4.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “алдагдлаас хамгаалах сан” гэж тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй санхүүгийн алдагдлыг шингээх, даатгагчийн төлбөрийн чадвар болон даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүрдүүлсэн нөөц санг;
4.1.2. “босго үзүүлэлт” гэж даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор тогтоосон, индексийн утгын өөрчлөлтөөс хамааран нөхөн төлбөрийг хувь тэнцүүлсэн эсхүл шаталсан байдлаар олгох түвшнийг;
4.1.3. “давхар даатгалын компани” гэж энэ хуулийн дагуу тариалангийн индексжүүлсэн даатгалын давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.4. “даатгалын нэгж” гэж даатгагч, даатгуулагч нар харилцан тохирч гэрээнд заасан индексжүүлсэн даатгалд хамруулах таримлын төрөл, талбайн хэмжээ, байршил, тариалангийн бүс дэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, талбар, даатгалын хугацаагаар тодорхойлогдох, даатгалын үнэлгээ тогтоох суурь нэгжийг;
4.1.5. “даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн төлбөрийг;
4.1.6. “даатгалын тохиолдол” гэж тариалангийн индексийн үзүүлэлт нь энэ хууль болон даатгалын гэрээнд заасан босго нөхцөлийг хангасан байдлыг;
4.1.7. “даатгалын үнэлгээ” гэж даатгуулагчийн сонгосон даатгалын нэгжид ногдох бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох суурь үзүүлэлт болох мөнгөн дүнг;”
4.1.8. даатгалын хамрах хугацаа” гэж даатгалд хамрагдах тухайн төрлийн таримлын тариалалтаас ургац хураалт хүртэлх хугацаа болон Засгийн газраас тогтоосон бусад хугацааг;
4.1.9. “индекс” гэж хур тунадас, температур, хөрсний чийг, гангийн индекс, тариалангийн бүс дэх ургацын сумын дундаж индекс зэрэг тариалангийн эрсдэлийг төлөөлөх статистик үзүүлэлтийг;
4.1.10. “нөхөн төлбөрийн хүснэгт” гэж индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг тооцох зорилгоор индексийн босго, өөрчлөлтийн түвшин бүрд харгалзах нөхөн төлбөрийн хувь, хэмжээ, дээд хязгаар, шаталсан болон хэсэгчлэн олгох нөхцөлийг урьдчилан тогтоосон хүснэгтэн илэрхийллийг;
4.1.11. “суурь зөрүү” гэж индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол хооронд бүрэн нийцэл үүсэхгүй байх эрсдэлийг;
4.1.12. “тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа” гэж даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд тухайн нэгжид тооцогдох индексийн үзүүлэлт босго хэмжээнээс давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгалын үйл ажиллагааг;
4.1.13. “хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт” гэж индексийн мэдээлэл, холбогдох өгөгдлийг цуглуулах, хэмжих, түүнд үндэслэн тооцоолол хийж тайлагнах, итгэмжлэгдсэн хараат бус хянан баталгаажуулагчийн дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр даатгуулагч болон олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааны цогцыг;
4.1.14. “хамтын эрсдэлийн сан” гэж энэ хуулийн дагуу бүрдүүлэх эрсдэлийн дунд түвшний сан, эрсдэлийн дээд түвшний сан болон алдагдлаас хамгаалах сангийн нийлбэр зохион байгуулалтыг;
4.1.15. “эрсдэлийн дунд түвшний сан” гэж индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийн дагуу дунд түвшний эрсдэл үүссэн тохиолдолд олгох нөхөн төлбөрийг санхүүжүүлэх зориулалттай, даатгагчийн бүрдүүлэх нөөц хөрөнгө, эсхүл даатгагчдын хамтран бүрдүүлэх санг;
4.1.16. “эрсдэлийн дээд түвшний сан” гэж индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийн дагуу их хэмжээний, системийн шинжтэй эрсдэл үүссэн тохиолдолд олгох нөхөн төлбөрийг санхүүжүүлэх зориулалттай, давхар даатгалын компани болон/эсхүл төрийн оролцоотойгоор бүрдүүлэх санг.