16.1. Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна. Зохион байгуулах хороо нь холбогдох үндэсний спортын холбоотой хамтран үндэсний их баяр наадмыг зохион байгуулж болно.
16.2. Зохион байгуулах хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
16.3. Зохион байгуулах хороо албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд хэлэлцсэн асуудлаараа олонхын саналаар тогтоол, энэ хууль болон дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Зохион байгуулах хорооны дарга тушаал гаргана.
16.4. Зохион байгуулах хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна.
16.5. Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.5.1. улсын баяр наадмыг зохион байгуулах;
16.5.2. улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;
16.5.3. энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг үндэслэн уяачид цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;
16.5.4. өсвөр үеийнхний бөхийн барилдаан болон үндэсний сурын харвааг зохион байгуулах, өсвөр үеийн бөх, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд үндэсний спортын холбооны саналыг үндэслэн цол олгох;
16.5.5. улсын баяр наадмын үеэр урлагийн тоглолт, спорт, биеийн тамирын тэмцээн, ардын уламжлалт тоглоом наадгай, нийтийн цэнгүүн зохион байгуулах;
16.5.6. бөх, уяач, сурын болон шагайн харваачид бай, шагнал олгох;
16.5.7. бөх, сурын харваачийг энэ хуулийн 14.2-т заасан допингийн шинжилгээнд оруулах ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран зохион байгуулах;
16.5.8. улсын баяр наадмын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлэх;
16.5.9. салбар хороо, бөх, морь, сурын болон шагайн харваачийн бүртгэлийн дэд хороо байгуулах, түүний бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
16.5.10. аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг баталж, мөрдүүлэх;
16.5.11. Үндэсний их баяр наадмын түүхэн хөгжил, үндэсний бөх, сурын болон шагайн харваач, хурдан морины уяачийн цол, чимэг, эрэмбэ, зөрчлийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, нийтэд сурталчлан таниулах ажлыг тогтмол хэрэгжүүлэх;
16.5.12. энэ хуулийн 15.1.1-д заасан бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг тусгасан дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, бүртгэл хөтлөх;
16.5.13. улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу татан оролцуулах, дэмжлэг туслалцаа авах, ажлын хэсэг, алба байгуулах зэргээр хамтрах ажиллах;
16.5.14. энэ хууль болон дүрэмд заасан зарим бүрэн эрхийг зохион байгуулах хорооны даргад тодорхой хугацаагаар шилжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
16.5.15. зохион байгуулах хорооны дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
16.6. Зохион байгуулах хороог зохион байгуулах хорооны дарга төлөөлөх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтантай холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцана.
16.7. Зохион байгуулах хороо нь салбар хороотой байна. Салбар хороо нь дэд хороотой байж болно.
16.8. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны морины бүртгэлийн дэд хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, морь тайлбарлагч, холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл орно.
16.9. Энэ зүйлийн 16.5.3, 16.5.5, 16.5.6, 16.5.10-т заасан бүрэн эрх болон улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааг зохион байгуулах эрхийг тухайн салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооны шийдвэрээр холбогдох үндэсний спортын холбоонд шилжүүлж болно.
16.10. Энэ хуулийн 16.9-д заасны дагуу бүрэн эрхийг шилжүүлсэн тохиолдолд тухайн үндэсний спортын холбоо нь энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд заасан салбар хорооны чиг үүргийг хэрэгжүүлнэ.