Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5-р сарын 20 өдөр
Улаанбаатар хот
ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас болон бусад байгууллагаас өргөн барьж байгаа хууль, тогтоомжийг шуурхай хэлэлцэж салбарт тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Х.Болорчулуун/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд тус тус даалгасугай.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхтэй холбоотойгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай Улсын Их Хурлын тогтоол, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг яаралтай горимоор батлах;
2. хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд, баталгаа, зээлийн хүүгийн зөрүү, олон улсын зээл тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг санхүүгийн боломжит хувилбарыг тодорхой болгож, 2022 онд нэн шаардлагатай байгаа 500.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3. тарифын зохицуулалтыг хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн баримт бичгийг яаралтай горимоор батлах.
3. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай:
1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр:
1. хүнс, хөдөө аж ахуйн багц хуулийн төсөл, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2. хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо болон хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3. хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;
4. хүнсний чиглэлийн бүх стандартыг аттестатчилан, шаардлагатай стандарт, техникийн зохицуулалт, хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлын зөвлөмж, зааврыг шинэчлэн болон шинээр батлах;
5. мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг боловсруулан батлуулах, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;
6. хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг боловсруулан батлуулах;
7. хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөө батлах.
2. Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
1. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг урт хугацаатай, хүү багатай эх үүсвэрээс санхүүжүүлэх, улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулах;
2. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас батлан улс орон даяар “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлж буй “Атрын IV аян” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх;
3. хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
4. мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх;
5. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх;
6. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг их, дээд сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах;
7. хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч, уур, дулааны эх үүсвэр, шатахуунаар тогтвортой, найдвартай хангах;
8. Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлогтой уялдсан уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хүнс бэлтгэх уламжлалт мэдлэгт суурилсан, инновац шингэсэн бүтээгдэхүүн бий болгох тогтолцоог бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
9. хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэхээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид татварын болон бусад дэмжлэг үзүүлэх;
10. Монгол Улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд танилцуулах, сурталчлах боломжийг бүрдүүлж, экспортлох эрх зүйн орчныг бий болгох, дэмжлэг үзүүлэх.
3. Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:
1. тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган га хүртэл атар газар олгох, эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган га-гаар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах;
2. ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх;
3. “Монгол Улсад газар тариалан эрхлэх систем” технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх;
4. тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйд шаардагдах дотоодын хэрэгцээт тэжээлийн хангамжийг 1.9 сая тонн хүргэхэд зохион байгуулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
5. хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 га хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50.0 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;
6. хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр уул уурхайн үйлдвэрийг түшиглэн азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэрэгжилтийг хангах;
7. бүх төрлийн будаа, чихрийн манжин, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай санхүүжилт, зээл олголтын оновчтой тогтолцоог бий болгон, бодлогын дэмжлэг үзүүлэх;
8. стандартын шаардлага хангасан үр тарианы элеваторын багтаамжийг 20.0 мянган тонноор, төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан агуулах, зоорины багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх;
9. байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах зорилгоор экологид ээлтэй, усыг зөв зохистой ашиглах усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах, шинэчлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, дэмжлэг үзүүлэх;
10. үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерийг бий болгоход чиглэгдсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;
11. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30.0 га, сумын төвд 10.0 га агро-ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулах;
12. жил бүрийн намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 гаас доошгүй мян.тонн хүнсний улаан буудайг худалдан авах нөөц бүрдүүлэх.
4. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:
1. бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойг зохистой харьцааг бий болгох, малын эрүүл мэндийг хамгаалах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг чанаржуулах, малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй хамтран ажиллах;
2. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, загвар хоршоог байгуулах, шинэчлэх, хоршоолох хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжих;
3. хот суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг тус тус бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаадаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;
4. гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
5. зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг бүрдүүлэх;
6. мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах.
5. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:
1. мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
2. хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоосоо бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, тэдгээрийн дотуур байрны суралцагчийн хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хяналт, оролцоог хангах;
4. хуурай сүү, хүнсний давс, хүнсний тос, төмс, төрөл бүрийн будаа, элсэн чихрийн боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
5. хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/ тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгох, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
6. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
7. хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих;
8. хүнсний нэмэлт, биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих;
9. улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинэчлэх замаар хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх лабораторийн шинжилгээ, хяналт, шалгалтыг хийх тогтолцоог бүрдүүлэх, хилийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийг чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
10. хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналтад тавьж, үр дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулахыг Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Х.Болорчулуун/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд тус тус даалгасугай.
5. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх