Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 7-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь чухал ашигт малтмалын төсөлд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Чухал ашигт малтмалын төслийг дэмжих хууль тогтоомж
2.1. Чухал ашигт малтмалын төслийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “бизнесийн таатай орчин” гэж төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгө, газар, хүний нөөц, дэд бүтэц, нийтийн хэрэгцээг хангах болон ажиллагсдын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн орчныг;
3.1.2. “дэмжих дэд бүтэц” гэж судалгаа хөгжүүлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, техникийн болон мэргэжлийн сургалтын зориулалтаар ашиглах, төсөл хэрэгжүүлэгч, төр, өмчийн бусад этгээдийн хамтын ажиллагааг дэмжих байгууламжийг;
3.1.3. “нөлөөлөлд өртөх бүс” гэж уурхайн эдэлбэр газар, овоолго ба чулуулаг хадгалах талбай, үйлдвэр, химийн бодис, түлш хадгалах агуулах, хаягдал усны сан болон ус дамжуулах хоолой, усан сан, олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дэд бүтэц, замын сүлжээ, ажилчдын кемп, төслийн хаягдлын далангаас гадагш 10 км-ын радиуст хамаарч байгаа орон зайг;
3.1.4. “нөлөөлөлд өртөх хүн” гэж төслийн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, эрүүл мэнд, орлого, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөх, нөлөөлөлд өртөх бүсэд амьдарч, эсхүл тухайн бүсийг эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаандаа ашиглаж буй хүнийг;
3.1.5. “чухал ашигт малтмал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.32-т заасныг;
3.1.6. “төсөл хэрэгжүүлэгч” гэж чухал ашигт малтмалын төслийг хэрэгжүүлэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, эсхүл гэрээ байгуулсан этгээд болон уг төсөлд хөрөнгө оруулж, төслийн үйл ажиллагаанаас үр өгөөж хүртэх этгээдийг;
4 дүгээр зүйл. Чухал ашигт малтмалын төслийг дэмжихэд баримтлах зарчим
4.1. Чухал ашигт малтмалын төслийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1. хууль дээдлэх, бизнесийн ёс зүйг эрхэмлэх;
4.1.2. хөгжлийн бодлогод нийцсэн, ирээдүйн хөгжлийг дэмжсэн байх;
4.1.3. үр өгөөжтэй байх;
4.1.4. байгаль орчин, хүний аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй байх;
4.1.5. ил тод, нээлттэй байх;
4.1.6. бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн байх;
4.1.7. олон талын оролцоог хангасан байх;
4.1.8. тогтвортой байх;
4.1.9. хүн төвтэй байх;
4.1.10. дэвшилтэт технологид суурилсан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨСӨЛ, БҮРТГЭЛ
5 дугаар зүйл. Чухал ашигт малтмалыг тодорхойлох
5.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь чухал ашигт малтмалын төрлийг тодорхойлж, Засгийн газарт хүргүүлнэ.
5.2. Чухал ашигт малтмалын төрлийн жагсаалтыг Засгийн газар батална.
6 дугаар зүйл. Чухал ашигт малтмалын төслийг бүртгэх
6.1. Чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэх этгээдийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.
7 дугаар зүйл. Чухал ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
7.1. Чухал ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэгчийн өргөдөлд үндэслэн олгоно.
7.2. Чухал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад чухал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргахдаа дараах асуудлын талаар санал боловсруулж хүргүүлнэ:
7.2.1. чухал ашигт малтмалын үр өгөөжийн хэлбэрийг тодорхойлох;
7.2.2. орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг төслийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах санал;
7.2.3. төсөл хэрэгжүүлэгчид үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох;
7.2.4. төсөлд ажиллах хүний нөөцийг сургаж, технологи шилжүүлэх, инновац нэвтрүүлэх;
7.2.5. нөлөөлөлд өртөх хүний судалгааг хийж, түүнийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ҮР ӨГӨӨЖ БА ТӨСӨЛД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
8 дугаар зүйл. Чухал ашигт малтмалын үр өгөөж
8.1. Чухал ашигт малтмалын үр өгөөж нь дараах хэлбэртэй байна:
8.1.1. ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр;
8.1.2. төсөлд хөрөнгө оруулах замаар хүртэх ногдол ашиг;
8.1.3. анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн төслөөс хүртэх ашиг;
8.1.4. нийтийн зориулалттай болон дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт;
8.2. Төсөл хэрэгжүүлэгч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутагтай хамтран чухал ашигт малтмалын төслийн талаарх танилцуулгыг нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, төслийн үр өгөөжийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар санал авна.
8.3. Чухал ашигт малтмалын үр өгөөжийг дараах журмаар тодорхойлж, төвлөрүүлнэ:
8.3.1. геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 7.2.1-д заасан үр өгөөжийн талаарх саналыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
8.3.2. геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 8.3.1-д заасан саналыг эдийн засаг хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
8.4. Энэ хуулийн 8.1-д заасан үр өгөөжийг дараах хувь, хэмжээгээр тооцно:
8.4.1. энэ хуулийн 8.1.1-д заасан үр өгөөжийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 472 дугаар зүйлд тодорхойлсны дагуу;
8.4.2. энэ хуулийн 8.1.2-т заасан үр өгөөжийн хувьд төрөөс оруулсан хөрөнгийн хувиар;
8.4.3. энэ хуулийн 8.1.3-т заасан үр өгөөжийн хувьд төслийн анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дууссаны дараагийн жилийн цэвэр ашгаас 10 хувиар.
8.5. Төсөл хэрэгжүүлэгч нь бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд нийцүүлэн нийтийн зориулалттай болон дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх замаар энэ хуулийн 8.1.4-т заасан үр өгөөжийг төвлөрүүлж болно.
8.6. Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн санхүүжилтийн дүнгээс хамаарч нэг төслийг хэд хэдэн чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэгч болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлдвэрлэгч нар хамтран хэрэгжүүлж болно.
8.7. Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх этгээдийг санхүүжилтэд оролцсон талууд хамтран сонгон шалгаруулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавина.
8.8. Энэ хуулийн 8.5-д заасан дэд бүтцийн санхүүжилтэд төрөөс нэмэлт санхүүжилт гаргасан нь тухайн бүтээн байгуулалтын нийт зардлын 50 хувиас хэтрэхгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хамаарахгүй.
9 дүгээр зүйл. Чухал ашигт малтмалын төслийн дэмжлэг
9.1. Чухал ашигт малтмалын төсөлд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1. боловсрол, сургалт, үйлдвэржилтийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
9.1.2. аж ахуйн нэгжийн чадавхыг дэмжих;
9.1.3. технологи ба инновацыг дэмжих;
9.1.4. санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх;
9.1.5. газар, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх;
9.1.6. дотоодын зах зээлийг хамгаалах;
9.1.7. гадаад худалдаа, экспортыг дэмжих;
9.1.8. гадаадын шууд хөрөнгө оруулалт татах;
9.1.9. олон улсын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх.
9.2. Энэ хуулийн 9.1-д заасан дэмжлэг эдлэх хүсэлтийг чухал ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэгч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан гаргана.
9.3. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох хүсэлтийг нэгтгэн, асуудал хариуцсан төрийн болон орон нутгийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
10 дугаар зүйл. Орон нутгийн дэмжлэг
10.1. Төсөл хэрэгжүүлэгч чухал ашигт малтмалын эрэл, хайгуул хийх, олборлолт явуулах, боловсруулалт хийх, үйлдвэр барих, газар, усны нөөц ашиглахад орон нутгаас дэмжлэг үзүүлнэ.
10.2. Төсөл хэрэгжүүлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмал хайх, ашиглах талбайтай давхардуулан бусдад газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохгүй.
10.3. Энэ хуулийн 10.1-т заасан дэмжлэгийг үзүүлэхгүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн захиргаанаас асуудлыг тодруулах, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ
11 дүгээр бүлэг. Ил тод байдал ба тайлагнал
11.1. Чухал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төслийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан дараах агуулгаар олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар мэдээлнэ:
11.1.1. чухал ашигт малтмалын төслөөс тухайн жилд олборлосон, боловсруулсан, экспортод гаргасан болон дотоодын үйлдвэрт нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, ашигт малтмалын төрөл, орлого, зардал, ногдуулсан болон төлсөн татварын нэр төрөл;
11.1.2. чухал ашигт малтмалын үр өгөөжийн хэлбэр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн хэмжээ;
11.1.3. нөлөөлөлд өртөх хүний талаар авсан арга хэмжээний талаар;
11.1.4. ажилчдын эрүүл мэндийн үзлэг болон мэргэжлээс шалтгаалах өвчний талаар статистик мэдээлэл;

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
12 дугаа зүйл. Зөрчил, хариуцлага
12.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13 дугаа зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
13.1. Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх