Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хүний бие махбодод бүхэлд нь болон тодорхой эрхтэн системийн үйл ажиллагаанд эерэг, зохицуулах нөлөө үзүүлэх хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, импортлох, экспортлох, худалдаалах, уг үйл ажиллагаанд төрөөс хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль, тогтоомж
2.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Эрүүл мэндийн тухай хууль , Хүнсний тухай хууль , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль , Баяжуулсан хүнсний тухай хууль , Зар сурталчилгааны тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхит бүтээгдэхүүн болон албан журмаар хүнс баяжуулахтай холбогдох харилцааг зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэж хүний бие махбодыг бүхэлд нь эсхүл тодорхой эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхит нэгдэл, ашигтай бичил бодис, амьд бичил биетэн агуулсан эсхүл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг багасгаж найрлагыг тохируулсан, ижил төрлийн энгийн хүнснээс илүү эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, өдөр тутам хэрэглэхэд сөрөг нөлөөгүй, эм, биобэлдмэлийн хэлбэрээр үйлдвэрлэж савлаагүй хүнсийг;
4.1.2. баяжуулсан хүнс” гэж Баяжуулсан хүнсний тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.3. баяжуулагч бэлдмэл” гэж Баяжуулсан хүнсний тухай хуулийн 4.1.2-т заасныг;
4.1.4. хүнсийг албан бус журмаар баяжуулах” гэж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр зах зээлийн эрэлтэд тулгуурлан хүнс баяжуулах үйл ажиллагааг;
4.1.5. эрүүл мэндийн мэдэгдэл” гэж тухайн хүнс, эсхүл түүний үйлчлэгч бодис нь хүний эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй болохыг нотолж хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулсан мэдээллийг;
4.1.6. шимт бодисын биологийн идэвхийн мэдэгдэл” гэж бие махбодын өсөлт, хөгжил, хэвийн үйл ажиллагаанд тухайн төрлийн шим тэжээлийн бодис /амин дэм, эрдэс бодис гэх мэт/-ын гүйцэтгэх физиологийн үүргийг тайлбарласан мэдээллийг;
4.1.7. шимт бодисын агууламжийн мэдэгдэл” гэж хүнсэнд агуулагдах шим тэжээлийн бодисын дээд болон доод хэмжээг өдөрт авах тун хэмжээтэй уялдуулан тодорхойлсон мэдээллийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ, ХУДАЛДАА
5 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэл
5.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1. баяжуулагч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн тогтоосон тун, хэмжээний дагуу үйлдвэрийн аргаар хүнсэнд нэмэх;
5.1.2. хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг багасгаж найрлагыг тохируулах замаар зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэх;
5.1.3. мал, амьтны тэжээлд баяжуулагч бэлдмэл нэмэх замаар мал, амьтны гаралтай зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэх;
5.1.4. .хүнсийг өөр нэр төрлийн хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр баяжуулах буюу хүнсийг хүнсээр нь баяжуулах.
5.2. Хүнсийг баяжуулахад Хүнсний тухай хуулийн 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн баяжуулагч бэлдмэлийг хэрэглэнэ.
5.3. Энэ хуульд заасны дагуу баяжуулсан хүнсэнд Баяжуулсан хүнсний тухай хуулийн 6.3.3-т заасан баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэнэ.
6 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний баталгаажуулалт
6.1. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулахад эрсдэлийн үнэлгээнд суурилсан мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулахад шаардагдах дараах бичиг баримт, мэдээллийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
6.3.1. баталгаажуулах тухай хүсэлт;
6.3.2. Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
6.3.3. хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан тухай итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
6.3.4. тухайн хүнсэнд агуулагдаж буй үйлчлэх бодисыг тодорхойлох чанарын болон тоо хэмжээний шинжилгээний арга, шинжилгээний дүнгийн хамт;
6.3.5. зохицуулах үйлчлэлтэй хүнсний эрүүл мэндийн үйлчлэлийг судалж тогтоосон талаарх шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааны тайлан эсхүл оюуны өмчийн гэрчилгээ;
6.3.6. орц, найрлага, илчлэгийн хэмжээ;
6.3.7. тухайн хүнсийг үйлдвэрлэх арга технологи, тоног төхөөрөмж, чанарын хяналтын тогтолцоо;
6.3.8. шошгоны баталгаажуулалт.
6.4. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан зөвлөлийн дүгнэлт, 6.3-т заасан баримт бичгийг үндэслэн зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулна.
6.5. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний шимт бодисын биологийн идэвхийн болон агууламжийн мэдэгдлийг хэрэглэх, зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулах журмыг эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
6.6. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний баталгаажуулалттай холбоотой маргаан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл эрхлэхэд тавих шаардлага
7.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэлийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд эрхлэх бөгөөд Хүнсний тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1. зохицуулах үйлчлэлтэй хүнсийг энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу баталгаажуулалтад хамруулсан байх;
7.1.2. зохицуулах үйлчлэлтэй хүнсийг энэ хуулийн 12.2.2-т заасан журмын дагуу бүртгүүлсэн байх;
7.1.3. хүнсний сав, баглаа боодол, шошгонд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна “эрүүл мэндийн мэдэгдэл” болон холбогдох тэмдэг, тэмдэглэгээг тусгах;
7.1.4. шимт бодисын биологийн идэвхийн мэдэгдэл, шимт бодисын агууламжийн мэдэгдлийг энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу хэрэглэх.
8 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнс худалдах, экспортлох импортлоход тавих шаардлага
8.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнс худалдах, экспортлох, импортлоход тухайн хүнсний нэр төрөлд тавигдах стандартын шаардлагыг баримтална.
8.2. Зохицуулах үйлчлэлтэй хүнсийг экспортлох, импортлоход Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
9 дүгээр зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчийн үүрэг
9.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргийг хүлээнэ.
9.2. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
10 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний зар сурталчилгаа
10.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний зар сурталчилгаа нь Хүнсний тухай хуулийн 4.1.4-т заасан үнэн зөв, ил тод, бодит мэдээллийг агуулсан байна.
10.2. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүний шошго, зар сурталчилгаанд эмчилгээний мэдэгдэл буюу “өвчнийг оношлох”, “өвчнийг эмчлэх”, “өвчнийг эдгээх” зэрэг хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц бусад мэдэгдэл, мэдээлэл тусгахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ
11.1. Хэрэглэгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохицуулах үйлчлэлтэй хүнсийг өөрсдийн сонголтоор хэрэглэнэ.
11.2. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ, үр нөлөөний үнэлгээг Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд 5 жил тутамд эрүүл мэнд болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
12 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар төрийн байгууллагын чиг үүрэг
12.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэлд Хүнсний тухай хуулийн 8.5-д заасны дагуу төрөөс дэмжлэг үзүүлж болно.
12.2. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1. зохицуулах үйлчлэлтэй хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар болон хэрэглэх зааврыг боловсруулан батлах;
12.2.2. зохицуулах үйлчлэлтэй хүнс, түүнийг үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогчийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, олон нийтэд мэдээлэх, эдгээртэй холбогдсон журмыг батлах.
12.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.3.1. хүн амыг халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, зохицуулах үйлчлэлтэй хүнсний ач холбогдол, эрүүл мэндийг дэмжих үр нөлөөллийн талаар иргэдийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
12.3.2. хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааны хүрээнд зохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ, үр нөлөөний үнэлгээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэх.
12.4. Хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналт тавих журмыг батална.
13 дугаар зүйл. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, худалдаанд тавих хяналт
13.1. Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэгч нь aюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтыг хэрэгжүүлнэ.
13.2. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаанд тавих хөндлөнгийн хяналтыг зохицуулах үйлчлэлтэй хүнс судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоо хэрэгжүүлнэ.
13.3. Хөндлөнгийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
13.4. Хяналтын байгууллага энэ хуулийн 12.4-т заасан журмын дагуу Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавина.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл. Хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
15.1. Энэ хуулийг .... оны .... дугаар сарын .... –ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх