Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 7-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйлчилгээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хамтын санхүүжилтийн тухай хууль тогтоомж
2.1. Хамтын санхүүжилтийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль, Инновацийн тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар хувьцаа, зээл, урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн харилцааг зохицуулна.
3.2. Урамшуулал болон хандивт суурилсан санхүүжилтийг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр зуучлуулахгүйгээр татан төвлөрүүлж болно.
4 дүгээр зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хамтын санхүүжилтийн үйлчилгээ” гэж тусгай программ хангамжаар дамжуулан төсөл хэрэгжүүлэгчийн санал болгох төслийг нэг болон түүнээс дээш санхүүжүүлэгчээс хөрөнгө татан төвлөрүүлэх замаар санхүүжүүлэх үйлчилгээг;
4.1.2. “харилцагч” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс хамтын санхүүжилтийн үйлчилгээ авсан, эсхүл авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгчийг;
4.1.3. “хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч компанийн хэлбэртэй хуулийн этгээдийг;
4.1.4. “төсөл хэрэгжүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжаар дамжуулан санхүүжилт татан төвлөрүүлэх хүсэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.5. “санхүүжүүлэгч” гэж хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжаар дамжуулан хөрөнгө оруулах, зээл олгох, урамшуулал авах, эсхүл хандивлах этгээдийг;
4.1.6. “төсөл” гэж хамтын санхүүжилтийн үйлчилгээг ашиглан санхүүжилт татан төвлөрүүлэх зорилгоор тодорхой хугацаа, зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эсхүл урамшуулал олгох, хандивлах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
5 дугаар зүйл. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ, түүнд тавих шаардлага
5.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ дараах төрөлтэй байна:
5.1.1.хувьцаанд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.2.зээлд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.3.урамшуулалд суурилсан хамтын санхүүжилт; 5.1.4.хандивт суурилсан хамтын санхүүжилт
5.2. Хандивт суурилснаас бусад хамтын санхүүжилтийн төсөл нь аж ахуйн үйл ажиллагааны зорилготой байна.
5.3. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлэгч нь нэг цаг хугацаанд нэг төсөл хэрэгжүүлнэ.
5.4. Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгох төсөл нь хууль тогтоомжоор хориглоогүй, хууль бус зорилго агуулаагүй байна.
5.5. Хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.
5.6. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь төсөл тус бүрийн санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны дансанд байршуулахгүй бөгөөд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан зөвшөөрөл эзэмшигч дээр үүсгэсэн тусгайлсан дансаар дамжуулан хүлээн авч, шилжүүлнэ.
5.7. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулийн 5.6-д заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг авсан байна.
5.8. .Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч болон санхүүжүүлэгчийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэлд дараах нөхцөлийг тусгана:
5.8.1. санхүүжүүлэгч нь хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахдаа түүнээс үүдэн гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахыг илэрхийлсэн баталгаа;
5.8.2. хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч татан буугдсан тохиолдолд авах арга хэмжээ;
5.8.3. хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч, санхүүжүүлэгчийн эрх, үүрэг;
5.8.4. хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хөрөнгө оруулж буй компанийн хөрөнгийн үнэ цэн нь компанийн ашигт үйл ажиллагаанаас хамаарч тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэлийн талаарх мэдээлэл.
5.9. Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх эцсийн хугацаанаас ажлын гурван өдрийн өмнө хүртэлх хугацаанд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө аливаа торгууль, шимтгэлгүйгээр буцаан татаж болно.
5.10. Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх нийт хугацаа нь ажлын гурван өдрөөс бага байх тохиолдолд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө энэ хуулийн 5.9-д заасны дагуу буцаан татах эрхгүй.
5.11. Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төслийн танилцуулгад туссан санхүүжилт татан төвлөрүүлэх хугацаа дуусгавар болохоос өмнө төслийн санхүүжилт амжилттай бүрдсэн тохиолдолд санхүүжүүлэгч нь оруулсан хөрөнгөө энэ хуулийн 5.9-д заасны дагуу буцаан татах эрхгүй.
5.12. Төсөл хэрэгжүүлэгч нь хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хоёр хүртэлх сарын хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлнэ.
6 дугаар зүйл. Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
6.1. Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаа санал болгох замаар санхүүжилт татан төвлөрүүлнэ.
6.2. Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр санхүүжилт татан төвлөрүүлэх төсөл хэрэгжүүлэгч нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч компанийн хэлбэртэй хуулийн этгээд байна.
6.3. Хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр хөрөнгө татан төвлөрүүлсэн компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас хэтрэхгүй байна.
6.4. Төсөл хэрэгжүүлэгч нь хөрөнгө оруулагчийн хувьцааны өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тус бүрээр компанийн дүрэмд тусгаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
6.5. Энэ хуулийн 6.4-д заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
6.6. Төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь банкны шимтгэлийг хассан дүнгээр санхүүжүүлэгчид ажлын таван өдрийн дотор хөрөнгийг буцаан шилжүүлнэ.
6.7. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтооно.
6.8. Санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдэд дараах шаардлагыг тавина:
6.8.1.хамтын санхүүжилтийн үйл ажиллагаагаар дамжуулан санхүүжилт татаж буй компанийн хувьцаанд гадаадын болон Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулж болно. 6.8.2.Монгол Улсын иргэн хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн төсөлд хөрөнгө оруулах хэмжээ нь түүний татвар ногдуулсны дараах жилийн орлогын 30 хувиас хэтрэхгүй байна.
6.9. Төсөл хэрэгжүүлэгч дараах шаардлагыг хангасан байна:
6.9.1.зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 6.9.2.татварын өр, төлбөргүй байх; 6.9.3.санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болоогүй байх; 6.9.4.Эрүүгийн хуульд заасан авлига, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
7 дугаар зүйл. Зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
7.1. Зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч нь бизнесийн төсөл, хөтөлбөр болон зээл авах хэрэгцээ, шаардлагаа санхүүжүүлэгчид танилцуулж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тодорхой хугацаанд эргэн төлөх үүрэгтэйгээр санхүүжилт татан төвлөрүүлнэ.
7.2. Санхүүжүүлэгч нь хуулийн этгээд, байнга ашиг олох зорилготой мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн байна.
7.3. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь төсөл хэрэгжүүлэгчийн орлого, өр төлбөр, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан зээлийн эргэн төлөх чадварыг үнэлнэ.
7.4. Төсөл хэрэгжүүлэгч татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банкны шимтгэлийг хассан дүнгээр санхүүжүүлэгчид ажлын таван өдрийн дотор хөрөнгийг буцаан шилжүүлнэ.
7.5. Төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төсөл санхүүжилтийн зорилтот хэмжээнд хүрсэн үед зээлийн гэрээг байгуулсанд тооцно
7.6. Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
7.6.1. гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь Монгол улсад бүртгэлтэй компанийн хэлбэртэй хуулийн этгээд, эсхүл үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн байх;
7.6.2. зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7.6.3. татварын өр, төлбөргүй байх;
7.6.4. санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болоогүй байх;
7.6.5. Эрүүгийн хуульд заасан авлига, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
7.7. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь зээлд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
7.8. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтооно.
8 дугаар зүйл. Урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
8.1. Урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хариу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, эсхүл ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшууллыг санхүүжүүлэгчид олгоно.
8.2. Урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл нь тодорхой, хэрэгжих боломжтой, санхүүжүүлэгчид зардлын хувьд үр ашиг бий болгох, зах зээлд нийлүүлэгдсэн ижил төрөл, шинж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад чанар, бүтээмжийг сайжруулсан зэрэг шинэлэг санаа, шийдэлд тулгуурласан байна.
8.3. Дахин худалдах, дамжуулан борлуулах зорилготой зах зээлд өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь энэ хуулийн 8.2-т заасан төсөлд хамаарахгүй.
8.4. Төсөл хэрэгжүүлэгч хэрэгжүүлэх төсөл болон түүнд хамаарах эдийн засаг, санхүүгийн тооцоо, бараа бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшуулалтай холбогдох үнийн талаар нарийвчилсан, бодит судалгаа, тооцоолол хийж, төслийн танилцуулгад тусгасан байна.
8.5. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч төсөл хэрэгжүүлэгчийн талаарх бүртгэл хөтлөх бөгөөд санхүүжүүлэгчийг төслийн талаарх мэдээллээр хангаж ажиллана.
8.6. Төсөл хэрэгжүүлэгч урамшуулалд суурилсан хамтын санхүүжилтийн төсөл амжилтгүй болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлнэ.
8.7. Төсөл хэрэгжүүлэгчийн санхүүжүүлэгчид хариу өгөх бараа бүтээгдэхүүн, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, эсхүл бусад эдийн болон эдийн бус урамшуулал биет байдлын болон чанарын доголдолгүй байна.
8.8. Төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд татан төвлөрүүлэхээр зарласан хөрөнгийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь банкны шимтгэлийг хассан дүнгээр хөрөнгийг ажлын таван өдөрт багтаан санхүүжүүлэгчид буцаан шилжүүлнэ.
9 дүгээр зүйл. Хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ
9.1. Хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр төсөл хэрэгжүүлэгч байгалийн гамшиг, эмнэлгийн тусламж, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн тусламж, энэрлийн үйл ажиллагаа, олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг зорилгоор нийгмийн тусын тулд санхүүжүүлэгчээс буцаан төлөх үүрэг хүлээхгүйгээр хөрөнгө татан төвлөрүүлнэ.
9.2. Хандивлагч бэлэн бус мөнгөн хэлбэрээр хандив өгнө.
9.3. Төсөл хэрэгжүүлэгч хандиваар татан төвлөрүүлэх нийт мөнгөн дүнг үнэн бодит тооцоолол, судалгаанд үндэслэн гаргана.
9.4. Төсөл хэрэгжүүлэгч хандивын үйл ажиллагааны зорилго болон зарцуулалтаа үнэн зөвөөр илэрхийлэх талаарх баталгааг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид гаргана.
9.5. Хандивлагч нь төсөл хэрэгжүүлэгчийн санал болгосон төсөлд оруулсан хандив буцаагдахгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
9.6. Хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн хандивыг төсөл хэрэгжүүлэгч зарцуулах боломжгүй нөхцөл бий болсон тохиолдолд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь тусгайлсан дансны үлдэгдэл хөрөнгийг банкны шимтгэлийг хассан дүнгээр ажлын таван өдөрт багтаан хандивлагчид хувь тэнцүүлэн буцаан шилжүүлнэ.
9.7. Санхүүжүүлэгч хандивын төсөлд оруулсан хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл шаардах, хяналт тавих эрхтэй байна.
9.8. Энэ хуулийн 16.1-т заасан этгээд нь хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн хандивлагч этгээдийн мэдээллийн бүртгэлийн сан үүсгэж, хандивлагч этгээдэд цахим хэлбэрээр лавлагаа, гэрчилгээ олгож болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ, ТҮҮНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ
10 дугаар зүйл. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага
10.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байна:
10.1.1.мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан ажилтантай, эсхүл уг чиг үүргийг мэргэшсэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээгээр тохирсон байх; 10.1.2.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон комплайнс, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хариуцсан ажилтантай байх; 10.1.3.төсөл хэрэгжүүлэгчийг болон төслийн талаарх баримт бичиг, мэдээллийг бодит, үнэн зөв байдалд нийцсэн эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг нягтлан шалгах, төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажилтантай байх.
10.2. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч санхүүжүүлэгчийн хувийн мэдээлэл, системийн хувьд нууцлал, аюулгүй байдлын стандартыг хангасан, зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, бодит цагийн горимоор санхүүжилтийн үйл явц харагдах боломжтой тусгай программ хангамжтай байна.
10.3. Энэ хуулийн 10.2-т заасан программ хангамж шуурхай, тасралтгүй байх ба гэмтэл, саатал гарсан, эсхүл давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүний мэдээллийн бааз, бусад өгөгдлийг давхар хадгалах, сэргээх боломжтой байна.
10.4. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч энэ хуулийн 10.2-т заасан программ хангамжийг мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо, шаардлагын стандарт болон веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлалд нийцүүлж хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна.
10.5. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч дараах мэдээллийг тусгай программ хангамжид ил тод, нээлттэй байршуулна:
10.5.1.үйлчилгээний нөхцөл, төслийг сонгон шалгаруулах шалгуур, эрсдэлийн удирдлагын бодлого; 10.5.2.жил бүр өөрийн тусгай программ хангамжаар дамжуулан сүүлийн 36 сарын хугацаанд хамтын санхүүжилт авсан төслүүдийн тоо, амжилттай хэрэгжсэн төслийн хувь; 10.5.3.зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийн мэдээлэл; 10.5.4.жил бүр дараагийн санхүүгийн жилийн эхний улиралд багтаан үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан.
11 дүгээр зүйл. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага
11.1. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид дараах шаардлагыг тавина:
11.1.1.Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ ... төгрөг байх бөгөөд зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөс бүрдсэн байх; 11.1.2.гурав болон түүнээс дээш гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна. 11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан төлөөлөн удирдах зөвлөл нь дараах баримт бичгүүдийг баталсан байна:
11.1.3.1.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам; 11.1.3.2.компанийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, тооцоолол, төсөл; 11.1.3.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө; 11.1.3.4.мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам; 11.1.3.5.Кибер аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлсэн мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны журам; 11.1.3.6.дотоод мэдээллийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх журам; 11.1.3.7.төслөөр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төсөлд тусгаснаас бусад зориулалтаар ашиглахаас сэргийлэх, хяналт тавих журам; 11.1.3.8.дампуурах, татан буугдах, кибер халдлага, түрэмгийлэлд өртөх зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний талаар болон үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох нарийвчилсан төлөвлөгөө; 11.1.3.9.үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой харилцагч болон хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам.
11.2. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан нь дараах шаардлагыг хангасан байна:
11.2.1.банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; 11.2.2.Эрүүгийн хуульд заасан болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх; 11.2.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх; 11.2.4.санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх.
11.3. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг хавсран эрхэлж болно.
12 дугаар зүйл. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
12.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэгтэй:
12.1.1.энэ хуульд заасан үйлчилгээ болон түүнд хамаарах сургалт, судалгааны чиглэлээс бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх; 12.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээг тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах; 12.1.3.хамтын санхүүжилтийн үйлчилгээг зохион байгуулахад шаардлагатай ажлын байр, хүний нөөц, программ хангамж болон техник, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх; 12.1.4.хамтын санхүүжилтийн үйлчилгээг урвуулан ашиглах, дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, санхүүжилт татах тусгай программ хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор тандан судалгаа хийх, бодит цагийн хяналт тавих; 12.1.5.харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах;
12.1.6.ажилтан болон гэрээний үндсэн дээр үйлчилгээ авч буй гуравдагч этгээд нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах талаар шаардлагатай арга хэмжээг авах; 12.1.7.энэ хуулийн 5.6, 5.7-д заасны дагуу санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх; 12.1.8.төсөл хэрэгжүүлэгчийн болон татан төвлөрүүлсэн санхүүжилтийн бүхий л мэдээллийг аюулгүй хадгалах, бүртгэл хөтлөх; 12.1.9.хамтын санхүүжилтийн үйлчилгээнд хяналт тавих төрийн эрх бүхий байгууллага болон олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах; 12.1.10.төсөл хэрэгжүүлэгч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн нууцлалтай холбоотой зөрчил, гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нягтлан шалгах;
12.1.11.хамтын санхүүжилтийн үйлчилгээний талаар нэмэлт мэдлэг, мэдээлэл шаардлагатай санхүүжүүлэгчийг тогтоох зорилгоор санхүүжүүлэгчээс асуумж авах, үнэлэх, үнэлгээ хангалтгүй тохиолдолд шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангах, дахин асуумж авах, үнэлэх; 12.1.12.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хороо, түүний эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хангаж ажиллах; 12.1.13.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол энэ талаарх мэдээллийг харилцагчдад нэн даруй мэдэгдэх.
12.2. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч доор дурдсан тайлан, мэдээллийг дараах хугацаанд Хороонд ирүүлнэ:
12.2.1.төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга болон санхүүжилтийн тайланг сар бүр цахим хэлбэрээр; 12.2.2.төсөл хэрэгжүүлэгчийн татан төвлөрүүлсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг улирал бүр цахим хэлбэрээр; 12.2.3.санхүүжүүлэгчийн мэдээллийг сар бүр цахим хэлбэрээр.
12.3. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр ирүүлнэ.
12.4. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч олон нийтэд худал мэдээлэл түгээсэн, төөрөгдүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагаанаас төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
12.5. Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас харилцагчид учирсан хохирлыг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч болон төр хариуцахгүй.
13 дугаар зүйл. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрөл олгох
13 .1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах өргөдөлд энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 11.1, 11.2-т заасан шаардлагыг хангаснаас гадна дараах баримт бичгийг нотлох баримтын хамт хавсаргаж Хороонд цаасан, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ:
13.1.1.компанийн дүрмийн хуулбар, хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр; 13.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээнд ашиглах тусгай программ хангамжийн танилцуулга, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан талаарх мэдээлэл, мэдээлэл хадгалах системийн талаар танилцуулга; 13.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн талаарх тодорхойлолт; 13.1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, түүний талаарх танилцуулга; 13.1.5.энэ хуулийн 11.1.3-т заасан журмын төсөл, төлөвлөгөө. 13.1.6.харилцагчдаас авах үйлчилгээний хураамжийн хувь хэмжээ, санхүүжүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл.
14 дүгээр зүйл. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
14.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна Хороо, түүний эрх бүхий албан тушаалтнаас өгсөн албан шаардлага, үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түдгэлзүүлнэ.
14.2. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно.
15 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх
15.1. Хороо хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох 15.1.2.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, үүрэг, даалгавар хүргүүлэх, биелэлтийг хангуулах; 15.1.3.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээс тайлан, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд, эсхүл шаардлагатай гэж үзсэн үед ирүүлэхийг шаардах; 15.1.4. хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх; 15.1.5.хуульд заасан бусад.
16 дугаар зүйл. Урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээний хяналт
16.1. Урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
16.2. Урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
17 дугаар зүйл. Харилцагчид өгөх мэдээлэл
17 .1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчид дараах мэдээллийг үнэн зөв, тодорхой бөгөөд ойлгомжтой байдлаар өгөх үүрэгтэй:
17.1.1.төсөл болон түүний санхүүжилтийн талаарх мэдээлэл; 17.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалттай холбогдсон зардал, шимтгэл, санхүүгийн эрсдэл; 17.1.3.хамтын санхүүжилтийн агуулга, эрсдэл, хамтын санхүүжилтийн төсөлд тавигдах шалгуур; 17.1.4.хамтын санхүүжилтийн үйлчилгээ нь эрсдэлгүй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл биш болох тухай анхааруулга; 17.1.5.төсөл хэрэгжүүлэгч санал болгох төслөө өмнө нь өөр хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан татан төвлөрүүлсэн тохиолдолд энэ тухай мэдээлэл.
17 .2. Энэ хуулийн 17.1-т заасан мэдээллийг харилцагчтай гэрээ байгуулахын өмнө өгөх ба энэ хуулийн 17.1.4-т заасан мэдээллийг хамтын санхүүжилтийн саналыг байршуулсан тусгай программ хангамжид тодоор байршуулна.
18 дугаар зүйл. Төслийн баримт мэдээлэлд хяналт тавих, хүсэлт, гомдол шийдвэрлэх
18 .1. Хамтын санхүүжилтийн төслийн үнэн зөв байдлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцах бөгөөд хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч түүнд хяналт тавьж, бодит бус мэдээллийг илрүүлсэн тохиолдолд залруулахыг шаардана.
18 .2. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журмыг хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид нийтэд нээлттэй, ил тод байршуулна.
18 .3. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн гаргасан хүсэлт, гомдлыг боломжит бүхий л хэлбэрээр хүлээн авч шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын гурав хүртэл өдөр, бусад гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
18 .4. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хүлээн авсан хүсэлт, гомдлын агуулга, түүний шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хадгалах бөгөөд хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтэд хамаарах бүртгэлийг Хороонд, урамшуулал болон хандивт суурилсан хамтын санхүүжилтэд хамаарах бүртгэлийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад улиралд нэг удаа хүргүүлнэ.
18 .5. Энэ хуулийн 18.3-т заасан гомдлыг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч шийдвэрлээгүй, эсхүл харилцагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
19 дүгээр зүйл. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх
19.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хамтын санхүүжилтийн тусгай программ хангамждаа өөрийн төслийг хэрэгжүүлэх санал гаргах, хамтран оролцохыг хориглоно.
19.2. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид дараах этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр оролцуулахыг хориглоно:
19.2.1. хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгчийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах ажилтан;
19.2.2. энэ хуулийн 19.2.1-т заасан этгээдтэй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан холбогдох этгээд.
19.3. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зохих этгээдэд мэдэгдэх талаар дотоод журам, хяналтын тогтолцоотой байна.
19.4. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь ажилтан, эрх бүхий албан тушаалтандаа олгох цалин хөлс, урамшуулал, шагнал, нэмэгдэл зэргийг тооцоолохдоо хамтын санхүүжилтийн тусгай программ хангамжид нийтэлсэн, амжилттай санхүүжилт татсан төслийн тоо, татан төвлөрүүлсэн санхүүжилтийн хэмжээ, эсхүл төсөл хэрэгжүүлэгчээс авсан шимтгэл, төлбөрийн хэмжээтэй шууд болон шууд бусаар уялдуулахыг хориглоно.
20 дугаар зүйл. Баримт мэдээлэл хадгалах
20.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч баримт мэдээлэл хадгалах талаар дараах үүргийг хүлээнэ:
20.1.1. өөрийн үзүүлж буй үйлчилгээ, холбогдох гэрээ, хамтын санхүүжилтийн тусгай программ хангамж дээр хийгдсэн хэлцлийн талаарх баримт мэдээллийг таваас доошгүй жил хадгалах;
20.1.2. харилцагчийг өөрийн авсан үйлчилгээтэй холбоотой баримт мэдээлэлтэй хэдийд ч танилцах боломжоор хангах.
21 дүгээр зүйл. Зар сурталчилгаа
21.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээтэй холбогдох зар сурталчилгааны шинжтэй мэдээллийн агуулга энэ хуулийн 18.1-т заасан төслийн баримт, мэдээлэлд үндэслэсэн байна.
22 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
23 .1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

О. САРАНЧУЛУУН

О. САРАНЧУЛУУН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх