Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, төр нь өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчимд тулгуурлан хувь хүний эдийн засгийн суурь эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах, хувийн өмчийн эрх, гэрээний эрх чөлөө, хөдөлмөр ба хөрөнгө оруулалтын үр шимийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог хязгаарлах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж
2.1. Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулиар хориглосноос бусад төрлийн эдийн засгийн харилцаанд хамаарна.
3.2. Энэ хуульд заасан харилцааг хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсанаар ойлгоно:
4.1.1. “эдийн засгийг зохицуулах” гэж Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасныг;
4.1.2. “аж ахуй эрхлэгч” гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3-т заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
5 дугаар зүйл. Эдийн засгийн эрх чөлөө
5.1. Аж ахуй эрхлэгч дараах эрх, эрх чөлөөг эдэлнэ. Үүнд:
5.1.1. хууль ёсоор олж авсан өмч хөрөнгө нь халдашгүй байх;
5.1.2. хөдөлмөр, оюуны бүтээл, хөрөнгө оруулалтын үр шим, хууль ёсны дагуу олсон орлогоо чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
5.1.3. бусадтай сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй гэрээ байгуулах, гэрээнийхээ нөхцөлийг харилцан тохиролцож, өөрсдөө тодорхойлох;
5.1.4. хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх;
5.1.5. эдийн засгийн харилцаанд оролцохдоо хуулийн өмнө эрх тэгш байх, шударга өрсөлдөх;
5.1.6. хууль ёсны мөнгөн тэмдэгт болон бусад төлбөрийн хэрэгслийг чөлөөтэй эзэмших, ашиглах, солилцох;
5.1.7. хууль ёсны аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай холбоотой, хуулиар нууцад хамааруулсан мэдээлэл нь халдашгүй байх.
5.2. Энэхүү хуульд заасан эдийн засгийн суурь эрхийг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь дараах шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
5.2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т заасан зорилгод нийцсэн байх;
5.2.2. Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхой зөвшөөрсөн байх;
5.2.3. Хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ, АРГА ХЭЛБЭР
6 дугаар зүйл. Төрийн эдийн засгийн зохицуулалтын хүрээ, арга хэлбэрийн хязгаар
6.1. Төрийн эдийн засгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан хүрээ, арга хэлбэрээр хязгаарлагдана.
6.2. Төр нь эдийн засгийг зохицуулахдаа энэ хуульд заасан эрх, эрх чөлөөг баталгаажуулахад шаардагдах бодлого, хууль эрх зүйн орчин, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ.
6.3. Төр нь эдийн засгийн харилцаанд оролцохдоо төрийн эдийн засгийг зохицуулах эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно.
7 дугаар зүйл. Өмчлөх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
7.1. Өмчийн халдашгүй байдлыг хангаж, өмчлөгчийн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг байна.
7.2. Өмчлөх эрхийг хязгаарлах аливаа шийдвэр, үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлана.
7.3. Хувийн өмчийг дайчлан авах төрийн шийдвэр нь зөвхөн нөхөх олговор, үнэ бүрэн төлөгдсөн бол хэрэгжинэ.
7.4. Төр нь хөрөнгийн эрхийг баталгаажсан, нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмчлөгчийн эрхийг нотлох хууль эрх зүйн орчноор хангах үүрэгтэй.
8 дугаар зүйл. Хөдөлмөрийн үр шимээ эдлэх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
8.1. Төрөөс зөвхөн хуульд заасан үндэслэл, зорилго, арга хэлбэр, хувь хэмжээгээр аж ахуй эрхлэгчийн ашиг, орлогод татвар ногдуулж болох бөгөөд өөрөөр аж ахуй эрхлэгчийн хууль ёсны орлогод халдахыг хориглоно.
8.2. Аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан аливаа санхүүгийн ачаалал, татвар, төлбөрийн зохицуулалтыг буцаан хэрэглэхийг хориглоно.
8.3. Хуульд заагаагүй аливаа хэлбэрээр иргэн, хуулийн этгээдийн орлого, хөрөнгөөс суутгал хийх, шилжүүлэн авах, албадан гаргуулахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Гэрээний эрх чөлөөг хангах хүрээ, арга хэлбэр
9.1. Төр нь аж ахуй эрхлэгчийн аж ахуй эрхлэхтэй холбоотой гэрээ байгуулах үйл явцад оролцохгүй бөгөөд гэрээний нөхцөлийг хүндэтгэнэ.
9.2. Төр хүчин төгөлдөр гэрээний эрх, үүргийг сулруулах, биелэгдэх боломжийг үндсээр нь өөрчлөх үр дагавартай, буцаан үйлчлэх хууль тогтоохыг хориглоно.
9.3. Төр гэрээний маргааныг эвлэрүүлэн зуучлал, арбитрын журмаар шийдвэрлэх боломжийг дэмжиж, маргааныг шуурхай, шударга, хараат бус байдлаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
9.4. Төр нь хууль ёсны гэрээний биелэлтийг хангахын тулд албадан гүйцэтгэх тогтолцоог бүрдүүлж, гэрээ зөрчигдсөн тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх баталгааг хангах үүрэгтэй.
9.5. Төрийн оролцоотой гэрээг олон нийтэд ил тод болгож, түүний хэрэгжилт, биелэлтийг хянан үнэлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, иргэд, олон нийтийн хяналт тавих боломжийг хангана.
10 дугаар зүйл. Аж ахуй эрхлэх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
10.1. Эдийн засгийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, төрийн шийдвэр нь үндэслэлтэй, тодорхой, нийтэд ойлгомжтой, ил тод байх бөгөөд эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.
10.2. Хууль тогтоомж, шийдвэрээр тогтоосон шаардлага нь биелүүлэх боломжтой, урьдчилан таамаглахуйц байх ёстой бөгөөд төр аж ахуй эрхлэгчдэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэгтэй.
10.3. Аж ахуй эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийн тогтолцоо нь эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, боломжит хамгийн бага хязгаарлалттай байх зарчмыг мөрдлөг болгох бөгөөд төр зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай нөхцөлийг зөвхөн хуулиар ил тод, ойлгомжтой тогтооно.
10.4. Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол аж ахуй эрхлэхтэй холбогдох зөвшөөрлийг олгосонд тооцно.
10.5. Төрөөс аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ хуульд заагаагүй баримт бичиг, нэмэлт мэдээлэл шаардахыг хориглоно.
10.6. Төр аж ахуй эрхлэгчдэд зориулсан мэдээллийг үнэ төлбөргүй, цахим хэлбэрээр тогтмол хүргэж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгана.
10.7. Аж ахуй эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төр гомдлыг тасралтгүй, шуурхай шийдвэрлэх, эрхийг сэргээх, нөхөн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.
11 дүгээр зүйл. Хуулийн өмнө тэгш байх, шударга өрсөлдөх эрхийг хангах хүрээ, арга хэлбэр
11.1. Төр нь эдийн засагт чөлөөт, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
11.2. Аж ахуй эрхлэгчид хуулийн өмнө ижил тэгш эрх эдэлнэ.
11.3. Төрөөс үнэ тогтоох, нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг өрсөлдөөнийг саатуулах шийдвэр гаргахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлах бөгөөд хууль бус өрсөлдөөнийг хянах, таслан зогсоох асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
11.4. Монгол Улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад үндэслэлгүй саад тавихгүй бөгөөд төр үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулан, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална.
11.5. Төрөөс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл аж ахуй эрхлэх төрөл, хуулийн этгээд, хугацаа, хүрээг хуульд тодорхой заасныг үндэслэн эрхэлж болно.
11.6. Төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалтын хэмжээ, хамрах хүрээ, арга хэлбэр нь аж ахуй эрхлэгчдийн эдийн засагт чөлөөтэй, шударга өрсөлдөх эрх чөлөөг хангасан байна.
12 дугаар зүйл. Мөнгө, санхүүгийн харилцаан дахь эрх чөлөөг хангах хүрээ, арга хэлбэр
12.1. Төрөөс мөнгө, санхүүгийн харилцааг зохицуулахдаа:
12.1.1. хууль ёсны мөнгөн тэмдэгт, бусад төлбөрийн хэрэгслийг эзэмших, хадгалах, ашиглах, солилцохыг хязгаарлахгүй;
12.1.2. үндэсний мөнгөн тэмдэгтээс бусад төлбөрийн хэрэгслийн үнэ, хүү, ханшийг тогтоох, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй;
12.1.3. үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн үнэ, хүү, ханшийг тогтоохгүй.
12.2. Төр нь энэ зүйлд заасан эрх, эрх чөлөө, аж ахуй эрхлэгчийн үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл эзэмших, гаргах, захиран зарцуулах эрхийг зөвхөн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хязгаарлаж болно.
13 дугаар зүйл. Аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээ, арга хэлбэр
13.1. Төр нь аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийн халдашгүй байдлыг хангах үүрэгтэй.
13.2. Аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээлэлтэй зөвхөн хуульд заасны дагуу, шүүхийн шийдвэрийг үндэслэн танилцаж болно.
13.3. Аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдээллийг хуульд заагаагүй үндэслэлээр аливаа хэлбэрийн тандалт, мөрдлөг, цахим арга хэрэгслээр олж авах, танилцахыг хориглоно.
13.4. Аж ахуй эрхлэгч нь өөрийн аж ахуй эрхэлсний үр дүнд бий болгосон мэдээллийг өмчлөх, хадгалах, захиран зарцуулах эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА, ШҮҮХИЙН ХАМГААЛАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
14 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага
14.1. Төрийн эдийн засгийг зохицуулах үйл ажиллагаа нь ил тод, тоон үзүүлэлтэд суурилсан үнэлгээгээр хэмжигдэж, тогтмол хугацаанд олон нийтэд тайлагнана.
14.2. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс аж ахуй эрхлэгчид учирсан хохирлыг төр бүрэн нөхөн төлнө.
14.3. Энэ хуулийг зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувь хүн, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.4. Хариуцлага тооцох зорилго нь аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн эрхийг сэргээж, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэнэ.
15 дугаар зүйл. Шүүхийн хамгаалалт ба түр арга хэмжээ
15.1. Эдийн засгийн эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн аж ахуй эрхлэгч этгээд Улсын Их Хурал, Засгийн газар болон захиргааны байгууллага, шүүхэд холбогдох хууль, дүрэм журмын дагуу хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
15.2. Эдийн засгийн эрх чөлөөг сэргээх шийдвэрийн биелэлт, хохирлын барагдуулалтын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод байдлаар нийтэд мэдээлж, тогтмол тайлагнана.
15.3. Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах шийдвэрийг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2-т болон холбогдох хууль тогтоомжийг хангасан эсэхийг нотлох үүргийг төр хүлээнэ.
16 дугаар зүйл. Ил тод байдал, тайлагнал, хяналт
16.1. Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлнэ.
16.2. Тайланд дараах мэдээллийг заавал тусгана:
16.2.1. төрийн эдийн засгийн зохицуулалтын хамарсан хүрээ, арга хэлбэр, үр нөлөөний тоон үзүүлэлт;
16.2.2. эдийн засгийн эрх зөрчигдсөн, нөхөн төлбөр олгосон тохиолдлын тоо, хэмжээ;
16.2.3. ил тод байдал, шударга өрсөлдөөний орчны талаарх дүн шинжилгээ.
16.3. Энэ хуулийн хэрэгжилт, тайлангийн үнэн зөв байдалд хөндлөнгийн аудит, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж олон нийтээр хэлэлцүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
17 дугаар зүйл. Бусад хууль тогтоомжийг нийцүүлэх
17.1. Бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас өөрөөр заасан заалт, зохицуулалтыг:
17.1.1. Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу энэ хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулна.
17.1.2. хууль санаачлагч шүүхийн шийдвэр болон иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг үндэслэн нийцүүлэх ажлыг зохион байгуулж болно.
17.2. Энэ хуульд зааснаас өөрөөр заасан нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг энэ хуульд заасантай нийцүүлэх үүргийг тухайн дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулж баталсан захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
17.3. Эдийн засгийн харилцааг зохицуулахтай холбоотой хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д заасан шаардлагыг хангуулна.
18 дугаар зүйл. Засгийн газрын үйл ажиллагаа
18.1. Засгийн газрын аливаа шийдвэр, тогтоол, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө нь энэ хуульд заасантай нийцсэн байна.
18.2. Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан тайланг жил бүр Улсын Их Хурлын хаврын чуулганд танилцуулна.
18.3. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах хязгаарлалтыг баримтална:
18.3.1. энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 6-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг бий болгох зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солихыг хориглох;
18.3.2. төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг Улсын Их Хуралд танилцуулан батлуулсаны үндсэн дээр тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон нөхцөлд өөр нэгийг хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг барих;
18.3.3. төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримт бичиг, шийдвэрийн баримт бичгийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулахдаа энэ хуульд нийцүүлсэн байх.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
19.1. Энэ хууль нь хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

О. ЦОГТГЭРЭЛ

О. ЦОГТГЭРЭЛ

Initiator of the draft law
Б. ЖАРГАЛАН

Б. ЖАРГАЛАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх