Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах нөхцөл, журам, ангилал, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хяналт, удирдлага, зохион байгуулалт болон төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль тогтоомж
2.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль , Компанийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
3.2. Тухайлсан хуулийн дагуу байгуулагдсан төрийн өмчит компанийн үйл ажиллагааг тухайн хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 11 дүгээрт нийтлэгдсэн Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.
4.1.1. “төрийн өмчит компани” гэж төрийн өмчийн компани болон төрийн өмчийн оролцоотой компанийг;
4.1.2. төрийн өмчийн компани” гэж төр компанийн гаргасан бүх хувьцааг эзэмшдэг энэ хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг;
4.1.3. “төрийн өмчийн оролцоотой компани” гэж төр компанийн гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг эзэмшдэг энэ хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг;
4.1.4. .“орон нутгийн өмчит компани” гэж орон нутгийн өмчийн компани болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийг;
4.1.5. “орон нутгийн өмчийн компани” гэж орон нутаг компанийн гаргасан бүх хувьцааг эзэмшдэг энэ хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг;
4.1.6. “орон нутгийн өмчийн оролцоотой компани” гэж орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг эзэмшдэг энэ хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг;
4.1.7. “төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр төрийн өмчит компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг;
4.1.8. .“орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу орон нутгийн өмчит компанийн орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч тухайн шатны Засаг даргыг;
4.1.9. “стратегийн ач холбогдол бүхий салбар” гэж улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий салбарыг;
4.1.10. “нийтийн зориулалттай дэд бүтэц” гэж олон нийтийн ашиг тусын тулд, эсхүл нийтийн аль нэг бүлэгт үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг дагалдах барилга байгууламж болон шууд, эсхүл шууд бус байдлаар бий болгох хөрөнгийг;
4.1.11. “нийтийн үйлчилгээ” гэж иргэдийн тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг;
5 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим
5.1. Төр нийтийн ашиг сонирхлын үүднээс чиг үүргээ хэрэгжүүлэх, хууль тогтоомж, компанийн дүрэм, гэрээнд заасан бизнесийн онцлог үйл ажиллагааг эрхлэх зорилгоор компанийн хувьцаа эзэмших ба энэ тохиолдолд хариу төлбөртэйгөөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, ажил, үйлчилгээ үзүүлэх замаар боломжит хэмжээгээр ашигтай ажиллахыг зорино.
5.2. Төрийн болон орон нутгийн өмчит компани үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.2.1.санхүүгийн үр ашигтай байх; 5.2.2.улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх; 5.2.3.хараат бус хөндлөнгийн хяналттай байх; 5.2.4.компанийн үйл ажиллагаа ил тод байх; 5.2.5.шударга бус өрсөлдөөний орчинг үүсгэхгүй байх; 5.2.6.компанид хамаарах бүх хөрөнгөд хариуцлага хүлээх; 5.2.7.компани төрийн болон орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх.
5.3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, удирдахад дараах зарчмыг баримтална:
5.3.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрх болон орон нутгийн эрх хэмжээ нь хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрхээс тусгаарлагдсан байх, компанийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн талаар гаргах аливаа шийдвэрийг энэ хууль болон Компанийн тухай хуулийн хүрээнд гаргах; 5.3.2.мэргэжлийн байх; 5.3.3.үр ашиггүй зардал гаргахгүй байх; 5.3.4.санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах; 5.3.5.хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх.
5.4. Хууль өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь зөвхөн нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байна.
6 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрөл, ангилал
6.1. Төрийн өмчит компани нь компанийн төрийн өмчийн хувьцааны эзэмшлээс хамааран дараах төрөлтэй байна:
6.1.1.төр компанийн гаргасан бүх хувьцааг эзэмшдэг төрийн өмчийн компани; 6.1.2.төр компанийн гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой компани.
6.2. Орон нутгийн өмчит компани нь компанийн орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшлээс хамааран дараах төрөлтэй байна:
6.2.1.орон нутаг компанийн гаргасан бүх хувьцааг эзэмшдэг орон нутгийн өмчийн компани; 6.2.2.орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны 34-өөс 100 хүртэл хувийг эзэмшдэг орон нутгийн өмчийн оролцоотой компани.
6.3. Төрийн болон орон нутгийн өмчит компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.
6.4. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг ач холбогдлоор нь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх батлан хамгаалах, хил хамгалаах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх компани, стратегийн ач холбогдолтой компани болон нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээг үзүүлэх компани гэж ангилж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
7 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл
7.1. Төрийн өмчит компанийг дараах үндэслэлээр үүсгэн байгуулна:
7.1.1.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах; 7.1.2.нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт үйл ажиллагаа явуулах; 7.1.3.үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих; 7.1.4.олон улсын гэрээгээр зохицуулагдах; 7.1.5.хуульд тусгайлан заасан.
7.2. Энэ хуулийн 7.1.1-д заасан салбарын жагсаалтыг дөрвөн жил тутамд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
7.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт орсон, эдийн засаг, нийгэм, төсөв санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ хуулийн 7.1.1-д заасан жагсаалтад өөрчлөлт оруулж болно.
7.4. Энэ хуулийн 7.1.2-т заасан нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт компани үүсгэн байгуулахад хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, зах зэлийн төвлөрөл өндөртэй салбар байх нөхцөлийг хангасан байна.
7.5. Орон нутаг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт орон нутгийн өмчийн компанийг үүсгэн байгуулж болно.
7.6. Энэ хуулийн 7.1, 7.5-д зааснаас бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулахыг хориглоно.
7.7. Энэ хуулийн 7.1.1-д заасан салбарт төрийн өмчийн компани үүсгэн байгуулах бөгөөд хэрэв төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах бол төрийн эзэмшлийн хувьцаа 34-өөс 100 хүртэл хувь байна.
7.8. Энэ хуулийн 7.1.3-т заасан үндэслэлээр үйл ажиллагаа явуулах компани нь төрийн өмчийн компани байна.
7.9. Энэ хуулийн 7.1.2, 7.5-д заасан төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах салбарын жагсаалтыг Засгийн газар батална.
8 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах санал
8.1. Төрийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт гаргана.
8.2. Орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргана.
8.3. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулахад дараах баримт бичгийг энэ хуулийн 8.1, 8.2-т заасан саналд хавсаргана:
8.3.1.энэ хуулийн 8.4-т заасан төлөвлөгөө; 8.3.2.компанийн дүрмийн төсөл; 8.3.3.төрийн өмчит компани бол төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авсан дүгнэлт, орон нутгийн өмчит компани бол орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжээс авсан дүгнэлт.
8.4. Энэ хуулийн 7.1, 7.5-д заасан төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах тохиолдолд дараах асуудлыг тусгасан төлөвлөгөөг гаргана:
8.4.1. төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах хэрэгцээ, шаардлага, зах зээлийн эрэлт, хүлээлт, тухайн компаниас гаргах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт, бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх байдлын талаарх зах зээлийн судалгаа, байршил;
8.4.2. бүтээгдэхүүн, үйлчилгээг явуулахад шаардагдах түүхий эд, эрчим хүч, ажиллах хүч болон бусад шаардлагатай хүчин зүйлийг хангах эх үүсвэр, чадамж;
8.4.3. хөрөнгө оруулалтын хэмжээ, төрөөс, эсхүл орон нутгаас оруулах эхний болон үлдсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг бүрэн хийж дуусгах хугацаа, хөрөнгө оруулалтыг эргэн төлөх төлөвлөгөө, эргэлтийн хөрөнгө үүсгэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд тавигдах шаардлага;
8.4.4. тухайн компанийг үүсгэн байгуулснаар холбогдох салбарын хөгжлийн төлөвлөгөө, бодлогод нийцсэн байдал, нийгэм, эдийн засгийн үр дүнтэй байдлын талаарх судалгаа;
8.4.5. орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах тухай салбарын төрийн захиргааны төв байгууллагын саналыг авах;
8.4.6. компанийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах хугацаа.
8.5. Энэ хуулийн 7.1, 7.5-д заасан компанийн дүрмийн төслийг боловсруулахдаа төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авна.
8.6. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 8.3.3-т заасан дүгнэлтийг үндэслэн төрийн өмчит компани үүсгэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгоно.
8.7. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 8.3.3-т заасан дүгнэлтийг үндэслэн төрийн өмчит компани үүсгэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгоно.
9 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах шийдвэр гаргах
9.1. Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр төрийн өмчит компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.
9.2. Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах шийдвэрийг тухайн компани үүсгэн байгуулах шаардлагатай эсэх талаар орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн дүгнэлтийг харгалзан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
9.3. Засгийн газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 21.2.5-д заасан төрийн өмчит компани үүсгэн байгуулах нөхцөл, шаардлагыг үндэслэл болгоно.
10 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэм
10.1. Энэ хуулийн 9.1-д заасны дагуу төрийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргахдаа төрийн өмчийн компанийн дүрмийг батална.
10.2. Энэ хуулийн 9.2-т заасны дагуу орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахдаа орон нутгийн өмчийн компанийн дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
10.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна компанийн эрхлэх үндсэн үйл ажиллагаа, хүрэх үр дүн, үйл ажиллагаа эрхлэх хугацааг тодорхой тусгасан байна.
10.4. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн болон орон нутгийн өмчийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч тухайн компанийг үүсгэн байгуулсан зорилгод нийцүүлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн зорилго, үйл ажиллагааны хүрээг томьёолон компанийн дүрэмд дараах нөхцөлийг тусгуулна:
10.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн жилийн төсвийг бэлтгэхэд суурь болох санхүүгийн төлөвлөгөөг жил бүр гаргах; 10.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн бүх орлого, зарлага нь санхүүгийн төлөвлөгөөтэй нийцсэн төсвийн задаргаагаар тодорхой харагдаж байх; 10.4.3.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл.
10.5. Сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаарх Компанийн тухай хуулийн 89.4 дэх хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн дүрэмд хамаарахгүй.
10.6. Шинээр үүсгэн байгуулах, эсхүл хувьцааг нь эзэмшдэггүй компанийн хувьцааг олж авах замаар төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийг бий болгосон бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч компанийн дүрэмд дараах нөхцөлийг тусгуулна:
10.6.1.Компанийн тухай хуулийн 69.1, 69.4-т заасан хурал хүчин төгөлдөр болох саналын эрхийн хувь хэмжээнээс өндөр хувь тогтоох; 10.6.2.Компанийн тухай хуулийн 63.6-д заасан хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох саналын эрхийн хувь хэмжээнээс өндөр хувь тогтоох; 10.6.3.энэ хуульд нийцүүлэн ногдол ашиг хуваарилах зарчим; 10.6.4.төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн шийдвэрээр тогтоосон хууль тогтоомжид нийцсэн бусад шаардлагатай нөхцөл.
10.7. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг хугацаатай байгуулна.
11 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн охин компани
11.1. Төрийн өмчийн компани охин компани байгуулах тохиолдолд Засгийн газар энэ хуулийн 9.1-д заасан дүгнэлтийг харгалзан шийдвэр гаргана.
11.2. Орон нутгийн өмчийн компани охин компани байгуулах тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.2-т заасны дагуу орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн дүгнэлтийг харгалзан шийдвэр гаргана.
12 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газар
12.1. Төрийн болон орон нутгийн өмчит компани нь салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүний эрх, үүргийг тухайн компанийн дүрмээр тодорхойлно.
12.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсны үндсэн дээр гүйцэтгэх захирал томилно.
12.4. Салбар, төлөөлөгчийн газар нь гагцхүү түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.
12.5. Төрийн болон орон нутгийн өмчит компани салбар, төлөөлөгчийн газар байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон бол хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газар, татварын албанд бүртгүүлнэ.
12.6. Төрийн болон орон нутгийн өмчит компани салбар, төлөөлөгчийн газар байгуулсан, үйл ажиллагааг нь зогсоосон бол хуульд заасны дагуу улсын бүртгэлийн газар, татварын албанд бүртгүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА, НОГДОЛ АШИГ
13 дугаар зүйл. Хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө, түүний хэмжээг өөрчлөх
13.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тусгах ба түүний эх үүсвэрийг компани үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэрт тусгасан байна.
13.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд энэ тухай төлөөлөн удирдах зөвлөл уг тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.
13.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 13.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг өөрчлөн байгуулах, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлаар саналаа төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газарт, орон нутгийн өмчийн компанийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
14 дүгээр зүйл. Энгийн хувьцаа
14.1. Төрийн болон орон нутгийн өмчит компани нь энгийн хувьцааг заавал гаргана.
14.2. Төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу тухайн компаниас нэмж гаргах хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
14.3. Энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болон бусад үнэт цаасанд хөрвүүлж үл болно.
14.4. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн энгийн хувьцааг эзэмшдэг аливаа этгээд итгэмжлэл, гэрээний үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авч болох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх болон бусад итгэмжлэл, гэрээгээр олгогдсон эрхийг хэрэгжүүлнэ.
14.5. Энэ хуулийн 14.4-т заасан тохиолдолд Иргэний хуулийн холбогдох журмыг баримтална.
14.6. Энэ хуулийн 14.4-т заасан нөхцөлд хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
14.7. Энэ хуулийн 14.4, 14.5, 14.6-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч итгэмжлэл, гэрээний үндсэн дээр хувьцаа эзэмшигчийн эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авна.
14.8. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэг энгийн хувьцаа саналын нэг эрхтэй байна.
15 дугаар зүйл. Давуу эрхийн хувьцаа
15.1. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч давуу эрхийн хувьцаа гаргаж болно.
15.2. Энэ хуулийн 15.1-д заасан зорилгоор давуу эрхийн хувьцааг гаргах тохиолдолд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бусад хэлбэртэй харьцуулан судалсны үндсэн дээр гаргана.
16 дугаар зүйл. Алтан хувьцаа
16.1. Засгийн газар төрийн өмчит компанийн төрд ногдох хувьцааг бүхэлд нь худалдах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 16.4-т заасан асуудлаар зөвхөн төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх захирлын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасан төрийн өмчийн оролцоотой компанийн гаргасан хувьцааны 51, түүнээс дээш хувийг төр эзэмшдэг байна.
16.3. Энэ хуулийн 7.1.1-д заасан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компани алтан хувьцаа гаргахад Улсын Их Хурлаас зөвшөөрөл авна.
16.4. Алтан хувьцаатай төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлаас дараах асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина:
16.4.1.төрийн өмчит компанийн нэр, ерөнхий захиргаа оршин байгаа газрын хаягийг өөрчлөх; 16.4.2.өөрчлөн байгуулах, худалдахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэл, үндсэн үйл ажиллагааг өөрчлөх; 16.4.3.алтан хувьцаа эзэмшигчийн эрхийг өөрчилсөн дүрэм, журам батлах; 16.4.4.хувьцаа эзэмшигчийн эрхийг өөрчилсөн дүрэм, журам батлах; 16.4.5.төрийн өмчит компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах; 16.4.6.их хэмжээний хэлцэл байгуулах.
16.5. Засгийн газар энэ хуулийн 16.4-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.
16.6. Энэ хуулийн 16.4-т заасан асуудлаар төрийн өмчит компанийн гаргасан шийдвэр Засгийн газрын зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.
16.7. Нээлттэй хувьцаат компани болсны дараа алтан хувьцаа гаргахыг хориглоно.
16.8. Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.
16.9. Энэ хуулийн 16.1-д заасан тодорхой хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.
17 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанид хөрөнгө олж авах
17.1. Төр, эсхүл орон нутаг хувьцааг нь эзэмшдэггүй компанийн энгийн хувьцааны 34, түүнээс дээш хувийг олж авах замаар төрийн болон орон нутгийн өмчит компанийг бий болгож болно.
17.2. Энэ хуулийн 17.1-д заасны дагуу хувьцаа авч, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газар, орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
17.3. Засгийн газар энэ хуулийн 7.1.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани шинээр үүсгэн байгуулах, төр хувьцааг нь эзэмшдэггүй компанийн энгийн хувьцааны 34, түүнээс дээш хувийг олж авах, эсхүл төрийн өмчит компанийн энгийн хувьцааны 34, түүнээс доошгүй хувийг худалдах, шилжүүлэх тохиолдолд Улсын Их Хурлын зөвшөөрлийг авна.
17.4. Дараах тохиолдолд энэ хуулийн 17.1-д заасан компанийн энгийн хувьцааны 34, түүнээс доош хувийг авч болно:
17.4.1.бэлэглэл, өв залгамжлалаар эзэмшилдээ олж авсан бол; 17.4.2.хууль, Улсын Их Хурлын тогтоолд заасны дагуу; 17.4.3.арилжааны гэрээний дагуу; 17.4.4.шүүх, арбитрын шийдвэрийн дагуу.
17.5. Энэ хуулийн 17.4-т заасны дагуу хувьцааг олж авсан бол төр, эсхүл орон нутаг тухайн хувьцааг олж авахад төрөөс зарцуулсан хөрөнгийн зардлын бодит үнэ цэнийг тооцон, түүнээс доошгүй үнэлгээтэй байхаар тухайн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг авна.
18 дугаар зүйл. Үнэт цаас гаргах, зээл авах
18.1. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр урт хугацааны зээл авч болно.
18.2. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр үнэт цаас гаргана.
18.3. Энэ хуулийн 18.2-т заасны дагуу үнэт цаас гаргахад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.5-д заасан мэдээллийг агуулсан үнэт цаасны танилцуулгыг боловсруулан үнэт цаасны хамт холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
18.4. Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөлд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл хамаарахгүй.
18.5. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Компанийн тухай хуульд заасан хэлбэр болон давуу эрхийн хувьцаа гаргах хувилбарыг харьцуулан судлах үүрэгтэй.
18.6. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 18.5-д заасан үүргээ биелүүлэхдээ өөрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээг харгалзан хувьцаа эзэмшигчдийн эрхийн тэнцвэргүй байдал бий болохоос зайлсхийх үүрэгтэй.
18.7. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарьт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг тухайн жилийн төсөвт бүрэн тусгаж, батлах бөгөөд зээл төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
18.8. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хуваарьт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг тухайн жилийн төсөвт бүрэн тусгаж, өрийг төлж барагдуулах төлөвлөгөө, хуваарийг баталж хэрэгжүүлнэ.
19 дүгээр зүйл. Ногдол ашиг
19.1. Төрийн болон орон нутгийн өмчит компани доор дурдсан зарчмын дагуу ногдол ашиг хуваарилна:
19.1.1.өмнөх жилийн эцсийн аудит хийгдсэн санхүүгийн тайлангаар гарсан татварын дараах цэвэр ашгийн тодорхой хувиар; 19.1.2.төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар.
19.2. Төрийн өмчийн компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг Улсын Их Хурлаас жил бүрийн төсөвт тусган батална.
19.3. Тухайн төсвийн жилд баримтлах энэ хуулийн 19.1-д заасан хувийг болон ногдол ашиг төлөх үүргээс тухайн жилд чөлөөлөгдөх компанийн жагсаалтыг төрийн өмчит компанийн хувьд Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвтэй хамт батална.
19.4. Төрийн болон орон нутгийн өмчит компани энэ хуулийн 19.1.1, 19.1.2-т заасан зарчмын дагуу энэ хуулийн 19.3-т заасны дагуу тогтоосон хувиар тооцсон дүнгийн аль өндөр дүнгээр төсөвт ногдол ашиг төвлөрүүлнэ.
19.5. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 19.1, 19.2, 19.3, 19.4-т заасныг баримтлан ногдол ашгийн дүнг тооцсоныг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх чиглэл гэж үзнэ.
19.6. Төрийн болон орон нутгийн өмчийн компани ногдол ашиг хуваарилах асуудлаар өгсөн энэ хуулийн 19.1, 19.2, 19.3, 19.4, 19.5-д заасан журмыг баримтлаагүй, эсхүл ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай үндэслэлээ төрийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраар, орон нутгийн өмчийн компанийн хувьд Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
20 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх
20.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байх бөгөөд уг төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
20.2. Энэ хуулийн 7.1.3-т заасан үндэслэлээр төрийн өмчийн компани үүсгэн байгуулах тохиолдолд төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байж болно.
20.3. Орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
20.4. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргыг орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр томилно.
21 дүгээр зүйл. Төрийн өмчит компанийн талаарх Засгийн газрын бүрэн эрх
21.1. Төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 20.1-д заасны дагуу Засгийн газар байна.
21.2. Засгийн газар төрийн өмчийн компанийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.2.1.төрийн өмчийн компанид төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг томилох; 21.2.2.энэ хуулийн 7.1.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 21.2.3.энэ хуулийн 7.1.1-д заасан салбарт төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг Улсын Их Хурлын зөвшөөрлийн үндсэн дээр гаргах;
21.2.4.энэ хуулийн 7.1.1-д зааснаас бусад салбарт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах; 21.2.5.төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах нийтийн үйлчилгээний салбарын жагсаалт болон тодорхой салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах шалгуур үзүүлэлтийг батлах; 21.2.6.төрийн өмчийн компанийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, худалдах, солих шийдвэр гаргах; 21.2.7.энэ хуулийн 16.4-т заасны дагуу хориг тавих; 21.2.8.энэ хуулийн 16.6-д заасны дагуу төрийн өмчит компанийн шийдвэрт зөвшөөрөл олгох;
21.2.9.хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит компанийн харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлан мөрдүүлэх; 21.2.10.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн компанид онцгой дэглэм тогтоох; 21.2.11.нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах саналыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд өгөх; 21.2.12.төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 21.2.13.хуульд заасан бусад.
22 дугаар зүйл. Орон нутгийн өмчит компанийн удирдлагын талаар аймаг, сум, нийслэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
22.1. Орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 20.3-т заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
22.2. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит компанийн удирдлагын талаар дараах бүрэн эрхтэй:
22.2.1.орон нутгийн өмчийн компани үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах, орон нутгийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах; 22.2.2.орон нутгийн өмчийн оролцоотой компани үүсгэн байгуулах, орон нутгийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх; 22.2.3.орон нутгийн өмчит компанийн орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг томилох; 22.2.4.орон нутгийн өмчийн компанийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, шилжүүлэх шийдвэр гаргах; 22.2.5.хуульд заасан бусад.
23 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн бүрэн эрх
23.1. Төрийн өмчит компанийн төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь дараах бүрэн эрхтэй:
23.1.1.энэ хуулийн 31, 33 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх; 23.1.2.төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөн байгуулах, эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх; 23.1.3.төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн өмчийн хувьцааны хэмжээтэй хувь тэнцүү тооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх санал гаргах; 23.1.4.төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгээс сонгон шалгаруулсан төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах;
23.1.5.энэ хуулийн 32.1, 32.2-т заасан мэдээллийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс авах; 23.1.6.төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлыг хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох; 23.1.7.төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүний урамшууллын хэмжээ, урамшуулал олгох журмыг тогтоох; 23.1.8.энэ хуулийн 10.4, 10.6, 36.1-д заасан нөхцөлийг компанийн дүрэмд тусгуулах; 23.1.9.хуульд заасан бусад.
23.2. Орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь дараах бүрэн эрхтэй:
23.2.1.орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлэх; 23.2.2.орон нутгийн өмчийн компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх; 23.2.3.энэ хуулийн 10.4, 10.6, 36.1-д заасан нөхцөлийг компанийн дүрэмд тусгуулах; 23.2.4.орон нутгийн өмчийн оролцоотой компанийн орон нутгийн өмчийн хувьцааны хэмжээтэй хувь тэнцүү тооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх санал гаргах;
23.2.5.төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын сонгон шалгаруулсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах; 23.2.6.энэ хуулийн 32.1, 32.2-т заасан мэдээллийг удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс авах; 23.2.7.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох; 23.2.8.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүний урамшууллын хэмжээ, урамшуулал олгох журмыг тогтоох; 23.2.9.хуульд заасан бусад.
24 дүгээр зүйл. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн чиг үүрэг
24.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн талаар төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхтэй:
24.1.1. энэ хуулийн 7.1.1-д заасан салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлаар Засгийн газарт дүгнэлт гаргаж, хүргүүлэх;
24.1.2. энэ хуулийн 7.1.1-д зааснаас бусад салбарт төрийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, алтан хувьцаа гаргах болон төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;
24.1.3. төрийн өмчийн компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлж, зөрчлийг арилгах талаар шаардлага, зөвлөмж өгөх, хуульд заасан үндэслэл байгаа бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлыг солих, хариуцлага тооцох саналыг төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдэд хүргүүлэх, нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулах;
24.1.4. төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт тайлагнах;
24.1.5. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг томилох, чөлөөлөх асуудлаар санал хүргүүлэх;
24.1.6. төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн жил бүр төрийн хувьцааг эзэмших зорилго, хувьцааны удирдлагын талаарх илтгэлийг хүлээн авч хянан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
24.1.7. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, гүйцэтгэх захирлын урамшууллын хэмжээ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
24.1.8. орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, эзэмшлийн хувьцааг худалдах, шилжүүлэх, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар дүгнэлт гаргаж, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;
24.1.9. орон нутгийн өмчит компанийн орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих;
24.1.10. орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийн жил бүр орон нутгийн хувьцааг эзэмших зорилго, хувьцааны удирдлагын талаар илтгэлийг хүлээн авч хянан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
24.1.11. орон нутгийн өмчит компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлж, зөрчлийг арилгах талаар шаардлага, зөвлөмж өгөх, хуульд заасан үндэслэл байгаа бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлыг солих, хариуцлага тооцох саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх, нэгдсэн дүнг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;
24.1.12. орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
24.1.13. хуульд заасан бусад.
25 дүгээр зүйл. Мэдээллээр хангах
25.1. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан тохиолдолд төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч тухайн компанийн харьяалах салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийн хуулбар зэрэг төрийн, эсхүл орон нутгийн өмчийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрхэн хэрэгжүүлж байгааг нь илэрхийлэх баримт, мэдээллийг шилжүүлэх үүрэгтэй.
25.2. Энэ хуулийн 25.1-д заасан баримт бичиг, шийдвэрийн хуулбарыг тухайн шийдвэр гарсан болон хурлын тэмдэглэлд холбогдох этгээд гарын үсэг зурснаас ажлын таван өдрийн дотор хүргүүлнэ.
26 дугаар зүйл. Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох
26.1. Засгийн газар улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий төрийн өмчит компанид зургаан сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулж болно.
26.2. Онцгой дэглэмээр ажиллах төрийн өмчийн компанийн үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх бөгөөд дараах асуудлын хүрээнд байна:
26.2.1.компанийн зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох; 26.2.2.ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох; 26.2.3.хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх; 26.2.4.үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;
26.2.5.онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн компанид түр зогсоож, хяналт тогтоох; 26.2.6.тухайн компанид хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчид харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх; 26.2.7.онцгой дэглэмтэй төрийн өмчийн компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
26.2.7.онцгой дэглэмтэй төрийн өмчийн компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах; 26.2.8.онцгой дэглэмтэй төрийн өмчийн компаниас бусад этгээдтэй байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах; 26.2.9.улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн компани, түүний удирдлагад хүлээлгэх эдийн засгийн болон хууль зүйн хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх; 26.2.10.хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваарилах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомстлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.
26.3. Засгийн газар энэ хуулийн 26.1-д заасны дагуу тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Их Хурал, олон нийтэд мэдээлж байх бөгөөд тухайн компанид онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар онцгой дэглэмийг нэг удаа зургаан хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.
26.4. Онцгой дэглэмийн хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаагүй буюу түүнийг дуусгавар болгохоос өмнө Засгийн газрын шийдвэрээр цуцалсан бол онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болсонд тооцно.
26.5. Онцгой дэглэм дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаа өнгөрсний дараа тухайн компанид дахин онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарвал Засгийн газар энэ хуулийн 26.1-д заасан журмаар шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
КОМПАНИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
27 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага
27.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
27.1.1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
27.1.2.төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаа хамаарах салбарын болон санхүүгийн мэдлэг, туршлагатай, тухайн салбарт гурваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хууль, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн болон тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлээр дээд боловсролтой; 27.1.3.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, компанийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
27.1.4.сүүлийн найман жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй; 27.1.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон; 27.1.6.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон; 27.1.7.Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан байх; 27.1.8.доор дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд биш байх:
27.1.8.а.компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш хувиараа аж ахуй эрхлэгч, нөхөрлөлийн гишүүн, эсхүл тухайн компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч; 27.1.8.б.компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
27.1.8.в.төрийн болон орон нутгийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн; 27.1.8.г.төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн, эсхүл орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой.
27.1.9.тѳрийн болон орон нутгийн ѳмчит компанийн тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн гишүүн нь компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.
27.2. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани бол энэ хуулийн 27.1.8.б-д заасан нөхцөл хамаарахгүй.
27.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх ба сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдсон гишүүдээс бүрдэнэ.
27.4. Энэ хуулийн 27.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байна.
27.5. Энэ хуулийн 27.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь мэргэжлийн хараат бус гишүүн байна.
27.6. Энэ хуулийн 40.1-д заасан шалгуураас доош үзүүлэлттэй төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл таваас илүүгүй сондгой тооны гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр хүртэлх гишүүн нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байж болно.
27.7. Энэ хуулийн 27.6-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр бүх гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
27.8. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, томилуулахаар нэр дэвшүүлэх, эсхүл дэмжиж санал өгөхийг хориглоно.
27.9. Нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь таваас илүүгүй сондгой тооны гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав хүртэлх гишүүн нь төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд байна.
27.10. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн албан тушаалтныг нэр дэвшүүлэх, сонгох, томилохыг хориглоно.
28 дугаар зүйл. Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
28.1. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч компанийг үүсгэн байгуулах шийдвэр гарсны дараа ажлын тав хоногийн дотор төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах захиалгыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
28.2. Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулна.
28.3. Энэ хуулийн 28.2-т заасан ажлын хэсэг нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нээлттэй ил тод сонгон шалгаруулалтыг 35 хоногийн дотор зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
28.4. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3-т заасан хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг төрийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид санал болгоно.
28.5. Энэ хуулийн 28.4-т заасан санал болгосон нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэнэ.
28.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэр дэвшигч тус бүрийн үнэлгээний оноо, сонгон шалгаруулах журам, нэр дэвшигчийн нөөцийн сангийн мэдээллийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулна.
28.7. Энэ хуулийн 28.5-д заасан нөөцийн санд бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа хамгийн өндөр оноотой нэр дэвшигчийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд санал болгож болно.
28.8. Энэ хуулийн 28.2-т заасан төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох, сонгон шалгаруулалтын болон нэр дэвшигчийн нөөц сангийн журмыг Засгийн газар батална.
28.9. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг санал болгох талаар дараах эрхийг эдэлнэ:
28.9.1.төрийн өмчит компанийн зорилго, онцлог, эрхлэх үйл ажиллагааг харгалзан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах этгээдэд олговол зохих эрх мэдлийн асуудлаар судалгаа хийж, тайлан гаргах; 28.9.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээд ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх болон бусад асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгөх; 28.9.3.шаардлагатай тохиолдолд ашгийн төлөө бус хуулийн этгээд, холбогдох салбарын мэргэшсэн этгээд болон бусад этгээдийг үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа хийж тайлан гаргах ажилд татан оролцуулах.
29 дүгээр зүйл. Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт
29.1. Орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 35 хоногийн дотор явуулж, нэр дэвшигчийг санал болгоно.
29.2. Орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журам нэгэн адил хамаарна.
30 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээс шаардах мэдээлэл
30.1. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 29.1-д заасан захиалга ирүүлснээс хойш ажлын тав өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай өөрийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана.
30.2. Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд зарласнаас хойш 30 хоногийн дотор дараах мэдээллийг нотолсон баримт бичгийг бүрдүүлэн төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид нэр дэвших тухай хүсэлтээ хүргүүлсэн байна:
30.2.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, боловсролын байдлын талаарх баримт бичиг, холбоо барих мэдээлэл; 30.2.2.сүүлийн таван жилийн ажил эрхлэлт, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан мэдээллийг агуулсан ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; 30.2.3.нэр дэвшигч болон түүний холбогдох этгээдийн хувьцааг нь эзэмшдэг компанийн нэр хаяг, улсын бүртгэлийн дугаар, сүүлийн таван санхүүгийн жилд үйл ажиллагаа эрхэлсэн салбарын жагсаалт, ашгийн хэмжээ, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ зэрэг мэдээлэл.
30.3. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан эсэх талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас хариуцан авна.
31 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох
31.1. Энэ хуулийн 28.4-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 27.1-д заасан шаардлага хангасан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гишүүнээр томилно. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн тухайд тухайн нэр дэвшигчийг томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал болгоно.
31.2. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаатай хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилуулахаар санал болгоно.
31.3. Энэ хуулийн 31.1, 31.2-т заасны дагуу томилогдсон төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, энэ хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн дуусгавар болно.
31.4. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг энэ хуулийн 27.1-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж ажлын тав хоногийн дотор дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг санал болгоно.
31.5. Энэ хуулийн 31.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн томилогдоогүйн улмаас төрийн болон орон нутгийн өмчит компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, уг компанид болон хувьцаа эзэмшигчид учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.
31.6. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилохдоо жендэрийн эрх тэгш байдал буюу төлөөлөн удирдах зөвлөл дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзана.
31.7. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жилээс хэтрэхгүй байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
31.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар томилохгүй.
32 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг, хариуцлага
32.1. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон этгээд түүнийг томилсон, эсхүл томилуулахаар санал болгосон төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид дараах мэдээллийг өгөх үүрэгтэй.
32.1.1.төрийн болон орон нутгийн өмчит компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд үл хамаарах, их хэмжээний хэлцлийг хийх тухай аливаа төлөвлөгөө; 32.1.2.төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс тогтоосон хугацаанд, түүнээс баталсан загварын дагуу бэлтгэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл; 32.1.3.компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж болохгүй нөхцөл байдал бий болсон талаарх аливаа мэдээлэл.
32.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон этгээд түүнийг томилсон, эсхүл томилуулахаар санал болгосон төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдахаас ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хурал болсноос хойш нэг сараас доошгүй хугацааны дотор хурлаар хэлэлцсэн асуудал, хурлаас гарсан шийдвэрийг хүргүүлнэ.
32.3. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлд нэгээс дээш гишүүн томилогдсон бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 25.1-д заасан мэдээлэл ирүүлэх нэг гишүүнийг түүний саналыг харгалзан томилно.
32.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон этгээд дараах үүрэгтэй:
32.4.1.эрх, үүргээ үнэнч шударгаар, зөвхөн компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх; 32.4.2.төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд оролцож, шийдвэр гаргахад саналаа өгөх; 32.4.3.шийдвэр гаргахад шаардагдах бүх мэдээлэлтэй танилцах, бүрэн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах; 32.4.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглах, компанийн талаарх мэдээ, мэдээлэл, бизнесийн нууц, хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх; 32.4.5.өөрийн албаны чиг үүргээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний чиг үүрэг тусгаарлагдсан байх; 32.4.6.өөрөө, эсхүл түүний хамаарал бүхий этгээд дангаараа, эсхүл хамтран компанийн хувьцаа эзэмшигч болсон даруйд мэдэгдэх.
32.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хууль, Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн бол төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид уг зөрчлийн тухай нотлох баримтын хамт бичгээр мэдэгдэл хүргүүлж, холбогдох арга хэмжээ авна.
32.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг компанийн дүрэмд тусгасан байна.
32.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг компанийн дүрэмд тусгасан байна.
32.7.1.ногдол ашгийг нэмэгдүүлэх; 32.7.2.бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх; 32.7.3.компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах.
33 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх
33.1. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дараах үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, эсхүл чөлөөлөх саналыг гаргана:
33.1.1.энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон; 33.1.2.хууль, компанийн дүрэмд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ ноцтой, удаа дараа зөрчсөн, ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн, компанийг зохистой удирдах шаардлагыг хангахгүй болсон; 33.1.3.хууль, компанийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн; 33.1.4.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; 33.1.5.эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй, албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан;
33.1.6.эрх бүхий байгууллагаас тухайн албан тушаалыг эрхлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон; 33.1.7.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
33.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн энэ хуулийн 33.1.2, 33.1.3, 33.1.4, 33.1.5-д заасан үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
34 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал
34.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн урамшуулал, нэмэгдэл урамшуулал авч болно.
34.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээ, урамшуулал төлөх журмыг тухайн компанийн онцлог нөхцөл байдлыг харгалзан төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дангаараа тогтооно.
34.3. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээ, урамшуулал төлөх журмыг тухайн компанийн онцлог нөхцөл байдлыг харгалзан хувьцаа эзэмшигчдийн хуралд санал болгоно.
34.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн урамшууллын хэмжээ тэгш байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь аудитын хороо болон төлөөлөн удирдах зөвлөлийн бусад хороонд ажилласан бол нэмэгдэл урамшуулал авч болно.
34.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглоно.
34.6. Энэ хуулийн 32.1, 32.2, 32.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллыг төлөхийг зогсоох, эсхүл үүрэг биелүүлээгүй, эсхүл хуралдаанд оролцоогүй тухайн хугацаанд хамаарах хувь хэмжээгээр урамшууллын хэмжээг бууруулна.
34.7. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлж, нэмэгдэл урамшуулал олгох аргачлалыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
34.8. Энэ хуулийн 34.6-д заасны дагуу урамшуулал төлөхийг зогсоох, эсхүл бууруулах арга хэмжээг урамшуулал тогтоох эрх бүхий этгээдээс компанийн гүйцэтгэх захиралд хандан төлөөлөн удирдах зөвлөлийн даргад энэ тухай бичгээр гаргасан мэдэгдэлд үндэслэж авна.
34.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хуульд заасан урамшууллаас бусад тусгайлсан хангамж эдлэхгүй.
35 дугаар зүйл. Гүйцэтгэх захирал, түүнийг хэрэгжүүлэх этгээдэд нэр дэвшигчид тавигдах шаардлага
35.1. Нийтийн дэд бүтцийн болон нийтийн үйлчилгээ үзүүлэх салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компаниас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.
35.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл сонгож, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулна. Тухайн гэрээг гүйцэтгэх захирлын үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл тухай бүр сунгана.
35.3. Энэ хуулийн 35.2-т заасан гүйцэтгэх захиралд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
35.3.1.энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан байх; 35.3.2.бизнесийн удирдлага, санхүү болон компанийн үйл ажиллагаанд хамаарах салбарын мэдлэг, туршлагатай байх; 35.3.3.өмнө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, дэд захирлын албан тушаалаас өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас чөлөөлөгдөөгүй байх; 35.3.4.бусад компанийн гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлээгүй байх; 35.3.5.компанийн дүрэмд заасан бусад шаардлага.
35.4. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх, сонгох журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.
35.5. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гүйцэтгэх захирлын ажлын зорилт, зорилго, санхүүгийн болон үйл ажиллагааны хүрэн үр дүн, шалгуур үзүүлэлт, урамшууллын хэмжээ, түүнийг олгох журам, эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлага, түүний эрх хэмжээг түдгэлзүүлэх, чөлөөлөх үндэслэл, журам болон үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээ, мэдээллийг гаргах хуваарийн талаар тодорхой тусгасан байна.
35.6. Энэ хуулийн 35.3-т заасан шаардлагыг хангаагүй этгээдийг гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх, сонгохыг хориглоно.
36 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал
36.1. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн дүрэмд дараах нөхцөлийг тусгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргана:
36.1.1.гүйцэтгэх захиралд олгох цалин хөлс, нэмэгдэл урамшууллын хэмжээг гагцхүү түүнтэй байгуулсан гэрээнд заасны дагуу олгоно. Гүйцэтгэх захиралд гэрээнд зааснаас гадна чиг үүргийг хэрэгжүүлсэн боловч тухайн чиг үүрэгт тохирсон нэмэгдэл урамшууллыг олгохоор гэрээнд заагаагүй бол аливаа урамшуулал олгохгүй; 36.1.2.гүйцэтгэх захирлын нэмэлтээр гүйцэтгэсэн чиг үүргийн үр дүнд компанийн зорилгод нийцсэн нэмүү өртөг бий болсон, компанийн зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдсэн бол нэмэгдэл урамшуулал олгохоор гэрээнд зааж болно; 36.1.3.тухайн жилд гүйцэтгэх захиралд олгох нийт нэмэгдэл урамшууллын хэмжээ өмнөх санхүүгийн жилийн тухайн захиралд олгосон нэг сарын дундаж үндсэн цалин хөлсийг дөрөв дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй байх; 36.1.4.гүйцэтгэх захирлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө төлөөлөн удирдах зөвлөлийн санаачилгаар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бол түүнд нөхөн төлбөр, олговрын хэлбэр бүхий тэтгэмж олгож болно. Тэтгэмжийн хэмжээ гүйцэтгэх захирлын гурав хүртэл сарын цалин хөлснөөс хэтрэхгүй байна.
36.2. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд энэ хуулийн 36.1-д заасан нөхцөлийг тусгана.
36.3. Гүйцэтгэх захирлын цалин хөлс, нэмэгдэл урамшууллын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.
37 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын үүрэг
37.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:
37.1.1.эрх, үүргээ үнэнч шударгаар, компанийн хувьцаа өөрийн хөрөнгийг урт хугацаанд нэмэгдүүлэх хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх; 37.1.2.төрийн болон орон нутгийн өмчит компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах; 37.1.3.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглахгүй байх; 37.1.4.төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах; 37.1.5.компанийн талаарх мэдээ, мэдээлэл, байгууллагын болон бизнесийн нууц, хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх; 37.1.6.аудитын хороо, хөндлөнгийн аудитын хуулийн этгээдийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх; 37.1.7.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах, баталсан үр дүнгийн үзүүлэлтийг биелүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авах; 37.1.8.санхүүгийн тайланг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19.1.7-д заасан журмыг баримтлан бэлтгэж, ил тод тайлагнах; 37.1.9.хууль тогтоомж болон дүрэмд заасан үйл ажиллагаанд үл хамаарах зардлыг санхүүжүүлэхгүй байх.
37.2. Гүйцэтгэх захирал хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дүрэмд заасан үүргээ зөрчсөн бол тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид уг зөрчлийн тухай нотлох баримтын хамт бичгээр мэдэгдэл хүргүүлж, холбогдох арга хэмжээ авна.
38 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх
38.1. Дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална:
38.1.1.үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд компанийг хоёр жил дараалан алдагдал хүлээлгэсэн, эсхүл төрөөс оруулсан хөрөнгө оруулалт, гэрээнд заасан санхүүгийн зорилтод үзүүлэлтийг хоёр жил дараалан хангаж чадахгүй болсон; 38.1.2.компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээ хоёр жил дараалан хангалтгүй гэж үнэлэгдсэн; 38.1.3.компани төлбөрийн чадваргүй болсон боловч энэ талаар төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдээгүй, дампуурлын өргөдөл гаргаагүй; 38.1.4.энэ хууль, компанийн дүрэм, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчсөн;
38.1.5.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн санхүүгийн байдлын талаар худал мэдээлэл өгсөн; 38.1.6.төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан компанийн төсвийг хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн; 38.1.7.хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон; 38.1.8.энэ хуулийн 35.3-т заасан шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон; 38.1.9.төрийн болон орон нутгийн өмчийн компанийн шинэ бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны стратеги бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, туршлага, чадвар хангалтгүй байх; 38.1.10.эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй, албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, төрийн болон орон нутгийн өмчит компанийн хөрөнгийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан; 38.1.11.эрх бүхий байгууллагаас тухайн гүйцэтгэх захирлыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгосон; 38.1.12.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
38.1.13.санхүүгийн тайланд хийсэн аудитаар хоёр жил дараалан хангахгүй дүгнэлт авсан; 38.1.14.компанийн олж авсан хөрөнгийг компанийн өмчид бүртгээгүй, бүртгэлгүй ашигласан.
38.2. Гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 38.1-д заасан үйлдлийн улмаас төрийн болон орон нутгийн өмчийн компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
38.3. Гүйцэтгэх захирлын буруутай үйл ажиллагааны улмаас төрийн болон орон нутгийн өмчийн компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх журам, хариуцлагын хэмжээг тогтоох аргачлалыг тухайн компанийн дүрэмд тусгасан байна.
38.4. Энэ хуулийн 38.1.1-д заасан тохиолдол хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчийн компанид хамаарахгүй байж болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
КОМПАНИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
39 дүгээр зүйл. Компанийн аудитын тогтолцоо
39.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн аудитын тогтолцоо нь аудитын хороо болон дотоод аудитын нэгж, дотоод аудитор, хөндлөнгийн аудит байна.
39.2. Энэ хуулийн 39.8-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 81.4-т заасан чиглэлээр дүгнэлт гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах чиг үүрэг бүхий аудитын хороотой байна.
39.3. Энэ хуулийн 39.2-т заасан аудитын хорооны дарга нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна.
39.4. Аудитын хорооны үйл ажиллагааны журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.
39.5. Энэ хуулийн 39.4-т заасан журамд аудитын хороо, гүйцэтгэх захирал, хөндлөнгийн аудитын хуулийн этгээдийн хороонд тогтмол мэдээлэл солилцох арга хэлбэр, бүтэц зохион байгуулалтыг тусгасан байна.
39.6. Төрийн болон орон нутгийн өмчийн компани жил бүрийн санхүүгийн тайлангаа нягтлан шалгуулан баталгаажуулах, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, санхүүгийн баримтаа хянуулан хараат бус мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргуулах зорилгоор хөндлөнгийн аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр аудит хийлгүүлнэ.
39.7. Энэ хуулийн 39.5-д заасан хөндлөнгийн аудит хийх хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулна.
39.8. Төрийн болон орон нутгийн өмчийн компани нь дараах гурван үзүүлэлтийн хоёроос доошгүйг тухайн жилийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр хангаж байвал төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд дотоод аудитын нэгжтэй байна:
39.8.1.нийт ашгийн хэмжээ нь 200 сая төгрөгөөс доошгүй байх; 39.8.2.борлуулалтын орлогын хэмжээ хоёр тэрбум төгрөгөөс доошгүй байх; 39.8.3.нийт ажилтны тоо 75-аас доошгүй байх.
39.9. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ хуулийн 39.8-д заасан нөхцөлөөс доош үзүүлэлттэй компанийг дотоод аудитын нэгжтэй байх нь эдийн засгийн хувьд оновчтой гэж үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн зөвшөөрлөөр энэ талаар шийдвэр гаргаж болно.
39.10. Компанийн дотоод аудитын нэгж компанийн үйл ажиллагааны цар хүрээ, эдийн засгийн үр ашгаас шалтгаалан төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тооны бүтцэд хамаарах гурав хүртэлх тооны аудитороос бүрдэнэ.
39.11. Дотоод аудитын нэгж тухайн компанийн бүх нэгжийн үйл ажиллагаанд ээлжит болон ээлжит бус шалгалт хийж, дүгнэлт гаргах ба дүгнэлтээ гүйцэтгэх удирдлагад танилцуулж, төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх аудитын хороонд тайлагнана.
39.12. Дотоод аудитын нэгжийн аудитор тухайн компанийн данс бүртгэл, тайлан тэнцэл, санхүүгийн баримт, тайлбар, лавлагаа болон шаардлагатай бусад баримт бичгийг холбогдох албан тушаалтнаас гаргуулж авах, шаардлагатай тохиолдолд компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтны албан өрөөнд нэвтрэн орох эрхтэй
39.13. Дотоод аудитын нэгжийн аудиторын бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг энэ хуульд нийцүүлэн тухайн төлөөлөн удирдах зөвлөл дотоод хяналтын дүрмээр тогтооно.
40 дүгээр зүйл. Компанийн дотоод аудитын чиг үүрэг
40.1. Компанийн дотоод аудитын нэгж, дотоод аудитор доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.1.1.компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэл холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцэж байгаа эсэх, санхүүгийн тайлан, санхүү эдийн засгийн бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг хянан шалгаж, дүгнэлт өгөх; 40.1.2.компанийн үйл ажиллагааг компанийн хэтийн зорилго, бизнес төлөвлөгөө, урт хугацааны төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага, засаглалын үйл ажиллагааг үнэлэх, сайжруулах замаар компанийг зорилтоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 40.1.3.компанийн бүх нэгжийн үйл ажиллагаанд ээлжит болон ээлжит бус шалгалт хийж, дүгнэлт гаргах ба дүгнэлтээ төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд танилцуулах; 40.1.4.төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих; 40.1.5.компанийн төсөв, хөрөнгө, нөөцийн ашиглалт, зарцуулалт нь хэмнэлттэй, үр ашигтай, үр өгөөжтэй байгаа эсэхэд гүйцэтгэлийн аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмж гаргах; 40.1.6.компанийн дүрэм болон компанийн дотоод аудитын дүрэмд заасан бусад.
40.2. Энэ хуулийн 39.8-д заасан нөхцөлөөс доош үзүүлэлттэй төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хувьд дотоод аудитын нэгжгүй байж болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн харьяаны дотоод аудитор энэ хуулийн 40.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ, ТҮҮНИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ
41 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө
41.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор баталсан бизнесийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.
41.2. Энэ хуулийн 41.1-д заасан төлөвлөгөөний хувийг төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн компанийн хувьд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид хүргүүлнэ.
41.3. Энэ хуулийн 41.1-д заасан төлөвлөгөөнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүрийн тухайн жилд хэрэгжүүлэх ажлыг тусгасан байна.
42 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл
42.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг жил бүр төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.
42.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг санхүүгийн жил дууссаны дараагийн жилээс эхлэн жил бүр гаргах бөгөөд жилийн гүйцэтгэлийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.
43 дугаар зүйл. Төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээ
43.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын гүйцэтгэлийг төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч үнэлнэ.
43.2. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг хүргүүлэхийг шаардах эрхтэй.
43.3. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төр, орон нутгаас томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний гүйцэтгэлийг төрийн болон орон нутгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч үнэлнэ.
43.4. Энэ зүйлд заасан төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон гишүүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
44 дүгээр зүйл. Компанийн бизнес төлөвлөгөө
44.1. Гүйцэтгэх захирал нь гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд гурваас доошгүй жилийн хугацаатай компанийн бизнесийн төлөвлөгөөг боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлд хянуулахаар хүргүүлнэ.
44.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хянаж, баталсан бизнесийн төлөвлөгөөг төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.
45 дугаар зүйл. Компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
45.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан болон гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг жил бүр бэлтгэж, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчид хүргүүлнэ.
45.2. Компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг санхүүгийн жил дууссаны дараагийн жилээс эхлэн жил бүр гаргах бөгөөд жилийн гүйцэтгэлийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.
46 дугаар зүйл. Компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээ
46.1. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан болон гэрээний хэрэгжилтийн тайланд үндэслэн жил бүр төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэлийг үнэлнэ.
46.2. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг хүргүүлэхийг шаардах эрхтэй.
46.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэлийг үнэлэх шалгуур, аргачлал, үнэлгээний журмыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгосноор Засгийн газар батална.
46.4. Энэ хуулийн 46.4-т заасан үнэлгээний шалгуурт дараах асуудлыг хамааруулна:
46.4.1.бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин; 46.4.2.компанийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн зохистой менежмент; 46.4.3.санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт; 46.4.4.гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо; 46.4.5.борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн ашиглалт, өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалын зорилтод түвшин.
46.5. Компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн компанитай ижил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанийн гүйцэтгэлтэй харьцуулж болно.
46.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээг жил бүрийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж, үнэлгээний тайланг тухайн компанийн төрийн, эсхүл орон нутгийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч болон төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид танилцуулна.
46.7. Төрийн өмчийн асуудал хариуцсан захиргааны байгууллага энэ хуулийн 47.7-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн үнэлгээний тайланг нэгтгэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
46.8. Энэ хуулийн 46.6-д заасан нэгтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
46.9. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бизнесийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй үнэлэгдсэн бол төрийн, эсхүл орон нутгийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, эсхүл төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж гүйцэтгэх захирлыг чөлөөлүүлэхээр төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргах эрхтэй.
46.10. Төрийн, эсхүл орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж нь аудитор болон компанийн бусад эрх бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол албан тушаалаас чөлөөлүүлэхээр санал гаргах эрхтэй.
46.11. Энэ хуулийн 38.4-т зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит компани хоёр жил дараалан санхүүгийн зорилтот үр дүнд хүрээгүй ажилласан бол өрийг хувьцаагаар солих, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, эсхүл хувьчлах арга хэмжээ авна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ХЭЛБЭРИЙГ ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ
47 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг өөрчлөн байгуулах
47.1. Төрийн өмчийн компанийг Засгийн газрын шийдвэрээр, төрийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.
47.2. Орон нутгийн өмчийн компанийн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр, орон нутгийн өмчийн оролцоотой компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулж болно.
47.3. Энэ хуулийн 47.1, 47.2-т заасан байгууллагын шийдвэргүйгээр төрийн болон орон нутгийн өмчийн компанийг өөрчлөн байгуулахыг хориглоно.
47.4. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн байгуулахад энэ хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
48 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компани нэмэлт хувьцаа гаргаж, үнэт цаасны анхдагч зах зээлээр нийтэд санал болгох
48.1. Энэ хуулийн 21.2.12-т заасан төрийн болон орон нутгийн өмчийн компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар баримтлах үндсэн чиглэлийг баримтлан тухайн компани нэмэлт хувьцаа гарган үнэт цаасны анхдагч зах зээлээр нийтэд санал болгох шийдвэрийг төрийн өмчийн компанийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчийн компанийн хувь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
48.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн нэмэлт хувьцааг гарган үнэт цаасны анхдагч зах зээлээр нийтэд санал болгох үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
48.3. Доор дурдсан зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит компани нэмэлт хувьцаа гарган үнэт цаасны анхдагч зах зээлд нийтэд санал болгоно:
48.3.1.компани үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татах; 48.3.2.төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах; 48.3.3.зах зээлд төрийн оролцоог багасгах; 48.3.4.компанийн дүрэмд заасан бусад.
48.4. Нэмэлт хувьцаа гарган үнэт цаасны анхдагч зах зээлээр нийтэд санал болгоход шаардлагатай зардлыг тухайн компанийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
49 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгах
49.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгахад Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.
49.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг энэ хуулийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр татан буулгана:
49.2.1. энэ хуулийн 55.1-д заасан нэгдсэн тайланд тухайн төрийн өмчийн компанийн эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт хангалтгүй үнэлэгдэж, татан буулгах санал гаргасан.
49.2.2. хуульд заасны дагуу тухайн төрийн өмчийн компани төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх нөхцөл бүрдсэн.
49.2.3. компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах хэлбэрээр өөрчлөн байгуулах эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан.
49.2.4. хуульд заасан бусад.
49.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийг татан буулгах ажлыг төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.
50 дугаар зүйл. Татан буугдах үеийн эд хөрөнгийн зохицуулалт
50.1. Татан буугдаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн компанид холбогдох эд хөрөнгийн шаардлагыг дараах дарааллаар хангана:
50.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хор, хохирлыг арилгах төлбөр; 50.1.2.татан буулгах комисс, хэрэг гүйцэтгэгч, тэдгээртэй адилтгах бусад этгээдийн үйл ажиллагааны зардал; 50.1.3.татварын болон гаалийн албаны тодорхойлолтоор баталгаажсан татварын ногдол, татварын өр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, алданги, хүү, торгууль; 50.1.4.ажилтны цалин хөлс, олговор, болон хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн бусад өр төлбөр;
50.1.5.төлбөрийн чадваргүйдлийн үед үүрэг гүйцэтгэгчийг дахин хөрөнгөжүүлэх болон дахин зохион байгуулах зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш бий болсон өр төлбөр; 50.1.6.нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлд орсон үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлага.
50.2. Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа дараах журмыг баримтална:
50.2.1. компанийн хөрөнгө энэ хуулийн 50.1-д заасан өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөл зохих төлбөрийн хэмжээг хуваарилагдах хөрөнгөд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу хуваарилна;
50.2.2. хэрэв нэг дараалалд орсон хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэг хангаж хүрэлцэхгүй бол нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тухайн дараалалд ногдох төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн хуваарилна;
50.3. Татан буугдаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хөрөнгөөс шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчдийн үүргийн гүйцэтгэлийг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хувьчилж болно.
50.4. Төрийн өмчийн компанийн тооллого хийж дуусгалтын тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг хэсэгчлэн шилжүүлэх, эсхүл дуудлагаар худалдах ажлыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, НИЙТЭД ТАЙЛАГНАХ
51 дүгээр зүйл. Санхүүгийн жил, санхүүгийн тайлан, бүртгэл
51.1. Төрийн болон орон нутгийн өмчийн компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу санхүүгийн болон жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан гаргана.
51.2. Төрийн болон орон нутгийн өмчийн компани жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 03 дугаар сарын 31-ний дотор аудитын байгууллагаар баталгаажуулна.
51.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компани санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
51.4. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
51.5. Орон нутгийн өмчийн компани аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид хүргүүлнэ.
51.6. Энэ хуулийн 51.2-т заасан тайланд тухайн санхүүгийн жилийн турш төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хэрхэн чиглүүлсэн, удирдан зохицуулсан, хянаж нийцүүлсэн талаарх тайлан, гүйцэтгэх захирлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хүлээн авсан цалин хөлс, урамшууллын хэмжээний талаарх мэдээллийг хавсарган ирүүлнэ.
51.7. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан тайлан, мэдээллийг хүлээн авч танилцах эрхтэй.
51.8. Энэ хуулийн 51.1-д заасан үйл ажиллагааны тайлан дараах бүрэлдэхүүнтэй байна:
51.8.1.санхүүгийн болон санхүүгийн бус зорилтуудын хэрэгжилт, батлагдсан ногдол ашгийн бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтын нийцэл; 51.8.2.бизнесийн стратегийн бодлого, зах зээлийн дүн шинжилгээ; 51.8.3.гадаад болон дотоод зах зээлийн эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө; 51.8.4.ирээдүй хэтийн төлөвийг ойлгоход чухал ач холбогдолтой санхүүгийн бус эрсдэл, тодорхой бус хүчин зүйлсийн тайлбар; 51.8.5.санхүүгийн жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, худалдан авалт, онцлох үйл явдал; 51.8.6.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, цалин хөлс, урамшууллын мэдээлэл; 51.8.7.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн тогтвортой байдал болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын тайлан.
51.9. Засгийн газар энэ хуулийн 51.8-д заасан үйл ажиллагааны тайлангийн загвар болон тайлан гаргах, хүргүүлэх журмыг батална.
51.10. Энэ хуулийн 51.1-д заасан санхүүгийн тайланг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.7-д заасан журмыг баримтлан бэлтгэнэ.
51.11. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нийт төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдалд хяналт тавина.
51.12. Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгжид жил бүр төр, эсхүл орон нутаг эдгээр хувьцааг эзэмших зорилго, хувьцааны удирдлагын талаар илтгэл хүргүүлнэ.
51.13. Энэ хуулийн 51.12-т заасан илтгэлийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газарт, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан тухайн засаг захиргааны нэгж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.
51.14. Илтгэлийг Засгийн газар болон төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэгдсэн цахим хуудсанд олон нийтэд нээлттэйгээр байршуулна.
51.15. Засгийн газар энэ хуулийн 51.12-т заасан илтгэлийг бичих, хүргүүлэх тухай журам, агуулгыг тусгасан загварыг батална.
51.16. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн нэгээс илүү жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
52 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн нөөц сан
52.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 10 хувь хүртэл хэмжээний хөрөнгийг ногдол ашиг хуваарилахаас өмнө компанийн нөөц сан байгуулан төвлөрүүлж болно.
52.2. Энэ хуулийн 52.1-д заасан нөөц сан байгуулахыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
52.3.1.компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэх, технологийг шинэчлэх; 52.3.2.компанийн алдагдлыг нөхөх; 52.3.3.компанийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөнд хамаарахгүй учирч болох эрсдэлийг бууруулах; 52.3.4.компанийн дүрэмд заасан бусад.
52.3. Энэ хуулийн 52.1-д заасан компанийн нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувиас хэтэрсэн, эсхүл тухайн жилийн татварын дараах цэвэр ашиг гараагүй тохиолдолд компани нөөц санд хөрөнгө төвлөрүүлэхгүй байж болно.
53 дугаар зүйл. Нэгдсэн тайлан
53.1. Төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жилд нэг удаа энэ хуулийн 51.2, 51.12-т заасан илтгэл, тайлан, мэдээллийн үндсэн дээр, төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцааны үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн эзэмшиж байгаа хувьцааг шилжүүлэх үр дүнтэй хувилбарын талаарх санал дэвшүүлэн нэгдсэн тайлан гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр Засгийн газарт хүргүүлнэ.
53.2. Нэгдсэн тайлан, тайлангийн дагуу гаргасан саналыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудас болон энэ хуулийн 54.4-т заасан төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэгдсэн цахим хуудсанд олон нийтэд нээлттэйгээр байршуулна.
54 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн мэдээллийг нийтэд мэдээлэх
54.1. Төрийн болон орон нутгийн өмчит компани нь Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, 6.8-д заасан болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй:
54.1.1.компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, менежментийн төлөвлөгөө; 54.1.2.компанийн өмнө зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл; 54.1.3.компанийн сүүлийн таван жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан; 54.1.4.компанийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө; 54.1.5.компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл; 54.2.6.компанийн үйл ажиллагаа, удирдлагын менежментийн гүйцэтгэлийн үнэлгээ; 54.1.7.хяналтын хорооны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн үнэлгээ, аудитын дүгнэлт; 54.1.8.компанийн эсрэг, эсхүл компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэрэг маргаан, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмийн талаарх мэдээлэл; 54.1.9.компанийн дүрэм, компанийн үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журам; 54.1.10.тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааны мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн байдал;
54.1.11.бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаарх мэдээлэл, нийлүүлэгч этгээд, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, явц; 54.1.12.Төрийн нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуульд заасан нууц болон хаалттай, хязгаарлалттай мэдээлэл агуулаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр; 54.1.13.байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт; 54.1.14.тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж; 54.1.15.төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан болон бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж.
54.2. Энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан компанийн мэдээлэлд хяналт шалгалт хийх зорилгоор холбогдох бичиг баримтыг хуулбарлахыг зөвшөөрнө.
54.3. Энэ хуулийн 54.1-д заасан мэдээллийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн нэгдсэн цахим хуудсанд байршуулна. Нэгдсэн цахим хуудсыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хөтөлнө.
54.4. Энэ хуулийн 54.1, 54.4-т заасан цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журмыг Засгийн газар батална.

АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
55 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
55.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
55.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль , эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
56 дугаар зүйл. Дагаж мөрдөх журмын зохицуулалт
56.1. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйл ажиллагаа явуулж байсан хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгүүлэх боломжгүй нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд компани хэлбэрт шилжүүлнэ.
56.2. Энэ хуулийн 56.1-д заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт сургууль, эмнэлэг хамаарахгүй.
57 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
57.1. Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Хэлэлцэх эсэх -Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх