Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 7-р сарын 02 өдөр
Ulaanbaatar city
АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компани /цаашид “Актив удирдлагын компани” гэх/-ийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, хяналтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн хууль тогтоомж
2.1. Актив удирдлагын компанийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Төв банк /Монголбанк/-ны тухай хууль , Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль , Компанийн тухай хууль , Банкны тухай хууль , Өрийн удирдлагын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Актив удирдлагын компанийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “банк” гэж Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийг;
4.1.2. “тохиромжтой этгээд” гэж итгэл даах, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэр гаргах чадвар бүхий этгээдийг;
4.1.3. “чанаргүй зээл” гэж Монголбанк, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан журмаар тодорхойлсныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИ
5 дугаар зүйл. Актив удирдлагын компани
5.1. Актив удирдлагын компани нь банкны тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ хуульд тодорхойлсон чанаргүй зээлийг банкнаас шилжүүлэн авах, энэ хуулийн 10.1-т заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
5.2. Актив удирдлагын компанийг үүсгэн байгуулах хурлыг Монголбанк зарлан хуралдуулна.
5.3. Үүсгэн байгуулагчдын хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
5.3.1. Актив удирдлагын компани байгуулах тухай;
5.3.2. Актив удирдлагын компанийн дүрэм;
5.3.3. Зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;
5.3.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллыг хэмжээг тогтоох;
5.3.5. Актив удирдлагын компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулах хугацаа.
5.4. Энэ хуулийн 5.3.2-т заасан дүрмийг батлахад энэ хуулийн 7.1-т заасан зөвшөөрлийг авсан байна.
5.5. Бүх үүсгэн байгуулагч оролцсоноор Актив удирдлагын компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болох бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхын саналаар шийдвэр гаргана.
5.6. Актив удирдлагын компани үүсгэн байгуулах хурлын даргыг үүсгэн байгуулагчдаас сонгоно.
5.7. Актив удирдлагын компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр хувьцаа эзэмшигчдийн хурал гаргана.
5.8. Актив удирдлагын компанийг өөрчлөн байгуулах, Дампуурлын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр татан буулгах, тус компани татан буугдах үед актив удирдлагын компанийн хөрөнгийг шийдвэрлэхтэй холбогдох харилцааг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна.
5.9. Энэ хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан Актив удирдлагын компани нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна.
5.10. Актив удирдлагын компанийн төв Монгол Улсын нийслэлд байрлана.
5.11. Актив удирдлагын компани тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6 дугаар зүйл. Актив удирдлагын компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх
6.1. Энэ хуулийн 5.3-т заасан шийдвэрийн биелэлт хангагдсанаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.
6.2. Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
7 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн дүрэм
7.1. Актив удирдлагын компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгыг батлах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр хувьцаа эзэмшигчдийн хурал гаргана.
7.2. Актив удирдлагын компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:
7.2.1. компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
7.2.2. компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
7.2.3. компанийн бүтэц, зохион байгуулалтын хэлбэр;
7.2.4. хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
7.2.5. компанийн үйл ажиллагааны чиглэл;
7.2.6. төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах зарчим;
8 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн үйл ажиллагааны зарчим
8.1. Актив удирдлагын компани үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
8.1.1. үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй, шуурхай явуулах;
8.1.2. хараат бус байх;
8.1.3. ашигтай ажиллах;
8.1.5. хариуцлагатай байх.
9 дүгээр зүйл. Актив удирдлагын компанийн хараат бус, бие даасан байдал
9.1. Актив удирдлагын компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан энэ хуульд заасан эрх, албан үүргээ хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус, бие даасан байна.
9.2. Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, Актив удирдлагын компанийн нэр хүндийг эрхэмлэн, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.
9.3. Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөлд автахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИЙН ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
10 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн эрхлэх үйл ажиллагаа
10.1. Актив удирдлагын компани дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
10.1.1. энэ хуульд заасны дагуу чанаргүй зээлийг банкнаас шилжүүлэн авах;
10.1.2. хөрөнгө, зээл, зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэх, шаардлагатай тохиолдолд барьцаа, батлан даалт, баталгаа, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэргээр банкнаас шилжүүлэн авсан чанаргүй зээлийг өмчлөх, эзэмших, удирдах, захиран зарцуулах;
10.1.3. банкнаас шилжүүлэн авсан чанаргүй зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамгаалах талаар дараах арга хэмжээг авах:
10.1.3.1. зээл болон зээлийн багцыг боломжит өндөр үнээр худалдан борлуулах, захиран зарцуулах;
10.1.3.2. Чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, баталгаа, фидуцийн зүйлийг шалгах, хамгаалах;
10.1.3.3. зээлийн багцыг үнэт цаас гаргах болон бусад аргаар санхүүжүүлэх;
10.1.3.4. энэ хуулийн 40.5-д заасан журмаар тогтоосон бусад.
10.1.4. Банкны хүсэлтээр чанаргүй зээлийг шийдвэрлэх үйл ажиллагаа.
10.2. Актив удирдлагын компани хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ банкнаас шилжүүлэн авсан чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, баталгаа, фидуцийн зүйлтэй холбогдолтой зах зээлд хэт төвлөрөл, үнэ, ханшийн огцом өөрчлөлт үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж ажиллана.
10.3. Актив удирдлагын компани энэ хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ чанаргүй зээлд холбогдох тайлан, баримт мэдээллийг холбогдох банк, иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах эрхтэй.
11 дүгээр зүйл. Банкны чанаргүй зээлийг шилжүүлэн авах
11.1. Актив удирдлагын компани банкны чанаргүй зээлийг энэ хуулийн дагуу шилжүүлэн авч болно.
11.2. Актив удирдлагын компанийн банкнаас шилжүүлэн авах чанаргүй зээлд дараах шаардлага тавигдана:
11.2.1. банкнаас шилжүүлэн авах чанаргүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа, батлан даалт, баталгаа, фидуцийн зүйлээр хангуулах боломжтой байх;
11.2.2. чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг зах зээлд худалдан борлуулах боломжтой байх;
11.2.3. шилжүүлэх чанаргүй зээлийн талаар банкнаас гаргаж өгсөн мэдээлэл, баримт бичиг нь бүрэн гүйцэд, үнэн зөв байх;
11.2.4. шилжүүлэх чанаргүй зээлтэй холбоотой эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн баримт бичиг үнэн зөв, бүрэн байх;
11.2.5. барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлд үнэлгээ хийгдсэн байх;
11.2.6. зээлийн хувийн хэргийн бүрдэл, эцсийн өмчлөгчийн мэдээлэл бүрэн, үнэн зөв байх;
11.2.7. Энэ хуулийн дагуу Монголбанк шаардлагатай гэж үзсэн бусад.
11.3. Актив удирдлагын компани банкнаас чанаргүй зээлийг аливаа дарамт шахалтгүйгээр бие даан хийсэн хэлцэлд үндэслэн хямдруулсан дүнгээр шилжүүлэн авна.
11.4. Энэ хуулийн 11.3-т заасан дүнг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөлийн сонгосон үнэлгээчин дараах асуудлыг харгалзан үзнэ:
11.4.1. тухайн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг шилжүүлэгч банкнаас үнэлсэн үнэлгээ, үнэлгээ гаргасан аргачлал;
11.4.2. шилжүүлэх зээлийн үнэлгээ гаргахад ашиглах боломжтой Актив удирдлагын компанийн бусад мэдээ, тайлан, үнэлгээ, дүгнэлт;
11.4.3. зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадвар, тухайн чанаргүй зээлд холбогдох үүргийн гүйцэтгэлийн түүх;
11.4.4. тухайн чанаргүй зээлийн барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлтэй ижил төстэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Актив удирдлагын компанийн томилсон үнэлгээчнээс үнэлж тогтоосон дүн.
11.5. Актив удирдлагын компани нь банкнаас чанаргүй зээлийг шилжүүлэхэд, эсхүл тус компани чанаргүй зээлийг бусад этгээдэд шилжүүлэхэд зээлдэгч болон барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийн өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авахгүй.
11.6. Актив удирдлагын компани чанаргүй зээлийн үнийг хямдруулах бодлого, журам тогтоон мөрдөж болно.
11.7. Актив удирдлагын компани нь шилжүүлэн авсан чанаргүй зээл, түүний барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийг худалдан борлуулах боломжийг сайжруулах, тэдгээрийн үнэлгээг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор чанаргүй зээл, түүний барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлийн хөрш залгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, дагалдах зүйлийг худалдан авч болно.
11.8. Актив удирдлагын компанийн банкнаас шилжүүлэн авсан зээл нь буцаан үл дуудагдах нөхцөлтэй байна.
11.9. Энэ хуулийн 11.7-д заасан арга хэмжээ авах үйл ажиллагаа явуулах үндэслэл, журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.
11.10. Монголбанк энэ хуулийн 11.2-т заасныг үндэслэн Актив удирдлагын компанид шилжүүлэх чанаргүй зээл, шилжүүлэх банкыг тодорхойлохтой холбоотой журмыг батална.
11.11. Актив удирдлагын компани нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр банкны чанаргүй зээлийг шилжүүлэн авахыг хориглоно.
12 дугаар зүйл. Банкны хүсэлтээр чанаргүй зээлийг шийдвэрлэх үйл ажиллагаа
12.1. Актив удирдлагын компани нь чанаргүй зээлийн төлбөрийг төлүүлэхтэй холбоотой банкны шийдвэр гаргах эрхийг түүний хүсэлтээр шилжүүлэн авч болно.
12.2. Актив удирдлагын компани нь чанаргүй зээлийг төлүүлэхтэй холбоотой арга хэмжээг энэ хуулийн 12.1-д заасны дагуу банкны шилжүүлсэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.
12.3. Банкны хүсэлтээр чанаргүй зээлийн шийдвэрлэх ажиллагааны журмыг Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.
13 дугаар зүйл. Гэрээний үндсэн дээр хамтран ажиллах
13.1. Актив удирдлагын компани нь гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн, хувь хүнтэй хамтран ажиллаж болно.
13.2. Гэрээгээр хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн, хувь хүн нь гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлэх нөхцөл, шаардлагыг хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй байна.
13.3. Гэрээгээр хамтран ажиллах этгээдэд тавигдах шаардлагыг холбогдох хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гэрээгээр тогтооно.
14 дүгээр зүйл. Актив удирдлагын компани, түүний ажилтан, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа
14.1. Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, албан тушаалтан нь албан үүргийнхээ дагуу олж авсан аливаа мэдээллийг бусдад задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
14.2. Актив удирдлагын компани нь дараах тохиолдолд хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг гуравдагч этгээдэд гарган өгч болно:
14.2.1. тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
14.2.2. шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авилгатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар тэдгээрийн удирдлагын хүсэлтийг прокурор зөвшөөрсөн;
14.2.3. энэ хуульд заасны дагуу Актив удирдлагын компанид хийх хөндлөнгийн аудиттай холбогдуулан аудитын байгууллагаас хүсэлт гаргасан;
14.2.4. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас өөрийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд шаардсан болон Санхүүгийн зохицуулах хорооны байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан;
14.2.5. Татварын байгууллага татварын хяналт, шалгалт хийх зорилгоор, эсхүл Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудтай татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох зорилгоор мэдээлэл авах хүсэлт гаргасан.
14.3. Актив удирдлагын компани нь Засгийн газрын баталгаа гаргасан эх үүсвэрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө аливаа хэлбэрээр ногдол ашиг, урамшуулал хуваарилахыг хориглоно.
14.4. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан тус компанийн эзэмшиж, өмчилж байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдан авах, шилжүүлэн авах зэрэг аливаа хэлбэрээр өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авахыг хориглоно.
14.5. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь хуулиар хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг хавсран эрхэлж болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйл. Актив удирдлагын удирдлага
15.1. Актив удирдлагын компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.
15.2. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгож, чөлөөлнө.
16 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал
16.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
17.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх ба гурван гишүүн нь хараат бус гишүүн байна.
17.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг Монголбанк, Олон улсын санхүүгийн байгууллагаас тус тус нэр дэвшүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурал сонгоно.
17.3. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.
17.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараах шалгуурыг хангасан байна:
17.4.1. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өрийн үлдэгдэлгүй байх;
17.4.2. эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй;
17.4.3. банк, санхүү, эрх зүй, эдийн засгийн чиглэлээр тав буюу түүнээс дээш жил, удирдах албан тушаалтнаар хоёр буюу түүнээс дээш жил ажилласан байх;
17.4.4. гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
17.4.5. тохиромжтой этгээд байх.
17.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гурваас доошгүй гишүүн доор дурдсан салбарт наймаас доошгүй жил ажилласан байна:
17.5.1. банк, санхүү, эдийн засаг, эрх зүй;
17.5.2. нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлагнал;
17.5.3. хөрөнгийн үнэлгээ, удирдлага, худалдаа.
17.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг таван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно. Актив удирдлагын компанийн бодлогын залгамж халааг хадгалах зорилгоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг дахин сонгохдоо хараат бус гурван гишүүнийг гурван жилийн хугацаагаар, бусад гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар тус тус сонгоно.
17.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно.
18 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
18.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль, Актив удирдлагын компанийн дүрэм, журмын хүрээнд Актив удирдлагын компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд Компанийн тухай хуулийн 76.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. Энэ хуулийн 40.5-т зааснаас бусад Актив удирдлагын компанийн журам, заавар батлах;
18.1.2. Актив удирдлагын компанийн стратегийг тодорхойлох, жилийн төсөв, төлөвлөгөөг батлах;
18.1.3. Актив удирдлагын компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл холбогдох арга хэмжээг авах;
18.1.4. Актив удирдлагын компанийн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан журам баталж, тус асуудлаарх гүйцэтгэх удирдлагын холбогдох эрх хэмжээг тогтоох;
18.1.5. дотоод аудитын нэгжийн удирдлагыг томилох, чөлөөлөх;
18.1.6. төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд аудитын хороо, эрсдэлийн удирдлагын хороо болон бусад хороог байгуулж, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлох;
18.1.7. Актив удирдлагын компанийн хөрөнгө оруулалтын бодлогыг батлах;
18.1.8. баталгаа гаргах дээд хэмжээг тогтоох;
18.1.9. барьцаа, батлан даалт, фидуцийн зүйлд үнэлгээ хийх үнэлгээчин, хөндлөнгийн аудитыг сонгох, томилох;
18.1.10. Актив удирдлагын компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүү, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах;
18.1.11. Энэ хууль болон Актив удирдлагын компанийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.
18.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлан ажиллана:
18.2.1. Актив удирдлагын компанийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, албан үүргээ үнэнч, шударгаар биелүүлэх;
18.2.2. мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллах;
18.2.3. хараат бус байж, бусдын нөлөөнд үл автан, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх.
19 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг түр чөлөөлөх
19.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын ээлжит бус хурлын шийдвэрээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно:
19.1.1. энэ хуулийн 17.4-д заасан шаардлагын аль нэгийг хангахгүй болсон;
19.1.2. биеийн эрүүл мэндийн болон хүндэтгэх үзэх шалтгаанаар албан үүргээ зургаан сараас дээш хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон;
19.1.3. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сүүлийн гурван удаагийн хуралд дараалан оролцоогүй;
19.1.4. үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, Актив удирдлагын компанийн эрх ашигт харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн.
19.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн албан тушаалаасаа түр чөлөөлөгдөх хүсэлтийг төлөөлөн удирдах зөвлөлд гаргаж болох бөгөөд уг хүсэлтэд түр чөлөөлөгдөх хугацааг тодорхой тусгана. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг албан тушаалаас түр чөлөөлнө.
20 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох, орлон ажиллах
20.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх энэ хуулийн 19.1-д заасны дагуу дуусгавар болсон бол тухайн гишүүнийг нэр дэвшүүлсэн этгээд түүний оронд ажиллах гишүүнийг нөхөн нэр дэвшүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгоно.
20.2. Нөхөн сонгогдож байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хуулийн 17.4-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд чөлөөлөгдсөн гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар ажиллана.
20.3. Энэ хуулийн 19.1-д заасны дагуу түр чөлөөлөгдсөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлон ажиллах энэ хуулийн 17.4-т заасан шаардлагыг хангасан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөл түр хугацаагаар томилно.
20.4. Энэ хуулийн 20.3-т заасан түр хугацаагаар ажиллах этгээдийн ажиллах хугацааг нэр дэвшүүлсэн этгээд тогтооно.
21 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал
21.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд түүний үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн даргын томилсон этгээд удирдана.
21.2. Актив удирдлагын компанийн дүрэмд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь улиралд нэг буюу түүнээс дээш удаа хуралдах бөгөөд үүнээс хоёр хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд биечлэн оролцохоор зохион байгуулна. Мэдээллийн технологийн техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан хуралд оролцож саналаа өгч болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд жилд хоёр буюу түүнээс дээш удаа хуралд биечлэн оролцоно.
21.3. Актив удирдлагын компанийн гүйцэтгэх удирдлагын санал болгосны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хэлэлцэх асуудлыг баталж, тус зөвлөлийн бүх гишүүдэд мэдэгдэж, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна.
21.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүнээс бичгээр санал гаргасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
21.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахаас 10 хоногийн өмнө хурлын тов, хурлаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн бүх гишүүдэд хүргүүлж мэдээлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнээс богино хугацаанд мэдэгдэж болно.
21.6. Төлөөлөн удирдах зөвлөлийг бүх гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
21.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Санал хураалтын дүн тэнцсэн нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
21.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хуралд оролцогчдын саналын баримт бичгийн баталгаажуулсан хувийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хувьцаа эзэмшигчдэд хүргүүлнэ.
22 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо
22.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын хороо ба эрсдэлийн удирдлагын хороог байгуулна.
22.2. Төлөөлөн удирдах зөвлөл Актив удирдлагын компанийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд байнга болон түр хугацаанд үйл ажиллагаа эрхлэх бусад хороог байгуулж болно.
22.3. Энэ хуулийн 22.2-т заасан хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнээс бүрдэх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмж, дүрэмд нийцүүлж үйл ажиллагаа явуулна.
22.4. Аудитын хороо нь Компанийн тухай хуулийн 81.4-т заасан болон Актив удирдлагын компанийн дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын асуудал болон эдгээртэй холбоотойгоор төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхойлсон бусад ажил үүргийг гүйцэтгэж, төлөөлөн удирдах зөвлөлд дүгнэлт гаргана.
22.5. Эрсдэлийн удирдлагын хороо нь Актив удирдлагын компанийн эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих, цаашид хөгжүүлэх, сайжруулах чиглэлээр зөвлөмж, эсхүл дүгнэлт гаргана.
23 дугаар зүйл. Дотоод аудитын үйл ажиллагаа
23.1. Төлөөлөн удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжийг байгуулна:
23.1.1. Актив удирдлагын компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, үнэлгээ өгөх;
23.1.2. Актив удирдлагын компани, түүний албан тушаалтан хууль тогтоомж, тус компанийн дүрэм, журам, захиргааны актыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах;
23.1.3. Актив удирдлагын компанийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааг сайжруулах талаар санал, зөвлөмж өгөх;
23.1.4. энэ хуулийн 23.1.3-т заасан асуудлаар төлөөлөн удирдах зөвлөл, аудитын хороо болон гүйцэтгэх удирдлагатай уулзалт хийх;
23.1.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан журмын дагуу тус зөвлөл, гүйцэтгэх удирдлагад Актив удирдлагын компанийн дотоод аудитын үйл ажиллагааны талаар дүгнэлт бэлтгэж хүргүүлэх;
23.1.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан журамд заасан бусад чиг үүрэг.
24 дүгээр зүйл. Актив удирдлагын компанийн гүйцэтгэх удирдлага
24.1. Актив удирдлагын компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
24.2. Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
24.2.1. тохиромжтой этгээд байх;
24.2.2. эдийн засаг, санхүү эсхүл хууль зүйн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;
24.2.3. энэ хуулийн 17.5-д заасан салбарт таваас дээш жил удирдах албан тушаалд ажилласан байх.
24.3. Гүйцэтгэх удирдлагыг таван жилийн хугацаанд орон тооны ажилтнаар ажиллах, улиран сонгогдох боломжтой нөхцөлөөр төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгоно.
24.4. Гүйцэтгэх удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэх зарчим, ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэх тухай Актив удирдлагын компанийн дүрэм, журамд заах бөгөөд гүйцэтгэх удирдлага төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрч баталсан дотоод бодлого, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
24.5. Гүйцэтгэх удирдлага Актив удирдлагын компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг хариуцах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.5.1. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, Актив удирдлагын компанийг төлөөлөх, удирдах;
24.5.2. Актив удирдлагын компанийн үйл ажиллагааг сайжруулах, энэ хууль болон бусад холбогдох журам, шаардлагын хэрэгжилтийг хангах талаар төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах;
24.5.3. Актив удирдлагын компанийн жилийн санхүүгийн төлөвлөгөөг бэлтгэж танилцуулах, компанийн санхүүгийн тайланг танилцуулж батлуулах;
24.5.4. Актив удирдлагын компанийн хөрөнгө оруулалтын бодлогыг бэлтгэж, төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах;
24.5.5. үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрэм, журам, тушаал болон заавар, удирдамжийн төсөл бэлтгэж төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах;
24.5.6. Актив удирдлагын компанийн шилжүүлэн авах чанаргүй зээлд үнэлгээ хийх, активын удирдлагыг хэрэгжүүлэх хөндлөнгийн мэргэжлийн этгээдийг санал болгох;
24.5.7. Актив удирдлагын компанийн үйл ажиллагаанд аудит хийх хөндлөнгийн аудитыг санал болгох;
24.5.8. энэ хууль болон төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан Актив удирдлагын компанийн дүрэм, журам, бодлогын дагуу тус компанийн ажилтан, албан тушаалтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх;
24.5.9. Актив удирдлагын компанийн эрсдэлийн үнэлгээний төлөв байдлыг дүгнэж, хүлээн зөвшөөрч болохуйц эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлд авах арга хэмжээг тодорхойлох;
24.5.10. Дүрэмд заасан бусад.
24.6. Гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтооно.
25 дугаар зүйл. Актив удирдлагын компани, түүний эрх бүхий албан тушаалтан, ажилтны баталгаа
25.1. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь энэ хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүнийг биелүүлснээс банк, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Актив удирдлагын компани, түүний ажилтан, албан тушаалтан хариуцахгүй.
25.2. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтныг ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс тэдгээрийг болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг хамгаалах үүргийг Актив удирдлагын компани хүлээнэ.
25.3. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд эсхүл түүний гэр бүлд Актив удирдлагын компаниас тэтгэвэр, тэтгэмж, зардлыг бүрэн олгоно.
25.4. Энэ хуулийн 25.3-т заасан тэтгэвэр, тэтгэмж, зардал олгох журмыг Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөл батална.
25.5. Актив удирдлагын компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байна.
26 дугаар зүйл. Актив удирдлагын компанид гаргасан гомдлыг шийдвэрлэх
26.1. Актив удирдлагын компани, эрх бүхий албан тушаалтан, ажилтны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээд гомдлоо Актив удирдлагын компанид гаргаж болно.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөхтэй холбогдсон журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИЙН ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
27 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө
27.1. Актив удирдлагын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
27.1.1. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө,
27.1.2. олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсын актив удирдлагын компанийн оруулсан хөрөнгө;
27.1.3. хуульд заасан бусад эх үүсвэр.
27.2. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу Монголбанк Актив удирдлагын компанийн хувьцааг эзэмшиж болно.
27.3. Актив удирдлагын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь энэ хуулийн 27.1-д заасан эх үүсвэрээс оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, Актив удирдлагын компанийн эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
28 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн санхүүжилт
28.1. Актив удирдлагын компани үйл ажиллагааны эрсдэлээ бууруулах зорилгоор энэ хууль тогтоомжийн хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж, хөрөнгө оруулалт хийж, бусад эх үүсвэрээс санхүүжилт авч болно.
28.2. Энэ хуулийн 28.1-д заасан санхүүжилтийн бусад эх үүсвэрт тавих шаардлага, санхүүжилт авах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
29 дүгээр зүйл. Өрийн хэрэгсэл гаргах
29.1. Актив удирдлагын компани Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу өрийн хэрэгсэл гаргаж болно.
29.2. Актив удирдлагын компанийн гаргах өрийн хэрэгсэл нь нийт дүнгээрээ өөрийн хөрөнгийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.
29.3. Энэ хуулийн 29.1-д заасан өрийн хэрэгсэлд Засгийн газар баталгаа гаргаж болно.
29.4. Энэ хуулийн 29.3-т заасны дагуу Актив удирдлагын компанийн өрийн хэрэгсэлд Засгийн газар баталгаа гаргахад энэ хуулийн 29.2-д заасан хязгаарлалт хамаарахгүй.
30 дугаар зүйл. Зээл авах
30.1. Актив удирдлагын компани энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх зорилгоор санхүүгийн байгууллагаас зээл авч болно.
30.2. Актив удирдлагын компанийн зээл авах журмын төлөөлөн удирдах зөвлөлийн батална.
30.3. Энэ хуулийн 30.1-д заасан зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгийн 20 хувь, нэг этгээдээс авах зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй.
31 дүгээр зүйл. Актив удирдлагын компанийн хөрөнгө оруулалт
31.1. Актив удирдлагын компани өөрийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно:
31.1.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл авсан, зээлжих зэрэглэл тогтоодог oлон улсын байгууллагаар үнэлгээ хийлгэсэн банк, хөрөнгө оруулалтын санд;
31.1.2. Засгийн газрын үнэт цаас болон Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бусад үнэт цаас;
31.1.3. Монголбанкны үнэт цаас;
31.1.4. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журам, тус журамд нийцүүлэн баталсан Актив удирдлагын компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бодлогод заасан санхүүгийн бусад хэрэгсэл.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АКТИВ УДИРДЛАГЫН КОМПАНИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
32 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн санхүүгийн тайлан
32.1. Актив удирдлагын компани өөрийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Актив удирдлагын компанийн нягтлан бодох бүртгэлийн тусгай журам, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.
32.2. Актив удирдлагын компанийн нягтлан бодох бүртгэлийн тусгай журам, тус компанийн санхүүгийн тайланд тавих шаардлагыг Монголбанк, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.
32.3. Актив удирдлагын компанийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гарган аудит хийлгэж, үр дүнг өөрийн цахим хуудсанд байршуулж, нийтэд ил тод мэдээлнэ.
32.4. Актив удирдлагын компани тухайн жилийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 4 дүгээр сарын 1-ний дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнана.
32.5. Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг Актив удирдлагын компанийн гүйцэтгэх удирдлага хариуцна.
33 дугаар зүйл. Актив удирдлагын компанийн үйл ажиллагааны тайлан
33.1. Актив удирдлагын компани жил бүр энэ хуулийн 32.3-т заасан хугацаанд тухайн жилийн үйл ажиллагааны тайланг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнана.
33.2. Тайланд Актив удирдлагын компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн засаглалын байдал, төлөөлөн удирдах зөвлөлөөс тайланг хэлэлцсэн дүгнэлтийг болон бусад асуудлыг тусгасан байна.
33.3. Актив удирдлагын компани үйл ажиллагааны тайлангаа цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
34 дүгээр зүйл. Санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд төрийн аудит хийх
34.1. Активын удирдлагын компанийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд жил бүр төрийн аудит хийнэ.