөөр үзүүлэх үйлчилгээний чанар, түвшин, тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;
28.1.9. түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
28.2. Түншлэлд хувийн хэвшлийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:
28.2.1. түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
28.2.2. түншлэлийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгө болон санхүүгийн бусад арга хэрэгслээр бүрдүүлэх;
28.2.3. үйл ажиллагаа, удирдлагын шилдэг туршлага, инноваци, ноу-хауг тухайн салбартаа нэвтрүүлэх;
28.2.4. өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх;
28.2.5. түншлэлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түншлэлийн зүйлтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх;
28.2.6. ТХХТ болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн түншлэгч этгээдийг түншлэлийн төслийн үйлчилгээний чанар хүртээмж, санхүүгийн мэдээлэл, энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай тайлан, мэдээллээр хугацаанд нь хангах, түүний үнэн зөв, найдвартай байдлыг хангах;
28.2.7. түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
28.3. Түншлэгч талууд нь эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, эрсдэл хуваарилах нөхцөлийн дагуу түншлэлд тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана.
29 дүгээр зүйл. Түншлэлд оролцогч бусад этгээдийн чиг үүрэг
29.1. Түншлэлийн төслийг санхүүжүүлэгч, эсвэл санхүүжүүлэхийг сонирхогч тал нь түншлэлийн төслийг санхүүжүүлэх, татан төвлөрүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үүрэгтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд зээлдэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хэрэгжүүлнэ.
29.2. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад талууд нь Монгол Улсын хууль болон түншлэлийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу оролцоно.
30 дугаар зүйл. Түншлэлийн эрсдэлийн удирдлага
30.1. ТХХТ-ийн түншлэгч талууд нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг судалж тодорхойлох, хуваарилах, эрсдэлийг бууруулах болон хянах зорилгоор ТХХТ-ийн төслийн эрсдэлийн удирдлагыг энэ хуулийн 7.2.4-т заасан журам, аргачлалын дагуу хэрэгжүүлнэ.
30.2. Түншлэгч талуудын хооронд эрсдэлийг хуваарилах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн эрсдлийг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг түншлэлийн гэрээнд тусгана.
30.3. Эрсдэлийг хуваарилахад тухайн төслийн онцлогийг харгалзан үнэ-чанарын харьцааг хадгалж, эрсдэлийг бага зардлаар илүү сайн шийдвэрлэх түншлэгч талд хуваарилах буюу эрсдэлийн хуваарилалтын зохистой байдлыг хангаж ажиллана.
30.4. Түншлэлийн төслийн онцлогоос хамаарч эрсдэлийн шинжилгээнд үндэслэн эрсдэлийг хувийн хэвшлийн түншлэгчид, эсхүл төрийн түншлэгчид, эрсдэлийн зарим хэсгийг хэрэглэгчдэд болон даатгалын компанид хуваарилж болно.
31 дүгээр зүйл. Засгийн газрын баталгаа
31.1. Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төсөлд дараах баталгааг гаргаж болно:
31.1.1. ТХХТ гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа;
31.1.2. түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа.
31.2. Энэ хуулийн 31.1-д заасан баталгааг гаргах, үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгчтэй холбогдох гэрээ байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
31.3. Энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нь Засгийн газрын өрийн баталгаанд хамаарахгүй бөгөөд уг баталгааг гаргах, гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 7.2.5-д заасан журмын дагуу зохицуулна.
31.4. Энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлд Засгийн газраас өрийн баталгаа гаргахаар тогтоогдсон тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчид Засгийн газрын өрийн баталгааг Өрийн удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн гаргаж болно.
31.5. Энэ хуулийн 31.4-т зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулна.
32 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэг
32.1. Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчид дараах дэмжлэгийг үзүүлж болно:
32.1.1. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах,
32.1.2. төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;
32.1.3. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
32.1.4. түншлэлийн гэрээнд зааснаар төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх;
32.1.5. шаардлагатай тохиолдолд түншлэлийн зүйлийг даатгалд хамруулах;
32.1.6. түншлэлийн төслөөр бий болгохоос бусад төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;
32.1.7. хуульд заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.
32.2. Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно.
32.3. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлэх нийт дүн нь төслийн нийт зардлаас хэтэрч болохгүй.
32.4. Түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжинэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ
33 дугаар зүйл. Түншлэлийн гэрээ
33.1. ТХХТ-ийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан, хувийн эрх зүйн салбарын гэрээнд хамаарах, Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна.
33.2. ТХХТ-ийн гэрээний талууд нь төрийн түншлэгч талаас тухайн төсөлд хамаарах салбарын болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагын төлөөлөл, нөгөө талаас хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани, төслийн санхүүжүүлэгч хуулийн этгээд байна.
33.3. Түншлэлийн гэрээнд төрийн түншлэгч талыг төлөөлж Засгийн газрын эрх олгосноор төсөл хэрэгжүүлэх салбарын болон ТХХТ асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсөл хэрэгжих орон нутгийг төлөөлж аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
33.4. Төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талууд энэ хуульд заасан нөхцөлийн дагуу ТХХТ-ийн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд гэрээнд түншлэгч талууд тэгш эрхтэй оролцоно.
33.5. Засгийн газар түншлэлийн гэрээг байгуулах эрхийг олгоно.
33.6. ТХХТ-ийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, төслийн дагуу гүйцэтгэх ажлын онцлогт нийцүүлэн гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлно.
33.7. Түншлэлийн гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг бүрэн хариуцаж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хууль болон гэрээнд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд тухайн түншлэлийн харилцаанд оролцоно.
33.8. ТХХТ-ийн гэрээг байгуулахдаа дагалдах гэрээ, төслийн үе шат, гэрээний төлбөр, санхүүжилтийн хуваарь болон хэрэгжилтийн төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг хавсралтаар оруулахаар тусгах бөгөөд эдгээр нь ТХХТ-ийн гэрээний салшгүй хэсэг байна.
33.9. Түншлэлийн гэрээг монгол, англи хэл болон талуудын тохиролцсон бусад хэлээр байгуулж болох бөгөөд гэрээний албан ёсны эхийг монгол хэлээр байгуулна.
33.10. Түншлэлийн гэрээний загварыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраас батална.
33.11. Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй болон энэ хуулийн 3.2-т заасан ТХХТ-д үл хамаарах салбарт хэрэгжих төсөлд ТХХТ-ийн гэрээ байгуулахыг хориглоно.
34 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төлбөрийн үүргийг төсөвт тусгах
34.1. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхээр түншлэгч талууд харилцан тохиролцож, түншлэлийн гэрээг байгуулсан болон иргэд, олон нийт түншлэлийн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч эхэлсэн нь ТХХТ-тэй холбоотой төрийн түншлэгчийн хүлээх санхүүгийн болон холбогдох бусад үүргийг бүртгэх, төсвийн төсөлд тусгах үндэслэл болно.
34.2. ТХХТ-ийн гэрээ байгуулагдсанаар тухайн төслийн бүртгэлийг ТХХТ-ийн мэдээллийн санд хэрэгжиж байгаа төслийн хэсэгт болон болзошгүй өр төлбөрийн бүртгэлд оруулна.
34.3. Өрийн удирдлагын тухай болон Төсвийн тухай хуульд заасны дагуу ТХХТ-ийн гэрээний төлбөрийн үүргийг хэрэгжих хугацаатай уялдуулан болзошгүй өр төлбөрт бүртгэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн төсөлд тусгана.
34.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдлийн тооцоо, шинжилгээг хянах ба ТХХТ-ийн гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд үндэслэн жил бүрийн төсвийн төсөлд тусгана.
34.5. Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй ТХХТ-ийн төсөл болон гэрээг Засгийн газрын өрд бүртгэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн төсөлд тусгахыг хориглоно.
35 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний нөхцөл
35.1. Түншлэлийн гэрээний нөхцөлийг түншлэгч талуудын чиг үүрэг, тухайн төслийг хэрэгжүүлэх салбарын онцлог, нөхцөл байдалд уялдуулан уян хатан тодорхойлох бөгөөд энэ хуульд заасан түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.
35.2. Түншлэлийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгасан байна:
35.2.1. түншлэлийн хамрах хүрээ, ажил, үйлчилгээний төрөл, хэмжээ, хувийн хэвшлийн түншлэгчийн эрх, үүрэг;
35.2.2. төслийн хугацаа, түншлэлийн зүйлийн талаарх мэдээлэл, төслийг хэрэгжүүлэх хугацаанд хамаарах эд хөрөнгийн эрх;
35.2.3. гэрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, гэрээнд хэрэглэгдэх нэр томьёоны тайлбар;
35.2.4. түншлэлийн гэрээний талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
35.2.5. түншлэгч талуудын хооронд эрсдэл хуваарилах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
35.2.6. төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ болон төлөвлөгөө;
35.2.7. түншлэлийн төрлийг тодорхойлох, төслийн зардлыг энэ хуулийн 14.1-т заасан аль хэлбэрээр санхүүжүүлэх,
35.2.8. төслийн зардлыг нөхөн төлөх болон орлого олох эх үүсвэр, талууд тохиролцсон тохиолдолд Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэмжээ, хугацаа, нөхцөл;
35.2.9. түншлэлийн гэрээний хугацаанд төрийн үйлчилгээг төрийн болон хэрэглэгчийн санхүүгийн чадавхад нийцсэн үнээр хүргэх нөхцөл;
35.2.10. төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авахад төрөөс үзүүлэх дэмжлэг;
35.2.11. орлого бүрдүүлэх боломжтой төслийн хувьд түншлэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, эсхүл барилга байгууламж болон хөрөнгөөс орох орлогын талаар түншлэгч талуудын эдлэх эрх;
35.2.12. түншлэлийн хүрээнд бий болох бараа, ажил, үйлчилгээнд тавигдах чанарын шаардлага, стандарт нөхцөл;
35.2.13. төслийн хүрээнд бий болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифийн хэмжээ тогтоох, батлах журам;
35.2.14. төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ ажиллагаа;
35.2.15. туслан гүйцэтгэгч, түншлэлийн зүйлийн засвар, арчлалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх этгээдийг томилох, туслан гүйцэтгэх гэрээ байгуулах журам;
35.2.16. хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл, норм, дүрэм, стандарт нөхцөлүүдийн талаарх шаардлага;
35.2.17. хөрөнгө оруулалтаа хамгаалуулах, Монгол Улсад болон гадаад улс дахь банкинд гадаад валютын данстай байх эрх, гадаад валютын арилжаа хийх, орлогыг татан төвлөрүүлэх, хөрвүүлэх нөхцөл;
35.2.18. түншлэлийн зүйлийн мөнгөний үнэ цэнийг тодорхойлох, дагалдах гэрээний нөхцөл, барилга, байгууламжийн өргөтгөл, засвар арчлалт болон үйлчилгээ нь батлагдсан загвар, тавигдсан шаардлага, чанарын стандартыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулах;
35.2.19. түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн эрх хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлах нөхцөлүүд;
35.2.20. хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийг хэрэгжүүлэхэд гаргах төсөл хэрэгжүүлэх баталгаа, үнэт цаас, бусад баталгааны хэрэгсэл болон даатгалын гэрээ;
35.2.21. түншлэлийн гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, үр дүнгийн хяналт шалгалт, мониторинг үнэлгээ хийх асуудал;
35.2.22. хувийн хэвшлийн түншлэгчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээнд холбогдох төрийн байгууллагуудаас хяналт тавих болон шаардлагтай тохиолдолд ажил, үйлчилгээний нөхцөлийг хязгаарлах нөхцөлүүд,
35.2.23. түншлэлийн төслийг зүй зохистой хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасан болон түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээний зохицуулалт;
35.2.24. төслийн тогтвортой байдал, байгаль орчин, нийгэм, олон нийтэд хамаарах заалтууд;
35.2.25. хувийн хэвшлийн түншлэгчийн төрийн түншлэгч талд төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, шаардлагатай мэдээлэл гаргаж өгөх үүрэг;
35.2.26. хувийн хэвшлийн түншлэгчийн байгуулах аливаа их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл, түүнчлэн хувьцаа эзэмшигчтэйгээ, эсхүл бусад нэгдмэл сонирхолтой этгээдтэй байгуулах гэрээг төрийн зүгээс хянах болон зөвшөөрөх эрх;
35.2.27. түншлэлийн гэрээ болон төслийн хэрэгжилтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээллийн нууцлалтай холбоотой талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх;
35.2.28. түншлэлийн гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгийг эзэмших, ашиглах хугацаа, нөхцөл;
35.2.29. түншлэл дуусгавар болсны дараах талуудын эрх, үүрэг, зөрчил гаргасан нөхцөлд талуудын авах арга хэмжээ, төрийн түншлэгч болон зээлдэгчийн бусдын өмнөөс үүрэг хүлээх эрх;
35.2.30. түншлэлийн хүрээнд маргаан шийдвэрлэх журам;
35.2.31. түншлэлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах нөхцөл, түншлэлийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах онцгой тохиолдол;
35.2.32. түншлэлийн гэрээний дагуу талуудын хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлт, үүргийг гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт;
35.2.33. түншлэлийн гэрээ дуусгавар болоход түншлэлийн зүйлийг буцаан шилжүүлэх, түншлэлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд талуудад олгох нөхөн төлбөрийг тооцох аргачлал;
35.2.34. түншлэлийн гэрээний талуудын бүтэн нэршил, оршин байгаа газар /хуулийн этгээдийн албан ёсны хаяг/, банкны мэдээлэл, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл;
35.2.35. гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хянах боломжгүй нөхцөл байдал үүссэнээр гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан бол талуудын хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл;
35.2.36. түншлэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхөн олговор олгох нөхцөл, хэмжээ;
35.2.37. гэрээнд шаардлагатай холбогдох бусад нөхцөлүүд.
35.3. Түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх түншлэлийн тодорхой төрлүүд дээр тусгайлсан шаардлага тавигдах тохиолдолд уг шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор тодорхойлно.
36 дугаар зүйл.. Түншлэлийн гэрээний хугацаа
36.1. Түншлэлийн гэрээний хугацааг төслийг хэрэгжүүлэх салбар, төслийн үндсэн шинж болон гэрээний төрлөөс хамаарч талуудын харилцан тохиролцсоноор тогтооно.
36.2. Түншлэлийн гэрээний хугацаа 30 жилээс илүүгүй байна.
36.2.1. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөхцөл, хэмжээ;
36.2.2. төслийн хүрээнд дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, өргөтгөх, засаж сайжруулах хугацаа;
36.2.3. төслийн дэд бүтэц, барилга байгууламжийн элэгдлийн хугацаа;
36.2.4. хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээнд тавигдах шаардлага;
36.2.5. хуулиар дэд бүтэц, үйлчилгээний салбарт тогтоосон өрсөлдөөн, зах зээлийн тогтолцоотой холбоотой бодлого.
37 дугаар зүйл. Хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулах нөхцөл
37.1. Энэ хуулийн 21.7-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчтэй дараах тохиолдолд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтгүйгээр хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулж болно:
37.1.1. оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар ажил, үйлчилгээг зөвхөн оюуны өмчийн эрх эзэмшигчээс, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны зөвхөн нэг этгээд гүйцэтгэх боломжтой бол;
37.1.2. онц байдал тогтоосон, эсхүл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээс үүссэн хэрэгцээ, шаардлагыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх бол;
37.1.3. Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдсан төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг хувийн хэвшлийн давуу тал, хүчин чадал, чадавхи, нөөц бололцоонд үндэслэн нэн яаралтай хэрэгжүүлэх бол.
37.2. Энэ хуулийн 37.1-т заасан саналыг ТХХТ-ийн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд гэрээ байгуулах асуудлыг энэ хуулийн 7.2.3-т заасан журмаар зохицуулна.
37.3. Хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулах нөхцөлтэй ТХХТ-ийн төслийн сонгон шалгаруулалтаас бусад харилцаа энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
37.4. Энэ хуулийн 37.1-д зааснаас бусад тохиолдолд хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулахыг хориглоно.
37.5. Энэ хуулийн 37.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулах шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн шийдвэртэй холбоотой хохирлыг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.
38 дугаар зүйл.. Түншлэлийн гэрээний нууцлал
38.1. Төрийн түншлэгч байгууллагын холбогдох албан тушаалтан түншлэлийн гэрээ байгуулах болон хэлэлцээ хийх явцад хувийн хэвшлийн этгээдээс ирүүлсэн хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах үүрэгтэй.
39 дугаар зүйл. Түншлэлийн гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг сунгах
39.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлд үндэслэн ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналаар дараах тохиолдолд түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ:
39.1.1. түншлэлийн гэрээний агуулгын ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ, мэдэгдэхүйц өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд талуудаас түншлэлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан;
39.1.2. гэнэтийн болон давагдашгүй, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас төслийн техникийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын тохиролцсон нийт хэмжээ өөрчлөгдсөн, хуульд зааснаар нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн тайланд өөрчлөлт орсон, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс бий болсон бөгөөд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд харилцан тохиролцсон;
39.1.3. төрийн түншлэгчээс түншлэлийн гэрээний хамрах хүрээг өргөжүүлэн анхны гэрээнд тусгаагүй боловч зайлшгүй шаардлагатай ажил үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгчээр нэмэлтээр хийлгэх шаардлагатай болсон.
39.2. Энэ хуулийн 39.1.3-т заасан түншлэлийн төслийн нэмэлт ажил, үйлчилгээ дараах шаардлагыг хангасан байна:
39.2.1. эдийн засаг, техникийн шийдлийн хувьд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, анхны гэрээний хүрээнд хийсэн ажил, үйлчилгээтэй уялдаатай, харилцан хамааралтай, сэлгэн ажиллуулах боломжтой байх;
39.2.2. хувийн хэвшлийн өөр түншээр хийлгэх нь нийтийн ашиг сонирхолд үл нийцэх, төрийн түншлэгчийн хувьд илүү их ажиллагаа, хугацаа шаардах, нэмэлт зардал гарахаар бол.
39.3. Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь анх тохирсон гэрээний үнийн дүнг 15-аас дээш хувиар өсгөхөөр бол, эсхүл анхны гэрээнд заагаагүй ажил үйлчилгээг хувийн хэвшлийн түншлэгч нэмэлтээр үзүүлэх үр дагавартай бол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
39.4. Түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түншлэлийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхийг хориглоно.
39.5. Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээг дахин сунгахгүйгээр дуусгавар болгох эрхтэй бөгөөд дараах тохиолдолд гэрээний хугацааг сунгахаар талууд зөвшилцөж болно:
39.5.1. гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг талын хяналтаас давсан нөхцөл байдал үүссэнээс төслийн үйл ажиллагаа зогссон;
39.5.2. төрийн түншлэгчээс гаргасан түншлэлийн гэрээнд тусгагдаагүй шаардлагыг хангахад төслийн нийт өртөг өссөн бөгөөд хувийн хэвшлийн түншлэгч уг зардлыг гэрээний хугацаа сунгахгүйгээр нөхөх боломжгүй болсон.
39.6. Энэ хуулийн 36.2-т заасан хугацааг энэ хууль болон гэрээнд заасан шаардлага, үндэслэлээр Засгийн газрын зөвшөөрлийн үндсэн дээр талууд гэрээний хугацааг нэг удаа 10 хүртэлх жилээр сунгаж болно.
40 дугаар зүйл.. Түншлэлийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
40.1. Түншлэлийн гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно:
40.1.1. түншлэлийн гэрээний хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон бөгөөд талууд сунгах хүсэлт гаргаагүй;
40.1.2. түншлэлийн гэрээний нэг тал гэрээний үүргийг зөрчсөн, зөрчлийг арилгах үр дүнтэй арга хэмжээ аваагүй;
40.1.3. гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон бөгөөд арилгах боломжгүй болсон;
40.1.4. хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч этгээд төлбөрийн чадваргүй болсон буюу татан буугдсан;
40.1.5. энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан.
40.2. Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн гэрээг дараах тохиолдолд төрийн түншлэгчийн санаачилгаар цуцална:
40.2.1. хувийн хэвшлийн түншлэгч гэрээг ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон;
40.2.2. хувийн хэвшлийн түншлэгч татан буугдсаны улмаас ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг арилгах зорилгоор;
40.2.3. түншлэлийн гэрээг энэ хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан нь тогтоогдсон бол.
40.3. Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж болно:
40.3.1. төрийн түншлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түншлэлийн төслийг түр зогсоосон;
40.3.2. төрийн түншлэгч байгууллага хувийн хэвшлийн түншлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хувийн хэвшлийн түншлэгчийг түншлэлийн гэрээгээр хүлээсэн цаашид үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн хууль бус шийдвэр гаргасан, эсхүл хориглосон арга хэмжээ авсан;
40.3.3. түншлэлийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшлийн түншлэгчид эзэмшүүлж, ашиглуулсан газар, бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд гэрээ байгуулахаас өмнө өр төлбөр байсан нь илэрсэн, эсхүл гэрээг байгуулах үед хувийн хэвшлийн түншлэгчид мэдэгдээгүй зөрчил илэрсэн бөгөөд эдгээр нь гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн бол.
40.4. Түншлэлийн гэрээг цуцлахад талуудад олгох нөхөн төлбөрийг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба түншлэлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэн, гарсан зардал, тухайн талд учирсан бодит хохирлыг оруулж болно.
40.5. Энэ хууль болон түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсноор эрх шилжүүлэх, түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдох асуудлыг энэ хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар зохицуулна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
41 дүгээр зүйл. Төсөл хэрэгжих газрын эрхийн асуудал, газар чөлөөлөлт
41.1. Хувийн хэвшлийн түншлэгч төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах эрхийг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу эдэлнэ.
41.2. Түншлэлийн гэрээнд төсөл хэрэгжих газрын эрх, түүнийг шилжүүлэх асуудлыг нарийвчлан тусгасан байх бөгөөд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарахаас өмнө төслийг хэрэгжүүлэх газрын боломжит байдлыг судалж, шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжүүлэх газрыг солих буюу эргүүлэн авах эсэхийг шийдвэрлэсэн байна.
41.3. Төрийн түншлэгч төсөл хэрэгжүүлэх газартай холбоотой дараах үүргийг хүлээнэ:
41.3.1. төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, шаардлагатай тохиолдолд худалдан авах, газар чөлөөлөх;
41.3.2. төрийн өмчийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэлд ашиглуулах;
41.3.3. хувийн хэвшлийн түншлэгчийг гуравдагч этгээдийн эзэмшил газарт нэвтрэх, дамжин өнгөрөх, эзэмшил газар дээр ажил, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах;
41.3.4. төсөл хэрэгжүүлэх газрын нийтийн эзэмшлийн газарт түр хугацаанд сервитут тогтоох;
41.3.5. хувийн хэвшлийн түншлэгч газрыг түншлэлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эрхэд саад учруулахгүй байх, тухайн газар дээр ажил, үйлчилгээгээ явуулах нөхцөл, боломжоор хангах;
41.3.6. төсөл хэрэгжүүлэх газрын эзэмших, ашиглах эрхийг төрийн бусад байгууллагаас хууль бус, үндэслэлгүйгээр цуцлах, хураан авахыг таслан зогсоох.
41.4. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн газрыг төслийн хамрах хүрээнээс гадуур нэмэлт ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд хэсэгчлэн түрээслэх, шилжүүлэн ашиглахыг хориглоно.
42 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгч, төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн бүтэц, зохион байгуулалт
42.1. Түншлэлийн гэрээнд хувийн хэвшлийн түншлэгч, эсхүл түүний нэр дэвшүүлсэн бусад компани нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын компани байгуулахаар зааж болно.
42.2. Төслийн тусгай зориулалтын компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгүүлсэн байна.
42.3. Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн хувьцааны зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь эзэмшиж болно.
42.4. Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд нь Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлж болно.
42.5. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй байна.
42.6. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд хувийн хэвшлийн түншлэгч компани, эсхүл тусгай зориулалттай компанийн хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
42.7. Төслийн хэрэгжилтийн явцад тусгай зориулалтын компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагатай болсон, эсхүл компанийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд төрийн түншлэгчид мэдэгдэж зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хойшлуулж болохгүй.
42.8. Тусгай зориулалтын компанийг хуулийн этгээдээр бүртгүүлснээс хойших хугацаанд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төрийн түншлэгчээс зөвшөөрөл авах дүрэм, журам, эдгээрт зарчмын өөрчлөлт оруулах нөхцөлийг ТХХТ-ийн гэрээнд заах ба эдгээр нөхцөл журам нь анхны сонгон шалгаруулалтын баримт бичигт заасантай ижил байна.
43 дугаар зүйл. Төслийн хөрөнгийн өмчлөл, бүртгэл
43.1. Төслийн хөрөнгийн өмчлөлийн асуудлыг холбогдох хууль тогтоомж болон ТХХТ-ийн гэрээгээр зохицуулах бөгөөд дараах байдлаар гэрээнд тусгаж болно:
43.1.1. төрийн түншлэгч этгээдэд шилжүүлэх хөрөнгө;
43.1.2. төрийн түншлэгч этгээд өөрийн сонголтоор худалдан авах хөрөнгө;
43.1.3. хувийн хэвшлийн түншлэгчийн эзэмшилд үлдэх хөрөнгө.
43.2. ТХХТ-ийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ТХХТ-ийн гэрээний түншлэлийн зүйл нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарна.
43.3. Түншлэлийн зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны өмч, оюуны үнэт зүйл нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарна.
43.4. ТХХТ-ийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон энэ хуулийн 43.3-т зааснаас бусад ашиг, орлого нь түншлэлийн гэрээний хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн өмчид хамаарна.
43.5. ТХХТ-ийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгчид ашиглуулахаар шилжүүлсэн түншлэлийн зүйл, газар ба бусад эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтаар цаашид ашиглагдах боломжгүй, эсхүл шаардлагагүй болсноос бусад тохиолдолд төрийн түншлэгч болон төрийн бусад байгууллага, албан тушаалтан ТХХТ-ийн гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг буцаан авах, эсхүл захиран зарцуулах шийдвэр гаргахыг хориглоно.
43.6. Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн дагуу бий болсон хөрөнгийг гэрээнд заасан тохиолдолд, гэрээний хугацаа, нөхцөл, журмын дагуу эзэмшиж, ашиглаж, барьцаалж болно.
43.7. Түншлэлийн гэрээний нөхцөлөөс хамаарч гэрээний хугацаа дуусахад хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн хүрээнд бий болсон, эсхүл түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид гэрээнд заасны дагуу шилжүүлнэ.
44 дүгээр зүйл. Төслийн хөрөнгө оруулалт, барьцаа, төсөл хэрэгжүүлэх баталгаа
44.1. Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн төслийн хөрөнгө оруулалтыг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
44.1.1. хувийн хэвшлийн түншлэгчийн өөрийн хөрөнгө;
44.1.2. өрийн санхүүжилт;
44.1.3. төсвөөс тодорхой санхүүжилтийг гаргах;
44.1.4. бусад санхүүгийн эх үүсвэр.
44.2. Энэ хуулийн 44.1.4-т заасан эх үүсвэрт Монгол Улсын Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилт, хөрөнгө оруулалт хамаарахгүй.
44.3. Хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалтын болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой нийт зардлыг энэ хуулийн 14.2-14.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.
44.4. ТХХТ-ийн гэрээнд түншлэлийн төслийн барьцааны зүйлийн талаар зохицуулж болох бөгөөд барьцааны зүйл нь нийтийн өмчийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл борлуулалтын авлага байж болно.
44.5. Хувийн хэвшлийн түншлэгч барьцааны эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн түншлэгчид тухай бүр мэдэгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааны эрх, тусгай зөвшөөрлийг барьцаалахыг хориглоно.
44.6. Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг төрийн түншлэгч зөвшөөрсөн тохиолдолд барьцаалуулж болно.
44.7. Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн гэрээнд заасан хугацаа, стандарт болон зардлын дагуу төслийг хугацаанд нь гүйцэтгэх хариуцлагыг баталж, төсөл хэрэгжүүлэх баталгааг гаргаж, төлбөрийг гэрээнд заасны дагуу Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд гэрээ байгуулахаас ажлын 5 өдрийн өмнө шилжүүлнэ.
44.8. Төсөл хэрэгжүүлэх баталгааны хувь хэмжээг төслийн төрөл, гэрээний хэлбэрээс хамаарч түншлэгч талууд гэрээнд тусгаж тохиролцох бөгөөд энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 5%-иас илүүгүй байна.
44.9. Хувийн хэвшлийн түншлэгч нь ТХХТ-ийн гэрээний дагуу нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой түрээс, төлбөр, хураамж авах эрхтэй бөгөөд төлбөр, хураамжийн хэмжээ тогтоох, түүнийг өөрчлөх аргачлалыг түншлэлийн гэрээнд тодорхой заана.
44.10. Төрийн түншлэгч нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хэрэглэгчээс төлсөн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд заасны дагуу хувийн хэвшлийн түншлэгчид шилжүүлнэ.
45 дугаар зүйл. Хэрэглэгчийн төлбөрийг тогтоох
45.1. Түншлэлийн гэрээ болон түүний хавсралт баримт бичгүүдэд тухайн төслийн онцлогоос хамаарч хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг хэрхэн тогтоох, энэ талаарх түншлэлийн талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах бөгөөд хэрэглэгчийн төлбөрийн хэмжээ тогтоосон шийдвэр нь нийтэд ил тод байна.
45.2. Төрийн түншлэгч нь тухайн төслийн онцлогоос хамаарч хувийн хэвшлийн түншлэгчтэй урт хугацаанд, тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилгоор түншлэлийн гэрээнд тусгах хэрэглэгчийн төлбөрийн хэмжээг энэ хуулийн 7.1.7-д заасны дагуу шийдвэрлүүлж болно.
45.3. Төрийн түншлэгч нь төслийн онцлогт нийцүүлэн хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг тогтоох аргачлалыг өгөөжийн түвшин тооцох болон үнийн хязгаарлалтын эсхүл энэ хоёрын холимог аргын хүрээнд боловсруулж, ТХХТ-ийн гэрээнд тусгана.
45.4. Хувийн хэвшлийн түншлэгч нь ТХХТ-ийн гэрээгээр тогтоосон төлбөр, хураамж, тарифын хэмжээний хязгаарлалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
45.5. Хэрэглэгчийн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд тогтоохдоо нийтэд ил тод мэдээлж, хэрэгжүүлнэ.
46 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хувийн хэвшлийн хяналтын эрхийг шилжүүлэх
46.1. Хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчийн зөвшөөрөлгүйгээр түншлэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
46.2. Хувийн хэвшлийн түншлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн түншлэгчээс гэрээг цуцлах эрхтэй болох, эсхүл гэрээг цуцлах болон гэрээнд заасан бусад нөхцөл үүссэн тохиолдолд төслийн санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь гэрээнд заасны дагуу санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг хэрэгжүүлж болно. Тайлбар:“Санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрх” гэдэгт санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь түншлэлийн гэрээнд заасны дагуу тухайн гэм буруутай хувийн хэвшлийн түншлэгчийн үүргийг хүлээх, эсхүл буруутай үйл ажиллагааг засан сайжруулах зорилгоор өөр хувийн хэвшлийн түншлэгчийг томилж, төслийн хэвийн үйл ажиллагааг хангахыг ойлгоно.
46.3. Түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас олон нийт, хэрэглэгчдэд эрсдэл учирсан, буруутай үйл ажиллагааг засаж залруулаагүй, эсхүл түншлэлийн гэрээг цуцлах нөхцөл бий болсон тохиолдолд төрийн түншлэгч нь хувийн хэвшлийн түншлэгчийн үйлчилгээ үзүүлэх эрхийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг шилжүүлж авах эрхтэй. Тайлбар:“Засгийн газрын хөндлөнгөөс оролцох эрх” гэж төрийн түншлэгчийн түншлэлийн төслийн үйл ажиллагааг хариуцахаар хүлээн авах эрхийг, эсхүл түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд гэнэтийн нөхцөл байдалд, байгаль орчин, олон нийт, эсхүл дэд бүтцийн хэрэглэгчдэд эрсдэл учирсан, буруутай үйл ажиллагааг засан залруулаагүй нөхцөлд, эсхүл түншлэлийн гэрээнд заасан зөрчил, гэрээг цуцлах нөхцөл бий болсон зэрэг үед хувийн хэвшлийн түншлэгчийн үйлчилгээ үзүүлэх бүх, эсхүл зарим эрхийг хүлээж авахыг ойлгоно;
46.4. Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч нь төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн ажил дууссанаас хойш төслийн тусгай зориулалтын компанийн 50 хувь хүртэлх хувьцааг төрийн түншлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гуравдагч этгээдэд шилжүүлж болно.
46.5. Энэ хуулийн 46.2-т заасан тохиолдолд ТХХТ-ийн гэрээнд төрийн түншлэгчээс гуравдагч этгээдэд эрх, үүрэг шилжүүлэх зөвшөөрөл өгөх нөхцөл болзол, гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн авсан шинэ түншийг хүлээн зөвшөөрөх, үйлчилгээ үзүүлэхэд хангалттай техникийн болон санхүүгийн чадавхтай эсэхийг нотлох шаардлагыг тодорхой заана.
46.6. Төрийн түншлэгч нь түншлэлийн төслийн бүх үе шатанд ТХХТ-ийн гэрээнд заасан хяналтын эрхийг хэрэгжүүлнэ.
47 дугаар зүйл. Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалт
47.1. Түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг хүлээн авах, ашиглахтай холбогдсон харилцааг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
47.2. ТХХТ-ийн төслийн нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, турших, ашиглах, засвар үйлчилгээ болон аюулгүй байдал, чанар, стандарттай холбоотой асуудлыг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
47.3. Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалтад төрийн түншлэгч болон тухайн салбарын мэргэжлийн байгууллага хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
47.4. ТХХТ-ийн гэрээнд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн төслийн ашиглалттай холбоотой дараах асуудлыг тусгана:
47.4.1. хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан үйлчилгээний төрлийг өөрчлөх нөхцөл;
47.4.2. үйлчилгээний тасралтгүй, хүртээмжтэй байдлыг хангах шаардлага;
47.4.3. бүх үйлчлүүлэгчидэд ижил тэгш нөхцлөөр үйлчилгээ үзүүлэх.
47.5. Хувийн хэвшлийн түншлэгчийн хариуцаж байгаа нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн сүлжээнд бусад хэрэглэгч холбогдоход хязгаарлалт тогтоохыг хориглоно.
47.6. Төрийн түншлэгчийн зөвшөөрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн ашиглалтын дүрэм тогтоох, мөрдүүлэх эрхтэй.
47.7. Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ тухайн дэд бүтэц, төрийн үйлчилгээнд үр дүнгийн үзүүлэлтийг хангаж ажиллах үүрэгтэй. Тайлбар:“Үр дүнгийн үзүүлэлт” гэж түншлэлийн төслийн хүрээнд үзүүлэх үйлчилгээ, стандарт болон шаардлагыг ойлгоно.
47.8. Хувийн хэвшлийн түншлэгч нь техникийн аюулгүй байдал болон түншлэлийн гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас гарсан аливаа хохирлыг бие даан хариуцаж, өөрийн хөрөнгөөр барагдуулах үүрэгтэй.
48 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ дуусгавар болоход санхүүжилт болон эрх шилжүүлэх асуудал
48.1. ТХХТ-ийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн хүрээнд эзэмшиж, ашиглаж байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, инноваци, ноу-хау, оюуны өмч, техникийн бичиг баримт, төслийн үйл ажиллагаатай холбоотой эрхийг төрийн түншлэгчид шилжүүлэн өгнө.
48.2. Энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааг түншлэлийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд хамтарсан ажлын хэсгийг ТХХТ болон тухайн төслийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулна.
48.3. ТХХТ-ийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой түншлэгч талууд болон санхүүжүүлэгч талын хүлээх санхүүгийн эрх, үүргийг түншлэлийн гэрээнд тодорхойлох бөгөөд хөрөнгө оруулалт, өр төлбөр, нөхөх олговор, нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлт, санхүүгийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгбүрчлэн тусгасан байна.
48.4. Энэ хуульд зааснаар гэрээ цуцалсантай холбогдуулан төслийн нэмэлт хөрөнгө оруулалт болон төслийг дахин эхлүүлэх эсэх, гуравдагч этгээдэд түншлэлийн эрх, үүргийг шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргана.
48.5. ТХХТ-ийн гэрээнд уг гэрээ дуусгавар болох, эрх шилжүүлэхтэй холбоотой дараах асуудлыг тусгасан байна:
48.5.1. төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө шилжүүлэх журам;
48.5.2. нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийг ажиллуулахад шаардлагатай технологи шилжүүлэх нөхцөл болон процесс;
48.5.3. төрийн түншлэгч этгээд, эсхүл үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээг хариуцах эрх шилжүүлэн авсан хувийн хэвшлийн шинэ түншлэгчийн ажилтнуудын сургалт;
48.5.4. сэлбэг хэрэгслийн хангалт зэрэг төрийн түншлэгч, эсхүл үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах дараагийн түншид эрх шилжүүлснээс хойш тодорхой хугацаанд үргэлжлүүлэн үзүүлэх үйлчилгээний нөхцөл.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХ САН, ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ТАЙЛАГНАЛТ, ХЯНАЛТ
49 дүгээр зүйл. Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан, түүний удирдлага
49.1. Энэ хуульд заасан түншлэлийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, төслийн бэлтгэл ажиллагаа, судалгаа шинжилгээ, сонгон шалгаруулалтыг явуулах, зөвлөх үйлчилгээний зардал болон ТХХТ-ийн төвийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-г Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.
49.2. Сангийн удирдлагыг ТХХТ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
49.3. Санг удирдах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон сангийн зарцуулалтад хяналт тавихтай холбоотой журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ.
50 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр, зарцуулалт, хяналт
50.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
50.1.1. улсын төсвөөс олгосон санхүүжилт;
50.1.2. олон улсын байгууллагаас олгосон хөнгөлөлттэй зээл, тусламж, хандив, бусад санхүүжилт;
50.1.3. Сангийн хөрөнгө оруулалт болон түншлэлийн төслийн бэлтгэл ажлын төлбөр, ТХХТ-ийн төвийн үйл ажиллагаанаас олсон орлого;
50.1.4. Засгийн газрын баталгааны шимтгэл;
50.1.5. хууль тогтоомжид нийцсэн бусад.
50.2. Сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:
50.2.1. ТХХТ-ийг хөгжүүлэх гадаад болон дотоодод сурталчлах, олон нийтэд таниулах, ил тод тогтвортой орчинг бүрдүүлэх;
50.2.2. төслийн бэлтгэл үйл ажиллагаа, төслийн бүрэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ;
50.2.3. ТХХТ-ийн төвийн үйл ажиллагаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардал;
50.2.4. хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, хэлэлцээр хийхтэй холбоотой зардал.
50.2.5. Сангийн журамд тусгагдсан бусад үйл ажиллагааны зардал.
50.3. Төсөл боловсруулахтай холбоотой сангийн захиран зарцуулалт, удирдлагад ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
50.4. Сангийн хөрөнгийн бүртгэлийг Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон олон улсын стандартын дагуу хөтөлнө.
50.5. Санд жил бүр төрийн аудитын байгууллагаар, гурван жил тутамд олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн хяналт, шалгалтыг хийж, тайлан, дүгнэлтийг Засгийн газарт тухай бүр танилцуулна.
50.6. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлагналтыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй бөгөөд Сангийн орлого, зарлагын тайланг тухай бүр цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
50.7. Сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
51 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал
51.1. Нууцын тухай хууль тогтоомж, түншлэгч талуудын гэрээнд зааснаас бусад тохиолдолд ТХХТ-ийн үйл ажиллагаа, мэдээлэл болон бүртгэл, тайлагналт нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
51.2. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ТХХТ-ийн төв болон төрийн түншлэгч нь түншлэлийн ил тод байдлыг дараах хэлбэрээр хангана:
51.2.1. түншлэлийн үйл ажиллагааг тухай бүр мэдээлж, тайлагнах;
51.2.2. ТХХТ-ийн төслүүдийг мэдээлэх, сурталчлах;
51.2.3. хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын бүх үйл ажиллагаа, үр дүнг нийтэд нээлттэй, ил тод тогтмол мэдээлэх;
51.2.4. ТХХТ-ийн төсөл, төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэл хөтлөх, тогтмол шинэчлэх;
51.2.5. ТХХТ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилт, түншлэлийн төслүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар Засгийн газар, ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
51.2.6. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан ТХХТ-тэй холбоотой мэдээллийг хүргүүлж, тайлагнах;
51.2.7. ТХХТ-ийн чуулга уулзалт, хэлэлцүүлгээр дамжуулан түншлэлийн төслүүдийг сурталчлах, хөрөнгө оруулагчдад ТХХТ-ийн хууль, журам, аргачлалын талаар мэдээлэх;
51.2.8. ТХХТ-ийн цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан ТХХТ-ийн төслийн үнэлгээ, хэрэгжилтийн тайланг, тогтмол мэдээлэх.
51.3. ТХХТ-ийн төв нь ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн түншлэгч бусад этгээдтэй хамтран ТХХТ-ийн чуулга уулзалтыг тухай бүр зохион байгуулж, олон нийт, хувийн хэвшил, төрийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн оролцоог хангана.
51.4. ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн түншлэгч этгээд нь Шилэн дансны тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу ТХХТ-ийн ил тод байдлыг хангаж ажиллана.
51.5. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХХТ-ийн төвөөр дамжуулан үндэсний болон олон улсын судалгаа, шинжилгээ, шилдэг туршлагад суурилсан ТХХТ-ийг зөв, оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, удирдамж, зааварчилгаа агуулсан ТХХТ-ийн гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн ТХХТ-ийн үйл ажиллагаанд ашиглана.
51.6. ТХХТ-ийн төв энэ хуулийн 51.5-д заасан ТХХТ-ийн гарын авлагыг шинэчилж, төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон нийтэд танилцуулж, ТХХТ-ийн талаарх ойлголтыг сурталчлан таниулж, мэдээлэх, шаардлагатай сургалт, семинарыг зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
51.7. Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн төслийн талаар дараах мэдээллийг энэ хуулийн 12.2.11-т заасан мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудсанд нийтлэнэ:
51.7.1. түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл;
51.7.2. түншлэлийн гэрээ болон дагалдах гэрээний дүн, хугацаа;
51.7.3. түншлэлийн хөрөнгийн ашиглах эрх, үйлчилгээ үзүүлэх үүрэг, засвар үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг.
51.8. Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн гэрээ байгуулагдсан даруйд тухайн түншлэлийн гэрээ болон дагалдах гэрээний хуулбарыг ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
52 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн мэдээллийн сан, тайлагналт
52.1. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ТХХТ-ийн төв нь ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, мэдээллийг нэгдсэн сангийн цахим хуудсанд тухай бүр оруулан шинэчилж, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана..
52.2. Түншлэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, тайлагнах журмыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, мөрдүүлнэ.
52.3. Хувийн хэвшлийн түншлэгч нь ТХХТ-ийн төслийн мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд энэ хуулийн 52.2-т заасан журмын дагуу төрийн түншлэгч болон ТХХТ-ийн төрийн захиргааны төв байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангана.
52.4. Тухайн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн төслийн төлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл болон Засгийн газрын баталгаа, дэмжлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлнэ.
52.5. Энэ хуулийн 52.4-т заасан мэдээлэлд дараах асуудлыг тусгана:
52.5.1. төсвөөс санхүүжилтийн хуваарь, түншлэлийн гэрээнд тусгагдсан хөнгөлөлт, түрээсийн төлбөр, болзошгүй өр төлбөр;
52.5.2. төрөөс хувийн хэвшлийн түншлэгчид төсвөөс олгох санхүүжилт;
52.5.3. төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч этгээдийн балансад бүртгэгдсэн хөрөнгө;
52.5.4. түншлэлтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан баталгааны мэдээлэл, үргэлжлэх хугацаа, төрөөс хүлээх санхүүгийн нийт хариуцлага болон тухайн баталгаатай холбоотой гарах төсвийн зардал.
52.6. Төрийн түншлэгч буюу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлээр хэрэгжүүлж байгаа төслийн талаарх мэдээллийг агуулсан тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны дотор гаргаж ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба ТХХТ-ийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, тайлагнана.
52.7. ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ТХХТ-ийн талаарх тухайн жилийн нэгдсэн тайланг жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ.
52.8. Төрийн түншлэгч энэ хуулийн 52.6-д заасан мэдээлэлд дараах асуудлыг тусгана:
52.8.1. түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжилтийн талаарх танилцуулга;
52.8.2. түншлэлийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төсвөөс санхүүжүүлэх хуваарь, дүн;
52.8.3. түншлэлийн зүйлийг ашиглах эрх, үйлчилгээг үзүүлэх үүрэг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөнд шилжүүлэх эрх, үүрэг;
52.8.4. түншлэлийн хугацааны эцэст аливаа хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх үүрэг;
52.8.5. гэрээг сунгах, цуцлах заалт, бусад үндсэн ашиглалт болон засвар үйлчилгээний талаарх мэдээлэл.
53 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийн санхүүгийн тайлан
53.1. Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, Аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэнэ.
53.2. Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-д заасан тохирох стандартыг мөрдөх бөгөөд төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоог гаргаж, төрийн түншлэгч этгээд шалгахад бэлэн байлгана.
53.3. Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь аудитлагдсан санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг санхүүгийн жил дууссанаас хойш зургаан сарын дотор ТХХТ-ийн төв болон төрийн түншлэгчид хүргүүлнэ.
54 дүгээр зүйл.. Түншлэлийн гэрээний хяналт
54.1. Түншлэлийн гэрээний биелэлтэд төрийн түншлэгч этгээд болох төсөл хэрэгжүүлэх салбарын төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, ТХХТ болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, уг гэрээний биелэлтийн талаар холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллах үүрэгтэй.
54.2. Түншлэлийн гэрээ, түүний биелэлт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэх талаар түншлэгч талууд Засгийн газарт тухай бүр танилцуулах ба төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэх, тайлагнах замаар хамтарч ажиллана.
54.3. Энэ хуулийн 55.3-д заасны дагуу Төрийн аудитын төв байгууллага түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
55 дүгээр зүйл.. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ
55.1. Төрийн түншлэгч түншлэлийн явцад хяналт тавьж, төслийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээг гэрээнд заасны дагуу тухай бүр гүйцэтгэн ТХХТ-ийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
55.2. Засгийн газар нь түншлэлийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Түншлэлийн төсөл хөгжүүлэх сангийн хөрөнгийн удирдлага, зарцуулалтад жил бүр Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудит хийлгэж болно.
55.3. Төрийн аудитын төв байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түншлэлийн төслийн төлөвлөлт, хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, ТХХТ-ийн төслийн хэрэгжилт болон гэрээний биелэлтэд аудит хийнэ.
55.4. Төрийн түншлэгч нь төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг тавих зорилгоор хөндлөнгийн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулан ажиллуулж болох ба тус байгууллага нь хяналт, үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
56 дугаар зүйл. Гомдол гаргах, хянан шийдвэрлэх
56.1. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол гаргах, маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах, түүнчлэн уг маргааныг хянан шийдвэрлэх зорилго бүхий маргаан шийдвэрлэх зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулна.
56.2. Энэ хуулийн 56.1-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг ТХХТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.
56.3. Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт энэ хууль болон холбогдох журам зөрчсөн гэж үзсэн бол сонгон шалгаруулалтад оролцогч энэ хуулийн 56.1-д заасан маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргаж болно.
56.4. Энэ хуулийн 25.6.8-д заасан мэдэгдэл хүргэгдсэнээс хойш ажлын 5 хоногт гомдол гаргах эрхтэй байна.
56.5. Энэ хуулийн 56.1-д заасан маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд үндэсний болон олон улсын шинжээчийг оролцуулж болно.
56.6. Түншлэлийн төслийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг сонгон шалгаруулалтад оролцогч нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
57 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх
57.1. ТХХТ-ийн гэрээ болон түншлэлийн төсөлтэй холбоотой аливаа маргааныг түншлэгч талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
57.2. Түншлэгч талууд энэ хуулийн 57.1-д заасны дагуу харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг түншлэлийн гэрээнд зааснаар Монгол Улсын шүүх, эсхүл үндэсний болон гадаадын арбитрт хандан шийдвэрлүүлнэ.
57.3. Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлтэй холбоотой маргааныг гэрээнд заасан гадаад улсын арбитрт хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
58 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл
58.1. ТХХТ-ийн гэрээг төрийн түншлэгч болон төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн байгуулсан нь тогтоогдсон тохиолдолд тус гэрээг цуцалж, гэрээнээс үүдэлтэй хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
58.2. Төрийн түншлэгч болон төрийн байгууллагын аливаа албан тушаалтан энэ хуулийн 58.1-т заасан зөрчлийг гаргасан бол тухайн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно.
58.3. Хувийн хэвшлийн түншлэгч төрийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг гэрээнд зааснаар нэхэмжлэх эрхтэй.
58.4. Түншлэлийн гэрээний оролцогч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нь тухайн этгээдийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
59 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
59.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
59.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
59.3. Энэ хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
60 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
60.1. Энэ хуулийг .... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх