12.1. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэгтэй:
12.1.1.энэ хуульд заасан үйлчилгээ болон түүнд хамаарах сургалт, судалгааны чиглэлээс бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
12.1.2.хамтын санхүүжилтийн үйлчилгээг тасралтгүй, ил тод, алдаагүй, шударгаар зохион байгуулах;
12.1.3.хамтын санхүүжилтийн үйлчилгээг зохион байгуулахад шаардлагатай ажлын байр, хүний нөөц, программ хангамж болон техник, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх;
12.1.4.хамтын санхүүжилтийн үйлчилгээг урвуулан ашиглах, дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, санхүүжилт татах тусгай программ хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор тандан судалгаа хийх, бодит цагийн хяналт тавих;
12.1.5.харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах;
12.1.6.ажилтан болон гэрээний үндсэн дээр үйлчилгээ авч буй гуравдагч этгээд нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах талаар шаардлагатай арга хэмжээг авах;
12.1.7.энэ хуулийн 5.6, 5.7-д заасны дагуу санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх;
12.1.8.төсөл хэрэгжүүлэгчийн болон татан төвлөрүүлсэн санхүүжилтийн бүхий л мэдээллийг аюулгүй хадгалах, бүртгэл хөтлөх;
12.1.9.хамтын санхүүжилтийн үйлчилгээнд хяналт тавих төрийн эрх бүхий байгууллага болон олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах;
12.1.10.төсөл хэрэгжүүлэгч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн нууцлалтай холбоотой зөрчил, гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нягтлан шалгах;
12.1.11.хамтын санхүүжилтийн үйлчилгээний талаар нэмэлт мэдлэг, мэдээлэл шаардлагатай санхүүжүүлэгчийг тогтоох зорилгоор санхүүжүүлэгчээс асуумж авах, үнэлэх, үнэлгээ хангалтгүй тохиолдолд шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангах, дахин асуумж авах, үнэлэх;
12.1.12.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хороо, түүний эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хангаж ажиллах;
12.1.13.хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол энэ талаарх мэдээллийг харилцагчдад нэн даруй мэдэгдэх.
12.2. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч доор дурдсан тайлан, мэдээллийг дараах хугацаанд Хороонд ирүүлнэ:
12.2.1.төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга болон санхүүжилтийн тайланг сар бүр цахим хэлбэрээр;
12.2.2.төсөл хэрэгжүүлэгчийн татан төвлөрүүлсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг улирал бүр цахим хэлбэрээр;
12.2.3.санхүүжүүлэгчийн мэдээллийг сар бүр цахим хэлбэрээр.
12.3. Хувьцаа болон зээлд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч нь хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр ирүүлнэ.
12.4. Хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч олон нийтэд худал мэдээлэл түгээсэн, төөрөгдүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагаанаас төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
12.5. Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас харилцагчид учирсан хохирлыг хамтын санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч болон төр хариуцахгүй.