1/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:
“23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 15, 18 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон тухайн жилийн нийт 6,000,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг 100 хувиар хөнгөлнө.”
2/23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэг:
“23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний орлогод ногдох 15 сая төгрөг хүртэлх албан татварын хөнгөлөлтийг тухайн татвар төлөгчид нэг удаа эдлүүлнэ:
23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө;
23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал;
23.3.3.аймаг, сум, улсын зэрэглэлтэй хотын болон Нийслэл хотын дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүргийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасан тухайн татварын жилд мөрдөх хөнгөлөлтийн хэмжээг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримлалд нийцүүлэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хотын Зөвлөл тогтооно.”
3/26 дугаар зүйл:
“26 дугаар зүйл.Тайланг урьдчилан боловсруулж хүргүүлэх, хялбаршуулсан горимоор тайлагнах, төлөх
26.1.Татвар төлөгчийн албан татварыг тодорхойлох, ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан боловсруулж, цахим татварын системээр татвар төлөгчид хүргүүлнэ.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан тайлангийн төсөлд татвар төлөгчийн татвар ногдох орлого, чөлөөлөх орлого, хасагдах зардал, татвар ногдуулах орлого, ногдуулсан, суутгуулсан, төлсөн болон төлбөл зохих албан татвар, буцаан авах боломжтой татварын хөнгөлөлтийг цахим татварын системээр тооцож, тусгана.
26.3.Энэ хуулийн 26.1-д заасан тайлангийн төслийг татварын албанаас доор дурдсан хугацаанд цахимаар хүргүүлнэ:
26.3.1.улирлын тайлангийн төслийг дараагийн улирлын эхний сард багтаан;
26.3.2.жилийн эцсийн тайлангийн төслийг дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор.
26.4.Албан татвар төлөгч энэ хуулийн 26.3-т заасны дагуу татварын албанаас хүргүүлсэн тайлангийн төсөлд татвар ногдох орлогоос хасагдах зардал, төлбөл зохих татварын мэдээллийг нэмэлтээр тусгаж, залруулж болно.
26.5.Цахим төлбөрийн баримтын системд хувийн хэрэглээндээ гэж бүртгүүлсэн төлбөрийн баримт хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд татвар төлөгч үйл ажиллагааны орлогоос хасагдах зардалд шилжүүлэн бүртгүүлж, тайлангаа залруулж болно. Энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн буцаан олголт, сугалааны тохирлыг татварын алба залруулан эцсийн тооцоо хийнэ.
26.6.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч татварын жилд гадаад улсад олсон орлого, төлбөл зохих татварын мэдээллийг энэ хуулийн 26.3.2-т заасан жилийн эцсийн тайланд тусгана.
26.7.Албан татвар төлөгч тухайн жилийн тайлангийн төслийг дараа оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хянан баталгаажуулснаар татварын тайлан тушаасанд тооцно.
26.8.Татвар төлөгч энэ хуулийн 26.7-д заасан хугацаанд тайлангийн төслийг хянан баталгаажуулаагүй бол энэ хуулийн 23.1-д заасан татварын хөнгөлөлтийг төлбөл зохих татвараас хасаж, төлбөл зохих татварыг тодорхойлно.
26.9.Татварын нэхэмжлэлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэ хуулийн 26.4-т заасны дагуу тайлангаа Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасан хугацаанд залруулан тайлагнаж болно.
26.10.Албан татвар төлөгч нь улирал бүрийн төлбөл зохих албан татвараа татварын албанаас хүргүүлсэн нэхэмжлэлийн дагуу тухай бүр, жилийн эцсийн төлбөл зохих албан татвараа дараа оны 3 дугаар улиралд багтаан төсөвт төлнө.”
28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг:
“28.4.Энэ хуулийн 28.3-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг тухайн орлого бүрдүүлсэн холбогдох шатны төсвөөс дараах хугацаанд буцаан олгоно:
28.4.1.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийн буцаан олголт болон 28.3-т заасан илүү төлсөн албан татварыг татвар төлөгч энэ хуулийн 26.7-д заасны дагуу тайлангаа баталгаажуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;
28.4.2.татвар төлөгч энэ хуулийн 26.7-д заасны дагуу тайлангаа хянан баталгаажуулаагүй бол илүү төлсөн албан татварыг дараа оны 3 дугаар улиралд багтаан буцаан олгоно.”