Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 10-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
МАЛЫН ТАВЛАГ БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь малын эрүүл мэнд, бие махбодын хэвийн байдал, зан араншингаа илэрхийлэх боломж, тав тухыг хамгаалах, малын төрөл, нас, физиологийн онцлогт нийцсэн маллагаа, арчилгаа, тэжээл, ус, бэлчээр, орчин нөхцөлөөр хангах, өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовууриас урьдчилан сэргийлэх, маллагаа, ашиглалт, үржүүлэг, тээвэрлэлт, худалдаа, нядалгаа, гамшиг болон онцгой нөхцөлд малын тавлаг байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Малын тавлаг байдлын хууль тогтоомж
2.1. Малын тавлаг байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үржүүлж, маллаж, ашиглаж, тээвэрлэж, худалдаалж, нядалж байгаа малын тавлаг байдлыг хангахтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2. Энэ хуульд заасан шаардлага дараах үйл ажиллагаанд хамаарна:
3.2.1.малыг бэлчээээр маллах; маллах; 3.2.2.хашаа, байр, фермд хагас суурин болон суурин хэлбэрээр маллах; 3.2.3.отор, нүүдэл хийх; 3.2.4.мал барих, уях, хөтлөх, туух, хязгаарлах; 3.2.5.саах, ноослох, самнах болон бусад ашиг шимийг ашиглах; 3.2.6.үржүүлэг, мал эмнэлгийн ажилбар хийх; 3.2.7.ачих, буулгах, тээвэрлэх; 3.2.8.малын зах, худалдаа, түр саатуулах цэгт байлгах; 3.2.9.нядлах, зайлшгүй устгах; 3.2.10.ган, зуд, үер, түймэр болон бусад гамшиг, онцгой нөхцөлд малыг хамгаалах.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
“мал” гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасан мал, хагас ба суурин суурин маллагаатай мал болон хүнсний зориулалтаар үржүүлэн өсгөж байгаа тэжээвэр амьтныг;
4.1.2.“малын тавлаг байдал” гэж малын амьдралын бүх үе шат, нядалгаа, зайлшгүй устгалын үеийн орчин, нөхцөлтэй холбоотойгоор илрэх эрүүл мэнд, бие махбодын хэвийн байдал, зан араншингаа илэрхийлэх боломж, өвдөлт, айдас, стресс болон тав тухын түвшнээр тодорхойлогдох төлөв байдлыг;
4.1.3.“малын тавлаг байдлыг хангах” гэж малын төрөл, нас, физиологийн онцлог, хэрэгцээнд нийцсэн маллагаа, арчилгаа, тэжээл, ус, орчин, нөхцөлөөр хангах, зан араншингаа илэрхийлэх боломжийг бүрдүүлэх, өвдөлт, айдас, стресс, гэмтэл, өвчлөл, зовууриас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг;
4.1.4.“мал хариуцагч” гэж малыг өмчилж байгаа, эсхүл гэрээ, ажил үүрэг болон бусад үндэслэлээр тухайн үед малын маллагаа, арчилгаа, тээвэрлэлт, худалдаа, нядалгааг хариуцаж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.5.“зайлсхийж болох өвдөлт, зовуурь” гэж маллагаа, эмчилгээ, технологийн зайлшгүй ажиллагааны үед болон бусад нөхцөлд зохистой арга хэмжээ авснаар урьдчилан сэргийлэх, арилгах, эсхүл бууруулах боломжтой боловч ийм арга хэмжээ аваагүйн улмаас малд учирсан өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурийг;
4.1.6.“малын тавлаг байдлын эрсдэл” гэж малын эрүүл мэнд, бие махбодын хэвийн байдал, зан араншингаа илэрхийлэх боломж, тав тух алдагдах, эсхүл өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь үүсэх магадлал болон түүний үр дагаврыг;
4.1.7.“холын зайн тээвэрлэлт” гэж малыг хол зайд, удаан хугацаагаар тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцад малын тавлаг байдлыг хангах зорилгоор амраах, услах, шаардлагатай тохиолдолд тэжээх болон тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах тээвэрлэлтийг.
5 дугаар зүйл.. Малын тавлаг байдлыг хангах зарчим
5.1. Малын тавлаг байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1. өлсгөлөн, цангаанаас ангид байлгах;
5.1.2. цаг агаар, орчны хэт таагүй нөхцөлөөс боломжит хэмжээнд хамгаалах;
5.1.3. өвдөлт, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх;
5.1.4. малын төрөл, нас, физиологийн онцлогт тохирсон хэвийн зан араншингаа илэрхийлэх боломжийг хангах;
5.1.5. шаардлагагүй айдас, стресс, зовлон учруулахгүй байх;
5.1.6. малын тавлаг байдлын шаардлагыг шинжлэх ухааны нотолгоо, мал маллагааны уламжлалт мэдлэг, бэлчээрийн мал аж ахуйн онцлог, орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлтэй уялдуулах;
5.1.7. малын тавлаг байдал, малын эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдлыг харилцан уялдаатай авч үзэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАЛЫН ТАВЛАГ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
6 дугаар зүйл. Мал хариуцагчийн үндсэн үүрэг
6.1. Мал хариуцагч дараах үүрэгтэй:
6.1.1. малыг төрөл, нас, физиологийн хэрэгцээнд нь тохирсон тэжээл, усаар хангах;
6.1.2. бэлчээрийн малын хувьд улирал, цаг агаар, бэлчээрийн даац, усан хангамжийг харгалзан зохистой маллагааг хэрэгжүүлэх;
6.1.3. өвчилсөн, гэмтсэн, туйлдсан малыг илрүүлж, шаардлагатай эмчилгээ, арчилгааг шуурхай авах;
6.1.4. хэт халуун, хүйтэн, шуурга, цасан болон шороон шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдлийн үед боломжит хамгаалалтаар хангах;
6.1.5. малтай харьцахдаа шаардлагагүй өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулахгүй байх;
6.1.6. хээлтэй, төллөж байгаа, төлтэй, өвчтэй, гэмтсэн, хөгшин болон бусад эмзэг малыг онцгойлон анхаарч маллах.
7 дугаар зүйл. Тэжээл, усны хангамж
7.1. Малыг биеийн хэвийн байдал, эрүүл мэндийг хадгалахад хүрэлцэхүйц хэмжээ, чанарын тэжээл, усаар хангана.
7.2. Бэлчээрийн малын тэжээл, усны хэрэгцээг байгалийн бэлчээр, хадлан, нэмэгдэл тэжээл, усан хангамжийг хослуулан хангаж болно.
7.3. Ган, зуд болон бэлчээрийн гарц эрс буурсан үед мал хариуцагч боломжит арга хэмжээгээр нэмэгдэл тэжээл, ус, отор нүүдэл, сүргийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл. Хашаа, байр, хороо, хамгаалах байгууламж
8.1. Малын хашаа, байр, хороо нь холбогдох стандарт, техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан, малын төрөл, нас, физиологийн онцлогт тохирсон, малд гэмтэл учруулахгүй, чөлөөтэй босох, хэвтэх, хөдөлгөөн хийх боломжийг хангасан байна.
8.2. Бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд дулааны улиралд цаг агаарын хэвийн нөхцөлд бүх малыг байнгын хашаа, байраар хангахыг шаардахгүй.
8.3. Тухайн нутаг орны эрсдэл, малын төрөл, нас, физиологийн байдлыг харгалзан хүйтэн салхи, шуурга, хэт халалт болон бусад ноцтой эрсдэлээс хамгаалах хашаа, хороо, саравч, байгалийн тогтоц болон зориулалтын хамгаалалтын байгууламжийг ашиглана.
8.4. Байр, фермийн нөхцөлд маллаж байгаа мал, тэжээвэр амьтны байр, тоног төхөөрөмж нь тэдгээрийн төрөл, нас, физиологийн онцлогт тохирсон талбай, хөдөлгөөн хийх боломж, агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан, чийгшил, дэвсгэр, тэжээл, усны хүртээмжийн шаардлагыг хангасан байна.
8.5. Мал, тэжээвэр амьтныг байр, хашаа, тор болон бусад хязгаарлагдмал орчинд байлгахдаа хэвийн хөдөлгөөн хийх, амрах, хэвтэх, босох болон тухайн төрөлд хэвийн зан араншингаа илэрхийлэх боломжийг хэт хязгаарлахгүй байна.
8.6. Байр, фермд маллаж байгаа мал, тэжээвэр амьтны байрны нягтрал, талбай, бичил орчин, агааржуулалт, гэрэлтүүлэг, дэвсгэр, тэжээл, ус, тоног төхөөрөмж болон маллагааны тавлаг байдлын нарийвчилсан шаардлагыг мал, тэжээвэр амьтны төрөл, нас, ашиглалтын чиглэлийг харгалзан холбогдох стандарт, техникийн зохицуулалтаар тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БЭЛЧЭЭРИЙН МАЛЫН ТАВЛАГ БАЙДАЛ
9 дүгээр зүйл. Бэлчээрийн маллагааны тавлаг байдлын шаардлага
9.1. Бэлчээрийн малын тавлаг байдлыг хангахдаа тухайн бүс нутгийн экологийн нөхцөл, улирал, бэлчээрийн даац, ургамлын гарц, усан хангамж, малын төрөл, сүргийн бүтцийг харгалзана.
9.2. Мал хариуцагч дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.2.1.бэлчээрийг улирлаар зохистой ашиглах; 9.2.2.бэлчээрийн даац, хүртээмжид нийцүүлэн малын ачааллыг зохицуулах; 9.2.3.усны эх үүсвэрт тогтмол хүрэх боломжийг бүрдүүлэх; 9.2.4.бэлчээрийн хомсдол малын тэжээллэг байдалд ноцтой нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх; 9.2.5.шаардлагатай тохиолдолд отор, нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх.
10 дугаар зүйл. Отор, нүүдлийн үеийн тавлаг байдал
10.1. Отор, нүүдлийн зам, хугацаа, ачааллыг малын төрөл, нас, биеийн байдал, цаг агаар, ус, бэлчээрийн хүртээмжид тохируулна.
10.2. Өвчтэй, хүнд гэмтсэн, туйлдсан, төллөх дөхсөн малыг эрүүл мэнд, бие махбодын хэвийн байдалд нь сөргөөр нөлөөлөхөөр хол зайд туухыг хориглоно.
10.3. Отор, нүүдлийн үед малыг зохистой хугацаанд амрааж, услах боломжийг хангана.
11 дүгээр зүйл. Ган, зуд, гамшгийн үеийн малын тавлаг байдал
11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах болон мал аж ахуйн холбогдох төлөвлөгөөнд малын тавлаг байдлын эрсдэлийг бууруулах арга хэмжээг тусгана.
11.2. Ган, зудын эрсдэл өндөр үед дараах арга хэмжээг нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлнэ:
11.2.1.өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх; 11.2.2.усны хангамжийг нэмэгдүүлэх; 11.2.3.отор, нөөц бэлчээрийг ашиглах; 11.2.4.малыг эрсдэл багатай нутагт шилжүүлэн байрлуулах; 11.2.5.сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд малыг эрт зах зээлд нийлүүлэх; 11.2.6.өвчтэй, гэмтсэн, туйлдсан малд тусламж үзүүлэх; 11.2.7.эдгэрэх боломжгүй, хүнд зовуурьтай малыг мал эмнэлгийн болон тавлаг байдлын шаардлагад нийцүүлэн өвдөлт, айдас, стресс, зовуурийг хамгийн бага түвшинд байлгах аргаар устгах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАЛТАЙ ХАРЬЦАХ, МАЛЛАХ, АШИГ ШИМИЙГ АШИГЛАХ
12 дугаар зүйл. Малтай харьцах
12.1. Малыг барих, уях, хөтлөх, туух, ачих, буулгах, саах, ноослох, самнах болон бусад ажиллагаанд шаардлагагүй өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулах арга хэрэглэхийг хориглоно.
12.2. Цахилгаан хэрэгсэл, хурц үзүүртэй болон малд гэмтэл, өвдөлт учруулах бусад хэрэгслийг зайлшгүй шаардлагагүй нөхцөлд ашиглахыг хориглоно.
12.3. Малтай харьцахдаа тухайн малын төрөл, нас, зан араншингийн онцлог болон уламжлалт мал маллагааны зохистой арга барилыг харгалзана.
13 дугаар зүйл. Малд хийх ажилбар
13.1. Малд хийх заслага, мэс ажилбар болон өвдөлт үүсгэх бусад ажиллагааг малын төрөл, нас, ажилбарын эрсдэлийг харгалзан мэргэжлийн болон тавлаг байдлын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
13.2. Мал эмнэлэг, үржүүлэг, маллагаа, технологийн үндэслэлгүйгээр малын биеийн хэсгийг тайрах, гэмтээхийг хориглоно.
13.3. Зайлшгүй хийх ажилбарын төрөл, насны хязгаар, өвдөлт намдаах болон мэдээ алдуулах шаардлагыг холбогдох журмаар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ
МАЛ ТЭЭВЭРЛЭХ, ХӨТЛӨХ, ТУУХ, ХУДАЛДАХ ҮЕИЙН ТАВЛАГ БАЙДАЛ
14 дүгээр зүйл. Мал тээвэрлэхэд тавих шаардлага
14.1. Малыг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ малын төрөл, нас, биеийн болон физиологийн байдал, тээвэрлэх зай, хугацаа, улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан малд шаардлагагүй өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
14.2. Мал тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь малын төрөл, биеийн хэмжээ, тоонд тохирсон зай талбайтай, хальтиргаа, уналт, гэмтлээс хамгаалсан, агааржуулалттай, хэт халуун, хүйтэн, салхи, хур тунадас болон цаг агаарын бусад таагүй нөхцөлөөс зохих хамгаалалттай байна.
14.3. Малыг тээврийн хэрэгсэлд ачих, буулгахдаа айлгах, зодох, чирэх, түлхэх, мушгих, гэмтээх болон шаардлагагүй өвдөлт, зовуурь учруулах арга хэрэглэхийг хориглоно.
14.4. Малыг холын зайд удаан хугацаагаар тээвэрлэхдээ малын тавлаг байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангаж, малын төрөл, нас, биеийн байдал, тээвэрлэлтийн үргэлжлэх хугацаа, улирал, цаг агаарын нөхцөлд тохируулан зохих хугацаанд амраах, услах, шаардлагатай тохиолдолд тэжээх, малын биеийн байдлыг тогтмол шалгах арга хэмжээ авна.
14.5. Малыг холын зайд зохих амралтгүй, усалгаа, шаардлагатай тэжээлгүйгээр тасралтгүй урт хугацаагаар тээвэрлэж, хэт ядраах, тав тухыг нь алдагдуулах, өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулахыг хориглоно.
14.6. Холын зайн тээвэрлэлтийн өмнө тээвэрлэгч нь малын төрөл, тоо, биеийн байдал, тээврийн хэрэгслийн багтаамж, явах зам, тээвэрлэлтийн хугацаа, улирал, цаг агаарын нөхцөл, мал амраах, услах, шаардлагатай тохиолдолд тэжээх цэгийг урьдчилан төлөвлөнө.
14.7. Тээвэрлэлтийн явцад өвчилсөн, гэмтсэн, туйлдсан малыг бусад малаас тусгаарлаж, шаардлагатай тусламж үзүүлнэ.
14.8. Өөрөө явж, зогсож чадахгүй, хүнд гэмтсэн, хүнд өвчтэй, туйлдсан, эсхүл тээвэрлэлтийн улмаас эрүүл мэнд, тавлаг байдал нь ноцтой дордох эрсдэлтэй малыг ердийн нөхцөлөөр тээвэрлэхийг хориглоно.
14.9. Суудлын автомашин, мотоцикл болон мал хөтлөх, туух зориулалтын бус бусад моторт тээврийн хэрэгслээс тэмээ, адуу, үхэр болон бусад малыг уяа, оосор, ногт, бугуйл болон бусад хэрэгслээр холбон хөтөлж, тээврийн хэрэгслийн хурдтай албадан явуулах, давхиулахыг хориглоно.
14.10. Суудлын автомашин, мотоцикл болон бусад моторт тээврийн хэрэгслээр малыг хэт хурдтай, удаан хугацаагаар хөөж туух, амрах боломж олгохгүй албадан явуулах, сүргийг үргээж сарниулах, малд айдас, хэт ядрал, гэмтэл, өвдөлт, зовуурь учруулахыг хориглоно.
14.11. Бэлчээрийн малын ердийн маллагаа, бэлчээр сэлгэх, отор нүүдэл хийхэд мотоцикл болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахдаа малын төрөл, нас, физиологийн байдал, газар орны нөхцөлд тохирсон хурд, зайг баримталж, малын тавлаг байдлыг алдагдуулахгүй байна.
14.12. Төл мал, хээлтэй болон төллөсөн мал, өвчтэй, гэмтсэн, хөгшин, туйлдсан малыг моторт тээврийн хэрэгслээр хөөж туухыг хориглоно.
14.13. Гамшиг, гал түймэр, үер, зуд, гоц халдварт өвчин болон мал, хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан үед малыг аюулгүй газарт яаралтай шилжүүлэхдээ тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэрэглэж, малд учруулах өвдөлт, айдас, стресс, гэмтлийг боломжит хамгийн бага хэмжээнд байлгана.
14.14. Мал тээвэрлэх хугацаа, тээврийн хэрэгслийн нэгж талбайд ногдох малын тоо, мал амраах, услах, тэжээх давтамж, ачих, буулгах болон холын зайн тээвэрлэлтийн нарийвчилсан шаардлагыг малын төрөл, нас, физиологийн онцлог, улирал, цаг агаар, тээвэрлэлтийн нөхцөлийг харгалзан эрх бүхий байгууллага батална.
15 дугаар зүйл. Малын зах, худалдаа, түр саатуулах цэг дэх тавлаг байдал
15.1. Малын зах, худалдаа, цуглуулах болон түр саатуулах цэгт малыг хэт шигүү байлгах, удаан хугацаагаар ус, тэжээлгүй байлгах, цаг агаарын хэт таагүй нөхцөлд хамгаалалтгүй орхихыг хориглоно.
15.2. Малын зах, худалдаа, цуглуулах болон түр саатуулах цэг нь мал услах, шаардлагатай тохиолдолд тэжээх, амраах, өвчтэй, гэмтсэн малыг тусгаарлах боломжтой байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МАЛ НЯДЛАХ, ЗАЙЛШГҮЙ УСТГАХ ҮЕИЙН ТАВЛАГ БАЙДАЛ
16 дугаар зүйл. Мал нядлах, зайлшгүй нөхцөлөөр устгахад тавих шаардлага
16.1. Мал нядлах ажиллагааг малын өвдөлт, айдас, стресс, зовуурийг хамгийн бага хэмжээнд байлгах аргаар гүйцэтгэнэ.
16.2. Малыг нядлахын өмнө хүлээлгэх, туух, хязгаарлах, номхотгох ажиллагааг малд өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулахгүй, эсхүл эдгээрийг аль болох бага түвшинд байлгах байдлаар гүйцэтгэнэ.
16.3. Үйлдвэрийн нядалгаанд малыг нядлахын өмнө үр дүнтэй аргаар ухаан алдуулж, өвдөлт мэдрэхгүй байдалд оруулна.
16.4. Уламжлалт болон шашны зан үйлтэй холбоотой нядалгааны аргыг хэрэглэх тохиолдолд малд учруулах өвдөлт, айдас, зовуурийг боломжит хамгийн бага түвшинд байлгах шаардлагыг баримтлана.
16.5. Гэр ахуйн хэрэгцээнд мал нядлахдаа малд учрах өвдөлт, айдас, стресс, зовуурийг аль болох бага түвшинд байлгах уламжлалт аргыг хэрэглэнэ.
16.6. Эдгэрэх боломжгүй өвчин, хүнд гэмтлийн улмаас байнгын хүнд зовуурьтай болсон малыг мал эмнэлгийн болон тавлаг байдлын шаардлагад нийцүүлэн өвдөлт, айдас, стресс, зовуурийг хамгийн бага түвшинд байлгах аргаар устгаж болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
МАЛТАЙ ЗҮЙ БУСААР ХАРЬЦАХЫГ ХОРИГЛОХ
17 дугаар зүйл. Малтай зүй бусаар харьцах, малд хохирол учруулах үйлдлийг хориглох
17.1. Дараах үйлдлийг хориглоно:
17.1.1. малыг санаатайгаар зодох, өшиглөх, тамлах, гэмтээх, зэрэмдэглэх;
17.1.2. малыг шаардлагатай тэжээл, ус, арчилгаагаар хангах боломжтой боловч тэдгээрээр хангахгүй орхиж, өлсгөх, цангаах, туйлдуулах;
17.1.3. өвчтэй, гэмтсэн малыг боломжит тусламж, эмчилгээгүй орхиж, зайлсхийж болох өвдөлт, зовлонд хүргэх;
17.1.4. малыг холын зайд удаан хугацаагаар тээвэрлэхдээ зохих амралт, усалгаа, шаардлагатай тэжээл, агааржуулалт, зай талбай болон цаг агаарын зохистой нөхцөлөөр хангахгүй, өдөр, шөнөгүй тасралтгүй тээвэрлэж, хэт ядраах, тав тухыг нь алдагдуулах, өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулах;
17.1.5. суудлын автомашин, мотоцикл болон зориулалтын бус бусад моторт тээврийн хэрэгслээс малыг уяа, оосор, ногт, бугуйл болон бусад хэрэгслээр холбон хөтөлж, тээврийн хэрэгслийн хурдыг дагуулан явуулах, давхиулах;
17.1.6. моторт тээврийн хэрэгслээр малыг хэт хурдтай, удаан хугацаагаар хөөж туух, амралтгүйгээр үргэлжлүүлэн явуулах замаар айлгах, хэт ядраах, гэмтээх, өвтгөх, зовоох;
17.1.7. төл мал, хээлтэй болон төллөсөн мал, өвчтэй, гэмтсэн, хөгшин, туйлдсан малыг эрүүл мэнд, тавлаг байдалд нь сөргөөр нөлөөлөх байдлаар хөөж туух;
17.1.8. малыг зодоон, мөргөлдөөн болон малд гэмтэл, өвдөлт, айдас, зовуурь учруулах зугаа цэнгэл, бооцоот үйл ажиллагаанд зориудаар ашиглах;
17.1.9. малыг амьдаар нь зэрэмдэглэх, арьс өвчих, эсхүл үүнтэй адилтгах байдлаар шаардлагагүй зовлон учруулах;
17.1.10. малтай харьцах, хөтлөх, туух, барих, уях, ачих, буулгахдаа уламжлалт мал маллагааны зохистой арга барил болон малын тавлаг байдлын шаардлагад харш, шаардлагагүй өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулах арга хэрэглэх;
17.1.11. хууль, стандарт, техникийн зохицуулалтаар хориглосон, малд шаардлагагүй өвдөлт, айдас, стресс, гэмтэл, зовуурь учруулах бусад үйлдэл хийх.
17.2. Ган, зуд, үер, түймэр болон бусад гамшиг, аюулт үзэгдэл, мал хариуцагчаас үл хамаарах бусад нөхцөл байдлын улмаас энэ зүйлийн 17.1.2-т заасан үр дагавар үүссэн нь мал хариуцагч тухайн нөхцөлд боломжит арга хэмжээг авсан бол энэ зүйлийн 17.1.2-т заасан хоригийг зөрчсөнд тооцох үндэслэл болохгүй.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН УДИРДЛАГА, СТАНДАРТ, ХЯНАЛТ
18 дугаар зүйл. Малын тавлаг байдлын талаар төрөөс баримтлах бодлого
18.1. Малын тавлаг байдлын талаар төрөөс баримтлах бодлого нь малын эрүүл мэнд, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, экспортын өрсөлдөх чадвар, малчны амьжиргаа, бэлчээрийн тогтвортой ашиглалтыг харилцан уялдуулсан байна.
18.2. Төрөөс малын тавлаг байдлыг хангахад уламжлалт мал маллагааны зохистой арга, шинжлэх ухаан, технологи, инновац, олон улсын сайн туршлагыг хослуулан хөгжүүлэх бодлого баримтална.
19 дүгээр зүйл. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
19.1. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.малын тавлаг байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; 19.1.2.үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 19.1.3.малын тавлаг байдлын стандарт, техникийн зохицуулалт, заавар боловсруулах ажлыг зохион байгуулах; 19.1.4.сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх; 19.1.5.малын тавлаг байдлын шаардлагыг олон улсын стандарттай уялдуулах; 19.1.6.малын тавлаг байдлын үндэсний үзүүлэлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог хөгжүүлэх.
20 дугаар зүйл. Малын тавлаг байдлын стандарт, заавар
20.1. Малын тавлаг байдлын нарийвчилсан шаардлагыг малын төрөл, үйлдвэрлэлийн хэлбэр, үйл ажиллагааны онцлогоор стандарт, техникийн зохицуулалт, тавлаг байдлын заавраар тогтоож болно.
20.2. Энэ зүйлийн 20.1-д заасан стандарт, зааврыг дараах чиглэлээр боловсруулна:
20.2.1.хонь, ямаа; 20.2.2.үхэр, сарлаг; 20.2.3.адуу; 20.2.4.тэмээ; 20.2.5.гахай; 20.2.6.шувуу; 20.2.7.эрчимжсэн аж ахуйн мал; 20.2.8.мал тээвэрлэлт; 20.2.9.малын зах, худалдаа, түр саатуулах цэг; 20.2.10.мал нядалгаа; 20.2.11.ган, зуд, гамшгийн үеийн малын тавлаг байдал.
20.3. Малын тавлаг байдлын стандарт, техникийн зохицуулалт, зааврыг холбогдох хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага баталж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэдгээрийг боловсруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулна.
20.4. Малын тавлаг байдалд нөлөөлөх хугацаа, хурд, зай, талбай, нягтрал, температур, амралт, усалгаа болон эрсдэлийн түвшинтэй холбоотой шаардлагыг малын төрөл, нас, физиологийн байдал, маллагааны хэлбэр, улирал, цаг уурын нөхцөлийг харгалзан холбогдох стандарт, техникийн зохицуулалт, зааварт хэмжигдэхүйц шалгуураар нарийвчлан тогтооно

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТ, ДЭМЖЛЭГ
21 дүгээр зүйл. Малын тавлаг байдлын үнэлгээ
21.1. Малын тавлаг байдлыг малын биеийн байдал, эрүүл мэнд, гэмтэл, доголол, хорогдол, ус, тэжээлийн хүртээмж, орчны нөхцөл, зан араншингийн шинж тэмдэг болон бусад шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
21.2. Үнэлгээний аргачлалыг олон улсын стандарт, шинжлэх ухааны нотолгоо, бэлчээрийн мал аж ахуйн онцлогт үндэслэн батална.
22 дугаар зүйл. Малын тавлаг байдлын баталгаажуулалт
22.1. Энэ хууль болон холбогдох стандартын шаардлагыг хангасан малчин, мал бүхий этгээд, аж ахуйн нэгжийн маллагаа, үйлдвэрлэл, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр малын тавлаг байдлын баталгаажуулалтад хамруулж болно.
22.2. Малын тавлаг байдлын баталгаажуулалтын үр дүнг мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаажуулалт, мөшгөх тогтолцоо, экспортын шаардлагатай уялдуулж болно.
22.3. Малын тавлаг байдлын сайн дурын баталгаажуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий баталгаажуулалтын байгууллага хэрэгжүүлнэ. Баталгаажуулалтын шалгуур, үнэлгээний арга, баталгаажуулалт хийх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон мэдээллийн бүртгэл хөтлөхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг холбогдох стандарт, журмаар тогтооно.
23 дугаар зүйл. Малын тавлаг байдлыг хангахад үзүүлэх дэмжлэг
23.1. Төрөөс малын тавлаг байдлыг сайжруулахад чиглэсэн дараах хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан хэлбэрээр дэмжиж болно:
23.1.1.бэлчээрийн усан хангамж; 23.1.2.өвс, тэжээлийн нөөц; 23.1.3.хашаа, хороо, нөмөр, хамгаалах байгууламж; 23.1.4.мал тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж; 23.1.5.малын зах, түр саатуулах цэгийн дэд бүтэц; 23.1.6.нядалгааны технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл; 23.1.7.сургалт, зөвлөх үйлчилгээ, инновац, судалгаа; 23.1.8.малын тавлаг байдлын үнэлгээ, баталгаажуулалт.
23.2. Энэ зүйлийн 23.1-д заасан дэмжлэгийг улсын болон орон нутгийн төсвийн боломж, салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, зорилтот арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн санхүүжилттэй уялдуулан хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
24 дүгээр зүйл. Малын тавлаг байдлын хяналт
24.1. Энэ хуулийн хэрэгжилтэд эрх бүхий улсын байцаагч болон хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавина.
24.2. Хяналтыг малын тавлаг байдлын эрсдэлийн түвшинд үндэслэн хэрэгжүүлнэ.
24.3. Малын тавлаг байдал ноцтой алдагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нэн даруй таслан зогсоох, арилгуулах арга хэмжээ авна.
24.4. Малын тавлаг байдлын эрсдэлийг үнэлэх шалгуур, эрсдэлийн ангилал, хяналт шалгалтын давтамж, хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан журмыг холбогдох хяналт шалгалтын хууль тогтоомжид нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
25 дугаар зүйл. Зөрчлийг таслан зогсоох, арилгуулах арга хэмжээ
25.1. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмын дагуу:
25.1.1.зөрчил арилгах шаардлага хүргүүлэх; 25.1.2.зөрчлийг тодорхой хугацаанд арилгуулах; 25.1.3.малд яаралтай тусламж үзүүлэхийг шаардах; 25.1.4.малын тавлаг байдалд шууд, ноцтой аюул учруулж байгаа үйл ажиллагааг зогсоох; 25.1.5.хуульд заасан бусад арга хэмжээг авна.
26 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26.2. Хариуцлага хүлээлгэсэн нь энэ хуульд заасан зөрчлийг арилгах, малд шаардлагатай тусламж үзүүлэх, малын өвдөлт, зовуурь болон тавлаг байдалд учирч байгаа сөрөг нөлөөллийг таслан зогсоох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
СУДАЛГАА, СУРГАЛТ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
27 дугаар зүйл. Судалгаа, сургалт, мэдээлэл
27.1. Төрөөс малын тавлаг байдлын шинжлэх ухааны судалгаа, уламжлалт мал маллагааны зохистой мэдлэг, сайн туршлага, шинэ технологи, инновацийг дэмжинэ.
27.2. Малчин, малын эмч, мал зүйч, тээвэрлэгч, малын зах, худалдаа, нядалгааны газрын ажилтанд зориулсан малын тавлаг байдлын сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээг зохион байгуулна.
27.3. Малын тавлаг байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хариуцлагатай хэрэглээ, зөв хандлагыг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.
28 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа
28.1. Малын тавлаг байдлын үндэсний стандарт, үнэлгээ, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын стандарт, Монгол Улсын экспортын зах зээлийн шаардлагатай үе шаттай уялдуулна.
28.2. Малын тавлаг байдлын судалгаа, сургалт, технологи, стандарт, баталгаажуулалтын чиглэлээр олон улсын байгууллага, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШИЛЖИЛТИЙН БОЛОН БУСАД ЗОХИЦУУЛАЛТ
29 дүгээр зүйл. Хуулийг хэрэгжүүлэх шилжилтийн зохицуулалт
29.1. Энэ хуулийн 29.4-т зааснаас бусад, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам болон холбогдох баримт бичгийг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор үе шаттай батална.
29.2. Шинээр тавигдах малын тавлаг байдлын шаардлагыг малчин өрх, жижиг үйлдвэрлэгчид хэрэгжүүлэхэд төрөөс сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ, техник, технологи, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг боломжит хэлбэрээр хослуулан хэрэгжүүлнэ.
29.3. Мал тээвэрлэлт, малын зах, нядалгааны газрын дэд бүтэц, тоног төхөөрөмжид тавих шинэ шаардлагыг хэрэгжүүлэх хугацааг тухайн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, аж ахуйн нэгжийн бэлтгэл байдлыг харгалзан үе шаттай тогтооно.
29.4. Энэ хуулийн 13.3-т заасан журам, 8.6, 20.2-т заасан стандарт, техникийн зохицуулалт, заавар болон хуулийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай бусад баримт бичгийг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор холбогдох хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага батална
30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
30.1. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

С. ЭРДЭНЭБОЛД

С. ЭРДЭНЭБОЛД

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх