Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 6-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ
Хуулийн төсөл
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын зарчмыг тодорхойлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн хууль тогтоомж
2.1.Хөдөө аж ахуйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, Органик бүтэгдэхүүний тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, өртгийн сүлжээг хөгжүүлэхтэй холбогдосон харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэж хөдөө аж ахуйн газарт байгалийн болон биологийн нөөцөд тулгуурлан мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэл дагнан, эсхүл хослуулан эрхлэх үйл ажиллагааг;
4.1.2.”мал аж ахуйн үйлдвэрлэл” гэж мал, амьтныг өсгөн үржүүлж, ашиглалтын орц, үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарцаар тодорхойлогдох бэлтгэн нийлүүлэлтийн үе шатны цогц үйл ажиллагааг;
4.1.3.”тариалангийн үйлдвэрлэл” Тариалангийн тухай хуулийн 16.1-д заасныг;
4.1.4.“бэлчээрийн мал аж ахуй” гэж мал сүргийг тэжээлийн үндсэн суурь болсон бэлчээрт жилийн туршид улирлын хуваарьтайгаар идээшлүүлэн маллаж, ашиг шимийг нь хүртдэг, нүүдлийн өв соёлыг хадгалсан уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг;
4.1.5.“эрчимжсэн мал аж ахуй” гэж ашиг шим өндөртэй мал, амьтныг арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн дагуу суурин, хагас суурин хэлбэрээр маллаж ашиг хүртдэг үйлдвэрлэлийг;
4.1.6.“бэлчээрийн мал аж ахуйн эрчимжилт” гэж уламжлалт мал аж ахуйг техник, технологийн дэвшлийг ашиглан, эсхүл хөрөнгө оруулалт хийж бүтээмжийг нэмэгдүүлэн эрсдэлгүй, хүн, байгальд ээлтэй арга барилаар эрхлэх үйл явцыг;
4.1.7."хадлан, тэжээлийн үйлдвэрлэл” гэж мал, амьтны тэжээллэгийн хэрэгцээг хангах, шимт бодисын хэмжээг тэнцвэржүүлэх, тарга тэвээрэг, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгалийн эрсдлийг бууруулах зорилгоор бэлтгэж, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа үйл ажиллагааг;
4.1.8.”хамгаалалттай аж ахуй” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.18-д заасныг;
4.1.9.“агро-ойн аж ахуй" гэж мод, сөөг тариалалтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй зориудаар хослуулсан, нийгэм, эдийн засаг, байгаль орчны ашиг тустай аж ахуйн зохион байгуулалтыг;
4.1.10.“хөдөө аж ахуйн аялал жуулчлал” гэж мал аж ахуй, газар тариалан, уламжлалт нүүдлийн ахуйн хэв маяг, нутгийн соёл, хоол хүнс зэргийг жуулчдад таниулах, сурталчлах замаар орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үндэсний соёл, өв, уламжлалыг хадгалах зорилготой аялал жуулчлалын төрлийг;
4.1.11.“хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан үйл ажиллагааг эрхэлж, эдийн засгийн өгөөж хүртэж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.12.”эдийн засгийн өгөөж" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.45-д заасныг;
4.1.13.“хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ” гэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс эхлэн бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, хэрэглэгчид хүргэх бүх үйл ажиллагааг хамарсан, шат тус бүрт нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг бүрдүүлэх үйл явцыг;
4.1.14.“тогтвортой хөдөө аж ахуй” гэж хүн, байгаль орчинд ээлтэй, эрсдэл даах чадавхтай, хариуцлагатай, нөөцийн зохист ашиглалт, эдийн засаг, нийгмийн өгөөж, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн, урт хугацаанд үргэлжлэх, бүтээмжтэй, ухаалаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг.
5 дугаар зүйл.Төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын зарчим
5.1.Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ.
5.2.Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дараах зарчим баримтална:
5.2.1.үндэсний үнэт зүйл, нүүдлийн соёл, өв уламжлалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх;
5.2.2.хүн, байгаль орчинд ээлтэй, ногоон, био эдийн засгийн хөгжлийг дэмжих;
5.2.3. уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
5.2.4.шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих, инноваци, дэвшилтэт шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
5.2.5.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөөцийг үр ашигтай ашиглах, орон нутгийн хөгжлийг дэмжих;
5.2.6.хөдөө аж ахуйн хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмж, эдийн засгийн өгөөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах;
5.2.7.хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих;
5.2.8.хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах, залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх;
5.2.9.төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
6 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНГИЛАЛ, ТӨРӨЛ
6.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь дараах ангилалтай байна:
6.1.3.хадлан, тэжээл үйлдвэрлэл;
6.1.4.агро-ойн аж ахуй;
6.1.5.хөдөө аж ахуйн аялал жуулчлал.
6.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл нь үйл ажиллагааны онцлогоос хамаарч доор дурдсан төрөлтэй байна:
6.2.1.бэлчээрийн мал аж ахуй;
6.2.2.эрчимжсэн мал аж ахуй;
6.2.3.бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй хосолсон;
6.2.4.ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн аж ахуй;
6.2.5.захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аж ахуй;
6.3.Тариалангийн үйлдвэрлэл нь Тариалангийн тухай хуулийн 16.2-т заасан төрөлтэй байна.
6.4.Агро-ойн аж ахуй нь доор дурдсан төрөлтэй байна:
6.4.1.тариалан-ой хосолсон;
6.4.2.мал аж ахуй-ой хосолсон;
6.4.3.хөдөө аж ахуй-ой хосолсон;
6.5.Хөдөө аж ахуйн аялал жуулчлал нь энэ хуулийн 6.1.1-6.1.2-т заасан үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн байж болно.
6.6.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийг хослуулан эрхэлж болно.
7 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ
7.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байрлал, экологийн онцлог, хөдөө аж ахуйн зориулалттай газар, ус, хөрсний чадавх, байгалийн болон биологийн бусад нөөц, зах зээлийн эрэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
7.2.Хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бүс нутгийн байршил, хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.
7.3.Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд энэ хуулийн 7.1-д заасан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, арга хэмжээг тусган хэрэгжүүлнэ.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тэргүүлэх чиглэлд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, хамгаалагдсан хөрсний тариалан, газар зүйн заалттай, эсхүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цөм сүрэг, үр үржүүлэг, агро-ойн аж ахуй, хамгаалалттай мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг тусгайлан хамааруулж болно.
7.5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хоршоо, кластерын зохион байгуулалтаар болон хөдөө аж ахуйн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр төрөлжүүлэн хөгжүүлж болно.
7.6.Хөдөө аж ахуйн захиалгат бүтээгдэхүүнийг арилжихтай холбогдсон харилцааг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиар зохицуулна.
7.7.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, экосистемийн ээлтэй орон зайг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах зэрэг арга хэмжээг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага хэрэгжүүлнэ.
7.8.Тариалангийн болон мал, амьтны өвчнөөс эрүүл, тайван бүс, отрын нөөц нутаг, үүлдэр, омгийн цөм сүргийн мал үржүүлэх байршлыг тогтоохтой холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
8 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
8.1.Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний анхдагч үйлдвэрлэлд мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа хамаарна.
8.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын дагуу түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэнэ.
8.3.Бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа нь холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санд баталгаажсан байна.
8.4.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрсөн цэг, эсхүл агуулахад хүлээн авахдаа холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын хүрээнд чанарыг үнэлж, чанараас хамаарсан үнийг талууд харилцан тохиролцож тогтооно.
8.5.Төвлөрсөн цэг, эсхүл агуулахыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн тухайн аймаг, нийслэл, хот, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршилд ажиллуулна.
8.6.Төвлөрсөн цэг, эсхүл агуулах ажиллуулах хүсэлтэй этгээд нь тухайн сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллана.
8.7.Энэ хуулийн 8.6-д заасан гэрээний хэрэгжилтэд тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, байгаль орчны хяналтын улсын байцаагч хамтран хяналт тавина.
8.8.Энэ хуулийн 8.4-т заасан түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагын дагуу чанараар ангилах, шаардлагатай анхан шатны тордолт хийх, багцлах, савлах, шошголох, хадгалах үйл ажиллагааг төвлөрсөн цэг, эсхүл агуулах хариуцан гүйцэтгэнэ.
8.9.Төвлөрсөн цэг, эсхүл агуулах нь энэ хуулийн 10.1-д заасан бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санд бүртгүүлж, хүлээн авсан, худалдсан түүхий эд, бүтээгдэхүүний мэдээллийг оруулах үүрэгтэй.
8.10.Төвлөрсөн цэг, эсхүл агуулахаас түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний дараагийн шатны хүлээн авагчид хүргэх асуудлыг талууд гэрээгээр тохиролцоно.
8.11.Энэ хуулийн 8.10-д заасан хүлээн авагч нь түүхий эд, бүтээгдэхүүнийг стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг ханган эцсийн хэрэглэгчид хүргэх үүрэгтэй.
8.12.Төвлөрсөн цэг, эсхүл агуулахыг байгуулах, өргөтгөх, тогтвортой ажиллахтай холбогдон гарах зардлыг энэ хуулийн 8.6-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд хариуцна.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТ
9.1.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг холбогдох стандартын дагуу үнэлж, баталгаажуулна.
9.2.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрөл тус бүрээр ангилал, зэрэглэлийн стандартын төсөл боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, батлагдсан стандартын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
9.3.Аймаг бүр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжлэн судалдаг зориулалтын тоног төхөөрөмж, мэргэшсэн шинжээч бүхий лабораторитай байна.
9.4.Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний эрүүл ахуй, чанарын шинжилгээг холбогдох хуулиар зохицуулна.
9.5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан өвс хадлан бэлтгэх, жор тэнцвэржүүлсэн тэжээл үйлдвэрлэх, импортлоход тавих шаардлагыг холбогдох стандартаар нарийвчлан тогтооно.
10 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
10.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь блокчейн технологийг өгөгдлийн дүн шинжилгээний програмтай хослуулан нэвтрүүлсэн хөдөө аж ахуйн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан (цаашид “нэгдсэн цахим сан” гэх)-тай байна.
10.2.Нэгдсэн цахим санд хүнсний баталгаат болон аюулгүй байдлын, зөвшөөрлийн, мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийн, малын генетик нөөц, мал, амьтан, ургамлын эрүүл мэндийн, биологийн аюулгүй байдлын, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний, хөдөө аж ахуйн зах зээл, түүхий эд, бүтээгдэхүүний үнийн бүртгэл, мэдээллийн дэд сан ажиллана.
10.3.Нэгдсэн цахим сан нь цахим хөгжлийн төрийн бодлого, хөтөлбөрт нийцсэн байх бөгөөд цаг хугацаа, орон зайнаас үл шалтгаалан хэрэглэгчид төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, хүндрэл чирэгдэлгүй авах бололцоог бүрдүүлсэн байна.
10.4.Нэгдсэн цахим санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, их өгөгдөл боловсруулах, мэдээлэл дамжуулах, хадгалах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
10.5.Нэгдсэн цахим сан нь урт хугацааны мэдээллийн архивтай байна.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨРТГИЙН СҮЛЖЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
11.1.Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээнд оролцогч нь дараах эрх, үүрэгтэй:
11.1.1.үйлдвэрлэлээ өргөтгөх, хөгжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зорилгоор төсөл боловсруулж, зээл, санхүүгийн дэмжлэг авах;
11.1.2.шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, ашиглах, зөвлөн туслах үйлчилгээ авах;
11.1.3.өртгийн сүлжээний өөрт хамаарах үе шатанд зохистой дадал нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах;
11.1.4.холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангах;
11.1.5.үйлдвэрлэсэн, бэлтгэн нийлүүлсэн, боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуй, чанарын баталгааг хариуцах;
11.1.6.үйлдвэрлэсэн, бэлтгэн нийлүүлсэн, боловсруулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг бүртгэл, мэдээллийн холбогдох дэд санд мэдээлэх;
11.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ
12 ДУГААР ЗҮЙЛ.ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨЛӨВЛӨЛТ
12.1.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байна.
12.2.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохицуулна.
12.3.Зорилтот хөтөлбөрт тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилго, зорилт, үйлдвэрлэх түүхий эд, бүтээгдэхүүний жил бүрийн төлөвлөлт, хүрэх түвшин, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа, арга хэмжээ, санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийг тодорхойлсон байна.
12.4.Аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг нь өөрийн онцлогт нийцүүлэн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
12.5.Энэ хуулийн 12.4-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний дагуу тайлагнана.
12.6.Энэ хуулийн 12.2-т заасан зорилтот хөтөлбөр, 12.5-д заасан гэрээний хэрэгжилтийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж жил бүр үнэлж, тайлагнана.
13 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗАР
13.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх баталгааг хангах зорилгоор төрөөс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газрыг ашиглах, эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
13.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эзэмших газрын байршил, хэмжээ, отор нүүдэл хийх, доройтсон бэлчээрийг сайжруулах арга хэмжээ, өвөлжөө, хаваржааны бэлчээрийн болон мал услах уст цэг, худгийн хоорондох зай, байршлыг усны нөөц, уст цэгийн хайгуул, судалгааны дүнд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.
13.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны нөөц, уст цэгийн хайгуул, судалгаа хийх, хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг Усны тухай хуулиар зохицуулна.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь бэлчээр ашиглалтын төлөвлөгөө байна.
13.5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалттай газар, уст цэг ашиглалтын төлөв байдал, хөрсний үржил шим, чанарыг хянан баталгаагаар холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага тогтоож, үнэлнэ.
13.6.Хөдөө аж ахуйн газрын ангиллыг өөрчлөх, ангилал шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 23.2.9-д заасныг баримтлах ба улсын хөгжлийн бодлогын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хөдөө аж ахуйн газрыг нэгдмэл сангийн өөр ангилалд шилжүүлэхгүй.
13.7.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь газрыг зориулалтын дагуу зохистой эзэмшиж, ашиглана.
13.8.Энэ хуулийн 13.6-д заасан газрын хөрсний бүтэц, үржил шимийг өмнөх хянан баталгааны дүнгээс дордуулахгүй байх, хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх, сайжруулах үүргийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч хариуцна.
13.9.Гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед Газрын тухай хуулийн 52.9-д заасны дагуу тогтоосон отрын нөөц нутгийг ашиглах ба нийт бэлчээрийг ашиглахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦ
14.1.Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээг мэргэжил, мэргэшлийн түвшнээр урт, дунд хугацаанд тодорхойлж, хэрэгцээг хангах арга хэмжээг энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрт тусгана.
14.2.Тухайн аймаг, нийслэл, хотын хэмжээнд хөдөө аж ахуйн өртгийн сүлжээн дэх хүний нөөцийн хангамж, эрэлт, нийлүүлэлтийн судалгаа гаргаж, дутагдаж буй ажлын байранд захиалгаар хүний нөөцийг бэлтгэх арга хэмжээг энэ хуулийн 12.4-т заасан төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг зохион байгуулна.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасны дагуу захиалгаар бэлтгэх хүний нөөцийн сургалтын зардлыг орон нутгийн төсвөөс хариуцаж, төгсөлтийн дараах ажлын байранд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
14.4.Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээнд ажиллаж буй мэргэжилтнийг 3 жил тутамд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварын түвшнээр үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг тухайн чиглэлийн мэргэжлийн холбоо холбогдох сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан хөдөө аж ахуйн салбарын ажилтан, мэргэжилтний мэргэжлийн ур чадварын түвшинг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг тухайн салбарын хуулиар зохицуулна.
14.6.Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, ажлын байранд зуучлах асуудлыг мэргэжлийн сургалтын байгууллага, сургалт, үйлдвэрлэлийн төв, эсхүл сургалт явуулах эрх бүхий мэргэжлийн холбоо хариуцан гүйцэтгэнэ.
14.7.Малчныг сургах, мэдлэг, туршлага солилцох, тэдгээрийн залгамж халааг бэлтгэхтэй холбогдсон харилцааг Малчны тухай хуулиар зохицуулна.
14.8.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд шаардагдах эрэлттэй мэргэжлээр их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд шинээр анги нээх, гадаад оронд сургах, тэтгэлэгт тэргүүн ээлжинд хамруулах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар, эсхүл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.
14.9.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, мэргэшүүлэн сургах чиг үүргийг хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтын байгууллага, салбарын судалгаа, хөгжлийн болон болон бусад сургалтын төв, мэргэжлийн холбоо, насан туршийн суралцахуйн төв тус тус хэрэгжүүлнэ.
14.10.энэ хуулийн 14.9-д заасан байгууллага нь хөдөө аж ахуйн сургалт хариуцсан менежертэй байна.
14.11.Хөдөө аж ахуйн албан бус боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хөдөө аж ахуйн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
14.12.Энэ хуулийн 14.9-д заасан албан бус сургалтын үр дүнг чадамжийн гэрчилгээгээр баталгаажуулж болно.
14.13.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургалтын хөтөлбөрийн чанарт мэргэжлийн хараат бус үнэлгээг хийлгэж болно.
14.14.Олон улсын гэрээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь зохион байгуулсан сургалт, түүнд хамрагдагсдын талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд тухай бүр оруулна.
15 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН СУДАЛГАА БА ХӨГЖҮҮЛЭЛТ
15.1.Хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлтийн тогтолцоо нь дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, зах зээлд гаргах, энэ хуулийн 12.1-д заасан зорилтот хөтөлбөрт тусгасан судалгаа, хөгжүүлэлтийг гүйцэтгэхэд чиглэгдэнэ.
15.2.Салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
15.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дэргэдээ салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын орон тооны бус салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/-тэй байна.
15.4.Салбар зөвлөл нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15.5.Энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн өгөөж, нөлөөллийн талаарх тайланг салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага жил бүр хариуцан гаргаж, Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
15.6.Салбар зөвлөл энэ хуулийн 15.5-д заасан тайланг хэлэлцэн дүгнэлт, зөвлөмжийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
15.7.Салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 15.5-д зааснаас гадна хөдөө аж ахуйн салбарын технологи, инновацийн судалгааны үр дүнг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15.8.Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээнд оролцогчид шинэ мэдлэг, инновац, технологи эзэмшүүлэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах үйлчилгээг салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага болон салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, дангаар болон түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
15.9.Салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хийгдсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг төсөл хэрэгжүүлэгч Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт, зөвлөмж гаргуулж, тайланг салбарын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлнэ.
15.10.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх хүрээнд гадаадын зээл, тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслийн саналыг Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, дүгнэлт гаргуулж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж байна.
16 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРСДЭЛ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
16.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ.
16.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг доор дурдсан ангиллын дагуу үнэлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
16.3.Энэ хуулийн 16.2.1-д заасан нөлөөллийн эрсдэлд бэлчээрийн болон тариалангийн газрын доройтол, усны хомсдол, генетик нөөцийн төлөв, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалт, хог хаягдлын менежмент хамаарна.
16.4.Энэ хуулийн 16.2.2-т заасан нөлөөллийн эрсдэлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, бүтээмж, өрсөлдөх чадвар, эдийн засгийн өгөөж, түүхий эд, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, санхүүжилтийн хүртээмж, төрийн дэмжлэгийн үр дүн хамаарна.
16.5.Энэ хуулийн 16.2.3-т заасан нөлөөллийн эрсдэлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн тогтвортой ажлын байр, ажиллах орчны аюулгүй байдал, нийгмийн баталгааны өөрчлөлтөд дасан зохицох чадамж хамаарна.
16.6.Аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг нь энэ хуулийн 16.2-т заасан эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.
16.7.Энэ хуулийн 16.6-д заасан төлөвлөгөөг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, Засаг дарга хэрэгжилтийг зохион байгуулна.
16.8.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийн түвшинг тухайн эрсдэлийн магадлал, үр дагаврын харилцан хамаарлыг үндэслэн их, дунд, бага гэж ангилна.
16.9.Эрсдэлийн түвшинг тогтоох, үнэлэх ажлыг тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллага, эсхүл шинжээчийн баг энэ хуулийн 16.10-д заасан аргачлалын дагуу жил бүр хийнэ.
16.10.Тогтвортой хөдөө аж ахуйн эрсдэлийн түвшинг тогтоох, үнэлэх аргачлалыг хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
16.11.Энэ хуулийн 16.9-д заасан эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
16.12.Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргаж, холбогдох этгээд хэрэгжилтийг хангана.
16.13.Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр, хашаа, худаг, бусад байгууламжийг ашиглах, хамгаалах, төлөвлөх үйл ажиллагааг аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын асуудал хариуцсан төрийн байгууллага холбогдох шатны Засаг даргатай хамтран зохион байгуулна.
16.14.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгийн бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулна.
16.15.Энэ хуулийн 16.8-д заасан эрсдэлийн түвшингийн ангиллын хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, тухайн шатны Засаг дарга хэрэгжилтийг зохион байгуулна.
17 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДААТГАЛ
17.1.Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, эрсдэл, түүний нөлөөллийг бууруулах зорилгоор хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог хөгжүүлнэ.
17.2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн даатгал олон төрлийн багцтай байж болно.
17.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нь үйл ажиллагааны төрөлжилт, онцлогоос хамаарч даатгалын нэр төрөл, багцыг сонгон хэрэглэнэ.
17.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн даатгалтай холбогдох харилцааг хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ
18 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ
18.1.Энэ хуулийн 5.2-т заасан бодлогын зарчим, зорилгыг үндэслэн хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний оролцогчид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
18.2.Төрөөс үзүүлэх дэмжлэг нь дараах хэлбэртэй байна:
18.2.1. шууд болон шууд бус татаас;
18.2.2.тарифын болон тарифын бус зохицуулалт;
18.2.3. хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлт;
18.3.Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөөс дэмжлэг үзүүлэх өртгийн сүлжээний оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:
18.3.1.зохистой дадал нэвтрүүлсэн, баталгаажуулсан;
18.3.2.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан, баталгаажуулсан;
18.3.3.чанараас хамаарсан үнийн тогтолцоог нэвтрүүлсэн.
18.4.Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор доор дурдсан үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тэргүүн ээлжинд дэмжлэг үзүүлнэ:
18.4.1.таримал ургамлын үр үржүүлэг, үрийн шинэчлэл, дэвшилтэт шинэ сорт бүтээх;
18.4.2.үржлийн цөм сүргийн мал үржүүлэх, шинэ үүлдэр, омог бүтээх, удмын сан, ашиг шимийг сайжруулах;
18.4.3.импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
18.5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цар хүрээг тэлэх зорилгоор энэ хуулийн 18.3-д заасан шаардлагыг хангасан дараах чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид дэмжлэг үзүүлнэ:
18.5.1.хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний төвлөрсөн цэг, эсхүл агуулахын үйл ажиллагаа;
18.5.2.органик, эсхүл газар зүйн заалттай, эсхүл брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
18.5.3.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
18.5.4.ногоон үйлдвэрлэл;
18.5.5.биотехнологийн үйлдвэрлэл;
18.5.6.агро-ойн аж ахуй;
18.5.7.хөдөө аж ахуйн аялал жуулчлал;
18.6.Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах зорилгоор энэ хуулийн 18.3-д заасан шаардлагыг хангасан доор дурдсан үйлдвэрлэл, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болно:
18.6.1.үйлдвэрлэлийн цар хүрээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах;
18.6.2.шинэ мэдлэг, технологи бүтээх, нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судалгаа ба хөгжүүлэлт хийх;
18.6.3.гарааны бизнес болон орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх, хувийн хэвшлийн болон хоршоодын үйл ажиллагааг эрчимжүүлэх;
18.6.4.тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, тариалан хослон эрхлэх;
18.6.5.сургалт, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
18.6.6.хүлэмжийн хийг бууруулах, шингээх санаачилга нэвтрүүлэх;
18.6.7.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох;
18.6.8.бэлчээрийн газрыг доройтлыг бууруулах, доройтлоос сэргийлэх;
18.6.9.сум дундын хэрэгцээг хангах өвс, тэжээлийн нөөцийн агуулах, тэжээлийн үйлдвэр барьж байгуулах, ажиллуулах.
18.7.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн нийт хэмжээ, бүтээмж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөлөл, өгөөжийг жил бүр тооцож, үр дүнд суурилсан төсөв, бодлогын арга хэмжээг төлөвлөх, дэмжлэгийг оновчтой тогтоох, хуваарилахад ашиглана.
18.8.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг тухайн салбарын хууль тогтоомжоор зохицуулна.
18.9.Салбар хоорондын уялдааг хангах зорилгоор төрөөс тухайлсан бүс нутагт бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.
18.10.Үндэсний баялгийн сангаас хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, бүтээмж, экспортыг нэмэгдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлж, энэ хуулийн 18.3-18.6-д заасан дэмжлэгийг үзүүлж болно.
18.11.Гадаад орон, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төслийн зорилго, зорилт, хамрах хүрээг энэ хуулийн 18.3-18.6-д дэмжлэг үзүүлэхээр заасан үйлдвэрлэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
19.1.Хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
19.2.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд мал, таримал ургамлын генетик нөөц, ургамлын болон мал, амьтны эрүүл мэнд, генийн сан, малын эм үйлдвэрлэл, лаборатори, аймаг дундын отрын бэлчээр, шинжлэх ухаан, инновац, судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ хариуцсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус тус ажиллана.
19.3.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон өртгийн сүлжээний бодлого, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэдээлэх, тайлагнах асуудлыг тухайн шатны нутгийн захиргааны байгууллага хариуцна.
19.4.Энэ хуулийн 19.2, 19.3-т заасан байгууллага нь энэ хуульд болон тухайн салбарын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
20 ДУГААР ЗҮЙЛ.ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ
20.1.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ургамлын ариун цэвэр, хорио цээрийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж, худалдааны түнш орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санаачлан зохион байгуулна.
20.2.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын зах зээлийг судалж, экспортын голлох бүтээгдэхүүн тус бүрээр бодлого, стратеги төлөвлөгөөг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага боловсруулж, Засгийн газар батална.
20.3.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, холбогдох байгууллага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
20.3.1.хоёр улсын болон олон талт гадаад хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засгийн болон худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулах, тарифын болон тарифын бус хязгаарлалтыг зохицуулахад оролцох;
20.3.2.гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан мал эмнэлэг, ургамлын ариун цэвэр, хорио цээрийн гэрээ, хэлэлцээрийн бүртгэл, мэдээллийн дэд сан үүсгэж, олон нийтэд нээлттэй хүргэх боломжоор хангах.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ
БУСАД ЗҮЙЛ
21 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
21.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
22.1.Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
10. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх