1/12 дугаар зүйл:
“12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх
12.1.Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх бөгөөд шүүхийн үйл ажилагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна:
12.1.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хуульд заасны дагуу сонирхогч этгээд биечлэн болон цахимаар танилцах боломжийг бүрдүүлэх;
12.1.2.хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх;
12.1.3.талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх.
12.2.Шүүх хуралдааныг хаалттай явуулснаас бусад тохиолдолд иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 өдрийн дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 12.1.3-т заасан цахим мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулна.
12.3.Сонирхогч этгээд энэ хуулийн 12.1.1-д заасан мэдээлэлтэй биечлэн, эсхүл цахимаар танилцах журмыг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн батална.
12.4.Сонирхогч этгээд болон хэвлэл мэдээллийн ажилтан, байгууллага энэ хуулийн 12.1.1-д заасан мэдээллийг бусдад түгээх бол эх сурвалжийг дурдаж, үнэн зөв, гуйвуулахгүйгээр түгээх үүрэг хүлээнэ.
12.5.Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд заавал байршуулна.
12.6.Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ:
12.6.1.хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан;
12.6.2.авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан.
12.7.Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт, дуу-дүрсний бичлэг дараах мэдээллийг агуулсан гарчиг, цахим холбоостой байна:
12.7.1.хуралдаанд оролцогч талуудын нэр;
12.7.2.хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа асуудал, хэрэг, маргаан;
12.7.3.шүүхийн болон шүүх бүрэлдэхүүний нэр;
12.7.4.хуралдааны огноо.
12.8.Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэсэгчлэн хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглоно.
12.9.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулан архивт хадгална.
12.10.Тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулахаар, түүнчлэн хэргийн зарим нотлох баримтыг нэрлэн зааж хаахаар шийдвэрлэж болно.
12.10.1.шүүх хуралдааныг нээлттэй хийх нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамд аюул учруулах эрсдэлтэй, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуунд харш гэж үзсэн;
12.10.2.нийтийн ашиг сонирхол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн;
12.10.3.талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг нээлттэй хийх нь хүний эрхэд аюул, эрсдэл учруулах, сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн.
12.11.Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 12.10 дахь хэсэг хамаарахгүй.
12.12.Энэ хуулийн 12.10-д заасан шийдвэрийг гаргахдаа шүүгч захимрамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргана. Шүүхийн шийдвэрт шалтгаан, тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж, шийдвэрийг шүүхийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ.
12.13.Энэ хуулийн 12.12-т заасан шийдвэрт хэргийн оролцогч, сонирхогч этгээд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх журмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуулиар зохицуулна.
12.14.Шүүх энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийг энэ хуулийн 12.1.3-т заасан цахим мэдээллийн санд төрөлжүүлэн архив, албан хэрэг хадгалалтын хугацааны турш хадгална.
12.15.Шүүхийн цахим хуудас, цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа, түүнд мэдээлэл оруулах, байршуулах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх журмыг Ерөнхий зөвлөл батална.
12.16.Хэргийн оролцогч буюу мэдээллийн эзэн, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нууцлах болон шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргаагүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.
12.17.Мэдээллийн эзэн зөвшөөрсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгаж болно.
12.18.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид цахимаар нээлттэй, ил тод байлгана:
12.18.1.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн цахим платформд нэвтэрч, иргэн, захиргааны хэргийн материал, талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлт, түүнд холбогдох нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийдвэртэй цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлэх;
12.18.2.зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлт, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцтай цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргэх, харилцах боломжийг бүрдүүлэх.”