3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “алсын зайн анагаах ухаан” гэж эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийг дэмжих зорилгоор, газар нутгийн байршлаас шалтгаалан тусламж, үйлчилгээг бие даан хүргэх боломжгүй нөхцөлд өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн мэдээллийг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан зайнаас тусламж, үйлчилгээ хүргэх хэлбэрийг;
3.1.2. “амбулаторийн тусламж, үйлчилгээ” гэж эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг;
3.1.3. “анхан шатлалын тусламж, үйлчилгээ” гэж хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан, тусламж, үйлчилгээг хамгийн ойр, эхэнд хүргэх, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, эргэх холбоо тогтоох замаар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, сэргээн засах мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.4. “багийн эмч” гэж сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт харьяалагдаж, багийн хүн амд анхан шатлалын тусламж, үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, шаардлагатай тохиолдолд шатлал хооронд зохицуулалт хийх чиг үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтнийг;
3.1.5. “гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ” гэж анхан болон хоёрдогч шатлалд эмнэл зүйн шийдвэр гаргах боломжгүй, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээний технологи шаардсан мэргэшсэн тусламж, үйлчилгээг хүргэх цогц үйл ажиллагааг;
3.1.6. “өвчний цахим түүх” гэж эмчлүүлэгчид үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нууцлал ба аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цахим хэлбэрээр бүртгэх, хадгалах, боловсруулах, дамжуулах зориулалт бүхий баримт бичгийн нэгдсэн цогцыг;
3.1.7. өдрийн эмчилгээ” гэж эмчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр тухайн өдөрт нь үнэлгээ, оношилгоо, эмчилгээ, мэс засал болон бусад ажилбар хийх үйл ажиллагааг;
3.1.8. өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн бие дааж, эсхүл багаар хүргэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, хянах, сэргээн засах, хөнгөвчлөх, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, эргэх холбоо тогтооход чиглэсэн ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээг;
3.1.9. ."сувилах" гэж эмчлүүлэгчийн биеийн болон сэтгэл зүйн байдалд үндэслэн түүний хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн хүргэх мэргэжлийн, сувилахуйн цогц үйл ажиллагааг;
3.1.10. “сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэг, осол, гэмтэл болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын үр дагаврыг бууруулах, сэргээх, хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг;
3.1.11. хаалга барих зохицуулалт” гэж хүн амд анхан шатлалд үзүүлбэл зохих тусламж, үйлчилгээг бүрэн хүргэж, шаардлагатай тохиолдолд дээд шатлалд илгээх, санхүүжилттэй уялдсан тусламж, үйлчилгээний зохицуулалтын арга хэмжээг;
3.1.12. “хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ” гэж эмнэл зүйн хувьд анхан шатлалд оношлох, эмчлэх, шийдвэрлэх боломжгүй тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.2-т заасан мэргэжилтний хүргэх, шаардлагатай тохиолдолд гуравдагч шатлалд илгээх, эргэх холбоо тогтоох, бусад шатлалын тусламж, үйлчилгээтэй нэгдмэл байх цогц үйл ажиллагааг;
3.1.13. “хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэг нь илаарьших боломжгүй эмчлүүлэгчийн зовуурийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор өвдөлт намдаах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон нийгмийн халамжийн бусад үйлчилгээтэй уялдуулан хүргэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.14. “хэрэгцээний үнэлгээ” гэж хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйл, хүртээмж ба нөөцийн мэдээлэлд тулгуурлан эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээг системтэйгээр тодорхойлох үйл явцыг;
3.1.15. “хэвтүүлэн эмчлүүлэх” гэж эмчлүүлэгчийг 24 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэн хүргэх шаардлагатай тусламж, үйлчилгээг;
3.1.16. “төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.23-т заасан мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн мэргэжилтний оношлох, эмчлэх, хянах мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.17. “төлбөрийн арга” гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасныг;
3.1.18. “тусламж, үйлчилгээ үзүүлэгч” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн ба хуулийн этгээдийг;
3.1.19. тусламж, үйлчилгээний чанар” гэж анагаах ухааны нотолгоо, эмнэл зүйн стандарт, удирдамжид нийцсэн, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээ, хүлээлтэд тохирсон, цаг алдалгүй, тасралтгүй, үр дүнтэй хүргэж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр дүнг;
3.1.20. тусламж, үйлчилгээний хүртээмж” гэж эрүүл мэндийн хэрэгцээ үүссэн үед хувь хүний хэрэгцээ, сонголт, онцлогт нийцүүлэн, хаана байгаагаас үл хамааран, санхүүгийн эрсдэлд орохгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломжийг;
3.1.21. “тусламж, үйлчилгээний шаардлага” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, шатлал, хүргэх байгууллага, бүтэц зохион байгуулалт, үр дүн, нөөц, эмнэл зүй, чанар, аюулгүй байдал, хүртээмж болон эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, дадалд тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;
3.1.22. “түргэн тусламжийн үйлчилгээ” гэж гэнэтийн осол, гэмтэл, өвчний улмаас хүний амь насанд аюул учирсан буюу учрах эрсдэл үүссэн үед анхан болон лавшруулсан тусламжийг газар дээр нь шуурхай үзүүлэх, шаардлагатай бол хамгийн ойр эмнэлэг рүү тээвэрлэх цогц үйл ажиллагааг;
3.1.23. “уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ” гэж өвчин, эмгэгийг үнэлэх, оношлох, эмчлэхдээ идээ ундаа, явдал мөр, уламжлалт эм болон засал эмчилгээний аргыг цогцоор нь ашиглах уламжлалт анагаах ухааны онол арга зүйд суурилсан тусламж, үйлчилгээг;
3.1.24. "урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж архаг өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл, насжилтаас шалтгаалан өдөр тутмын амьдралын үндсэн үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжгүй болсон хүнд сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээг нэг сар ба түүнээс дээш хугацаанд үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.25. “үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.22-т заасан мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн мэргэжилтний урьдчилан сэргийлэх, үнэлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж, үйлчилгээг анхан болон хоёрдогч шатлалд үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.26. “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах, сэргээн засах болон хөнгөвчлөх чиглэлээр үзүүлэх мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.27. “эмнэл зүйн засаглал” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр дүнг тасралтгүй сайжруулах зорилготой удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог;
3.1.28. “эмчлүүлэгч” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, эсхүл тусламж, үйлчилгээ авч байгаа болон авах шаардлагатай хүнийг;
3.1.29. “эмчлүүлэгчийн аюулгүй байдал” гэж оношилгоо, эмчилгээ, эмийн хэрэглээ, асаргаа сувилгаа, эмнэлгийн орчин, халдварын сэргийлэлт ба хяналттай холбоотой сэргийлэх боломжтой эрсдэл, хор нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нөхцөлийг хангасан тусламж, үйлчилгээг;
3.1.30. “эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.31. “эрүүл мэндийн чанарын удирдлагын тогтолцоо” гэж тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилготой эмчлүүлэгчийн хэрэгцээ, хууль ёсны шаардлагыг хангахад чиглэсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бодлого, дүрэм, журам, үйл явц, гүйцэтгэлийн үнэлгээний нэгдмэл тогтолцоог;
3.1.32. .“эрүүл мэндийн технологийн үнэлгээ” гэж санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах, тусламж, үйлчилгээний багцтай холбоотой бодлогын шийдвэр гаргах зорилгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний арга, эмнэл зүйн үр дүн, үр нөлөө, өртөг-зардлын үр ашиг, эрсдэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар үнэлэхийг;
3.1.33. “яаралтай тусламж” гэж хүний амь нас болон эрүүл мэндэд аюул учирсан, эсхүл учрах эрсдэлтэй үед зохих мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, цаг алдалгүй үзүүлэх үйл ажиллагааг.