11.1. Актив удирдлагын компани банкны чанаргүй зээлийг энэ хуулийн дагуу шилжүүлэн авч болно.
11.2. Актив удирдлагын компанийн банкнаас шилжүүлэн авах чанаргүй зээлд дараах шаардлага тавигдана:
11.2.1. банкнаас шилжүүлэн авах чанаргүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа, батлан даалт, баталгаа, фидуцийн зүйлээр хангуулах боломжтой байх;
11.2.2. чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг зах зээлд худалдан борлуулах боломжтой байх;
11.2.3. шилжүүлэх чанаргүй зээлийн талаар банкнаас гаргаж өгсөн мэдээлэл, баримт бичиг нь бүрэн гүйцэд, үнэн зөв байх;
11.2.4. шилжүүлэх чанаргүй зээлтэй холбоотой эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн баримт бичиг үнэн зөв, бүрэн байх;
11.2.5. барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлд үнэлгээ хийгдсэн байх;
11.2.6. зээлийн хувийн хэргийн бүрдэл, эцсийн өмчлөгчийн мэдээлэл бүрэн, үнэн зөв байх;
11.2.7. Энэ хуулийн дагуу Монголбанк шаардлагатай гэж үзсэн бусад.
11.3. Актив удирдлагын компани банкнаас чанаргүй зээлийг аливаа дарамт шахалтгүйгээр бие даан хийсэн хэлцэлд үндэслэн хямдруулсан дүнгээр шилжүүлэн авна.
11.4. Энэ хуулийн 11.3-т заасан дүнг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөлийн сонгосон үнэлгээчин дараах асуудлыг харгалзан үзнэ:
11.4.1. тухайн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг шилжүүлэгч банкнаас үнэлсэн үнэлгээ, үнэлгээ гаргасан аргачлал;
11.4.2. шилжүүлэх зээлийн үнэлгээ гаргахад ашиглах боломжтой Актив удирдлагын компанийн бусад мэдээ, тайлан, үнэлгээ, дүгнэлт;
11.4.3. зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадвар, тухайн чанаргүй зээлд холбогдох үүргийн гүйцэтгэлийн түүх;
11.4.4. тухайн чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлтэй ижил төстэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Актив удирдлагын компанийн томилсон үнэлгээчнээс үнэлж тогтоосон дүн.
11.5. Актив удирдлагын компани нь банкнаас чанаргүй зээлийг шилжүүлэхэд, эсхүл тус компани чанаргүй зээлийг бусад этгээдэд шилжүүлэхэд зээлдэгч болон барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийн өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авахгүй.
11.6. Актив удирдлагын компани чанаргүй зээлийн үнийг хямдруулах бодлого, журам тогтоон мөрдөж болно.
11.7. Актив удирдлагын компани нь шилжүүлэн авсан чанаргүй зээл, түүний барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг худалдан борлуулах боломжийг сайжруулах, тэдгээрийн үнэлгээг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор чанаргүй зээл, түүний барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийн хөрш залгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, дагалдах зүйлийг худалдан авч болно.
11.8. Актив удирдлагын компанийн банкнаас шилжүүлэн авсан зээл нь буцаан үл дуудагдах нөхцөлтэй байна.
11.9. Энэ хуулийн 11.7-д заасан арга хэмжээ авах үйл ажиллагаа явуулах үндэслэл, журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.
11.10. Монголбанк энэ хуулийн 11.2-т заасныг үндэслэн Актив удирдлагын компанид шилжүүлэх чанаргүй зээл, шилжүүлэх банкыг тодорхойлохтой холбоотой журмыг батална.
11.11. Актив удирдлагын компани нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр банкны чанаргүй зээлийг шилжүүлэн авахыг хориглоно.